Мэдээ

ТӨРИЙН АЛБА ГЭДЭГ НЬ АЛБАН ТУШААЛД ДУРТАЙ ХҮМҮҮСИЙН ЦУГЛУУЛГА БИШ

  • .

  • 2021-04-15

  • 439

Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Алтаншагай

 

  •  Таны хувьд төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байсан мэргэшсэн хүн. Ирэх жилүүдэд төрийн албаны хэмжээнд ямар зорилт тавьж байна вэ?

Баярлалаа. Миний хувьд Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдоод удаагүй байна. Гэхдээ энэ байгууллагад мэргэжилтнээс эхлээд Хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтэс, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргаар олон жил ажиллаж байсан учраас ажлын онцлог, чиг үүрэг, хамт олноо сайн мэднэ. Тийм ч учраас ажилтайгаа танилцах, суралцахад хугацаа алдахгүй шууд төлөвлөж эхэлсэн гэж хэлэхэд болно.

Бид төрийн алба шиг төрийн албатай болох цаг ирсэн. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр иргэд төрөөс үйлчилгээ авахдаа сэтгэл ханамжтай байхыг хэлж байгаа юм. Төрийн албан хаагчид нь шуурхай, шударга, ил тод, ёс зүйтэй, тэгш хүртээмжтэй ажиллах ёстой гэсэн үг.

Үүнийг хэрэгжүүлэхийн тул өнгөрсөн хугацаанд бид Булган аймгийг хөгжүүлэх дунд хугацааны бодлогын бичиг баримтуудаа боловсруулж дууслаа. Одоо хэрэгжүүлж эхлээд байна. Үүнээс засаглалын бодлогыг онцолвол Төрийн албаны хүний нөөцийг чадавхжуулж, мэргэшсэн, тогтвортой төрийн албыг бэхжүүлэх, цахим технологид суурилсан төрийн үйлчилгээг үе шаттай нэвтрүүлж,  төрийн үйлчилгээний үр дүн, үр нөлөөг дээшлүүлэхийг зорьж байна.

  • Төрийн албаны чадавх, хүний нөөцийн хөгжлийн талаар ямар зорилт тавьж байна вэ?

2019 оноос эхлэн Төрийн албаны шинэ хууль мөрдөгдөж эхэлсэн. Энэ хуульд нийцүүлж манай аймаг “Төрийн албаны хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөр”-тэй болсон байгаа. Төрийн албаны шинэтгэлийг амжилттай хэрэгжүүлж, ажлын ахиц дэвшил гаргахад техникийн мэдлэг, туршлагаас гадна манлайлал, харилцааны эв дүй, цагийн менежмент зэрэг хувь хүний ур чадварыг хүн бүр эзэмших, хэвшүүлэх шаардлага байна гэж харж байна.

Цаашлаад энэ зуун бол мэдээллийн эрин зуун. Гар утас хүртэл апдейт хийгддэг болсон энэ цаг үед төрийн албан хаагчид маань ч тасралтгүй суралцаж, хөгжих учиртай. Тиймээс төрийн албан хаагчдаа гадаад, дотоодын хөтөлбөрүүдэд үе шаттай сургах, мэргэшүүлэх ажлуудыг зохион байгуулна.

  • Та өнгөрсөн 4 жилд аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, ИТХ-ын ажлын албанд ажиллаж аймгийн Тамгын газрыг гаднаас нь ажигласан байх. Тэгэхлээр Тамгын газрын ажилд ямар нэг дүгнэлттэй ирсэн үү. Цаашид ажлын арга барилын болоод төрийн албаны стандартыг мөрдүүлэх талаах ямар зүйл хийхээр төлөвлөсөн бэ?

Би төрийн албанд нийт ....... жил ажилласнаас ...-д нь аймгийн ЗДТГ-т ажиллаж байна. Таны хэлдгээр өнгөрсөн 3 жилийн хугацаанд энэ байгууллагаа гаднаас нь харж ажиллалаа. Би ажлаа хүлээж авахдаа хамт олонтойгоо уулзаад хэлсэн “удаан” байна гэж. Бодлого тодорхойлдог, чиг үүргээр хангах ёстой байгууллага нь өөрөө удаан байж болохгүй л дээ. Тэгвэл хэрэгжүүлэгч нь удаан байна. Дагаад орон нутгийн хөгжил ч удааширна. Тиймээс бид санаачлагатай бас хурдтай ажиллах зайлшгүй шаардлагатай.

Дараагийн нэг асуудал нь манай байгууллага үндсэн 7 хэлтэс, 2 алба, 1 тасагтай. Чиг үүргээрээ өөр боловч бид аймгийн Засаг даргын Тамгын газар гэдэг нэг л байгууллага. Иргэд гаднаас хараад АЗДТГ л гэж мэднэ үү гэхээс энэ Нийгмийн бодлогын хэлтэс, энэ Санхүү, Төрийн сангийн хэлтэс гэхчлэн ялгахгүй шүү дээ. Тиймээс “аминчхан” үзлээс салцгаая, салбар дундын хамтын ажиллагаагаа сайжруулъя, нэг чиг рүү харцгаая гэдэг үүрэг өгч байгаа.

Мөн манай 1 мэргэжилтэн гэхэд 20-30 хүнтэй агентлагийг, цаашлаад хэд хэдэн салбарыг, сумдыг бодлогоор хангах үүрэг хүлээдэг. Тийм учраас мэргэжилтнүүдээ мэдлэг, чадвараа цаг ямагт дээшлүүлэн, байгууллагынхаа ажлыг, салбарынхаа ажлыг гарын арван хуруу шигээ мэддэг болоход нь онцгой анхаарал хандуулна. Чадахуйн зарчимд суурилж үнэлдэг, дүгнэдэг, дэвшүүлдэг болъё гэж зорьж байна.

Энэ онд манай байгууллага “Чанарын менежментийн тогтолцоо MNS ISO 9001:2016” олон улсын стандарт”-ыг нэвтрүүлнэ. Энэ стандартыг нэвтрүүлснээр байгууллагын үйлчилгээний соёл, үр дүн дээшилж, иргэд сэтгэл ханамжтай үйлчилгээ авахад маш том түлхэц болох болно. Цаашлаад бусад агентлаг байгууллага, сумдад нэвтрүүлэхээр төлөвлөсөн.

  • Аймгийн хөгжил дэвшил ЗДТГ-ын ажилтай салшгүй холбоотой. Байгууллагын чиг үүргийн үзүүлэлт, нээлттэй байдлыг дээшлүүлэх бодлого зорилтын талаар ярина уу?

Тэгэлгүй яахав. Аймгийн ЗДТГ ажилтан албан хаагчид гэдэг бол аймгийн Засаг даргад цаг үеэ олсон, өндөр мэргэшлийн зөвлөгөө өгөх, орон нутгийн эдийн засаг, нийгмийн онцлогт тохирсон бодлого боловсруулдаг хүмүүс. Энэ нь орон нутгийн хөгжилтэй шууд хамааралтай. Манайхан чинь маш их ажилтай шүү дээ. Энэ дашрамд цаг наргүй ажилладаг албан хаагчдыг маань ойлгож, ажиллах нөхцлөөр хангадаг гэр бүлд нь талархал дэвшүүлмээр байна.  

Байгууллагын чиг үүрэг, нээлттэй байдлын хувьд аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэн ажиллах “Шинэ хөгжлийн зам” үйл ажиллагааны хөтөлбөрт:

  • Төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэлийг бэхжүүлж, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, эрх ашгийг дээдэлсэн зөв бодлогыг хэрэгжүүлнэ
  • Төрийн байгууллагад хандсан иргэдийн өргөдөл, гомдол, хүсэлтийг цахимаар хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ
  • Төрийн бүх шатанд байгаа авлигыг таслан зогсоох, авлигаас урьдчилан сэргийлэх олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулж, төр иргэдийн энэ төрлийн мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлнэ
  • Аймгийн ЗДТГ-ын дэргэд Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг шинээр байгуулна гэсэн заалтууд орсон байгаа. Одоо төлөвлөсөн ажлуудаа үр дүнтэй зохион байгуулахад анхаарч байна.

 

-Төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах талаар юу хийхээр төлөвлөж байна вэ? 

Сүүлийн жилүүдэд гарсан ёс зүйн зөрчлүүдэд дүн шинжилгээ хийж үзэхэд албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэд, үйлчлүүлэгчтэй эелдэг, адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж, төрийн үйлчилгээг чирэгдэл, ялгаварлалгүйгээр хөнгөн шуурхай хүргэх хэм хэмжээг зөрчсөн,

Төрийн албаны нэр хүндийг ямагт дээдэлж, түүнд харшлах аливаа үйлдлийг цээрлэх хэм хэмжээг зөрчсөн,

Албан үүргээ мэргэжлийн өндөр түвшинд  бүрэн хариуцах хэм хэмжээг зөрчсөн,

Удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх хэм хэмжээг зөрчсөн,

Албан тушаалын бүрэн эрхээ ашиглан бусдыг дарамтлах, эрхшээлдээ байлгах, хавчин гадуурхахгүй байх хэм хэмжээг зөрчсөн зэрэг асуудлууд давамгайлж байна.

Үүнээс дүгнэхэд төрийн байгууллагуудын ёс зүйн зөвлөлийн дарга, гишүүд орон тооны бус хэлбэрээр ажиллаж байгаа нь ёс зүйн чиглэлээрх үйл ажиллагаа цалгардах нөхцөл болж байна. Тэдний эрх зүйн мэдлэг, ур чадвар дутмаг байгаа нь урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг үр дүнтэй, чанартай зохион байгуулахад хүндрэлтэй, ёс зүйн зөвлөл нэр төдий ажиллах үндэс суурь болж байна гэж ажиглагдаж байна.

Ийм учраас төрийн байгууллагуудын ёс зүйн зөвлөлийн дарга, гишүүдийн ёс зүйн зөрчлийг бусад зөрчлүүдээс ялган шийдвэрлэх мэдлэг ур чадварыг дээшлүүлэх сургалтыг сар бүр зохион байгуулах, тэднийг мэргэжил арга зүйгээр ханган ажиллах, төрийн албаны зөвлөлийн зүгээс нэгдсэн гарын авлага, тасралтгүй сургалтаар хангах арга хэмжээг авч ажиллана.

  • Аймгийн Засаг дарга цаг баримталж, хурдтай, сэтгэл гаргаж ажиллахыг төрийн албан хаагчдад уриалж байгаа. Энэ талаар тамгын газар ямар ажил зохион байгуулах вэ?

 Аймгийн Засаг даргын хувьд Төрийн албан хаагчдаас 4 зүйлийг хүсч уриалга гаргасан. Энэ уриалгад:

  1. Сэтгэл гаргаж ажиллая.

Шинэчлэл, өөрчлөлт хийе, үр дүн гаргаж ажиллая гэсэн хүсэл, тэмүүлэл шат шатны удирдлагууд, тарийн албан хаагчдад бий ч ажиллах арга барилаа олохгүй байх хандлага байна. Тиймээс арга барил, ажлын төлөвлөлтөө нэгтгэх үүднээс чадавхижуулах сургалтуудыг зохион байгуулна.

Бидний ажлын үр дүн шинээр бий болгосон ажлын байр, ард иргэдийн маань амьдралын чанар, сэтгэл ханамжаар хэмжигдэнэ гэдгийн цаг ямагт санах хэрэгтэй.

Тиймээс шинэ зүйлийг эхлүүлэхээс эмээлгүй сэтгэлтэй, зүтгэлтэй ажиллаж байгаа аль ч түвшний алба хаагчдаа дэмжинэ гэж байгаа.

  1. Хариуцлагатай, ёсзүйтэй болъё. 

Бид хариуцлагатай, ёс зүйтэй, өөрийн гэсэн хэм хэмжээтэй, шалгууртай төрийн албатай болох ёстой. Төрийн алба гэдэг нь албан тушаалд дуртай хүмүүсийн цуглуулга биш. Энэ бол манлайлагчид, Булганы шинэ өнгө, төрх болсон, энэ цаг үеийн хийгээд ирээдүйн Булганыг авч явах үнэхээр шигшээ баг л бүрэлдэж байх ёстой.

Хамгийн эхнийх нь ёс зүйн хариуцлага. Энэ нь төрийн албанд ажиллаж, цалин хөлсөө авч, амьдралаа залгуулж байгаа хүний хувьд заавал дагаж явах ёстой хариуцлага юм.

Хоёрдугаарт, улс төрийн хариуцлага гэж байна. Улс төрийн хариуцлага гэдэг нь тухайн албан тушаалд би тэнцэхгүй юм байна гэж хэлээд чөлөөлөгдөхийг хэлж байгаа юм.

“Дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олохгүй” гэж ярилцдаг. Хариуцлага дээрээсээ л эхлэх ёстой. Энэ ажлыг бид эхлэх ёстой.

  1. Бүтээлч, тогтвортой байдлыг хангаж ажиллая

Аймгийн Засаг даргын Тамгын газар гэдэг бол нэр хүндтэй, хариуцлагатай, төрийн албан тушаал. Тэр нэр хүндтэй, хариуцлагатай, албан тушаалыг хашихдаа төрийн албыг улам хүчирхэг болгон хөгжүүлж, төрийн албаны бие даасан хараат бус байдлыг төлөвшүүлж, албан хаагчдаа чадавхижуулж, тэдний хууль есны эрх ашиг, нийгмийн хамгааллыг амьдралд хэрэгжүүлэн, улс төр, авилгал, хээл хахуулиас ангид байлгаж, төрийн албанд хоёргүй сэтгэлээр тогтвор сууршилтай ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх учиртай.

  1. Судлаач, салбартаа манлайлагч байя

Эрхэлсэн ажилдаа эзэн болж, алсын хараатай, зоригтой шийдвэр гаргаж, хариуцлагаа өөрөө үүрч, аливаа шийдэл, шийдвэрийг гаргахдаа үр дүнг эрхэмлэх хэрэгтэй. 

Эдгээр зарчимд нэгдэх нь нийт Булганчуудын маань эрх ашигт бүрнээ нийцэх зүйл гэж би бодож байна. Тийм учраас яриад, сонсоод өнгөрөх биш, хийж хэрэгжүүлэхийн төлөө хичээн зүтгэх болно.  

 

Ярилцсанд баярлалаа.  

Хүүхдийн хүмүүжил гэр бүлийн орчинтой шууд хамааралтай

  • .

  • 2019-12-24

  • 1640

Булган аймаг дахь Цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Батчулуун

- Аймгийн хэмжээнд хүүхдийн оролцсон гэмт хэрэг ямар байгаа бэ?

- 2019 онд хүүхэд холбогдсон гэмт хэрэг 14 бүртгэгдсэн нь өнгөрсөн 2018 оны мөн үетэй харьцуулахад 2.8 дахин өссөн тоо мэдээтэй байна. Энэ тоо мэдээний хувьд бол нуугдмал байсан гэмт хэргийг илрүүлсэн, хүүхдүүдэд сөрөг хандлага бий болох, цаашлаад дахин давтан гэмт хэрэг үйлдэхийг таслан зогсоосон хэлбэр юм.  Дээрх гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдэд 14 хоног тутам зан үйлийг өөрчлөх, нөлөөллийн сургалтыг мэргэжлийн сэтгэл зүйч, холбогдох байгууллагын ажилтан, алба хаагч нартай хамтран зохион байгуулсан нь үр дүнгээ өгч дээрх хүүхдүүдээс дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдсон хүүхэд бүртгэгдээгүй.

Урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар, ажил арга хэмжээ зохион байгуулж байгаа бэ?

- Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн хандлагыг өөрчлөх зорилгоор олон сайхан аян, ажил арга хэмжээ зохион байгуулсан билээ. Жишээлбэл: цахим орчинд хүүхэд хамгааллын чиглэлээр UNFRIEND, эцэг эхийн үлгэр дурайлалыг нэмэгдүүлэх зорилгоор “Зөв тусгал” аян зэргийг нэрлэж болох юмаа. Дээр хэлсэнчлэн аян арга хэмжээнүүдийн хүрээнд тухайн гэмт хэргүүд бүгд улсын хэмжээнд буурсан эерэг үзүүлэлттэй байгаа нь иргэдийн оролцоо гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд маш их нөлөөтэй байгааг харуулж байгаа юм.

Дээрх арга хэмжээнүүдийг мөн аймгийн хэмжээнд тухай бүр иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоо дэмжлэгтэй үр дүнтэй зохион байгуулсан. Хамтран ажилладаг хүүхдийн төлөө болон нийгмийн сайн сайхны төлөө үргэлж хамт байдаг та бүхэндээ талархал илэрхийлье.

Урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж байгаа арга хэмжээнээс дурдвал?

- Хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сургалт, мэдээлэл, тэмцээн уралдааныг цагдаагийн газраас холбогдох байгууллагуудтай хамтран тогтмол зохион байгуулан ажиллаж байгаа билээ.

Хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ерөнхий боловсролын сургууль орчмын замын тэмдэг, тэмдэглэлд үзлэг шалгалт хийж Булган аймгийн Булган сумын 5-р багт байрлах ерөнхий боловсролын Эрдмийн өргөө цогцолбор сургууль, 2-р цэцэрлэгийн замд сургууль орчмын бүс эхлэл, төгсгөл тэмдэг тус тус 2 ширхэг, явган хүний гарц 2 ширхэг, хурд сааруулагч 2 ширхэг, Спортын дунд сургуулийн замд сургууль орчмын бүс эхлэл, төгсгөл тэмдэг тус тус 2 ширхэг, явган хүний гарц 1 ширхэг, Эрдмийн өргөө сургуулийн арын зам болон 6-р цэцэрлэг, 1-р цэцэрлэг орчмын замд 2-р цэцэрлэгийн замд сургууль орчмын бүс эхлэл, төгсгөл тэмдэг тус тус 2 ширхэг, хурд сааруулагч 2 ширхэг, явган хүний гарц 1 ширхэг, 3-р сургуулийн замд явган хүний гарц  тэмдэг 1 ширхэг, сургууль орчмын бүс эхлэл, төгсгөл тэмдэг тус тус 2 ширхэг, 4-р цэцэрлэгийн замд хурд сааруулагч 1 ширхэг, явган хүний гарц 1 ширхгийг тус тус  булган сумын тохижилт үйлчилгээний  ангиар хийлгүүлсэн. Спортын дунд сургуулийн замд сургууль орчмын бүс тэмдэг байхгүй байсныг 7/02 албан шаардлага хүргүүлэн тус бүр 2 ширхэг сургууль орчмын бүс эхлэл, төгсгөл тэмдгийг байршуулсан. “School Police” эргүүлийн ЕБС-ийн захиргаатай хамтран зохион байгуулан мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна.

2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран 16 сум, 1 тосгоны хүүхэд хамгааллын  “Хамтарсан баг”-ийн гишүүдийг чадавхжуулах сургалт зөвлөгөөнийг зохион байгуулсан. Тус зөвлөгөөний үеэр гишүүдийг салбар салбараар нь хуваан тус бүрд нь чадавхжуулах сургалт зохион байгуулсан нь онцлог болсон.

Мөн “Өсвөрийн сэргийлэгч-2019” тэмцээнийг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэмжлэгээр 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 11 бүлгэмийг оролцуулан зохион байгуулан эхний гурван байранд шалгарсан бүлгүүдэд өргөмжлөл мөнгөн шагнал гардуулан түрүүлсэн Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн “junior police” багийн материалыг Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд хүргүүлсэн.

2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Булган сумын иргэдэд улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа “Хүүхэд хамгаалагч” төслийн талаар мэдээлэл хийж нээлтийн үйл ажиллагааг Цогтхунтайжын талбайд зохион байгуулсан.

Хүүхэд хамгаалагч төсөл хэрхэн хэрэгжиж байгаа вэ?

- “Хүүхэд хамгаалагч” төслийг  цагдаагийн газрын ахмадын зөвлөлд танилцуулан 2  ахмад ажилтанг өөрсдийнх нь хүсэлтээр сайн дурын үндсэн дээр сонгон шалгаруулан Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газруудын дарга нар  “Хүүхэд хамгаалагч” эргүүлийн үүрэг гүйцэтгэх 2 ахмад ажилтантай хамтран ажиллах “Дөрвөлсөн гэрээг” байгуулан үр дүнг тооцон ажиллаж байна. Аймгийн эрүү хэв журмын нөхцөл байдал, сургууль, цэцэрлэгийн байршилтай холбогдуулан Булган сумын 5,6 дугаар багийн нутаг дэвсгэрт “Хүүхэд хамгаалагч” эргүүлүүд  үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд өдөр тутам Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн нар мэргэжлийн удирдлагаар ханган ажиллаж байна. “Хүүхэд хамгаалагч” эргүүлд ажиллаж байгаа 2 иргэнийг чадавхжуулах чиглэлээр цагдаагийн газраас 4 удаа сургалт, мэдээлэл өгч ажилласан. Аймгийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраар хүүхэд хамгаалагч төслийн хүрээнд 15 ширхэг хантаазны зардлыг шийдвэрлэн сайн дурын эргүүлд 10 иргэнийг нэмж ажиллуулж байна.

“Сэргийлэгч хүү зөвлөгч охин” хэмээх багтай болсон байсан. Энэ багийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

- Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэмжлэгтэйгээр “Сэргийлэгч хүү, Зөвлөгч охин”-ы багтай болж насанд хүрээгүй хүүхдүүдэд сургалт мэдээлэл өгөх нийтийг хамарсан баяр ёслолын арга хэмжээгээр ашиглаж байна. “Эх үрсийн баяр”-ын арга хэмжээний үеэр, Сэргийлэгч хүү, Зөвлөгч охин, хүүхэлдэйн баатрын дүр, “Хүүхэд хамгаалагч” нарын хамтаар өртөөчлөн хүүхдийн аюулгүй байдлыг ханган ажилласан.

-       Энэ жилийн баяр наадмын үеэр хүүхдүүдийн гарт байсан бугуйвч ямар арга хэмжээний хүрээнд хийгдсэн ажил вэ? Танай байгууллагаас зохион байгуулан хэрэгжүүлсэн гэж сонсож байсан юм.

- Улсын баяр наадмын үеэр хүүхдүүд тэр дундаа бага насны хүүхдүүд эцэг эхээсээ төөрөх явдал байнга гардаг тийм учраас  хүүхдийг болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 500 ширхэг эцэг эхийн гар утасны дугаар бүхий гарын бугуйвчийг тараан ажилласан. Үүний үр дүнд 3 хүүхэд эцэг эхээсээ төөрсөн нь өмнөх оны баяр наадмын үетэй харьцуулахад 70 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан. Мөн баяр наадмын үеэр хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 10 оюутан цагдааг тодорхой хэмжээнд урамшуулан ажиллуулсан нь үр дүнгээ өгч хүүхэдтэй холбоотой гэмт хэрэг, зөрчил бүртгэгдээгүй.

Сургуулийн орчин дахь хүүхэд хамгаалал ямар байгаа вэ?

- Улсын хэмжээнд зохион байгуулагддаг “Хичээлийн шинэ жил” арга хэмжээний хүрээнд Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 21 ерөнхий  боловсролын сургууль болон мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал, Боловсрол соёл урлагийн газрын дарга, Цагдаагийн газрын дарга нар сургуулийн орчинд гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Гурвалсан гэрээ байгуулсан бөгөөд энэ арга хэмжээний үеэр  2018 онд байгуулсан гэрээний заалтыг амжилттай хэрэгжүүлсэн 6 сургуульд цагдаагийн газрын даргаас “Талархал” хадгалуулсан. 2019 онд сургуулийн орчинд аймгийн хэмжээнд гэмт хэрэг зөрчил бүртгэгдээгүй байна.

Сумдад ажиллаад ирсэн. Ямар ажлуудыг зохион байгуулж ажилласан бэ?

“Уураар биш ухаалгаар шийдвэрлэе” сэдэвт нөлөөллийн арга хэмжээний төлөвлөгөө  цагдаагийн газраас санаачлан гаргаж аймгийн засгийн даргаар 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр батлуулан  14 сум 1 тосгоны хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл, цахим орчин дахь хүүхэд хамгаалал,  хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн тухай хууль зэрэг сэдвүүдээр сургалт, хэлэлцүүлгийг 1329 төрийн алба хаагч, малчин иргэд, 570 сурагчид нийт 1829 хүн хамруулан зохион байгуулсан. Тус арга хэмжээний хүрээнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн хандлагын өөрчлөх иргэд цагдаагийн байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилгоор сум бүрд азтан тодруулж урлагийн тоглолт толилуулсан нь иргэдийн талархалыг хүлээсэн арга хэмжээ болсон.

“Ойлгоё Хүндэлье” аяны хүрээнд аймгийн Цагдаагийн газраас ямар ажил зохион байгуулан ажилласан бэ?

- Улсын хэмжээнд “Ойлгоё Хүндэлье” арга хэмжээ зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан аймгийн ГХУСАЗЗ, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран “ГОЁ ХҮН” уриатай EVENT зохион байгуулан иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, залуу гэр бүлүүдийг оролцуулан  гэр бүлийн талаар олон сайхан сэдвийг нээлттэй ярилцсан. Мөн цагдаагийн газраас дээрх арга хэмжээг сурталчлах зорилгоор 15 айл өрхөд арга хэмжээний лого бүхий цагийг гардуулан гэр бүлийн үнэ цэнэ сэдвээр яриа хийсэн. Яагаад гэр бүл гэж яриад байгаа нь хүүхдийн хүмүүжил төлөвшил авах анхны орон зай бол гэр бүлийн орчин байдаг. Тухайн хүүхдийн зан төлөвтэй гэр бүлийн уур амьсгал шууд холбоотой байдаг юм.

Хүүхдүүд гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаа шалтгаан нөхцөлийг та хэрхэн харж байгаа бэ?

- Хүүхдээс гэмт хэрэг, зөрчилд холбогдох, хохирох шалтгаан нөхцөлийн хувьд архи согтууруулах ундааны хэрэглээ, гэр бүлийн байдал, нэг нэгнээ даган дуурайдаг боловч хамгийн гол шалтгаан бол эцэг эх асран хамгаалагч нарын хараа хяналтгүй сул байгаатай шууд холбоотой. Тийм учир эцэг эхчүүд маань хараа хяналтаа сайжруулан үр хүүхдээ хаана, хэнтэй юу хийж яваа талаар мэддэг мөн цахим орчин хэрхэн хэрэглэж байгаад нь хяналт тавьдаг байх шаардлагатай байна. Эцэг эхчүүд бүгдээрээ хүүхдүүдээ нийгэмдээ сайн сайхан хүн , зөв хүн болоод эх орондоо ихийг хийж бүтээгээсэй л гэж хүсдэг шүү дээ тэгвэл муу хүүхэд гэж ойлголт байхгүй янз бүрийн зүйлээс болж сэтгэл санаа үг үйлдэл нь өөрчлөгдөж эхэлдэг тэр үед нь эцэг эхчүүд маань ярилцаж буруу зөвийг өөрт нь ойлгогдох байдлаар тайлбарлаж өгөх нь илүү үр дүнтэй түүнээс биш хүүхдээ гэмт хэрэг, зөрчилд холбогдсон хойно яах уу гэхээс өмөн л бид ажиглаж найз нөхөд шиг нь бүх зүйлийг ойлгож сэтгэл санаа, бодлыг нь хуваалцаж байх хэрэгтэй аливаа зүйлд болоод өнгөрсөн хойно нь арга хэмжээ авахдаа биш урьдчилан харж мэдэрч сэргийлж байх нь үр дүнтэй гэдгийг бид бүгдээрээ сайн мэддэг шүү дээ. Тэгэхээр эцэг эхчүүд бид хүүхдүүдийнхээ зөв тусгал нь байцгаая гэж уриалмаар байна аа.

Ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

 

АРДЫН ТӨРИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН Д.ДАМБА

  • .

  • 2019-06-19

  • 1617

          Д.Дамба билгийн тооллын ХҮ жарны шар бич жил буюу 1908 оны хаврын тэргүүн сарын шувтаргаар (03 дугаар сарын 29) Төмрөн харуулын нутагт (Одоогийн Булган аймгийн Тэшиг сум) эцэг Даш, эх Цэрмаагийн насан залууд хувь тохион мэндэлжээ.

            Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Дамбын амьдрал, үйл ажиллагааг:

  1. Нийгмийн хувьсгал, хуучин, шинэ төр халагдан солигдох үед тохиосон бага, залуу нас (1908-1939)
  2. Нам, төрийн тулхтай зүтгэлтэн болон төлөвшсөн он жилүүд (1939-1959)
  3. Эгэл жирийн амьдралын чин зүтгэлт жилүүд (1959-1989) хэмээн үечилж болох юм.дэлгэрэнгүй . .

АВДРАНДАА СУРТАЙ, ХАДАГТАЙ АЙЛД БУЯН ТОГТДОГ

  • .

  • 2019-06-19

  • 1938

Сайхан сумын харьяат аймгийн арслан Б.Нямганжав арьс шир, сур, нэхийг гар аргаар боловсруулж суран эдлэл хийсээр 30 орчим жил болсон байна. Бид “Бүтээлч Булганчууд” булангийнхаа хойморт Б.Нямганжав гуайг урьж ярилцлага хийснээ толилуулж байна.
дэлгэрэнгүй . .

ХӨДӨЛМӨРЛӨСӨН ХҮН БҮР ҮР ШИМИЙГ НЬ ХҮРТЭНЭ

  • .

  • 2019-06-19

  • 847

БҮТЭЭЛЧ БУЛГАНЧУУД


Өрхийн үйлдвэрлэл бол хөгжлийн гарц. Өрхийн үйлдвэрлэлээс нөхөрлөл, хоршоо, жижиг дунд үйлдвэрлэл, цаашлаад аж ахуйн нэгж компаниуд үүсч ажлын байр нэмэгдэнэ. Ингэснээр иргэд орлоготой болж эдийн засаг өсөн нэмэгдэх юм. Булган аймгийн Засаг дарга З.Батзоригийн санаачлагаар аймаг, орон нутгийнхаа баялаг бүтээгчдээ дэмжих, тэднийг орон нутаг, улсын хэмжээнд сурталчилан таниулах зорилготой “Бүтээлч Булганчууд” нэвтрүүлэг бэлтгэгдэн “Малчин HD” телевизээр Лхагва гараг бүрийн 18.30 минутад үзэгчдийн хүртээл болж эхлээд байгаа билээ. Энэхүү нэвтрүүлэгт уригдан оролцсон эрхмүүдийн ярилцлагыг “Хөгжлийн хөтөч” сонин цуврал болгон Булганчууддаа хүргэхээр бэлтгэлээ. дэлгэрэнгүй . .

Ногоон эдийн засаг руу хөгжлийн бодлогоо чиглүүлнэ

  • .

  • 2019-06-19

  • 1190

Булган аймгийн Засаг дарга З.Батзоригтой ярилцлаа. “Булганчууд бид ногоон эдийн засагт түшиглэн хөгжихөөр тулгуур салбараа тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, ногоон хөгжлийг дэмжсэн аймаг болох юм. Дэлхий нийтийн хандлага ч үүнд чиглэж буй” хэмээн тэрбээр тодотгов.
дэлгэрэнгүй . .

Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг тоолно

  • .

  • 2019-06-19

  • 3075

Монгол Улсын нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3, 16.1.5, 26.1  дахь заалт, Монгол улсын Засгийн газрын 2007 оны 303 тогтоолыг үндэслэн Аймгийн нутаг дэвсгэр дээрх  улс, аймгийн хамгаалалтад байдаг түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хамгаалалтын байдлыг тодорхойлох, бүртгэл-мэдээллийн  санд бичилт хийх, гэрэл зурагжуулах, тоолох, шинээр нээж илрүүлэх  ажлыг зохион байгуулж байна.
дэлгэрэнгүй . .

Орон нутгийн цагдаа онцлогтой

  • .

  • 2019-06-19

  • 1164

"ЦАГДАА" СЭТГҮҮЛИЙН 3-Р УЛИРЛЫН ДУГААРТ БУЛГАН АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА О.ГАНБАТЫН ЯРИЛЦЛАГА ХЭВЛЭГДЭН ГАРЛАА.
Сумын цагдаагаас аймгийн цагдаагийн газрын дарга болтлоо ажиллаж байгаа эрхэм хурандаатай Булган нутгийн амар тайваны төлөө зүтгэж байгаа ажил амьдралынх нь талаар ярилцлаа.
дэлгэрэнгүй . .

Өмнөх үеийн шилдэг тамирчдын залгамж халааг бэлдэхийн төлөө зүтгэж явна

  • .

  • 2019-06-19

  • 1167

Ш.Эрдэнэ-Очир

Үндэсний бөхийн 2015 оны өсвөр үеийн Монгол улсын аварга шалгаруулах барилдаан энэ амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн төв Сайншанд хотод зохион байгуулагдах гэж байна. Тус барилдаанд оролцох зарим аймгийн багууд ирээд байна. Эдгээрийн нэг нь анхдагчуудын өлгий Булган аймгийн баг байгаа. Тус багийг бидний сайн мэдэхээр монгол түмний 44 жил хүлээсэн олимпийн наадмын алтан медалыг анх хүртсэн Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин Н.Түвшинбаярын бөхийн анхны багш МУ-ын Гавъяат дасгалжуулагч Ш.Эрдэнэ-Очиртой ахалж ирсэн түүнтэй цөөн хором ярилцлаа.

дэлгэрэнгүй . .

Дууны хорвоод

  • .

  • 2017-01-21

  • 1572

“Тэрээр энэ хорвоод дуулах гэж, дуу зохиох гэж л ирсэн мэт санагддаг. Тэгээд сэтгэл шигээ уяхан, гэгээн тунгалаг, айзам яруу дуу, дуурьсахуйн гайхамшигт хөгжмүүдээ зохиочихоод дэндүү эрт яаран буцсан мэт ээ. Дөч гаруйхан насандаа тэр явчихсан юм. “Уянга яруухан дууны хорвоод удаан амьдармаар санагдаад байх юм аа” хэмээн түүний нэгэн дуунд учирлан учирлан өгүүлдэг. Тэрхүү дуунд бас “Айзам яруу дууны хорвоод ахин дахин төрмөөр байх юм аа” хэмээсэн мөрүүд бий.

дэлгэрэнгүй . .

Хуудас:  1  (нийт 10 мэдээ )

Булган 80-н жил