Мэдээ

Аймаг сумын удирдлагууд өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа

Наадмын дараа намар гэдэг. Зуны дэлгэр цаг цаашлахад сар гаруй хугацаа үлдээд байна. Өнөөдөр Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Булган сумын Засаг дарга П.Нөхөрлөлбаяр, Булган-Мээж ХК -ны захирал Б.Одхүү нар аймаг орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл ажил хангах зорилгоор зарим байгууллагуудын гадна тохижилт, явган хүний зам тавилт эвдрэл засварын ажлуудтай биечлэн танилцлаа.
Мөн Аймгийн нөөцийн газрын харьяанд ашиглалтгүй байсан обьектийг Булган сумын тохижилт үйлчилгээний ангид шилжүүлэхээр боллоо. Тус анги нь 1950 онд баригдсан актлагдсан барилгад үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд Аймгийн ИТХ-ын 3 сарын 15 -ны өдрийн 3/10 тоот тогтоолоор нөөцийн газрын өмчлөлд ашиглагдаагүй байсан хоёр давхар бүхий төвлөрсөн халаалт бохирын системгүй барилгыг шилжүүлэн авсан байна. 1980 -иад онд баригдсан барилга тул Булган сумын тохижилт үйлчилгээний анги өөрсдийн ажил үйлчилгээнд ашиглах 20 машины граж, зургаан төрлийн агуулах болоод захиргааны барилгадаа зайлшгүй засвар хийх шаардлага гарчээ.
Иймд аймгийн Засаг дарга өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд уг барилгын одоогийн байдалтай биечлэн танилцаж зарим ажлын зардлыг хуулийн хүрээнд шийдвэрлэхээр боллоо.

Булган 80-н жил