Хайлт:
Хийснээсээ илүүг хийх урам хайрлав

      

Томилолтоор…

Хийснээсээ илүүг хийх урам хайрлав                          

Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх талаар 2011 оны ажлын дүн, 2012 оны зорилтын тайлан мэдээлэл хийх санаачлага гарган аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг хойд сумдаар ажиллахаар болсон юм. Иргэдэд мэдээллийг ил тод, бодитоор хүргэх зорилгоор хэвлэл мэдээллийнхэнд санал тавьснаар манай сурвалжлах хэсэг Засаг даргаар ахлуулсан ажлын бүрэлдэхүүнд багтан таван ес ид тачигнах тэр цагаар ажилдаа гарлаа.             

 Хутаг-Өндөр суманд

Хүйтний эрч ид чанга байх цагт хүлгийн жолоо хойд сумдаар тухайлбал Хутаг-Өндөр, Тэшиг, Сэлэнгэ, Хангал сумдаар залах ажилтай болов. Аймгийн Засаг дарга М.Оюунбат 2011 оны ажлын тайлангаа танилцуулж, 2012 оны зорилтын талаар иргэдтэй нээлттэй ярилцан тэдний санал хүсэлтийг сонслоо.

Ажлын хэсэг аймгийн Засаг дарга М.Оюунбатаар ахлуулан, аймгийн Иргэдийн төлөлөгчийн хурлын дарга Б.Бат-Эрдэнэ, тусгайлсан чиг бүхий хүчний байгууллагынхан, хэвлэл мэдээллийнхэн гээд 30 гаран хүний бүрэлдэхүүнтэйгээр аяны жолоогоо нэгдүгээр сарын 28-ны өдрийн өглөө эртлэн Хутаг-Өндөр сумруу залав.

Зорьсон газраа ирлээ. Хутаг-Өндөр сумын соёлын төвд иргэд цуглажээ. Аймгийн Засаг даргын ажлын тайланг сонсохоор цугласан олон цөөнгүй байв. Засаг дарга хийсэн ажлын тайлангаа тавьж ил болгон, илэн далангүй ярилцсан нь иргэдийн сэтгэлд хүрсэн юм. Иргэд ч 2011 онд хийсэн ажлын тайланд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа. Засаг дарга ажлын тайлангаа тавиад зогсохгүй ард иргэдээ урамшуулан шагнаж, урмаар тэжээгдэн тэтгэгдэх хүмүүний итгэлд гал бадраав.

Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг тус сумын иргэдтэй уулзах тэр үеэрээ Монгол улсад шинэ үндсэн хууль баталсан түүхэн 20 жилийн ойн босгон дээр тус сумаас Ардын их хуралд сонгогдон улсдаа 34 жил үр бүтээлтэй ажиллаж хөдөлмөрлөсөн Д.Динаажав агсаны гэр бүлд хүндэтгэл үзүүлэн алд цэнхэр хадаг, мөнгөн аягын хамт түүний охин Д.Ганчимэгт гардуулан өгч олны сэтгэлийг ихээхэн хөдөлгөсөн билээ. Бид энэхүү агшны сэтгэгдлийг хуваалцсан юм.

Д.Динаажав агсаны охин Д.Ганчимэг: Аавын буянг эдэлсээр явна

-Аймгийн удирдлагууд таны аавыг дурсан санаж хүндэтгэл үзүүллээ. Та аавыгаа эргэн дурсвал?

-Сайхан байна. Аав маань Магсаржав сангийн аж ахуйг өндөрт өргөж явсан. Улсдаа олон жил сэтгэл зүрхээ зориулан ажилласан хүн. Түүний ач буян гарч байгаа. Үр хүүхэд бид нар нь орон нутагтаа сайхан амьдарч байна. Ажилтай албатай, тариа будаатай гээд сайхан амьдарч байнаа. Би өөрөө сумандаа ухуулагч хийдэг. 

-Аймгийн 2011 онд хийгдсэн ажлын тайлан мэдээллийг сонслоо. Манай аймгийн ажил ямар байх шиг байна?

-Аймгийн ажил их урагштай байгаа гэж хувь хүний хувьд боддог. Ялангуяа 2011 онд дэвшилттэй байсан. Аймгийн  удирдлагууд сайн ажиллаж байгаа. Иргэдээ, иргэдийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй ажиллаж чадсан. Иргэд нь өөрийнхээ эрх үүргийг мэддэг. Засаг захиргаа, удирдлагууд нь үүргээ мэддэг болжээ.

Хатанбаатарын нэрэмжит бүрэн дунд сургуулийн захирал Л.Түмэндэмбэрэл: Бодлого нь зөв байжээ

-Танд уншигчдынхаа өмнөөс энэ өдрийн мэндийг хүргэе. Аймгийн Засаг дарга ажлынхаа тайланг тавилаа. Өнгөрсөн онд хийгдсэн ажлын тухайд таны бодол?  

-Өнөөдөр  аймгийн Засаг даргын 2008-2011 он хүртэл хийсэн, сонгуулийн бүрэн эрхийн хугацааны тайланг сонслоо. Тайланг сонсоход сэтгэл хангалуун байна. Бодлого нь зөв байж. Иргэдийн саналыг сайн хүлээж авч байжээ. Өнөөдөр аймгийн хэмжээнд ямар суманд нь юу дутагдалтай байгаа, юу хэрэгтэй байгааг тодорхойлж, жагсааж чаджээ. Тиймээс мөрийн хөтөлбөр нь хэрэгжих боломжтой байжээ. Одоо мөрийн хөтөлбөр нь 90 гаран хувийн хэрэгжилттэй байгаа нь үлдсэн хугацаанд үүнээс ч илүү ахих байх. Тиймээс би аймгийн Засаг дарга болон түүний тамгын газар, энэ сумын Засаг дарга, тамгын газрынхан хамтран ажллаж чадсаны илрэл юм болов уу гэж бодож байна. Манай сум хөдөө аж ахуй, газар тариалан хослуулан хөгжүүлж байна.  Одоо сонсож байхад бодлогоо их зөв баримталжээ.

-Аймаг, сум хамтарч ажиллах нь чухал санагддаг.

-Хутаг-Өндөр сумын хувьд аймгийн тамгын газар болон зэргэлдээх сумдуудтай хамтын ажиллагаа сайн байна гэж боддог. Суманд явагдаж байгаа болон аймагт явагдаж байгаа хурал цуглаан, зөвлөгөөн зэрэг хамтын ажиллагаанд уялдаатай байж чаддаг. Тодруулж хэлбэл хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуй, малын удмыг сайжруулах зэрэг нь бодлогоор зохицуулагдаад байгаа юм боловуу гэж ойлгодог. Хүнрүүгээ чиглэсэн хүнээ гэсэн бодлого барих, сумыг бие даалгах тухай асуудал сая яригдлаа. Энэ асуудал маш чухал юм болов уу гэсэн байр суурьтай байдаг. Дээшээ харсан, угжуулсан юм шиг бодлого битгий байгаасай л гэж бодож явдаг даа, хувь хүний хувьд.

-Хутаг-Өндөр суманд иргэдийн маань амьжиргаа ямар байна?

-Манай сум мал аж ахуйн хувьд 180-аад мянган толгой малтай болсон. 20 мянган га газрын эргэлтийн талбайтай. Булган аймгийг төмс хүнсний ногоогоор ханган, хөвсгөл аймгийн бараг 50 хувийг хангаж байгаа. Манай сумын хэмжээнд 120 орчим өрх зоорьтой болсон. Зоорийн хэмжээ нь 20 тонноос илүү хэмжээтэй байна. Махны их том зоорьтой, Жаст Ойл компаний. Ингэхээр манай сумын ажилгүй иргэдийн тоо их цөөрч байна.

-Хөдөөгөөс хотруу шилжих хөдөлгөөн их байгаад ямар бодолтой байдаг вэ?

-Сум орон нутаг байгаа орчин дэвжин дээшлээд, хөгжвөл шилжих хөдөлгөөн аяндаа багасна. Хамгийн гол нь орчин л чухал байгаа юм.

Эмнэлэгийн дүн бүртгэгч Т.Энхжаргал: Ихээхэн хөрөнгө оруулалт хийгдэж байна 

-Таныхаар манай аймаг хэр хөгжиж байна вэ? 

-Манай аймгийн хөгжил дээшлэн дэвжиж байгаа нь харагдаж байна. Сүүлийн жилүүдэд ихээхэн хөрөнгө оруулалт, барилга байгууламж шинээр барьж ашиглалтад оруулж байгаа нь сайшаалтай. Иргэн хүний нүдээр харахад аймаг сумын удирдлагууд хийх ёстой ажлаа хийхийн төлөө зүтгэж ажиллаж байгаа нь харагдаж байна.

                        Хутаг-Өндөр сум тавдугаар баг /Хонгор/

Хутаг-Өндөр сум таван баг, 1316 өрхийн 4629 хүн амтай. Нийт өрхийн 70 гаруй хувь нь төмс, хүнсний ногоо тариалдаг ажээ. Таван багаас нэг багийн  иргэд нь 100 хувь ажлын байраар хангагдсан байна. Эл баг бол Хонгор баг.  Хонгор баг 109 өрхийн 386 хүн амтай. Багийн хувьд ард иргэд нь 100 хувь ажлын байраар хангагдсан цорын ганц баг. Хонгор багт иргэдийн амьдрал сайхан байна. Ажлын хэсэг иргэдтэй уулзахад иргэд номын сан, сургууль цэцэрлэгийн асуудлаар ярьж байлаа. Энэ багт иргэд дутагдах гачигдах зүйлгүй амьдарч байгаа нь харагдаж байсан юм. Номын санг шинэ номоор хангах санал гарч, аймгийн Засаг дарга уг саналыг дэмжин ойрын хугацаанд ном явуулахаар амлав. Зах зээлийн шилжилтийн үед иргэд нүүн эзгүйрч байсан баг эргэн сум шигээ “том” болжээ. Зөв бодлого, хичээл зүтгэлийн үр ургаж байна. Ажил хөдөлмөр буцлах энэ багт иргэдийн нүүдлэн ирж суурших нь сүүлийн жилүүдэд нэмэгдэж буй тийм мөртөө ажилгүй иргэн нэг ч байдаггүй хэмээн бахархалтай ярих багийн Засаг даргатай нь уулзсан юм.  

Хутаг-Өндөр сумын тавдугаар багийн Засаг дарга М.Бат-Эрдэнэ:  Хүн бүр ажилтай, орлоготой

-Багийн иргэдийн амьдрал ахуй ямар байна?

- Манай аймаг байгаль их сайхантай. Үр тариа, төмс хүнсний ногоо сайхан ургадаг. Мал аж ахуй эрхлэхэд ч тохиромжтой их сайхан нутаг орон. Манай багт ажилгүй хүн алга. 100 хувь ажлын байраар хангагдсан. Иргэдийн амьдрал сайхан байна. Хүн бүр ажилтай, орлоготой.

-Танай багт нэн түрүүнд юу шаардлагатай байгаа вэ?  

-Манай багийн хувьд хийх зүйл бий. Ялангуяа хүүхдийн цэцэрлэг, бага сургуулийн асуудал. Манай энд газар тарилангийн аж ахуй нэлээд хөгжиж байгуулагдаж байна. Том үйлдвэртэй боллоо. Багийн иргэд бүгд ажилтай. Энд суурьшин ирж байгаа иргэд маш олон болж байна. Одоо нэн шаардлагтай зүйл гэвэл байнгын цэцэрлэг ажиллуулах, цаашдаа бага сургуультай болох байна.

-Багийн даргын хувьд та иргэдтэйгээ их ойрхон ажилладаг байх. Иргэд аймгийн хөгжилд ямар дүн тавьдаг вэ?

-Ер нь иргэд аймгийн удирдлагуудад ам сайтай байдаг. Миний хувьд ч аймгийн засаг даргатай найман жил хамтарч ажиллаж байна. Хурлын даргатай дөрвөн жил хамтарч ажиллаж байна. Зохион байгуулж буй ажил нь их оновчтой санагддаг. Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд нэлээд ахиц гарч байгаа.

Тэшиг сум

Нэгдүгээр сарын 28-ны өдөр. Ажлын төлөвлөгөөний дагуу энэ өдрөө Тэшиг сумын зүг хөдөллөө. Тэшиг сумын зон олны шүтэн мөргөдөг “Буурал аав”-д ажлын хэсэг саатан золгож, олон түмний тусын тулд бүгд л сүсэглэв. Ийн зорьсон газарлуугаа яаран хөдөллөө. Зорьсон газраа ирж сумын Соёлын төвд иргэдтэй уулзав. Канад технологиор баригдсан соёлын төв пиг дүүрэн хүнтэй. Иргэд Засаг даргын тайланг сонсохоор үнэхээр идэвхтэй цуглажээ. Нутгийн хүүгээрээ бахархан  магтах, өөрийн хүү шигээ санан зэмлэх хүн ч байлаа.

Өндөр настан А.Морхо: Булган аймаг хөгжин дэвжиж байна

-Хийсэн ажлаа тайлагнасан явдалд баярлаж байна. Нам засгаас хийсэн ажлаа ард түмэндээ тайлагнан, ард түмнээс санал хүсэлтийг нь авч байгаад баяртай байна. Аймгаас явуулж буй ажлын өнгө зүс сайжирчээ. Би энэ аймагтаа 64 жил ажиллаж амьдарч явна. Булган аймгийн төв анх ямар байсан билээ. Булган аймаг хөгжиж дэвшиж байгаа гэдгийг би  биеэрээ үзэж, нүдээрээ харсан хүний хувьд олон түмэндээ сонордуулах нь зүйтэй гэж бодож байна. Төр захиргааны ажил сайжирч байгаа.

Эрэн багийн Засаг дарга Ж.Оюунбаатар: Хийсэн ажлууд нь нүдэнд харагдаж байна 

-Аймгийн Засаг дарга ажлын тайлангаа тавилаа. 

-Өнгөрсөн дөрвөн жилд манай аймгийн удирдлагууд сайн ажиллалаа. Хийсэн ажлууд нь нүдэнд харагдаж байна.

-Иргэдтэй хамгийн ойр ажилладаг хүний тань хувьд асууя. Иргэд аймгийн удирдлагуудад, тэдний хийж буй ажилд хэрхэн ханддаг вэ?

-Ер нь бол манай сумынхан М.Оюунбат даргыг нутгийн хүү хэмээн их дэмждэг. Иргэд аймгийн хөгжилд сайхан ханддаг нь ярианаас нь анзаарагддаг. Манай сумын иргэдийн хувьд “Монгол мал” хөтөлбөрлүү чиглэсэн ажил хийх нь зүйтэй санагддаг. Манай сум ой мод ихтэй. Газар нутгийн 80 гаран хувийг ой мод эзэлдэг.  Тэгэхээр мал аж ахуйг эрчимжсэн төрөлрүү нь хандуулан малчдыг тэр талруу нь түлхүү оруулах, төрийн бодлого оруулахгүй бол боломжгүй санагддаг.  

-Танай сумын иргэд хөдөлмөрч хүмүүс байдаг вэ?

-Иргэд их хөдөлмөрч ш дээ. Ямар нэгэн зүйлийг эхлэхээрээ цаана нь гардаг тийм удамтай, угсалтай хүмүүс байдаг.

                         Хилийн цэргийн 0286-р анги

Хилийн цэргийн 0286-р ангитай ажлын хэсэг танилцсан юм. Хамгийн гол ажил бол тус ангийг С.Лхагвадоржийн нэрэмжит болгох явдал байлаа. Хилчин баатар С.Лхагвадоржийн нэрэмжит болгож буйд тус ангийн бие бүрэлдэхүүн машид баяртай байна. Хилийн цэргийн 0286-р ангийн захирагч Бямбасүрэн үүнд баяртай байгаагаа илэрхийлэн:”Монгол улсын хилчин баатрын нэрэмжит болно гэдэг бол ангийн бие бүрэлдэхүүний хувьд нэр төрийн хэрэг. Бид бахархалтай хүлээн авч байна. Тогтоолын дагуу баатрын үйлсийг мөнхжүүлэх нэр алдрыг нь хадгалж явах, хөшөө дурсгалыг нь сэргээн мөнхжүүлэх энэ ажлыг манай хилчид өргөж явна” хэмээн ярьж байна.

Хилийн цэргийн 0286-р ангийн ахмад Н.Бумцэнд: Мөрдөс зүүсэн цэргийн хүний хувьд бахархалтай, баяртай  байлаа

-МУ-ын баатар С.Лхагвадоржийн нэрэмжит отряд болж байгаад баяртай байна. Өнөөдөр аймгийн Засаг дарга хурлын дарга, сумын засаг дарга, хурлын дарга, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг бүхий хүчний байгууллагуудын дарга нар хүрэлцэн ирж С.Лхагвадоржийн нэрэмжит болгож байгаад мөрдөс зүүсэн цэргийн хүний хувьд маш их бахархалтай, баяртай  байна. Тушаал тогтоол уншаад, гардуулан өгөх тэр агшинд хамрын самсай шархирч хилчин болсондоо бахархаж байлаа. С.Лхагвадорж баатар бол хилийн цэргээс төрсөн баатар. Манай хилийн цэрэгт 14 баатар байдаг. Сэтгэл маш их хөдөлж байна. Манай отрядыг, манай хамт олныг, манай ангийг онцолж энэ том баатрын нэрэмжит болж байгаад үнэхээр баяртай байна.

               Хилийн цэргийн 0286-р ангийн нэгдүгээр заставаар…

Ажлын хэсэг хилийн цэргийн 0286-р ангид байрлан маргааш буюу нэгдүгээр сарын 29-ний өдрийн өглөө эртлэн тус ангийн нэгдүгээр заставыг зорьсон юм. Нэгдүгээр заставаасаа цааш 14 километрийн зайд байрлах хил дээр очсон юм. Аймгийн удирдлагууд болон хүчний байгууллагын төлөөлөл хилийн байдалтай танилцан Монгол улсынхаа торгон хилд хилчидтэй дурсгалын зураг татуулав. Энэ үеэр хилээ манан буй хилчинтэй уулзав.

Нэгдүгээр заставын харуулын дарга П.Энхболд: Дархан Хил тайван   

-Дархан хилийн байдал ямар байна?

-Хил харьцангуй тайван байгаа. Зун намар цагт зөрчил нэлээд ихэсдэг. Байгалийн баялаг ашиглах, ан гөрөө хийх зэрэг зөрчил нэмэгддэг.

- Харуулд гарах хугацааг сонирхвол?

-Арав хоногийн хугацаатай үүрэг гүйцэтгэдэг. Өдөр бүр цэвэрлэх манаагаар хилийнхээ хариуцсан хэсгийг тамгалдаг. Морин уналагатайгаар өдөрт арван километр газар явдаг.

-Хилчин хүн хилээ манаад зогсож байхдаа юунд илүүтэй анхаарах ёстой байдаг вэ?

-Хилчин хүн сонор сэрэмжтэй, хариуцлагатай байх ёстой.

                           Сөртөд ахмад дайчныд саатав

Торгон хил амар тайван байна. Уудам сайхан газар нутгийн уул нурууд сүндэрлэнэ. Өвлийн байгаль ч бахдам сайхан харагдана, өнөтэй өвөл болж байна даа. Цас бага хаяж малчин олны магнай тэнэгэр байна. Өнөтэй өвлийн өвөлжөө бууц дулаахан. Ажлын хэсэг Тэшиг сумын төвийг зорихыг урьтал болгосонгүй ээ. Замаараа сумын төвөөсөө зайдуу өвөлжих айлаар оров. Сөртөд аж төрөх ахмад дайчин Д.Дамдиндоржийнд саатав. Хөдөөгийнхний зочломтгой зангаар биднийг дайлав. Тэшиг сумынхан гар аргаар цохисон масло, талхаар дайлан, намрын зузаан өрөм, цагаан тосоор ходоод цайлна. Засаг дарга ахмад дайчнаа хүндэтгэн ярилцаж, түүний урлах үйсэн сав, чарга, арьс шир элдэх багажийг сонирхон үзсэн юм. Ахмад дайчин Д.Дамдиндоржийнхоос гарч Сэнгэбаатарынхаар оров. Тэрээр өдгөө 72 насыг насласан ахмад дайчин. Сонсгол нь муудсан учир аймгийн Засаг даргаас сонгсголын аппрат хүсч, дарга сонсголын аппрат болноо хэмээв. Ийн энэ  өдрийн иргэдтэй уулзах уулзалтыг дуусган Тэшиг сумын төвийг зорив.

                      Тэшиг сумын нэгдүгээр баг /Хужирт/

Нэгдүгээр сарын 30. Энэ өдөр Тэшиг сумын Хужирт багийн иргэдтэй уулзав. Хужирт баг 162 өрхийн 664 иргэнтэй.

Бид Өндөрийн өвөр хэмээх газар өвөлжих өндөр настан Чагнаатай уулзсан билээ. Тэрээр 83 настай, нүдний хараа муудан охиноороо асруулан буй. Хүү нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөрлөл байгуулан ажиллаж байгаад өргөжүүлэн өнөөдөр өрхийн үйлдвэрлэлд шилжжээ. Хүн бүр л эрвийх дэрвийхээрээ хөдөлмөрлөн буй нь сайхан. Тэшиг нутгийнхан үнэхээр хөдөлмөрч хүмүүс юмаа.

Ажлын хэсэг өндөр настан Чагнаагийнхаас гарч Хужирт багийн иргэдтэй болзсон газраа уулзав. Уламжлал ёсоор аймгийн Засаг дарга тайлан мэдээлэл хийж, үүний дараа иргэд асуулт асуун хариулт авч, санал хүсэлтээ хэлж байлаа. Хужирт багийн хувьд гэрэл цахилгаан, худаг устай холбоотой асуудал гарч Засаг дарга зохих хариултыг өгч, тус багт хуучин нэг худгийг сэргээн засварлах, нэг худгийг шинээр гаргах асуудлыг шийдвэрлэв. Ийн газар хол учир дараагийн сум болох Сэлэнгэ сумын зүг хүлгээ жолоодов.

                                         Сэлэнгэ сум

Нэгдүгээр сарын 30. Энэ өдөр Сэлэнгэ суманд “Газар түшсэн амьжиргаа 2008-2011” томоохон арга хэмжээ болж байв. Тус сум шилдгүүдээ тодруулж, шагнан урамшуулж байлаа. Сэлэнгэ сум 2011 оны шилдэг сум болж, атрын аянуудыг хэрхэн хэрэгжүүлж, бусад сумыг үлгэрлэн буйгаа харуулж чадсан юм. Сэлэнгэ сум газар тариалан, мал аж ахуйг хослуулан эрхэлж байна.

“Газар түшсэн амьжиргаа 2008-2011” арга хэмжээний үеэр хийсэн бүтээснээ үнэлүүлэн төрийн дээд одон медаль гардан авсан Д.Баасансүрэнтэй уулзсан билээ.  

Алтан гадас одонт  Д.Баасансүрэн: Сэлэнгэчүүддээ баярлалаа

 -Төрийн дээд одон медаль алтан гадас авсанд баяр хүргэе.

-Би 41 жил газар тариалангийн салбарт ажиллаж байна. Үүний үр дүн гарлаа. Ингэттолгой сангийн аж ахуй Сэлэнгэ сум бол атар газрыг хөгжүүлсэн гурван аян явуулж байна. Атарын нэг, хоёр, гуравдугаар аянд оролцож өнөөдрийг хүртэл ажиллалаа. Сэлэнгэ сумын төрийн байгууллагын ажил ард иргэдээ гэсэн өгөөж сайтай байна. Юуны өмнө ядуурлыг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх гэж эхэлж буй зүтгэж буй хүмүүст их тусламж өгдөг. Үүгээрээ ч улсын тэргүүний сум болсон байх. Манай сумын хувьд мал аж ахуй, газар тариалан амьжиргааны гол эх үүсвэр болж байна. Атарын гурван үеийн Сэлэнгэчүүддээ баярласнаа илэрхийлье.

Сэлэнгэ сумын иргэн Х.Гарнов: Малчдыг ногоожуулах үүрэг оногдлоо

-Өнөөдөр аймгийн Засаг дарга ажлын тайлангаа тавилаа. Аймгийн маань ажил ямар байна, иргэн хүний хувьд дүгнээд хэлбэл?

-Аймгийн ажил сайн байна. Аймгийн удирдлагууд ажлаа сайн хийж байна. Тогтвортой боломжийн. Манай аймаг газар тариалан хөгжүүлэх талаар аж амьдралаа дээшлүүлэх талаар нэлээд ажил хийжээ.  Ядуурлын хувь хэмжээ буурсан дүн сонсогдлоо. Миний хувьд “Монгол төмс” хөтөлбөрт таван жил ажиллаа. Дахин дөрвөн жил ажиллах юм. Хажууд нь ногооны үйлдвэрлэл хамсран өргөжүүлэх үүргийг сая авлаа. Үүнийхээ хүрээнд Малчдыг ногоожуулах том үүрэг бидэнд оногдлоо. Тиймээс аймаг сумынхаа удирдлагуудтай хамтран энэ үүргээ биелүүлнэ.

Аяны жолоогоо Хангал сумруу…

Хэдий өвөл цаг ч Сэлэнгэ суманд их ажил буцалсаар л байна. Атрын нэг, хоёр, гуравдугаар аяны хүрээнд сэлэнгэчүүд ихийг бүтээжээ. Өнөөдөр ийн хийсэн бүтээснээ төр засгаараа үнэлүүлэн, цаашид хийж бүтээхээ тодорхой төлөвлөн буй. Зангидсан гар шиг нэг удирдлаганд байж, заасан юм шиг л аливаад няхуур хандах нь атрын гурван үеийн Сэлэнгэчүүдийн хүмүүжил.  

“Газар түшсэн амьжиргаа 2008-2011” арга хэмжээг дуусган ажлын хэсэг ажлаа үргэлжүүлэхээр замд гарав. Бидний очих газар Хангал сум.

Нэгдүгээр сарын 31-ний өдөр. Их ажилдаа орлоо. Зэвсэгт хүчний 0243-р ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзан, тэдний хийж буй ажилтай танилцан Зэвсэгт хүчний 0243-р ангийнханд хатуухан үг хэлж хилийн цэргийн 0286-р ангиас суралцах зүйл их байгааг сануулж байв.

 Засаг дарга тайлан мэдээллээ хийн, дараагийн ажилдаа шилжин Хангал сумын дөрөвдүгээр баг /Хялганат тосгон/-ийн иргэдтэй уулзав. Тус тосгоны хувьд газар нутгийн асуудал нэлээд хүнд байдгийг ярьж байлаа. Эл уулзалтын дараа Хангад сумын төвд соёлын төвд иргэдтэй уулзсан юм.

Хангал сум газрын байрлалын хувьд зах зээлдээ ойрхон, сүү цагаан идээ, түүхий эд, хүнсний ногоогоо борлуулахад их тохиромжтой газар юм. Иргэдийн амьдрал ахуй ч боломжийн хэмээн ярьж байна.  

Хангал сумын хоёрдугаар багийн Засаг дарга Х.Өнөрцэцэг: Зам талбай ч боломжийн болжээ

 -Танд уншигчдынхаа өмнөөс энэ өдрийн мэндийг хүргэе. Иргэн хүний тань хувьд асуухад өнөөдөр манай аймаг хэр хөгжиж байна вэ?

-2011 онд нэлээд үр бүтээлтэй ажил хийгдсэн байна. Нутгийн удирдлагын ордон шаваа тавилаа. Аймаг хөгжиж байна. Зам талбай ч боломжийн болсон.

-Харин танай сумын хувьд хөгжил ямар байна?

-Манай сум зах зээлд ойрхон байдаг. Малчдын амьдрал сайжирсан.

-Нийт иргэдийн маань масс аймгийн удирдлагуудад ам ямар байдаг вэ?

-Өдөр бүр айл өрхөөрөө орж гарч байдаг. Иргэд сүүлийн хэдэн жил нэлээн хөгжих байна. Том том бүтээн байгуулалт хийгдэж байгаад баяртай байна хэмээн ярих болжээ.

-Аймгаа хөгжүүлэхийн тулд цаашдаа юунд анхаарах ёстой юм бэ?

-Аялал жуучлалын бааз хөгжүүлэх шаардлагатай. Байгаль нутаг усаа түшиглээд. Манай орон нутагт давуу талтай. Эрдэнэт хялганат хоёрын хоронд байгаа замыг хар зам болгочоосой гэж хүсдэг.

Хангал сумын гуравдугаар багийн иргэн Л.Алимаа: Уламжлалт аргаар арвайн гурил үйлдвэрлэх өрхийн жижиг үйлдвэрлэлтэй

-Өнөөдөр иргэдийн амьжиргаа ямар байна?

-Иргэдийн амьжиргаа боломжийн болсон. Зах зээлдээ ойрхон болохоор манай сум хүн өөрөө л хөдөлмөрлөж чадвал юмханаар юм хийх, байгалийн баялагаа ч бодсон  амьдрахад боломжтой сум гэж боддог. Хамгийн гол нь хүний амьдрал, өрхийн амьдрал, иргэний амьдрал хувь хүнээс өөрөөс нь ихээхэн шалтгаална, бүхнийг төрөөс шаардахгүйгээр. Сүүлийн үед засгийн газраас өрх гэрлүү чиглэсэн бодлого барин ажиллаж байгаа нь их зүгээр санагддаг. Яагаад гэхээр өрх гэр баян байвал улс баян байна. Өрх гэр үйлдвэрлэгч байж сая улс орон төдий чинээгээр хөгжинө. Тэр утгаараа би ч гэсэн сумынхаа нэг иргэний хувьд уламжлалт аргаар арвайн гурил үйлдвэрлэх өрхийн жижиг үйлдвэрлэлтэй. Үүнийг маань төр засаг дэмждэгт баяртай байна. Би сум хөгжүүлэх сангаас зээл аван өнөөдөр ийн ажиллаж байна. Хамгийн анх 2005 онд аймгийн Засаг Дарга М.Оюунбатын  дэмжлэгээр сая төгрөгийн зээл аваад өрхийн үйлдвэрлэлийн сууриа тавьж байлаа. Өнөөдөр түүнийгээ өргөжүүлээд хүнд харагдахаар зүйл болгох юмсан гэсэн бодолтой л ажиллаж байна.

Хүн гэдэг амьтан хийсэн бүтээснээ хэлж ярьж байх нь зүйтэй

Иргэд өнөөдөр өөрөөр сэтгэх болжээ. Бэлэнчлэх сэтгэлгээтэй нэг хэсэг байхад бүтээх чин эрмэлзлэлтэй олонх байгаа нь хонгилын үзүүрт асах гэрлийг тэнгэрийн нар шиг гийгүүлнэ.  Аймгийн Засаг дарга М.Оюунбат гурван өдрийн турш өдөр шөнийг үл ялган Хутаг-Өндөр, Тэшиг, Сэлэнгэ, Хангал сумдаар ажиллаж иргэдтэйгээ уулзан, тэдний санал хүсэлтийг ийн хүлээн авч, иргэдээс гарах зарим асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэн байсан нь иргэдийн талархалыг хүлээж байлаа. Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс нааш гэж үг байдаг. Хүн гэдэг амьтан хийсэн бүтээснээ нэгэндээ ярьж хэлж байх нь зүйтэй. Хэдий нүдэнд харагдах томоохон бүтээн байгуулалтууд бий ч хүний нүдэнд харагдахгүй өч төднөөн хөрөнгө оруулалт байдаг гэдгийг иргэд ойлгосноо ярьж байсанг тэмдэглэх нь зүйн хэрэг билээ. Бидний томилолтоор хойд сумдаар явах ажил ийн өндөрлөж, сэтгүүлч миний бие ч бичлэгээ өндөрлөе. Удахгүй аймгийн Засаг дарга урд сумдаар явж иргэдээ тайлан мэдээллээ хүргэх юм. Манай сонин ч мэдээллийг үнэн зөв, бодитоор хүргэх болно.

Л.БУДДОРЖ

 

2012 оны 02 сарын 06 | Үзсэн: 59
Сэтгэгдэл
Нэр: * 
И-мэйл: * 
Сэтгэгдэл: * 
Баталгаажуулах код: * 
Нийт сэтгэгдэл: 0
Вэбийн статистик
Та 2012-01-11-с хойших манай 10002 дахь зочин боллоо.
1. 38.107.179.224
2. 38.107.179.223
Онлайн байгаа хэрэглэгчийн нийт тоо: 2