Мэдээ

АВДРАНДАА СУРТАЙ, ХАДАГТАЙ АЙЛД БУЯН ТОГТДОГ

Сайхан сумын харьяат аймгийн арслан Б.Нямганжав арьс шир, сур, нэхийг гар аргаар боловсруулж суран эдлэл хийсээр 30 орчим жил болсон байна. Бид “Бүтээлч Булганчууд” булангийнхаа хойморт Б.Нямганжав гуайг урьж ярилцлага хийснээ толилуулж байна.

-Анх хэзээ энэ уламжлалт аргад суралцаж арьс, ширэн бүтээгдэхүүн хийх болов?

-Бага балчир хүүхэд ахуй цагаасаа аавынхаа суран эдлэл хийж байгааг харж сонирхдог байлаа. Залуу цагтаа социализмын үед Булган аймгийн худалдааны байгууллагад 30 орчим жил ажиллаж байгаад 1990 он гарч Зах зээлийн нийгэмд шилжсэнээр ажилгүй болсон. Тэр цагаас аавынхаа хийж байсан ажлыг үргэлжлүүлж болох байх гэж бодон эхэлж байлаа. Түүнээс хойш 30-аад жил уламжлалт аргаар арьс ширээ боловсруулан бүтээгдэхүүнээ хийж байна.

-Арьс шир, суран эдлэлээ хийх таны арга барил юу байна вэ?

-Үндэсний уламжлалт аргаар ган шүүгээ бэлтгээд түүндээ гандаж идээлээд арьс сур, шир, аргамж, нэхийг гар аргаар элддэг. Зах зээлийн нийгэмд олон газар ижил бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж байгаа. Онцлог нь үндэсний уламжлалт гар аргаар элдэж хийж байгаа учраас бүтээгдэхүүний чанар, эдэлгээнд оршиж байгаа юм.

-Сүүлийн жилүүдэд Монголчууд эргээд үндэсний эдлэл хэрэглэл, дээл хувцсаа өмсөх боллоо. Танд хэр мэдрэгдэж байна вэ?

- Хэдхэн жилийн өмнө л монголчууд сур аргамжаа хэрэглэхгүй, морио унахгүй, эмээл, хазаараа хэрэглэхээ байсан үед бүтээгдэхүүнээ хийгээд хөдөө явахад зарагддаггүй байсан. Хөхүүр бол бүр хэрэглэгддэггүй байлаа. Сүүлийн тав, зургаан жилд үндэсний хэрэглэлээ хэрэглэх сэтгэлгээ залуучуудад төрж эхэлсэн болов уу гэж боддог. Одоо хөхүүрийг л гэхэд Сайхан сумын иргэд их авч байна. Мөн Орхон, Хишиг-Өндөрөөс ч авч байгаа. Ганц манай аймаг гэлтгүй Өвөрхангай, Архангай, Дундговь, Төв аймаг зэрэг айрагны соёлтой аймгуудаас захиалга их ирэх болсон. Монголчууд эргээд хуучны зүйлээ сонирхож, соёлоо сэргээж байгаа юм уу гэж бодож байна. Сур, аргамжийг ч мөн ялгаагүй. Өмнө нь өмнөд хөршөөс орж ирдэг олс, дээс, мяндас зэргийг мориныхоо толгой, хөлд хийгээд л явдаг байсан. Харин сүүлийн үед бугуйл, хазаар, ногт, чөдөр тушаагаа хэрэглэдэг болсон байна. Суранд маш их сонирхолтой болсон байна.

Төв суурин газрын малгүй иргэд хүртэл эдгээр эдлэлийг их сонирхож айлд суран эдлэл байх ёстой гэсэн бэлгэдлээр авч тавих болсон. Дээр үед ярихдаа авдрандаа хадагтай, суртай айлд буян их тогтдог гэж ярьдаг байсан. Бэлгэдлийг бодоод сувинер, эдэлгээний зүйл ч захиалж хийлгэж байна. Ахмад хүний хувьд урамшиж байгаа. Уламжлалт зүйлээ хүүхэд залуучууд маань эдэлж хэрэглээсэй гэж хүсч байна.

-Та Монгол улсын хамгийн олон адуутай Сайхан сумын иргэн. Таны хийж байгаа хөхүүрний талаар яриагаа үргэлжлүүлье. Нэг хөхүүр хийхэд хэдий хэр хугацаа орж байна вэ?

-Хөхүүрийг би 2007 оны үеэс хийж эхлэсэн. Үхрийн ширийг үс хөрсийг авч боловсруулаад шар сүүнд хэд хоног сойно. Элдэхгүй. Нүдэн баримжаагаар исгэнэ. Унаганы сүүл тэмээний ноос шөрмөсөөр дээр үед үддэг байсан. Одоо бол ширнийхээ үзүүрээс сур гаргаад үдэж байна.

Улаанбаатар хотод ХХААХҮЯ-аас зохион байгуулсан “Намрын ногоон өдрүүд 2011” арга хэмжээний Шилдэг айраг, хөхүүрийн шалгаруулалт болсон. Айраг хийдэг бүх л аймгаас оролцсон. Хөхүүрийн шалгаруулалт явагдахад тэргүүн байр эзэлсэн. Энэ үеэс хүмүүс хөхүүрийг сонирхож авах нь ихэссэн дээ. Аймгуудаас төдийгүй өнгөрсөн жил Өвөр Монголоос хоёр хөхүүрийн захиалга ирж хийлгэж байлаа.

2011 онд “Ардын урлалын их наадам” гэж болсон юм. Түүнд би аймаг, бүсээсээ шалгараад оролцсон юм. Хөхүүр, сур хоёроор оролцсон. Үзэсгэлэнд хөхүүрээ 3 хоног тавихад хүмүүс авъя гэж үнэ их хаялцаж байсан. Тэр үед үндэсний уламжлалт бүтээгдэхүүнээр мөнгөн медаль авсан юм. Мөн 2007, 2014 онд зохион байгуулагдсан “Хангайн бүсийн түншлэл” арга хэмжээнээс Үндэсний уламжлалт бүтээгдэхүүнээр хөхүүр маань тэргүүн байранд орж байсан.

-Та айрагны том хөхүүрээс гадна жижиг хөхүүр хийсэн байна. Захиалга нь хэр байна вэ?

-Өмнө нь том хөхүүрэндээ айргаа бүлээд хэрэглэдэг байсан бол сүүлийн жилүүдэд жижиг хөхүүрийг ваарны оронд тавьж баяр ёслолоор айргаа сөгнөж хэрэглэж байна. Ширээтэйгээ ижил өндөртэй цаханд хийсэн хөхүүрээ сөгнөөд айргаа уух болсон. Мөн бэлэглэлийн журмаар их авч байна. Шинэ байшин сууцанд орсон айлд бэлэглэе, аав ээждээ бэлэглэе гэсэн хүмүүс олширч, захиалга их ирдэг болжээ.

-Гар аргаар боловсруулах онцлогоо та бидэнд хуучлаач?

-Үндэсний уламжлалт гар аргаар гэдэг нь химийн аргаар боловсруулахгүй, үйлдвэрт элдэхгүй хийж байгааг хэлж байгаа юм. Дээр үед ганг модон торхонд хийдэг байсан. Одоо бол гарын доорх бэлэн сав аваад хийж байна. Хонь, хурганы арьсыг модон талхинд элддэг. Арьсыг гар хадуураар авдаг. Аав маань яг энэ аргаар хийдэг байсан. Цагаан сараас өмнө суран эдлэлээр юм хийж ногт, хазаар зангидаж дүү нартаа бэлэглэдэг байсан гэнэлээ. Дүү нар нь ч цагаан сараар ааваас ирж ногт, хазаар бэлгэнд авах юмсан гэж ярилцдаг байснаа хуучилдаг.

-Үнэг, хярс, хурганы арьс ямар үнэ ханшаар борлуулагдаж байна. Ер нь аль төрлийн бүтээгдэхүүн тань илүү борлуулагддаг вэ?

-Хөхүүр их захиалгатай болсон. Хурганы арьс, хонины арьс бол их эрэлттэй байгаа. Буцаад сонирхдог болсон байна. Үнэг хярсны арьсаар малгай хийж өмсдөг болж. Үнэ хөлсний хувьд бол бусад үзэсгэлэнгээс харахад их үнэтэй байдаг юм билээ. Би бол үнэ тохироод өгчихдөг юм.

Ардын урлалын их наадамд оролцоход зургаан нэр төрлийн бүтээгдэхүүнийг маань соёлын өвд бүртгэлээ гэж комисс нь хэлж байсан. Орон нутагт амьдарч байгаа болохоор тэрийг хөөцөлдөөгүй.

-Залуучууд маань булга, минж гэхээсээ илүү үндэсний уламжлалт хурган дээл, үнэг, хярсны арьс илүү сонирхох болж үүнийгээ дагаад арьс шир боловсруулах залуус ч их болсон байна. Таныг зориод ирвэл зааж зөвлөх ямар боломж байх вэ?

-Бие хаа гайгүй байвал хэнд ч заагаад л өгнө. Монгол хүний биед энэ арьс шир их зохьдог байсан. Дээр үед энд тэнд шуурга болж гэнэ. Энэ осгоод өнгөрчихөж гэсэн үг өдрийн од шиг байсан. Хэр барагтай бол дуулдахгүй. Зах зээлд шилжсэнээс хойш хэд хэдээрээ өнгөрч гэнэ гэж сонсогдох болсон. Үзүүрсгэн нэхий юм уу сэгсүүргэн нэхийгээр дээл хийж өмсөөд, үнэгэн лоовуузаа тавиад, монгол гуталдаа хонины ноосоор дармал эсгийн оймс хийгээд өмссөн хөдөөний залуучууд хэнхдэг задгай, хөлс нь бурзайгаад явдаг байлаа. Одооны залуус урт хувцас ч өмсөхөө больсон. Монгол үндэсний хувцас хэрэглэл ашиг тус нь эрүүл мэндэд сайн юм шүү дээ.

Суръя гээд ирсэн хүнд ширээ эхэлж авахаас заана. Хөхүүрийн ширийг л гэхэд ямар ч эсгэлтгүй шир сонгож авах хэрэгтэй. Сур бол ямар ч шир байж болно. Ширээ аваад үсийг нь авах, жонхлох, үсээ аваад сур хийх үү, хөхүүр хийх үү гэдгээ шийдэх гээд. Миний энд ажиллаж байгаа 3 шавь хэнээс ч дутахааргүй арьс, ширээ боловсруулаад, бүтээгдэхүүнээ хийж борлуулдаг болсон байгаа.


-Ярилцсанд баярлалаа.

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО