Мэдээ

АВДРАНДАА СУРТАЙ, ХАДАГТАЙ АЙЛД БУЯН ТОГТДОГ

  • .

  • 2017-07-17

  • 73

Сайхан сумын харьяат аймгийн арслан Б.Нямганжав арьс шир, сур, нэхийг гар аргаар боловсруулж суран эдлэл хийсээр 30 орчим жил болсон байна. Бид “Бүтээлч Булганчууд” булангийнхаа хойморт Б.Нямганжав гуайг урьж ярилцлага хийснээ толилуулж байна.

-Анх хэзээ энэ уламжлалт аргад суралцаж арьс, ширэн бүтээгдэхүүн хийх болов?

-Бага балчир хүүхэд ахуй цагаасаа аавынхаа суран эдлэл хийж байгааг харж сонирхдог байлаа. Залуу цагтаа социализмын үед Булган аймгийн худалдааны байгууллагад 30 орчим жил ажиллаж байгаад 1990 он гарч Зах зээлийн нийгэмд шилжсэнээр ажилгүй болсон. Тэр цагаас аавынхаа хийж байсан ажлыг үргэлжлүүлж болох байх гэж бодон эхэлж байлаа. Түүнээс хойш 30-аад жил уламжлалт аргаар арьс ширээ боловсруулан бүтээгдэхүүнээ хийж байна.

-Арьс шир, суран эдлэлээ хийх таны арга барил юу байна вэ?

-Үндэсний уламжлалт аргаар ган шүүгээ бэлтгээд түүндээ гандаж идээлээд арьс сур, шир, аргамж, нэхийг гар аргаар элддэг. Зах зээлийн нийгэмд олон газар ижил бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж байгаа. Онцлог нь үндэсний уламжлалт гар аргаар элдэж хийж байгаа учраас бүтээгдэхүүний чанар, эдэлгээнд оршиж байгаа юм.

-Сүүлийн жилүүдэд Монголчууд эргээд үндэсний эдлэл хэрэглэл, дээл хувцсаа өмсөх боллоо. Танд хэр мэдрэгдэж байна вэ?

- Хэдхэн жилийн өмнө л монголчууд сур аргамжаа хэрэглэхгүй, морио унахгүй, эмээл, хазаараа хэрэглэхээ байсан үед бүтээгдэхүүнээ хийгээд хөдөө явахад зарагддаггүй байсан. Хөхүүр бол бүр хэрэглэгддэггүй байлаа. Сүүлийн тав, зургаан жилд үндэсний хэрэглэлээ хэрэглэх сэтгэлгээ залуучуудад төрж эхэлсэн болов уу гэж боддог. Одоо хөхүүрийг л гэхэд Сайхан сумын иргэд их авч байна. Мөн Орхон, Хишиг-Өндөрөөс ч авч байгаа. Ганц манай аймаг гэлтгүй Өвөрхангай, Архангай, Дундговь, Төв аймаг зэрэг айрагны соёлтой аймгуудаас захиалга их ирэх болсон. Монголчууд эргээд хуучны зүйлээ сонирхож, соёлоо сэргээж байгаа юм уу гэж бодож байна. Сур, аргамжийг ч мөн ялгаагүй. Өмнө нь өмнөд хөршөөс орж ирдэг олс, дээс, мяндас зэргийг мориныхоо толгой, хөлд хийгээд л явдаг байсан. Харин сүүлийн үед бугуйл, хазаар, ногт, чөдөр тушаагаа хэрэглэдэг болсон байна. Суранд маш их сонирхолтой болсон байна.

Төв суурин газрын малгүй иргэд хүртэл эдгээр эдлэлийг их сонирхож айлд суран эдлэл байх ёстой гэсэн бэлгэдлээр авч тавих болсон. Дээр үед ярихдаа авдрандаа хадагтай, суртай айлд буян их тогтдог гэж ярьдаг байсан. Бэлгэдлийг бодоод сувинер, эдэлгээний зүйл ч захиалж хийлгэж байна. Ахмад хүний хувьд урамшиж байгаа. Уламжлалт зүйлээ хүүхэд залуучууд маань эдэлж хэрэглээсэй гэж хүсч байна.

-Та Монгол улсын хамгийн олон адуутай Сайхан сумын иргэн. Таны хийж байгаа хөхүүрний талаар яриагаа үргэлжлүүлье. Нэг хөхүүр хийхэд хэдий хэр хугацаа орж байна вэ?

-Хөхүүрийг би 2007 оны үеэс хийж эхлэсэн. Үхрийн ширийг үс хөрсийг авч боловсруулаад шар сүүнд хэд хоног сойно. Элдэхгүй. Нүдэн баримжаагаар исгэнэ. Унаганы сүүл тэмээний ноос шөрмөсөөр дээр үед үддэг байсан. Одоо бол ширнийхээ үзүүрээс сур гаргаад үдэж байна.

Улаанбаатар хотод ХХААХҮЯ-аас зохион байгуулсан “Намрын ногоон өдрүүд 2011” арга хэмжээний Шилдэг айраг, хөхүүрийн шалгаруулалт болсон. Айраг хийдэг бүх л аймгаас оролцсон. Хөхүүрийн шалгаруулалт явагдахад тэргүүн байр эзэлсэн. Энэ үеэс хүмүүс хөхүүрийг сонирхож авах нь ихэссэн дээ. Аймгуудаас төдийгүй өнгөрсөн жил Өвөр Монголоос хоёр хөхүүрийн захиалга ирж хийлгэж байлаа.

2011 онд “Ардын урлалын их наадам” гэж болсон юм. Түүнд би аймаг, бүсээсээ шалгараад оролцсон юм. Хөхүүр, сур хоёроор оролцсон. Үзэсгэлэнд хөхүүрээ 3 хоног тавихад хүмүүс авъя гэж үнэ их хаялцаж байсан. Тэр үед үндэсний уламжлалт бүтээгдэхүүнээр мөнгөн медаль авсан юм. Мөн 2007, 2014 онд зохион байгуулагдсан “Хангайн бүсийн түншлэл” арга хэмжээнээс Үндэсний уламжлалт бүтээгдэхүүнээр хөхүүр маань тэргүүн байранд орж байсан.

-Та айрагны том хөхүүрээс гадна жижиг хөхүүр хийсэн байна. Захиалга нь хэр байна вэ?

-Өмнө нь том хөхүүрэндээ айргаа бүлээд хэрэглэдэг байсан бол сүүлийн жилүүдэд жижиг хөхүүрийг ваарны оронд тавьж баяр ёслолоор айргаа сөгнөж хэрэглэж байна. Ширээтэйгээ ижил өндөртэй цаханд хийсэн хөхүүрээ сөгнөөд айргаа уух болсон. Мөн бэлэглэлийн журмаар их авч байна. Шинэ байшин сууцанд орсон айлд бэлэглэе, аав ээждээ бэлэглэе гэсэн хүмүүс олширч, захиалга их ирдэг болжээ.

-Гар аргаар боловсруулах онцлогоо та бидэнд хуучлаач?

-Үндэсний уламжлалт гар аргаар гэдэг нь химийн аргаар боловсруулахгүй, үйлдвэрт элдэхгүй хийж байгааг хэлж байгаа юм. Дээр үед ганг модон торхонд хийдэг байсан. Одоо бол гарын доорх бэлэн сав аваад хийж байна. Хонь, хурганы арьсыг модон талхинд элддэг. Арьсыг гар хадуураар авдаг. Аав маань яг энэ аргаар хийдэг байсан. Цагаан сараас өмнө суран эдлэлээр юм хийж ногт, хазаар зангидаж дүү нартаа бэлэглэдэг байсан гэнэлээ. Дүү нар нь ч цагаан сараар ааваас ирж ногт, хазаар бэлгэнд авах юмсан гэж ярилцдаг байснаа хуучилдаг.

-Үнэг, хярс, хурганы арьс ямар үнэ ханшаар борлуулагдаж байна. Ер нь аль төрлийн бүтээгдэхүүн тань илүү борлуулагддаг вэ?

-Хөхүүр их захиалгатай болсон. Хурганы арьс, хонины арьс бол их эрэлттэй байгаа. Буцаад сонирхдог болсон байна. Үнэг хярсны арьсаар малгай хийж өмсдөг болж. Үнэ хөлсний хувьд бол бусад үзэсгэлэнгээс харахад их үнэтэй байдаг юм билээ. Би бол үнэ тохироод өгчихдөг юм.

Ардын урлалын их наадамд оролцоход зургаан нэр төрлийн бүтээгдэхүүнийг маань соёлын өвд бүртгэлээ гэж комисс нь хэлж байсан. Орон нутагт амьдарч байгаа болохоор тэрийг хөөцөлдөөгүй.

-Залуучууд маань булга, минж гэхээсээ илүү үндэсний уламжлалт хурган дээл, үнэг, хярсны арьс илүү сонирхох болж үүнийгээ дагаад арьс шир боловсруулах залуус ч их болсон байна. Таныг зориод ирвэл зааж зөвлөх ямар боломж байх вэ?

-Бие хаа гайгүй байвал хэнд ч заагаад л өгнө. Монгол хүний биед энэ арьс шир их зохьдог байсан. Дээр үед энд тэнд шуурга болж гэнэ. Энэ осгоод өнгөрчихөж гэсэн үг өдрийн од шиг байсан. Хэр барагтай бол дуулдахгүй. Зах зээлд шилжсэнээс хойш хэд хэдээрээ өнгөрч гэнэ гэж сонсогдох болсон. Үзүүрсгэн нэхий юм уу сэгсүүргэн нэхийгээр дээл хийж өмсөөд, үнэгэн лоовуузаа тавиад, монгол гуталдаа хонины ноосоор дармал эсгийн оймс хийгээд өмссөн хөдөөний залуучууд хэнхдэг задгай, хөлс нь бурзайгаад явдаг байлаа. Одооны залуус урт хувцас ч өмсөхөө больсон. Монгол үндэсний хувцас хэрэглэл ашиг тус нь эрүүл мэндэд сайн юм шүү дээ.

Суръя гээд ирсэн хүнд ширээ эхэлж авахаас заана. Хөхүүрийн ширийг л гэхэд ямар ч эсгэлтгүй шир сонгож авах хэрэгтэй. Сур бол ямар ч шир байж болно. Ширээ аваад үсийг нь авах, жонхлох, үсээ аваад сур хийх үү, хөхүүр хийх үү гэдгээ шийдэх гээд. Миний энд ажиллаж байгаа 3 шавь хэнээс ч дутахааргүй арьс, ширээ боловсруулаад, бүтээгдэхүүнээ хийж борлуулдаг болсон байгаа.


-Ярилцсанд баярлалаа.

ХӨДӨЛМӨРЛӨСӨН ХҮН БҮР ҮР ШИМИЙГ НЬ ХҮРТЭНЭ

  • .

  • 2017-07-17

  • 63

БҮТЭЭЛЧ БУЛГАНЧУУД


Өрхийн үйлдвэрлэл бол хөгжлийн гарц. Өрхийн үйлдвэрлэлээс нөхөрлөл, хоршоо, жижиг дунд үйлдвэрлэл, цаашлаад аж ахуйн нэгж компаниуд үүсч ажлын байр нэмэгдэнэ. Ингэснээр иргэд орлоготой болж эдийн засаг өсөн нэмэгдэх юм. Булган аймгийн Засаг дарга З.Батзоригийн санаачлагаар аймаг, орон нутгийнхаа баялаг бүтээгчдээ дэмжих, тэднийг орон нутаг, улсын хэмжээнд сурталчилан таниулах зорилготой “Бүтээлч Булганчууд” нэвтрүүлэг бэлтгэгдэн “Малчин HD” телевизээр Лхагва гараг бүрийн 18.30 минутад үзэгчдийн хүртээл болж эхлээд байгаа билээ. Энэхүү нэвтрүүлэгт уригдан оролцсон эрхмүүдийн ярилцлагыг “Хөгжлийн хөтөч” сонин цуврал болгон Булганчууддаа хүргэхээр бэлтгэлээ. 

 
 “Эко Хан Буян” хоршоо


Булган аймгийн Хангал суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Эко хан буян” хоршоог энэ удаагийн “Бүтээлч Булганчууд” буландаа онцолж байна. Тус хоршоо нь мод үржүүлэг, газар тариалан, хүнсний ногоо, зөгий болон мал аж ахуй зэрэг хосолсон үйл ажиллагаа явуулдаг “Улсын тэргүүний фермер” юм.


ХӨДӨЛМӨРЛӨСӨН ХҮН БҮР ҮР ШИМИЙГ НЬ ХҮРТЭНЭ


Э.Энх-Эрдэнэ “Эко Хан Буян” хоршооны дарга
-Хэзээнээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бэ? Эко хан буян хоршооны нэрний утгаас ярилцлагаа эхэлье.
-Манай эко хан буян хоршоо 2013 онд 9 гишүүнтэй байгуулагдсан. 1997 онд “Дэлхийн зөн” байгууллагын мод үржүүлэг зөгийн аж ахуйн төслөөр “Хан буян хамтлаг” нэртэй мод үржүүлэг, зөгийн аж ахуй эрхэлж байгаад 2014 оноос экологийн цэвэр бүтээгдэхүүнийг Хангалд үйлдвэрлэж буянтай ажил хийнэ гэсэн утгаар “Эко Хан Буян” хоршоо гэх нэрийг өгсөн.
-Хоршоо одоо ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Хичнээн гишүүнтэй байгаа вэ?
-Манай хоршоо фермер, газар тариалан, өвлийн хүлэмж, мод үржүүлэг, зөгийн аж ахуй гэсэн үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Цаашид өвлийн хүлэмжээ нэр төрлөөр нь өргөжүүлэх, орон нутгаас тариалангийн газар шийдвэрлээд өгчихвөл таримал тэжээлээ нэмэгдүүлэн зах зээлд нийлүүлэхээр зорьж байна. Эрчимжсэн мал аж ахуйн хувьд үхэр маань үржээд эр үхрүүд олширч байна. Үүнийгээ мөн махны чиглэлд оруулж жижиг үйлдвэр байгуулах зэрэг салбар салбартаа зорилт тавин ажиллаж байна даа.
-Хоршооны 32 гишүүн үндсэн ажилтан байна уу? Нийгмийн асуудлыг яаж шийдэж байна вэ?
-Хоршооны 32 гишүүн үндсэн ажилтан. Салбар салбартаа ажиллаж байгаа. Цалингаа аваад нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөгддөг. Жилийн эцсийн ашгаас хоршооны гишүүдийг урамшуулах, мал маллаж байгаа хоршооны гишүүдийг малжуулах хэлбэрээр ажиллаж байна.
-Хоршоо байгуулах санаа хэзээ гарав?
-Уг хоршооны үүслийг өвөө ааваасаа холбоотой гэж үздэг. Ээжийн маань аав төрөлх Хангал сумыг маань байгуулалцаж байсан Л.Дамдиндорж гэж хүн бий. Үндсэн хоршооны салбараа ажиллуулж байгаа хүмүүс төрсөн ах дүү нар. Ах маань фермерээ, хоёр дүү хүлэмжийн аж ахуй, зөгийн аж ахуйгаа, нагац ах нар маань мод үржүүлэг гэх мэтээр өөр өөрсдийнхөө салбарыг голчлон хариуцаж ажиллаж байна. Ингэж бидний хийж байгаа ажил жилээс жилд өргөжин дээшилж байгаа гэж боддог.
-Монголчууд эрт дээр үеэсээ мал аж ахуйг түшиглэж ирсэн. Хоршоо анх фермерийн аж ахуй эхлэхдээ ямар үүлдрийн хичнээн үхэртэй орж байв?
-“Эко Хан Буян” хоршоо маань дөрвөн жилийн өмнө байгуулагдсан цагаасаа эрчимжсэн мал аж ахуйн салбарт орсон. Байран маллагаандаа семминталь үүлдрийн 15 үнээтэй, гадуур маллагаандаа нүүдлийн аж ахуйд байсан монгол үхэртэй байсан. Одоо зогсоолд мах, сүүний чиглэлийн 55 үнээ зогсож, гадуур 200 гаруй толгой том мал байна. Энэ жилийн төл бүрэн авсан. Семминталь үүлдрийн хажуугаар алатау үүлдрийн үхэр туршиж өсгөсөн. Одоогоор монбельярд үүлдрийн бух, сэлэнгэ үүлдрийн үнээтэй туршиж байна. Цаашид гарсан эм тугалаа сүүний чиглэлээр, эр тугалаа махны чиглэлээр хөгжүүлж махны үйлдвэртэй болох зорилго тавин ажиллаж байна. Эр тугалаа шахаад Булган, Эрдэнэт гэсэн зах зээлд эрүүл мах нийлүүлэн ажиллахыг зорьж байна.
Сүүний хувьд анх байгуулагдсан цагаасаа Эрдэнэт хотын “Ивээлт од” ХХК-ний “Ивээл” сүүний үйлдвэртэй хамтран ажиллаж сүүн бүтээгдэхүүнээ Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад нийлүүлэн хүргэсээр ирсэн.
-2015 онд өвөл байран маллагаатай байсан бол зуны улиралд гадаа гарсан байна. Үүний учир юу вэ?
-Монгол орны хувьд байран маллагаа өвлийн улиралд хэрэгцээтэй. Монголжсон мал зуны улиралд байран маллагаанд хэт халууныг тэсэхгүй. Энэ жилээс байран маллагаанд кондишн буюу агааржуулагч тавьж турших гэж байна. Агааржуулагчгүй байран маллагаанд паразит өвчин гарах эрсдэлтэй. Тэгвэл экологийн цэвэр бүтээгдэхүүн алдагдаж хэрэглэгчдэд эрүүл бүтээгдэхүүн хүрэхгүй болно.
-Мал эрүүл байна гэдэг их чухал. Малаа яаж эрүүлжүүлж байна?
-Аймаг, сумын мал эмнэлэг, мал эмнэлэг үржлийн алба манай хоршоотой хамтын ажиллагаа сайн. Сүү авч байгаа байгууллага өдөр бүр сүүний дээжээс шинжилгээ хийдэг. Бруцеллёз, боомын өвчлөл илрээгүй. Манайх Турк улсад үйлдвэрлэгдсэн хоёр гартай цахилгаан саалтуураар үнээгээ сааж байгаа. Фермерийн салбарт 3 ажилтан ажиллаж байна. Ах маань фермерээ хариуцаад малчин, саальчин маань гэр бүлийн хүмүүс байна. Адуу, сувай үхэр, сувай хонио нэг нэг хүн дагнан хариулдаг. Манай хоршооны гол давуу тал бол нэг аж ахуйг нэг хүн дагнаж бүтэц зохион байгуулалт бүх зүйлээ хариуцан ажиллаж байгаад юм.
-Салбар салбарыг нэг хүн хариуцан ажиллаж байгаагийн давуу тал юу байна вэ?
-Ээж ааваас бид дөрвүүлээ. Нэг ах, хоёр дүүтэй. Анх бүгд мал аж ахуй эрхлэх хүсэлтэй байсан. Нэг чиглэлийн аж ахуйд эрсдэл гарвал тэр эрсдлийг даахгүй үйл ажиллагаа дампуурах магадлалтай. Тийм болохоор эрсдэлээ хуваахын тулд жилээс жилд нэг нэг салбар нэмсэн. Зөгийн аж ахуй, мод үржүүлэг, хүлэмж, газар тариалан гэх мэт. Ингээд олон салбарын ажлаа дагнаж ажиллах зохион байгуулалтад орж дороо хүн авч ажиллуулж эхэлсэн. Массаар олон хүн шаардагдсан ажилд хоршооны бүх гишүүд оролцдог. Жишээ нь зэрлэг зулгаах, фермерээ нүүлгэхэд массаараа ажиллана.  Миний ээж Д.Насантогтох гэж хүн бий. Энэ бүх ажлыг зангидаж зааж сургаж яваа. Ээжийн төрсөн дүү аймгийн заан Д.Төгсбаяр, Д.Өнөрцэцэг, ээжийн төрсөн эгч Д.Галхүү, ээжийн ах “буржгар” Д.Тайван гэж хүн бий. Нэг хүн ч дурдахгүй өнгөрч болохгүй. Энэ хүмүүсийн сургааль, туслалцаа, зааж сургаж байгаагаар өдий зэрэгтэй ажиллаж байна. Үеэлүүдийн туслалцаа гээд л олон зүйл байна даа. Манай хоршооны нэг онцлог бол бүлсэг хоршоо. Бүлийн зохион байгуулалт зөгийн дээр хүртэл яригддаг шүү дээ. Нэг эх зөгий  бүлийг авч явдаг. Тэр утгаараа бүлийн зохион байгуулалттай ажиллаж байна.
-Фермерийн аж ахуйд өдөрт хичнээн литр сүү гарч байна вэ? Мөн жилд хичнээн мал эдийн засгийн эргэлтэд оруулж, зах зээлд яаж нийлүүлж байна вэ?
-Өдөрт нэг удаагийн саалиар 120-150 литр сүү авч байна. Энэ жилийн хувьд яагаад ийм бага сааль авч байгаа вэ гэхээр зуншлага муу байгаа учир бага малаа саахгүй тавьж тарга тэвээрэг авах, махлуулах талд нь анхаарч байгаа юм. Сүү борлуулах тал дээр бид санаа зоволтгүй ажилладаг хамтын ажиллагаатай сүүн бүтээгдэхүүний үйлдвэр бэлэн байгаа учир. Харин бидний цаашдын зорилго бол Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хуурай сүүний үйлдвэр, бяслагны үйлдвэр гэх мэт эцсийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэртэй болохоор зорьж байгаа.
-Фермерийн аж ахуй эрхлэхээр малын тэжээл их чухал. Танай хоршоо малын тэжээлийн ургамал тарьж түүгээрээ хүчит тэжээл боловсруулж байгаа гэж ярилцлагын эхэнд дурьдсан. Ямар ямар ургамлыг хичнээн га талбайд тариалж байна вэ?
-Малын тэжээлээ өөрсдөө тариалдаг. 40 га талбайд царгас, нойтон тэжээл буюу даршны эрдэнэ шиш, наран цэцэг, цагаан арвай, улаан буудай тарьж байна. Улаан буудай, цагаан арвай маань багсармал хүчит тэжээл болдог. Наран цэцэг, эрдэнэ шиш, цагаан арвайгаа даршилж малдаа өгдөг. Энэ жилээс ойр орчны фермерүүд даршны ургамлын захиалга өгч байна. Бид мөн энэ жилээс Мерси Кор олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байгаа.
-Фермерийн аж ахуй эрхэлж байгаа иргэд тэжээлийн тариалалт фермер хоёр хамт байж гэмээнэ малаас гарах ашиг шим илүү их нэмэгддэг гэдэг. Хэзээнээс газар тариалангийн салбарт орсон бэ?
-Уламжлалт мал аж ахуйгаас эрчимсэн мал аж ахуйд шилжиж байран маллагаанд орсон. Семминталь үүлдрийн үхэрт зайлшгүй хүчит тэжээл хэрэг болдог. Дөрвөн жилийн өмнө сумандаа хүсэлт тавиад 40 га талбай авсан. Анх энэ талбайдаа хүчит тэжээл болох наран цэцэг, эрдэнэ шиш, цагаан арвай, улаан буудайгаа тариалсан. Тэр жилдээ царгас тариалаад эхний жил ургац аваагүй. Царгас эхний жилдээ үрээ цацаад хоёр дахь жилээс ургацаа өгдөг учир дараа жилээс нь ургацаа авч эхэлсэн. Жил бүр тариалалтаа хийж ургацаа авдаг.
-Царгасны онцлог, шим тэжээл энгийн өвснөөс ялгарах ялгаа юунд байдаг вэ?
-Царгас тарьсан хөрс эргээд эрүүлждэг. Царгасны үндэс газрын гүний 7-15 метрт байгаа усыг татдаг. Мөн царгас их сайхан цэцэглэдэг. Зөгийнүүдээ цэцэглэсэн үед нь авч ирж тоос хүртээдэг юм. Царгаснаас авсан тоосонцрын бал маш амттай бал болж гардаг. Мөн нэг кг царгас 5 кг өвстэй дүйх чанартай.
-Мод үржүүлгийн ажлаар хамтлаг байгуулж үйл ажиллагаа эхэлж байсан гэдэг. Мод үржүүлгийн ажлаа яаж явуулж байна вэ?
-Модыг үрээр болон тарьцаар суулгадаг. Энэ жилээс хожуулан дээр тарьц буюу гичгийгээр мод тарьж эхлээд байна. Хожуулан дээр мод тарих арга бол хуучин социализмын үед хэрэглэж байсан арга. Борооны усыг тосохын тулд модоо эмээлдэж хөрөөдөөд голд нь нүх ухаж гичгийгээ суулган шороогоор дагтаршуулаад усалж ургуулж байна. Модны хожуул газрын гүнээс үндсээрээ усаа татаж шим шүүсээ авсаар байдаг. Ийм болохоор бид модны хожуулд байгальд ургасан гичгийг суулгаж өгснөөр усалгаа их шаардагдахгүй байгалиасаа шим тэжээл усаа татаад ургах нөхцөл боломж, амьдрах чадвар нэмэгдэж байгаа юм.


ЖИЛД 500 ОРЧИМ КГ БАЛ АВДАГ


Э.Оюунбайгаль “Эко Хан Буян” хоршооны гишүүн
-Эко Хан Буян хоршоо маань зөгийн аж ахуйтай. Хэдэн бүл зөгий хаана байна вэ?
-30 гаруй бүл зөгийтэй. Зөгийн аж ахуй маань одоо Хангал сумын Эргэл хайрханы өвөрт байгаа. Тэндэхийн температур, манай эндэхийн температураас дулаан, балт ургамал ихтэй байдаг учир тийшээ авч явсан. Дулаан газарт зөгий маань эрт ажилдаа гарч балаа цуглуулдаг.
-Зөгийн бал өөр өөр өнгөтэй, амттай байдаг. Яагаад ийм байдаг вэ?
-Цэцэг өөр өнгөтэй ургадаг учир зөгийн бал өөр өөр өнгөтэй гардаг. Ямар балт ургамал хүртэнэ тэр ургамлыг дагаад өнгө нь өөр байдаг. Би сүүлийн 3 жил бал хурааж байна. Таваас зургаан өнгийн бал хурааж авдаг.
-Хоршоо хэдэн кг бал авдаг вэ? Борлуулалтаа ямар сувгаар хийж байна?
-Хоршоо жилд 500 кг орчим бал авдаг. Борлуулалтаа үзэсгэлэн худалдаагаар болон танилаас танилын хооронд зарж байгаа. 700 граммын шилтэй балыг 30000 төгрөгөөр зарж байна. Манай балыг хүмүүс авах дуртай байдаг.


100 ХУВЬ ОРГАНИК ХҮНСНИЙ НОГОО ГАРДАГ


Л.Батцэнгэл “Эко Хан Буян” хоршооны гишүүн
-Өвлийн нарлаг хүлэмжийг хэзээнээс эхэлж барив? Мөн тариалалтыг хэзээнээс эхэлсэн бэ?
2015 оноос БНХАУ-аас хүлэмж барих, хүлэмжийн ногоо тариалах судалгааг хийсээр байсан. Өвлийн нарлаг хүлэмжийг 2016 оны зун эхлээд намар барьж дуусгаад л тариалалтаа эхлүүлж 12 сарын 10-ыг хүртэл ургацаа авсан.
-Хүлэмж хэдэн метр квадрат вэ? Энэ хүлэмжинд хичнээн суулгац байна. Өдөрт хэдэн килограмм ургац авч байна вэ?
-Хүлэмж маань 80*10 метрийн 800 метр квадрат талбайтай. Голланд, Орос сортын 3000 гаруй өргөст хэмхний суулгац тарьсан. Өдөрт  60-100 кг шинэ ургацын ногоо хураан авч байгаа. Цаашид жигдрээд ирэхээрээ ургац нэмэгдэнэ.
-Бизнес эрхэлж байгаа хүмүүсийн чухал асуудал бол борлуулалт байдаг. Борлуулалтаа яаж хийж байна вэ? Бэрхшээл юу байна?
-Борлуулалтдаа анхаарч байгаа. Хамгийн ойрын зах зээл Орхон аймагт борлуулалтаа хийж байна. Ченжийн гар дамжуулалгүй өөрсдөө боогоод зардаг. Хэрэглэгчид урд хөршөөс ирсэн өргөст хэмхийг хямд үнээр авах сонирхол их байна. Манайх өргөст хэмхээ борлуулаад явахаар хэрэглэгчид одоо шинэ ургацын ногоо гарсан гэж үү? Хятад өргөст хэмхэнд үнэ нэмж зарлаа гэх мэт итгэхгүй байх явдал гарч байна. Гар утсан дээр авсан зургаа үзүүлээд зарах жишээний.
-Хүлэмжинд өргөст хэмхнээс өөр ногоо тарьсан харагдаж байна. Ямар ногоо тарьсан бэ?
-Гадаа талбайд төмс хүнсний ногоо, нарийн ногоо тарьдаг. Хүлэмжиндээ салатны навч бууцай, юуцай, хулуу тариалсан.  10*8 метрийн зуны хүлэмжинд өөр ногоо тарьж байна.
-Хэтийн зорилго юу байна вэ?
-Цаашид Булган аймаг, Орхон, Дархан, Улаанбаатар хотын иргэдэд 100 хувь органик ногоогоо нийлүүлэх зорилготой. Мөн өвлийн хүлэмжний тоог нэмэгдүүлэх зорилготой.
-Хүлэмжний ногооны бордоогоо яаж хийж байгаа вэ?
-Ногоогоо өөрсдийн боловсруулсан био ялзмагаар борддог. Чийгийн улаандаа малынхаа өтөг бууцнаас хийж ерөнхийдөө чийгийн улааны гаргасан ялзмагаар борддог гэсэн үг. Энэ бордоогоор бордохоор 100 хувь органик хүнсний ногоо гарч ирж байгаа юм. Талбай хөрсний боловсруулалтад малын өтөг бууцаа мөн ашиглаж байгаа.
-Баярлалаа.

Ногоон эдийн засаг руу хөгжлийн бодлогоо чиглүүлнэ

  • .

  • 2017-02-10

  • 86

Булган аймгийн Засаг дарга З.Батзоригтой ярилцлаа. “Булганчууд бид ногоон эдийн засагт түшиглэн хөгжихөөр тулгуур салбараа тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, ногоон хөгжлийг дэмжсэн аймаг болох юм. Дэлхий нийтийн хандлага ч үүнд чиглэж буй” хэмээн тэрбээр тодотгов.
дэлгэрэнгүй . .

Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг тоолно

  • .

  • 2017-02-12

  • 286

Монгол Улсын нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3, 16.1.5, 26.1  дахь заалт, Монгол улсын Засгийн газрын 2007 оны 303 тогтоолыг үндэслэн Аймгийн нутаг дэвсгэр дээрх  улс, аймгийн хамгаалалтад байдаг түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хамгаалалтын байдлыг тодорхойлох, бүртгэл-мэдээллийн  санд бичилт хийх, гэрэл зурагжуулах, тоолох, шинээр нээж илрүүлэх  ажлыг зохион байгуулж байна.
дэлгэрэнгүй . .

Орон нутгийн цагдаа онлогтой

  • .

  • 2017-02-12

  • 79

"ЦАГДАА" СЭТГҮҮЛИЙН 3-Р УЛИРЛЫН ДУГААРТ БУЛГАН АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА О.ГАНБАТЫН ЯРИЛЦЛАГА ХЭВЛЭГДЭН ГАРЛАА.
Сумын цагдаагаас аймгийн цагдаагийн газрын дарга болтлоо ажиллаж байгаа эрхэм хурандаатай Булган нутгийн амар тайваны төлөө зүтгэж байгаа ажил амьдралынх нь талаар ярилцлаа.
дэлгэрэнгүй . .

Өмнөх үеийн шилдэг тамирчдын залгамж халааг бэлдэхийн төлөө зүтгэж явна

  • .

  • 2017-02-12

  • 90

Ш.Эрдэнэ-Очир

Үндэсний бөхийн 2015 оны өсвөр үеийн Монгол улсын аварга шалгаруулах барилдаан энэ амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн төв Сайншанд хотод зохион байгуулагдах гэж байна. Тус барилдаанд оролцох зарим аймгийн багууд ирээд байна. Эдгээрийн нэг нь анхдагчуудын өлгий Булган аймгийн баг байгаа. Тус багийг бидний сайн мэдэхээр монгол түмний 44 жил хүлээсэн олимпийн наадмын алтан медалыг анх хүртсэн Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин Н.Түвшинбаярын бөхийн анхны багш МУ-ын Гавъяат дасгалжуулагч Ш.Эрдэнэ-Очиртой ахалж ирсэн түүнтэй цөөн хором ярилцлаа.

дэлгэрэнгүй . .

Дууны хорвоод

  • .

  • 2017-01-21

  • 97

“Тэрээр энэ хорвоод дуулах гэж, дуу зохиох гэж л ирсэн мэт санагддаг. Тэгээд сэтгэл шигээ уяхан, гэгээн тунгалаг, айзам яруу дуу, дуурьсахуйн гайхамшигт хөгжмүүдээ зохиочихоод дэндүү эрт яаран буцсан мэт ээ. Дөч гаруйхан насандаа тэр явчихсан юм. “Уянга яруухан дууны хорвоод удаан амьдармаар санагдаад байх юм аа” хэмээн түүний нэгэн дуунд учирлан учирлан өгүүлдэг. Тэрхүү дуунд бас “Айзам яруу дууны хорвоод ахин дахин төрмөөр байх юм аа” хэмээсэн мөрүүд бий.

дэлгэрэнгүй . .

Хуудас:  1  (нийт 7 мэдээ )

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО