Мэдээ

Н.Түвшинбаярын Монгол улсын Заан цол, дэлхийн аваргын Хүрэл медалийн мялаалга наадам Сайхан суманд боллоо

        Анхдагчуудаараа алдартай Булган нутгийн хүү Найдангийн Түвшинбаяр Олимпийн их наадмын Монголын анхны аварга болж байсан нь саяхан мэт боловч, эдүгээ тэр аль хэдийнээ Олимпийн хос медалиар энгэрээ мялааж, Монгол бөхийн босоо цагаан хийморь дор “Заан” цолоор алдраа бататгаж, Жүдо бөхийн дэлхийн аваргын Хүрэл медалийг эх орондоо авчирсан билээ. Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаярт хүндэтгэл үзүүлэх наадам 2018-09-10-нд Булган аймгийн Сайхан суманд болж өнгөрлөө. Сайханчууд дэлхийн энтэй хүүдээ хүндэтгэл үзүүлж, дэнж  хотойтол сайхан наадсанаас дор сийрүүлье.

        Н.Түвшинбаярт хүндэтгэл үзүүлэхээр түүний анхны багш Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Дархан аварга, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Х.Баянмөнх, Монгол улсын Гавьяат тамирчин, үндэсний бөхийн аварга О.Балжинням, БНМАУ-ын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Булган аймгийн удирдлагууд тэргүүтэй олон хүмүүс хүрэлцэн ирлээ. Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас Н.Түвшинбаярт хүндэтгэл үзүүлэхийн ялдамд Монгол улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од, Жүдо бөхийн дэлхийн аварга, гавьяат тамирчин Г. Болдбаатар, Жүдо бөхийн дэлхийн аварга Д.Сумъяа нарт дурсгалын зүйлс, мөнгөн урамшуулал гардуулж, хүндэтгэл үзүүлсэн юм.

        Тус наадамд 128 хүчит бөх зүлэг ногоон дэвжээнд зодоглож, Монгол улсын Арслан Р.Пүрэвдагва түрүүлж, Улсын Харцага М.Бадарч үзүүрлэлээ. Хурдан морины уралдаанд  азарга 78, их насанд 36 шандаст хүлэг уралдаж,  наадамчин олноо баясгав. Мөн  эрхий цэцээ гайхуулсан багийн болон бие даасан шагайн харваа амжилттай зохион байгуулагдлаа.

        Нар хур тэгширсэн наадмын сайхан өдрүүдийг Монгол улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярын Монгол улсын Заан цол, Жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл медалийн мялаалга наадмаар Булган аймгийн Сайхан сумынхан ийнхүү отголлоо.

 

 

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО