Мэдээ

"Монгол улс мандаг" киноны ажлын хэсэг хуралдлаа

Улс үндэстнийхээ тусгаар тогтнол, эрх ашгийн төлөө тэмцэгч Монгол Улсын Ерөнхий сайд асан Агданбуугийн Амарын тухай өгүүлэх түүхэн уран сайхны киног аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн босгон дээр Булган аймгийн Бугат сумын уугуул, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган найруулагчаар ахлуулсан кино групп хийж эхлээд байна. “Монгол Улс мандаг” нэртэй энэ киноны зургийн нээлт буюу “Мотор дуугаргах ёслол” түүний төрсөн нутаг Булган аймгийн Бугат сумын Ханжаргалантын нурууны Маалын аманд болж киноны зураг авалтандаа орсон билээ. 

Чинван Ханддоржийн шавь, талын язгууртнууд, төрийн түшээдээ бэлддэг сүүлчийн дэг сургуулиар хүмүүжсэн Монгол төрийн Мэргэн сайд Агданбуугийн Амар бол Ерөнхий сайдын албыг хоёр удаа хашиж байсан төрийн нэрт зүтгэлтэн юм. Үндэсний эрх ашиг, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж 1941 оны 7-р сарын 10-нд Москвад цаазлуулсан энэ их хүмүүний тухай залуу хойч үе тэр бүр мэддэггүй. Тиймээс “Чингис хаан кино сан”-гаас санаачлан түүний тухай уран сайхны киног бүтээж эхэлжээ. 

Кино зохиолыг 5 жилийн өмнө буюу 2012 онд залуу зохиолч Мөнхөөгийн Энхболд бичжээ. Монголд аж үйлдвэрийн анхны суурийг тавьсан, үндэсний банк санхүүгийн тогтолцоог бий болгосон, уул уурхайг дагасан төмөр замыг бий болгохоор аль 80 жилийн өмнө гуравдагч оронтой харилцаж байсан гээд Амар гуайн түүхийг судлахад олон нийтэд харуулж үзүүлэх асар их зүйл бий. Агданбуугийн Амар бол зөвхөн Булган нутгийн хүн биш Монгол түмний хүү юм. Түүний амьдрал түүхээс өнөөгийн улс төрчид болоод залуу хойч үе, монгол хүн бүр суралцах ёстой гэж киноны Ерөнхий найруулагч ярьж байлаа. Тэрбээр киногоо ирэх жил тохиох Булган аймаг байгуулагдсаны 80 жилийн ойгооос өмнө дуусгана гэв.

Аймгийн Засаг даргын захирамжаар тус киноны Булган аймаг дахь зураг авалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран зохион байгуулах ажлын хэсэг томилогдон өнөөдөр /2017.09.04/ ерөнхий найруулагч Л.Эрдэнбулган, зургийн дарга Т.Отгон нартай уулзалт зохион байгуулан, харилцан санал солилцож, бэлтгэл ажилдаа орлоо.

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО