Мэдээ

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Шинэ хөдөө” төслийг танилцууллаа

 

 “Мах сүүний анхдугаар аян”, “Үйлдвэржилт 21:100”, “Монгол мал” хөтөлбөрийг Булган аймагт хэрэгжүүлэх “Шинэ хөдөө” төслийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ санаачлан аймгийн удирдлагууд, хэлтэс агентлагийн дарга нар, холбогдох мэргэжилтнүүдэд танилцууллаа. Уг төсөл нь дөрвөн үндсэн чиглэлээр хэрэгжих төлөвлөгөөтэй. Үүнд:

      1. Сүүний чиглэлийн бух, үнээг сум бүрд тараан байршуулж, аймагтаа хоёр сүүний үйлдвэрийг бий болгох, сүү болон сүүн   бүтээгдэхүүнийг борлуулах, нийлүүлэх,

          2. Мах боловсруулах үйлдвэр байгуулах, үүний тулд махны чиглэлийн бухуудыг сум бүрд тодорхой тоогоор байршуулах

          3. Жимс, жимсгэнийн тариалалтыг нэмэгдүүлэх, өрх гэр, нэгжүүдэд төрөл бүрийн жимсгэнийн үр, бутыг суулгах,

       4. Жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжих, шинээр бий болгох гэсэн ерөнхий агуулгатай төсөл юм. Гавьяат зоотехникч О.Мэдэхгүй тэргүүтэй хурлын гишүүд уг төслийг дэмжихийн зэрэгцээ эрсдэл, анхаарах зүйлс, төсөлд нэмж оруулах санал, санаачилгуудаа илэн далангүй хэлэлцлээ. Манай аймгийн бэлчээрийн даац ердийнхөөс 4-5 дахин хэтэрсэн учир сүү, махны чиглэлийн үйлдвэрүүдийг байгуулан, үхэр сүргийг өсгөн үржүүлэх нь зүйтэй бөгөөд үржлийн мэргэжлийн нэгж байгуулан ажиллах хэрэгтэйг анхаарууллаа. Мөн төслийг сурталчлан тайлбарлаж, малчдад хүргэх нь уг төслийн нэн тэргүүний зорилт бөгөөд зах зээлийн нийгэмтэй зэрэгцэн хурдтай, тууштай ажиллахад малчид болоод иргэдийн сэтгэлгээг өөрчлөх шаардлагатай байгааг холбогдох хүмүүс хэлсэн юм. Төслийн чиглэлээр ажиллах мэргэжлийн хүмүүсийг бэлтгэхийг мөн чухалчиллаа. Уг төсөл хэрэгжсэнээр Булган аймгийн малчид, тариаланчид, жижиг дунд бизнес эрхлэгчдийн тоо нэмэгдэж, үйлдвэрт ажиллах мэргэжлийн хүмүүс бэлтгэгдэх ба иргэдийн амьжиргаа дээшилж, өөрийн гэсэн орлоготой болох юм. Мөн Булган нутгийн бренд бүтээгдэхүүнүүд бий болох давуу талтай.  УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар зарим аймаг орон нутагт ажилласан ба “Өрхийн үйлдвэрлэл байгуулах, ийм хөтөлбөр хэрэгжихийг хүлээсэн иргэд олон байна. Булган аймагт өрхийн үйлдвэрлэл хөгжих боломж, бололцоо бүрэн бий. Өрх чадамжтай, иргэн баян байвал улс орон хөгждөг” гэж хэллээ.

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО