Мэдээ

Цаг агаарын гамшигт үзэгдэл боллоо

2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 22 цагийн орчим Булган аймгийн Булган, Бугат, Орхон сумын Халиун, Мааньт багийн нутгаар 22 м/сек , зарим газраар 40 м/сек түүнээс дээш хүчтэй салхилж, мөндөр, аадар бороо орж уруйн үер буусны улмаас Орхон аймаг Булган аймгийн чиглэлийн Нарангийн гүүрний орчим өндөр хүчдэлийн 13 тулгуур /77-90 тулгуур шон буюу 11 бетон, 2 анкер/ унаж, Булган, Хөвсгөл, Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудын 125 сумын эрчим хүч тасарсан.  Орхон сумын Халиун, Мааньт, Булган сумын 40 өрхийн 1320 мал /адуу 6, үхэр 8, хонь 1076, ямаа 230/ аадар бороо, мөндөрт цохиулж, усанд урсаж осгож үхсэн. Мөн 23 өрхийн гэр салхинд нурж, эвдэрч /дахин ашиглах боломжгүй 15 гэр/ хэмхэрсэн байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг даргаар ахлуулсан Онцгой комиссийн бүрэлдэхүүн, Орхон сумын Засаг дарга Орхон сумын Халиун, Мааньт багт газар дээр нь очиж  танилцан, шуурхай хариу арга хэмжээ авах, хойшлуулшгүй сэргээн босгох талаар Онцгой комиссын гишүүд, гамшгаас хамгаалах холбогдох албадын дарга, сумын Засаг дарга нарт үүрэг чиглэл өгөн Онцгой комиссын даргын 2 тушаал гарган гэргүй болсон 2 иргэнд газар дээр нь 2 гэр барьж өгч, 10 гэрийг Улаанбаатар хотоос татах ажлыг зохион байгуулж байна. Хорогдсон 1320 малын сэг зэмийг устгаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэж байна.

Эрчим хүчийг сэргээн засварлах ажилд тус аймгийн Эрчим хүчний салбарын аваар техникийн бүлэг болон Монгол улсын Эрчим хүчний сайд газар дээр нь ирж удирдлагаар ханган Эрдэнэт, Булган, Улаанбаатар, Дархан, Багануур, Хархорин, Өвөрхангай зэрэг 7 салбар компаниудын 120 ажилчид, 20 техниктэйгээр унасан шонгуудыг сэргээн засварлах ажлуудыг хийж, 2017 оны 06-р сарын 29-ны өдөр Улаанбаатар хотоос шаардлагатай сэлбэг хэрэгслүүд, 5 тулгуур багана зөөвөрлөн авчирснаар 06-р сарын 30-ны байдлаар 1 шонг босгож сэргээн завсарлаад байна.

БУЛГАН АЙМГИЙН 2016 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

АЙМГИЙН ЗДТГ-ын БАРИМТАТ КИНО