Мэдээ

ЭМГЭНЭЛ

Булган аймгийн нутгийн удирдлагын болон төрийн захиргааны байгууллагын ахмад ажилтан Самдангийн Саран 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсч, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

            С.Саран нь Булган аймгийн Баян-Агт сумын нутаг Зүрийн булан хэмээх газар мэндэлжээ.

1966 онд Баян-Агт сумын бага сургууль, 1972 онд Булган хотын 10 жилийн дунд сургууль, 1976 онд ХААДС-ийг тус тус төгсч Эдийн засагч мэргэжил, 1980 онд Жанжин Сүхбаатарын нэрэмжит Намын дээд сургууль дүүргэж Улс төр судлаачийн мэргэжил эзэмшсэн, эдийн засгийн ухааны магистр байлаа.

Талийгаач С.Саран нь төр улсдаа 40 гаруй жил хөдөлмөрлөж ХАА-н яаманд мэргэжилтэн, Булган аймгийн “Оч” нэгдэлд Эдийн засагч Хутаг-Өндөр сумын Монгол Ардын Намын хорооны дарга, аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга, Засаг даргын Тамгын газрын Эдийн засаг, Санхүүгийн хэлтсийн дарга, Үйлдвэр, худалдаа, хөдөө аж ахуй, байгаль орчны бодлогын хэлтсийн дарга, Хөдөөгийн ядуурлыг бууруулах хөтөлбөрийн Булган аймаг дахь салбарын зохицуулагч зэрэг ажлуудыг нэр төртэй хашиж явсан санаачлага зүтгэлтэй, мэдлэг боловсрол өндөртэй, чадварлаг зохион байгуулагч төдийгүй нийгмийн идэвхи сайтай, аливаад эв дүйтэй, авьяаслаг манлайлагч байлаа.

Тэрээр аймгийн ИТХ-ын 3 удаагийн Төлөөлөгч, Тэргүүлэгч, аймгийн Монгол Ардын Намын хорооны тэргүүлэгч, Ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, “Их Монгол” төрийн бус байгууллагын Бизнес удирдлагын дээд зөвлөлийн Булган аймаг дахь салбарын захирал, “Дэлхийн Монгол” нийхэмлэгийн тэргүүн, “Монгол хатад гэрэлтүүлэхүй” ТББ-ын үүсгэн байгуулагч зэрэг сонгуульт ажлуудыг эрхэлж байлаа.

Түүний ажлын амжилт бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж

  • Хөдөлмөрийн хүндэт медаль
  • Ардын хувьсгалын 70, 80, 90 жилийн ойн медалиуд,
  • Төрийн захиргаа, Санхүү банкны, хөдөө аж ахуйн зэрэг салбаруудын “Тэргүүний ажилтан”
  • Монголын эмэгтэйчүүдийн академийн гишүүн,
  • Энхтайваны Элчин сайд өргөмжлөл хүртээсэн байна.

            Талийгаачийн үр хүүхэд, төрөл төрөгсөд, дотны хүмүүст гүн эмгэнэл илэрхийлье.

            Төрийн ахмад албан хаагч С.Сарангийн хөдөлмөрч, хүнлэг, дайчин дүр бидний сэтгэлд үүрд орших болно.

 

 

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Булган 80-н жил