Мэдээ

АХМАДЫН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ

Ахмадын баяраар аймгийн Засаг дарга З.Батзоригийн хэлсэн үг

Эрхэм хүндэт Та бүхнийхээ амрыг эрж, ахмадын өдрийн мэндийг өргөн дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу.

Энэ жил Та бидний төрөлх Булган аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ой тохиосон. Наян жилийн тэртээ юм бүхэн тэгээс эхэлж байсан нь мэдээж. Анхны бүхэн амаргүй байдаг ч үе үеийн буянтай буурлууд минь оноо алдааны дэнсэн дунд тэмцсээр Булган аймгийг бүтээн байгуулж, босгон сүндэрлүүлж чаджээ.

Өнөөдрийн бидний дэвжиж хөгжсөн амьдрал, аймгийн хөгжил цэцэглэлт бол яах аргагүй ахмад үеийнхний маань нөр их хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэлийн үр дүн. Бид буянтай буурлуудынхаа хийж бүтээсэн, өвлүүлж үлдээсэн бүхнийг мартах учиргүй. Та бүхний сэтгэлийн дэм, санал шүүмжлэл, үнэтэй сургаалийн ачаар түүхт ойн баяр наадам маань өргөн дэлгэр, ёслол төгөлдөр болж өнгөрлөө.

Та бүхэндээ баярлалаа гэж хэлье.

Булганчууд бидний хувьд энэ жил бахархан тэмдэглэх, сурталчлан таниулах олон олон чухал ой тохиож байна. Тухайлбал Ардын Хатанбаатар Магсаржавын мэндэлсний 140 жил, нам, төрийн нэрт зүтгэлтэн Дашийн Дамбын мэндэлсний 110 жил, Баруун хязгаарын тулгаралтын 70 жил гэх мэт түүхэн тэгш ойн баяруудыг тэмдэглэх үйл ажиллагаа шат дараатай зохион байгуулагдлаа. Ирэх жил үндэсний эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Чин Ван Ханддоржийн мэндэлсний 150, Халх голын байлдааны 80 жил, С.Цэрэн аваргын мэндэлсний 80 жил, Атар газар эзэмшсэний 60 жил гээд баярлаж наадахаас илүүтэй бахархан дуурсах учиртай ойн баярууд үргэлжилнэ.

НҮБ-аас энэ зууныг “Насжилтын зуун” болно гэж тодорхойлоод байгаа. Үнэхээр ахмадын маань эгнээ улам өргөжиж байна. Булган сумын ахмадууд гэхэд хэдхэн жилийн өмнө 1200 гаруй байсан бол өнөөдөр 1800 орчим боллоо. Ингэж өсөн нэмэгдэж байгаа ахмадуудын талаарх бодлого шийдвэрээ төр засаг жилээс жилд өргөжүүлсээр ирлээ. Энэ хүрээнд сонгуулийн эрхийн хугацааны үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрт олон зорилт дэвшүүлэн хэрэгжүүлэх арга хэмжээ өрнүүлж эхлэсэн. НҮБ-аас жил бүрийн 10 дугаар сарын 1-ийг “Олон улсын ахмадын өдөр” болгохоор 1990 онд шийдвэрлэж манай оронд 1992 оноос уламжлал болгоод байна.

Энэ дагуу АЗДТГ-аас төлөвлөгөө гарган сумдад хүргүүлж багагүй ажил өрнүүллээ. Булган суманд ажлын хэсэг томилж төлөвлөгөө гарган урьд жилүүдийн уламжлалын дагуу олон арга хэмжээ зохион байгууллаа. Тэдгээрт та бүхний төлөөлөл өргөн оролцсон байна.

Бидэнд ирсэн мэдээллээс хэлэхэд ахмадуудтай уулзалт хийх өдөр хүйтэн бороотой байсан ч борооны шүхрээ барьсаар сумын хурлын танхимд сандал суудалгүй болтол ирцгээсэн гэсэн.

Ахмад волейболчдын аварга шалгаруулах цомын төлөөх тэмцээнд софт төрлөөр оролцсон багууд хайнцаж тэнцэн их л өрсөлдсөн байна.

Шинэхэн гавьяат П.Оюунцэцэгийн нэрэмжит дууны уралдаан сайхан боллоо хэмээн ахмадууд ярьж байсан.

Мөн ахмадуудын спортын өдөрлөг өргөн болсон. Эдгээр ажлыг ивээн тэтгэсэн ХААН болон Төрийн банк, “Хуримт Итгэлт”, “БГГГ” компаниудад ахмадуудынхаа өмнөөс талархал илэрхийлье.

Нэгдсэн эмнэлэг ахмадуудыг нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг оношлогоонд хамрууллаа.

Энэ жилийн зарим шинэлэг ажил гэвэл УИХ-ын гишүүний дэмжлэгээр ахмадуудыг Улаанбаатар, Дархан хот, Аглаг бүтээлийн хийд зэргээр аялуулсан билээ. Ахмадын өдрөөр албан байгууллагуудад зохион байгуулах ажлын агуулга, хүрээг өргөтгөх талаар Булган МЭЭЖ компани ажил хэрэгч уриалга гаргалаа.

Цаг агаарын төлөв байдал, зарим ажлын давхардлын улмаас түр хойшилсон явган аялал, харъяалалгүй ахмадуудын төлөөлөлд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг энэ өдрүүдэд зохион байгуулах болно.

Настангууд та бүхэнд хандсан асуудлыг зөвхөн ахмадын өдрийн арга хэмжээгээр хязгаарлахгүй ээ. Засгийн газар ирэх оныг ахмадын жил болгох зорилт тавьж байгаа. Тэр хүрээнд аймаг, орон нутагтаа олдон арга хэмжээ зохион байгуулна.

Аймгийн төвд Ахмадын ордны цогцолбортой болохоор энэ зун шавыг нь тавьсан. Хөрөнгө санхүүжилтийг төсөв болон бусад эх үүсвэрээр бүрдүүлэх асуудлыг шийдвэрлэх арга замыг хөөцөлдөж байна. Энэ ордонд геронтологийн төвийн салбар ахмадуудад зориулсан эрүүл мэндийн үйлчилгээ явуулж байх болно.

Ахмадууд бол эрч хүчтэй залуу насаа, эрдэм ухаанаа эзэмшсэн мэргэжил эрхэлсэн ажлаа улс, аймгийнхаа хөгжил дэвшилд зориулсан хүндтэй хүмүүс хэмээн бид бахархдаг. Ахмадын сургаал алт гэдэг. Засаг төрийн ажилд ч, зах зээлийн үйлдвэрлэлд ч та бүхнээс авах үлгэр дуурайлал, өвлөн суралцах зүйл их бий. Тиймээс та бүхэн ажлын арга барил, дадлага туршлагаасаа залуу хойч үеийнхэндээ харамгүй хэлж зөвлөж байхыг хүсч байна. Ажил үйлчилгээ төдийгүй айл өрхийн амьжиргааны талаар ч, хөрш саахалтынхнаас эхлээд хүн амд байнга сургамжлан зөвлөж байгаарай.

Булган сумаас “Зөвлөн туслагч-Өвлөн суралцагч” хөдөлгөөн өрнүүлэхээр нилээд ажил сэдэж байгаа. Энэ нь ахмадын дадлага туршлагаас суралцуулж, шинэ залуу ажилтнуудын ажлын арга барилыг сайжруулах боломжийг өргөжүүлнэ хэмээн үзэж байна.

Баринтагласан судар мэт баялаг үнэт сургаалтай ахмадууд та бүхэн эрүүл наслах дадал заншлаар хөгшрөлтөө сааруулж, насжилтаа нэмэгдүүлэхийн ерөөл дэвшүүлье.

Азай буурлууд минь амар амгалан байж, хань ижил, үр хүүхэд, ач зээ нартайгаа элэг бүтэн аж төрцгөөгөөрэй.

Та бүхэндээ баярлалаа, сайхан баярлаарай.   

 

 

Булган 80-н жил