Мэдээ

Ардын Хатанбаатар Сандагдоржийн Магсаржав

Сандагдоржийн Магсаржав нь 1878 оны 4 дүгээр сарын 10-нд Сайн ноён хан аймаг, одоогийн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт Өвөр цагаан бургас хэмээх газар ядуу тайж Сандагдоржийн ууган хүү болон мэндэлжээ. Магсаржавын өвөг дээдэс голдуу цэргийн гавъяаны гүн цолтой хүмүүс байсан бөгөөд Магсаржав нь 7 дахь үеийн хүн байжээ. 11 насандаа сайн ноён аймгийн хошуу ноён Ганжуржав гүнд шавь орон бичиг үсэг заалгаж, 25 нас хүртлээ шавь суусан байна. 1905 оны 7 сард язгууртны зэрэг залган Магсаржавыг Ховд дахь амбан яамны дэргэд хугацаалан суулгах Халхын жасаанд тохоон томилогдсон байна.

  • 1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо зарласны дараагаар шинэ байгуулагдсан засгийн газраас амбаныг зайлан явах шаардлагыг Магсаржав амбан ноёнд дамжуулсан боловч гарч явахаас татгалзсан байна. 1912 оны зун Баруун хязгаарыг төвшитгөн тогтоох сайдад Баргын Манлайбаатар Дамдинсүрэнгийн хамтаар томилогдон Ховдыг дайран эзлэх ажиллагааг шууд удирдаж, Манж, Хятадуудыг буулгаж авчээ. Манжаас тусгаарлах Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд Ховдыг чөлөөлсөн гарамгай гавьяаг нь үнэлэн Богд хаант Монгол улсын Засгийн газраас Магсаржавыг үе улиран залгамжлах Хатанбаатар ван цолоор шагнажээ. 1913 оны хавар Хятадын залхаан цээрлүүлэх цэрэг Өвөр Монголд орж ирэхэд Магсаржав, Дамдинсүрэн нарын цэргийн хүч очин тулалдаж амжилт олж байсан боловч Хаант Орос улс Хятад, Японтой эвдрэлцэхээс болгоомжлон оролцсон тул түүнийг эргүүлэн татжээ. Үүний дараагаар зүүн хязгаарт Бавуужавын довтолгоог дарах, 1918 онд хил нэвтрэн орж ирсэн Оросын цагаан цэргүүдийг зогсоох цэрэг дайны үйл ажиллагаануудад оролцож байжээ.
  • 1919 оны намар Хятадын генерал Сю Шүжан Монголын автономитыг унагасан ба 1920 оны дундуур Магсаржавыг нууц бүлгэмийнхэнтэй хэлхээ холбоотой хэмээн сэжиглэж баривчилжээ. 1921 оны 2-р сард Барон Унгерн Их Хүрээг эзлэн авахад суллагдан цагаантанд нийлж Унгерны сэргээн тогтоосон Богд хааны засагт Ерөнхий сайдын үүрэг богино хугацаанд гүйцэтгэжээ. Түүнийг баруун аймгуудыг товхинуулахаар илгээсэн боловч 1921 оны 7 сарын дундуур Монгол Ардын Намынхантай санаа нэгдэж Улиастайд байсан цагаантны удирдагч буриад Вандановыг дарж устгажээ. 1921 оны намар, өвөл Хатанбаатар Магсаржав баруун аймгууд дахь цагаантны цэргийн хүчнүүдийг дарж устган гавьяа байгуулжээ. 1922 онд ердийн цэргийн яамны сайдаар томилогдож, Дамдины Сүхбаатар Магсаржавыг өөрийн биеэр даалт гаргаж МАХН-ын гишүүнд орлогчийн хугацаа дамжуулахгүйгээр шууд элсүүлэн авчээ. 1924 онд МАХН-ын төв хорооны гишүүнээр сонгогдсон ба Москва хотод албан айлчлал хийж байжээ
  • Богд хаант Монгол улсын засгийн газраас түүнд Хатанбаатар гэсэн цолыг олгож байжээ. 1914 онд Шар жолоо одонгоор шагнагдсан. 1922 онд Зөвлөлт Орос Улсын Засгийн Газраас Байлдааны гавъяаны улаан тугийн одон, 1924 онд Ардын Засгийн Газраас Ардын хэмээх эрхэм цолыг олгожээ. Ардын Хатанбаатар Магсаржавын алдар гавъяаг нь мөнхжүүлэх зорилгоор Булган аймгийн төв Дуулгат бунханыг байгуулж шарилыг нь шилжүүлэн бунхалсан байна. Нутгийн ард түмэн Магсаржавыг шулуун шударга зантай, ажилсаг хичээнгүй, олон үггүй төлөв төвшин, эрэмгий зоригтой, морины ба бөхийн цолыг сайхан дууддаг, дуунд авъяастай байсан хэмээн ярилцдаг байжээ. Тэрбээр 1927 оны 9 дүгээр сарын 3-нд нас баржээ. 1998 онд Монгол Улсын Засгийн Газрын 39-р тогтоолоор Булган аймгийн Хутаг-Өндөр сумын дунд сургуулийг Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит сургууль болгосон.

Булган 80-н жил