Мэдээ

ХИЛИЙН ЗАСТАВ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧТЭЙ БОЛЛОО

  • .

  • 2019-11-12

  • 56

Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо, Хил хамгаалах ерөнхий газар газар, Мобиком корпораци ХХК байгуулсан Монгол улсын хилийн бүс нутгийг цахилгаан хангамжийг сайжруулахад хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Булган аймгийн Тэшиг сумын нутаг дэвсгэрт байрлах хилийн заставыг Нар, дизель хосолсон эх үүсвэр ашиглан цахилгаан эрчим хүчээр хангах төслийн нээлтийн үйл ажиллагаа 2019 оны 11 дүгээр сарын 10 -ны өдөр боллоо.дэлгэрэнгүй . .

Авлигатай тэмцэх газар Булган аймагт ажиллаж байна

  • .

  • 2019-10-31

  • 153

Авлигатай тэмцэх газар манай аймагт ажиллаж байна. 

 

Авлигын эсрэг хууль тогтоомж, Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг сурталчлан таниулах,  хувийн хэвшил, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллийг хамруулсан уулзалт, ярилцлага хийх, сургалт, сурталчилгаа явуулах, тэдгээрийн санал хүсэлтийг сонсох, гомдол мэдээлэл хүлээн авах зэрэг иргэдэд чиглэсэн соён гэгээрүүлэх арга хэмжээг зохион байгуулах юм.

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг нь удирдамжийн хүрээнд 21 аймагт дор дурдсан хүрээнд ажиллана:

  • Иргэд, олон нийт;
  • Хувийн хэвшил, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага;
  • Баг, сумын иргэд;
  • Иргэний танхим, ЭБАТ;
  • Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (Ажлын алба), Засаг даргын Тамгын газар;
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл.

Дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

Орон нутгийн удирдлагатай уулзалт зохион байгуулж, хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулах, үйл ажиллагаанд татан оролцуулах;

Иргэдэд чиглэсэн уулзалт, хэлэлцүүлэг, өдөрлөг зохион байгуулах;

АТГ-аас 2018, 2019 онд хүргүүлсэн ЗӨВЛӨМЖ-ийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, дүн шинжилгээ хийх;

Иргэдэд чиглэсэн сургалт зохион байгуулах;

Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг сурталчлан таниулах;

Орон нутгийн иргэдтэй бичил уулзалт, ярилцлага (нийтийг хамарсан буюу ганцаарчилсан) зохион байгуулах;

Гомдол, мэдээлэл хүлээн авах “110” тусгай дугаар-ын утсыг сурталчлан таниулах;

Гомдол, мэдээлэл хүлээн авах, шаардлагатай тохиолдолд газар дээр нь шийдвэрлэх, зөвлөгөө мэдээллээр хангах;

Авлигын нөхцөл байдал болон АТГ-аас эрхлэн гүйцэтгэдэг судалгааны үр дүнгийн талаар танилцуулга хийх;

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Авлигын гэмт хэрэг, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх” чиглэлээр хийсэн ажилтай танилцах зэрэг ажлуудыг зохион байгуулах юм. 

Өнөөдөр /2019.10.31/ төрийн албан хаагчдад зориулсан сургалт зохион байгуулсан бол үдээс хойш 14.00 цагаас иргэдтэй уулзахаар төлөвлөөд байна. 

нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудад тусгайлсан сургалт зохион байгуулах (сургалтын хөтөлбөрийг боловсруулж батлуулсан байх);

орон нутгийн телевиз, сонин зэрэг хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтнууд, сэтгүүлчдэд Авлигатай тэмцэх газрын олон нийттэй харилцах бодлогын чиглэлээр уулзалт, ярилцлага зохион байгуулах, мэдээлэл өгөх, хамтран ажиллах цаашдын харилцааг үүсгэх.

Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц сүсэгтэн олонтой уулзалт хийлээ

  • .

  • 2019-10-18

  • 38

Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц Булган сумын сүсэгтэн олонтой уулзалт хийлээ. Тэрээр Бурхны шашны мөн чанарын талаар лекц уншиж, сүсэгтэн олны сонирхсон асуултад хариуллаа.

 

Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригоор ахлуулсан ажлын хэсэг энэ өдрүүдэд манай аймагт ажиллаж байна

  • .

  • 2019-10-31

  • 104

Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригоор ахлуулсан ажлын хэсэг энэ өдрүүдэд манай аймагт ажиллаж байна. Өнөөдөр  Булган аймгийн нутгийн захиргааны байгууллагын удирдах ажилтнуудад зориулсан сургалтад аймгийн удирдлагууд, аймгийн ЗДТГ-ын алба хаагчид, агентлаг, байгууллагын дарга нар, 16 сум, 1 тосгоны төрийн албаны удирдах ажилтнууд зэрэг 230 хүн хамрагдлаа.
Ажлын хэсэг өчигдөр Баяннуур, Дашинчилэн сумдад ажилласан бол маргааш аймгийн удирдлагууд, агентлагийн дарга нар, төрийн албанд ажиллаж байсан ахмад ажилтнуудтай уулзаж, төрийн албаны шинэтгэлийн зарим асуудлаар санал солилцох юм.

Өнгөрсөн оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар хугацаат цэргийн албанд татагдсан хөвгүүд цэргийн албаа нэр төртэй хаагаад ирлээ

  • .

  • 2019-10-16

  • 36

Өнгөрсөн оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар хугацаат цэргийн албанд татагдсан хөвгүүд цэргийн албаа нэр төртэй хаагаад өнөөдөр аймагтаа хүрэлцэн ирлээ. Цэргүүдийг аймгийн Цэргийн штаб, эцэг эх, гэр бүл, ах дүү, найз нөхөд сум орон нутгийн удирдлагууд нь хүлээн авлаа. Цэргүүддээ цаашдын ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Шилдэг санхүүгийн албыг шалгарууллаа.

  • .

  • 2019-10-02

  • 702

"Зөв бүртгэл" дэд хөтөлбөрийн 2018 оны хэрэгжилтийг дүгнэж, шилдэг санхүүгийн албадыг шалгаруулж Аймгийн Засаг даргын 2019 оны А/336 тоот захирамжаар өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав. 2018 оны төсөв, санхүүгийн үйл ажиллагаагаараа тэргүүн байранд Дашинчилэн сумын санхүүгийн алба, дэд байранд Хишиг-Өндөр сумын санхүүгийн алба, гуравдугаар байранд Баян-Агт сумын санхүүгийн алба тус тус шалгарсан байна. 

Япон улсын элчин сайд М.Такаока Булган аймагт

  • .

  • 2019-09-28

  • 226
 
 
 
Аймгийн Засаг дарга З.Батзоригийн урилгаар Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд М.Такоака манай аймагт айлчиллаа. Тус айлчлалын хүрээнд "Өвсний үндэс-Хүнсний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр"-ийн хүрээнд "Эрдмийн өргөө" цогцолбор сургуулийн гадна засварын ажлыг санхүүжүүлэх 231.2 сая төгрөгийн гэрээнд гарын үсэг зурлаа.

ИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС 13 ДУГААР ХУРАЛ

  • .

  • 2019-09-28

  • 82

Аймгийн ИТХ-ын ээлжит бус 13 дугаар хурал хуралдаж байна. Ээлжит бус хурлаар аймгийн төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2019 оны төсөвт өөрчлөлт оруулах, аймгийн аялал жуулчлалын мастер төлөвлөгөө батлах тухай асуудлуудыг хэлэлцэж байна. Энэ удаагийн хурал 23 төлөөлөгч 79,8 хувийн ирцтэй хуралдаж байгаа юм.

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Булган аймагт ажиллалаа

  • .

  • 2019-10-31

  • 232

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нутгийн удирдлагууд, тусгай чиг үүрэг бүхий байгууллагын алба хаагчид, төрийн албан хаагчид, иргэд төв талбайдаа угтлаа. Үүний дараа тэрээр Булган аймгийн иргэдтэй уулзалт хийв. Уулзалтад ХНХ-ын сайд С.Чинзориг, ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл, СЯ-ны ТНБД С.Наранцогт, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, аймгийн удирдлагууд бусад албаны хүмүүс байлцав. 

Уулзалтыг нээж Булган аймгийн засаг дарга З.Батзориг аймаг орон нутгийн танилцуулга, хийж гүйцэтгэж буй үйл ажиллагааныхаа талаар танилцуулсан бол Ерөнхий сайд Засгийн газраас баримталж буй бодлого, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тавьж буй зорилтынхоо талаар мэдээлэл өглөө. Нутгийн иргэд саналаа хэлж, асуулт асууж, хариулт авлаа. 

 

Хүүхдийн спортын наадмыг Булганчууд тэргүүллээ.

  • .

  • 2019-09-16

  • 288

Монгол улсын Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолоор Хүүхдийн спортын наадмыг 2019 онд өвөл, зуны төрөл болон паралимп, дифлимп, тусгай олимпын төрлүүдээр зохион байгуулж шилдгүүдээ шалгарууллаа. Манай аймгийн хүүхдүүд 22 алт, 22 мөнгө, 14 хүрэл нийт 58 медальтайгаар тэргүүн байранд шалгарч, анхдагч манлайлагчдын өлгий Булган нутгийнхаа нэрийг дуурсгалаа.

Монголын хүүхдийн спортын наадам нь өсвөр үеийнхнийг биеийн тамир, спортоор хичээлүүлэх, тэдгээрийн бие бялдарыг чийрэгжүүлэх болон алдартай тамирчдын залгамж халааг бэлтгэх, эрүүл өрсөлдөх чадвар бүхий иргэнийг төлөвшүүлэх зорилгоор Монгол улсын Засгийн газрын тогтоолын дагуу 4 жилд нэг удаа зохиогдож ирсэн түүхтэй. Энэхүү наадмаас одоогийн олимп, тив дэлхийн олон алдартнууд төрөн гарсан билээ. Наадам: 1999, 2003, 2007, 2011, 2015 онуудад тус тус зохиогджээ.

Спортын наадамд бэлтгэсэн нийт багш, дасгалжуулагчид, тамирчин хүүхдүүд болон Биеийн тамир, спортын газрын хамт олонд нийт Булганчуудынхаа нэрийн өмнөөс баяр хүргэж, улам оргилсон амжилт хүсье. Тус наадамд оролцсон тамирчид, дасгалжуулагч багш нарыг аймаг орон нутгийн зүгээс хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх юм.

ЭХ САЙХАН БУЛГАН ХАНГАЙ НУТГИЙН МИНЬ ЭЗЭН НОЁН, ЭРДЭНЭ ДАЙЧИН ХОШОЙ ЧИН ВАН М.ХАНДДОРЖ /1869-1915/

  • .

  • 2019-09-16

  • 312

1911 оны үндэсний хувьсгал бол манжийн эрхшээлд 200 гаруй жил байж, Чин улсын хоцрогдсон бөглүү хязгаар болж, гадаадын эрдэмтэд, жуулчдын бичсэнээр сөнөж мөхөхийн ирмэг дээр тулаад байсан Монголын тусгаар тогтнолыг дахин сэргээж, ХХ зуунд сэргэн мандах эхлэлийг тавьсан үнэнхүү эргэлтийн шинжтэй түүхт үйл хэргийг оройлон манлайлагчдын нэг нь чин ван Ханддорж байв. М.Ханддорж нарын монгол төрийн зүтгэлтнүүд ХХ зууны эхэн үеийн дэлхий дахины улс төрийн бодлогын хүрээнд улс орныхоо эзэлж буй орон зайн харьцааг зөв ухаарч, хаяа нийлсэн хоёр их хөрш-Хаант Орос ба Хятад улсын ашиг сонирхлын зөрчлийг нарийн тооцон, аль альныг нь Монголын тухайд төвийг сахисан байр суурьт хүргэх улс төр, дипломатын бодлого явуулан. хичээл зүтгэл бодож санаж байсны нь хэмжээнд хүрээгүй явдал олон улсын түүхэн тодорхой нөхцөлтэй холбоотой байсан ч гэсэн зарим талахр их амжилтад хүрчээ . 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал гараагүйсэн бол 1921 оны ардын хувьсгалын ялалт, өнөөгийн туурга тусгаар Монгол Улсын тухай төсөөлөх ч боломжгүй иймээс Ханддорж вангийн Монгол улсын төлөө зүтгэсэн зүтгэл бол мөнхийн гавьяа юм.
Эрдэнэ дайчин чин ван Ханддорж Эрдэнэ чин ван Цэрэндоржийн хүү гүн Минжиддоржийн гэр бүлд 1869 он буюу шарагчин могой жилд төрсөн. Ханддорж ван нь Батмөнх даян хааны отгон хүү Гэрсэнз жалайрын хунтайжийн шууд удмын алтан ургийн сурвалжит хүн юм. Ван Цэрэндорж ач хүүдээ Ханддорж гэж нэр өгсөн нь учиртай бөгөөд Ханд гэдэг нь санскритээр огторгүйгээр явагч, Дорж гэдэг нь чулууны хаан гэсэн үг юм гэдэг мөн Хан гэдэг нь Ханжаргалант хайрханы өвөрт төрсөн, бас хан болох хөвгүүн гэж бэлэгшээж өгсөн нэр ч гэсэн яриа бас байдаг байна . Ханддорж анх гэрийн багш Данигай гэх хүнээр 6-7 насандаа монгол бичиг заалгаж эхэлсэн байна 1880 онд түүний эцэг Минжиддорж нас барсан тул өвөг эцэг Цэрэндорж ван гол найдлагаа ач хүү Ханддорждоо тавих болжээ. Ингээд өвөг эцэг нь Ханд ванг Хүрээний амбан сайдын дэргэдэх төрийн албанд сургах дамжаанд суралцуулж, манж, хятад хэлийг сургажээ . Ханд ван 23 настайдаа 1892 онд засаг хошой Чин вангийн зэргийг 8 дахь үеийг залгамжлан халхын хойд замын баруун гарын зүүн хошуу буюу одоогийн Булган аймгийн Булган хот, Орхон, Хангал, Бугат, Сайхан сум, Хутаг-Өндөр, Тэшиг сумын зарим хэсэг нутгийг захирах болжээ. байна. Тэр үед хошуу захирагч болсон хүн Манжийн хаанд, биеэ үзүүлэх ёстой байсан бөгөөд Манжийн хааны ордны хатуу дэг жаягын улмаас Ханд ванг хаантай нүүр учруулаагүй байна. Учир нь вантан цагаан, улаан бурханаар өвдөөгүй байсан гэдэг. Залуу ноёны өмнө нэг талаар хошуу нутгаа өөд татаж, хамжлагат ардынхаа итгэлийг олох, нөгөө талаар Манж, Хятад, Түвд, Монголын ихэс дээдсийн ааш аягийг тааруулж, учрыг олж харьцах яггүй асуудал тулгарч байсан бөгөөд 1897-1900 онд Халхын Түшээт хан аймгийн жанжнаар ажиллаж байв. Ханддорж ван Бээжин хотод 1903 онд Халхын ноёдын түр жасаанд ээлж тааран очиж, төрийн хэрэг хэлэлцэхэд оролцсон нь Манжийн хааны бодлогын цаад санааг илүү сайн таньж мэдэх бололцоог олгожээ. Манжийн төр Ханд ванд ямба хэргэм, цалин пүнлүү шагнал чамгүй хүртээж, олон арван зэрэг нэмж, тэмдэглэж байсан боловч “Буруу элэгтэн” хэмээн хардаж мөшгөн тандахаа ч хойш тавиагүй байна. Ханддоржийг өвөг эцэг шиг нь дээгүүрхэн албан тушаалд тавихаас аль болохоор болгоомжилж, ойр зуурхан “аргамжилж” алхах гишгэх бүрийг нь ажин тагнаж байв. Бээжингийн эрх баригчид Ханддорж вангийн цаад санааг мэдэж итгэл муутай хүмүүсийн дансанд оруулсан байсан. Английн түрэмгийллээс зугтсан ХIII Далай ламТүвдэнжамц 1904 оны Х сард ойр дотно шадар нөхдийнхөө хамтаар Хүрээнд ирсэн. Далай ламын зорилго нь Буриадын хамба лам Агваан Доржжив Лхарамбыг даган Оросын цагаан хааны нөмөр нөөлөгт хоргодох санаатайгаар Монголд ирсэн. Манж Чин улсын Засгийн газар түүнийг сүйд болон хүлээж авахгүй байхыг Их хүрээний манж, Түвд, Монгол эрх баригчдад чандлан тушаасан хэдий ч Далай ламыг сүсэглэн биширсэн олны давалгааг хэн ч хориглож чадсангүй. Хол ойрын сүсэгтэн олноос өргөл барьц авсаар Далай лам ихээхэн хөлжиж бэлжсэн гэдэг. Далай ламын нэр хүнд Богд Жавзандамбын нэр хүндэд нөлөөлөн түүнийг дарж эхлэсэн учир Богдын талынхан Далай ламыг хавчиж эхэлсэн нь түүнд хэцүү байсан бөгөөд тэрбээр Чин ван Ханддоржийн багш Дандар аграмбын урилгаар Вангийн хүрээнд анир чимээгүй өвөлжжээ.
Далай лам Вангийн хүрээнд өвөлжихдөө Ханддорж вантай байнга уулзаж, санаа бодлоо солилцож байсны дотор “Монгол улс Цагаан хаант Орос улстай хил залгасан учир хорвоогийн бусад гүрнүүдтэй холбоо тогтоож болмоор юм байна” гэсэн байдаг. Далай лам нь Ханд чин вангийн багш Дандар аграмбатай ном хаялцаж түүнд ялагдсанаа хүлээн зөвшөөрч шавь барилцсан байна. Үүнд дургүйлхсэн шадарлаж явсан лам нар нь Далай ламд хатуу үг хэлж, хүндээ хөнгөнөөс өгч, хөдөөний хийдийн ламд шавь орлоо хэмээн зэмлэсэнд үүнийг няцаах зорилгоор өөрийг нь дагаж ирсэн номч хамба зэрэг нэлээд номтой гэвш нараа Дандар аграмбатай ном хаялцуулахад аграмбыг дийлэх лам гараагүй бөгөөд ингэснээр тэдний хэл ам дарагдсанч Ханддорж ванд зарим төвдүүд өс санасан гэдэг яриа бас байдаг байна. Далай лам Монголд ирсэн, ялангуяа вангийн хүрээнд хэдэн сар саатсан нь цэвэр шашин номын бус, улс төрийн, тухайлбал Монголоор дамжин Хаант Оростой холбоо барихын хамт Монголын ихэс дээдэс, лам нартай Манжаас тусгаарлах асуудлаар санал солилцох холын бодолтой байсан ажээ. Манж Чин улс Монголд “Шинэ засгийн бодлого”оо хүчлэн дэлгэрүүлж эхлэв. Иймд Чин ван Ханддоржийн Манж-Хятадын дарлалаас ангижрах гэсэн улс төрийн үйл ажиллагаа улам идэвхжжээ. Манжийн бодлогыг тууштай эсэргүүцэж зарлигийг зөрчдөг байсан учраас Манжийн хааны дургүйцлийг ихэд хүргэдэг байсан ба Чин ван Ханддорж XIII Далай ламыг өргөөндөө өвөлжүүлсэн нь түүний дургүйцлийг улам бадраасан гэдэг. Тэгээд манж нар Далай ламыг даган одсон хүү Данзанжамцыг Баруунзууд ном үзэхээр явах замд нь “хааны ордны ёс алдсан” гэсэн шалтгаанаар нууцаар баривчлан авчээ. Манжийн хаан Чин ван Ханддоржид элч илгээн төрийн хэргээр ордондоо дуудсан бөгөөд ирсэн өдөр нь зоог барьж “хүндлэл” үзүүлжээ. Чин ван Ханддоржийн өмнө цар тавагтай, хадгаар бүтээсэн зоог ирэхэд Вантан махан хоол байна хэмээн бодож хутгаа зэхэн байх зуур хоол авчирсан этгээд бүтээсэн хадгийг нь авч өгчээ. Гэтэл өөрийнх нь бяцхан хүү Данзанжамцын толгойг өмнө тавьсан гэдэг. Энэхүү доромжлол басамжлалын хариуд тэрбээр толгой гудайн сөгдөлгүй “Монхор үрээсээ салах хэцүү ч Монголоосоо хагацаагүй цагт болно оо хө” гээд хүүгийнхээ толгойг ганзагалан эх нутгаа зорихдоо асар их тэсвэр тэвчээр, харууслыг тээж ирсэн байдаг. Нутагтаа харьж ирээд эмгэнэлд автсан сэтгэлээ илэрхийлэн энэхүү дууг зохион дуулжээ. Чин ван Ханддорж хүүгээ “На-наа” хэмээн өхөөрдөн дууддаг байсан бөгөөд 7-хон настай балчир байхад нь ийнхүү хагацжээ.
“Зүүн уулын зэрэглээ байнаа хө, ай На-наа минь ээ
Зүглээд очсон чинь үгүй л байна аа хө
Зүүд нойрон дундаа хоёулаа байна аа хө, ай На-наа минь ээ
Зүүдлээд сэрсэн чинь ганцаараа байна аа хө
Урд уулын зэрэглээ байна аа хө, ай На-наа минь ээ
Угтаад очсон чинь үгүй л байна аа хө
Унтах нойрондоо хоёулаа байна аа хө, ай На-наа минь ээ
Унтаад сэрсэн чинь ганцаараа байна аа хө” хэмээн дуулжээ. Түүнийг мохоох зорилгоор хүүг нь Манж Чин улс зэрлэгээр цаазалсанд Ханд ванд хорсон зэвүүцлийг төрүүлж, “Монхор хүүгээсээ хагацах хэцүү ч Монголоосоо хагацаагүй цагт болно..., Жанчхүүгийн даваанаас нааш хятад шаахайн мөр бүү гарга...” хэмээх алдарт үгээ хэлж, улс орныхоо тусгаар тогтнолын төлөө эргэж буцалтгүй эрслэн тэмцжээ.
Манж Чин улс “Шинэ засгийн бодлого” гэгчээ хэрэгжүүлэхийн тулд Монголын олон хошуудаас судалгаа шаардаж, 18 үзүүлэлтээр орон нутгийн байгалийн баялгийн мэдээ гаргуулахаар шахахад Дайчин вангийн хошуу ихэнх асуултанд нь “байхгүй” хэмээн хариулсан. Тухайлбал: “Манай нутагт Сэлэнгэ, Орхон зэрэг ус мөстэй цөөн гол байвч тэнд загас байдаг эсэх, түүнийг барьж ашиглаж болох эсэхийг мэдэхгүй. Булган хан зэрэг модтой хуруу даран тоолж болохуйц хэдэн уул байвч тэдгээрийн өчүүхэн ой нь уулын царманд байдаг тул бид авч чадалгүй малынхаа аргал хорголоор гал түлж, хоол цайгаа аргацаан болдог” хэмээн хариулж байжээ. Тус хошууны эрх баригчид 1907 онд энэ судалгааг шалгахаар зарлигаар зарагдсан манж, монгол түшмэдүүдэд өртөө унаа нийлүүлэхээс татгалзаж, Хүрээний амбан сайдын яаманд тамгагүй цагаан бичиг хүргүүлж уг албыг тасалдуулсан байдаг. Улмаар 1909 оны сүүлчээр Халхын бүх аймаг, хошуудаас дахин 18 зүйлийн чухал судалгааг хугацаа тогтож гаргуулахад Ханддорж чин вангийн тэргүүтэй Түшээт хан аймгийн 5 хошуу тогтоосон хугацаанд гаргаж өгөлгүй цааргалж байжээ. Манж Чин улсын “Шинэ засгийн бодлого”-ийг Монгол түмэн эсэргүүцэж, эх нутгаа онгон байдлаар нь хадгалахыг эрмэлзэж, нөгөө талаар Ханд ван нарын дэвшилтэт үзэлтнүүдийн Манж-Хятадыг эсэргүүцсэн улс төрийн үйл ажиллагааны цар хүрээ өсчээ
Эв санаагаа нэгтгэн Монгол улсаа тусгаар тогтнуулах үйлсэд хүч хавсран тэмцэхийн чухлыг нэн тэргүүнд ойлгосон Ханд ван хамгийн түрүүнд Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэнд хандаж үндэсний тусгаар тогтнолын гол төлөвлөгөөгөө боловсруулсан билээ. Ханддорж чин ван, Сайн ноён хан 2 нийт монгол туургатан, ялангуяа сүсэгтэн олны дунд үлэмж нэр нөлөөтэй Богд гэгээнийг үндэсний эрх чөлөөний тэмцэлд татан оролцуулах бодлого баримталж, түүнийг Манж Чин улсын төрд үйлчлэхээс аль болохоор хөндийрүүлэх оролдлого хийж байв. Энэ нь ч Богд гэгээний өөрийнхөө байр суурийг бататгах гэсэн сонирхол эрмэлзэлтэй давхацжээ. Ийнхүү туурга тусгаар Монгол улс байгуулах талаар тэдний санаа бодол нийлэн нэгдсэн байна.
Монгол улсаа дахин сэргэн мандуулахын төлөөх энэ их үйл хэргийг зохион байгуулахад Сайн ноён хан, Чин ван Ханддорж , Да лам Цэрэнчимэд нарын гурван эрхэм зонхилох үүрэг гүйцэтгэжээ. Түшээт хан Дашням хэт залуу 24 настай байсан учир энэ гурав зонхилж байсан байна . Манжийн эрх баригчид Ханддорж ванг өөртөө татаж, өөрсдийн бодлоо хэрэгжүүлэх бодлогоо явцтай болгох оролдлогоо хүчтэй хийж эхэлжээ. 1910 онд Сандо амбаны байгуулж, уг газрын хэрэг хамт шийдвэрлэх түшмэлээр Ханддорж ванг тавьсан. Түүнчлэн Газар хагалбарлах ерөнхий хорооны захирах түшмэлээр хавсарган томилсон байна. Гэтэл Ханддорж ван энэ бүхэнд авталгүй харин ч тохоон томилсон албан тушаалыг нь урвуулан ашигласан ажээ. Баргын Манлайбаатар Дамдинсүрэнтэй 1908 онд дотно танилцаж, Монголынхоо ирээдүйн тухай ярилцаж хүчээ нэгтгэн хөдлөх тухай тохиролцжээ. 1911 оны VII сард Халхын 4 аймгийн хан, ноёд, ихэс дээдэс, хутагт хувилгаад бүгд Эрдэнэшанзудбын яаманд цугларан цаашид хэрхэхээ зөвлөлдсөн байна. Үүний дараа дахин Богд ууланд цугларан зөвлөлдөж хаант Орос улсаас тусламж гуйх нь зүйтэй хэмээн тохиролцон Ханддорж чин ван Да лам Цэрэнчимэд, Өвөр Монголын эрдэмтэн Хайсан гүн нарыг томилон одуулахаар зөвшилцжээ. Ийнхүү Монгол эх орончид мөрдөн мөшгигдөж, нуугдаж зугтах мэт аргаар явсаар 1911 оны VIII сарын 15-нд Оросын нийслэл Санкт-Петербургт хүрэлцэн очсон байна. Хэдийгээр хүндрэл тохиолдож байсан ч Оросын Сайд нарын зөвлөлийн дарга Столыпинд Богд гэгээн, Түшээтхан Дашням, Сайн ноён хан Намнансүрэн, Засагт хан Сономравдан, Сэцэн хан Навааннэрэн нарын гарын үсэглэсэн 21 зүйлт тусламж хүссэн бичгийг гардуулан өгч чаджээ. Ингээд зорьсон хэрэг бүтсэн гэж Богдод айлтгасан гэдэг уг нь оросууд ямар нэгэн амлалт өгөөгүй байсан байжээ. Тэгээд Жавзандамба хутагт “... Ер аливаа юманд цаг хэмжээ огт үгүй. Манж, Хятадын ийнхүү байдал цөм цаг болсны тул билээ. Харин одоо Монгол овгийн олон аймаг бүгдээр нийлж, өөртөө улс болон тогтох... цаг болсон. Бүгдээр нэгэн сэтгэл хамт хүчин гаргаж, чармайн зүтгэхэд харгалзмуй” хэмээн лүндэн буулгасан хийгээд энэхүү лүндэнг хэрэгжүүлэхээр Монголын ихэс ноёд яаравчлан орсон.
Монгол төрийн тусгаар тогтнолыг сэргээн тогтоох зорилго бүхий “Халхын хүрээний бүгд хэргийг түр эрхлэн шийтгэх газар”-ыг байгуулсан нь үндсэндээ Түр засгийн газрын үүргийг гүйцэтгэж, Манжийн засаг захиргааг түлхэн унагаах, улс үндсээ сэргээн мандуулахаар завдаж буй олон овог, аймаг бүхий монголчуудад сонсгон дуулгах, уриалан дуудах зорилгыг агуулж байв. Уг түр “Засгийн газрын” зөвлөн шийтгэх түшмэлээр Ханддорж ванг томилсон байна. Тус байгууллага Ар Монголын дөрвөн аймгаас нэжгээд мянган цэрэг дайчлах тушаал гаргасан хийгээд шийдвэр гарснаас 1, 2 хоноход хүрээ орчмын хошуудаас буюу Түшээт хан аймгийн жанжны хувьд Ханддоржийн харъяаны цэргүүд голлон 500 гаруй цэрэг цугларсан гэдэг. Ийнхүү Манж Чин улсын захиргааны эсрэг зэвсэгт бослого эхлэх бэлтгэл хангагджээ. Монголын удирдагчид Сандо амбанд “Чиний бие эхлэн, манж хятад түшмэд 3 хоногийн дотор Монголын хязгаараас гартугай. Зөрчвөл цэргийн хүчин хэрэглэн уул нутагт чинь хүргэнэ” гэж тулган шаардсаны дагуу энэ хувьсгал цус асгаруулахгүйгээр хэдхэн цагийн дотор болж, Сандо амбан Оросын консулын газар хэд хоног хорогдсод нутгийн зүг арга буюу зайлан оджээ. Энэ тухай тэр үед Их Хүрээнд байсан америкийн пүүсийн төлөөлөгч Ларсон бичихдээ “ Монголын ноёд манж амбан Сандод тааламжгүй байв. Тухайлбал, чин ван Ханддорж түүнийг “ ирсэн зүг рүү буюу Цагаан хэрмийн цаад руу тонилбол сайнсан” гэдэг байв. Бусад ноёд Ханд ван шиг санаснаа шууд хэлж чаддаггүй. Ханд ван дургүйцэхдээ Нийслэлээс гарч, аймагт яваад цэрэг элсүүлэн Их Хүрээнд орж ирмэгцээ манж нарыг зайлахыг шаардсан. Энэ хувьсгал цус асгаруулалгүйгээр хэдхэн цагийн дотор болсон. Монгол цэргүүд унтаж байсан манж / хятад / цэргүүдийн зэвсгийг хурааж, гарыг нь мухарласан бөгөөд монголын ард түмэн маргааш өглөө нь сэрээд Хятадын эзлэлтээс чөлөөлөгдсөнөө мэдсэн” гэж бичсэн байна . Ингээд . Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу 1911 оны XII сарын 29-ны өдөр Олноо өргөгдсөн Монгол улс байгуулсныг тунхаглаж, Богдыг Монгол улсын наран гэрэлт түмэн наст Богд эзэн хэмээн өргөмжилснийг зарлажээ. Энэ өдөр Богд хааны зарлигаар Монгол улсын Засгийн газрыг 5 яамтайгаар байгуулж, улс орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэж, амь биеэ огоорон зүтгэгчдийг төрийн өндөр албан тушаалд тохоон томилсны дотор Эрдэнэ дайчин Чин ван Ханддоржийг дөрвөн хантай адилтган зэрэгцүүлэн ханы ямба эдлүүлэхээр зарлигдаж Шадар сайд, бүгд захирах сайд, гадаад хэргийг эрхлэн шийтгэгч яамны тэргүүн сайдаар томилээ. Сайн ноён ханын жилийн цалин 5000 лан мөнгө, 80 энтэй торго, Ханд вангийн цалин 4000 лан мөнгө, 50 энтэй торго, бусад халх, дүрвэд 6 хангийн цалин 2500 лан мөнгө, 40 энтэй торгоор тогтоогдож байснаас Ханддорж вангийн зэрэг зиндаа харахад тодорхой юм. Богд хаан зарлигт хишиг хүртэгчдийн хамгийн эхэнд Ханддоржийг “ Тулгар төр байгуулах тухайн хэрэгт онц хүчин зүтгэн явсан”-ыг цохон тэмдэглээд “... үе улирах Эрдэнэ дайчин цол, ханы ямба, давхар пүнлүү, шар хүрэм, улбар шар жолоо, нэгэн үе ногоон жууз шагнаж, шадар сайд, бүгд захирах сайд, Гадаад хэргийг эрхлэн шийтгэх яамны тэргүүн сайдын тушаалд тохоон томилогтун” гэсэн байсан нь бас түүний зиндаа эрэмбийг илтгэнэ. Монгол улс, улс шиг байхын тулд гадаад олон улс гүрэнд эрх чөлөө, тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх нь юу юунаас илүү эрхэм чухал хэмээн үзэж харь улс гүрнүүдтэй харилцаа тогтоох асуудлыг эрчимтэй хөөцөлдөх болов. Чин ван Ханддорж шинэ тутам байгуулагдсан төрд хан, хутагтууд давамгайлсан маягийн засаглалд дургүй байсан бөгөөд тэр тусмаа Сайд нарын зөвлөлийн үүрэг гүйцэтгэх шинжтэй Дотоод явдлын яамны үйл ажиллагааг тэр бүр ойшоодоггүй байжээ. Иймд 1912 оны V сард бүгд ерөнхийлөн захирах яамыг байгуулж Ерөнхий сайдаар Намнансүрэнг томилсон нь түүний сэтгэлд ихээхэн нийцжээ. Ханддоржийн тэргүүлсэн Гадаад явдлын яам Монгол улс тусгаар улс болсон тухайгаа юуны өмнө Манж чин улсад 1911онд, Хаант Орос, Франц, Англи, Герман, АНУ, Бельги, Япон, Дани, Голланд, Австри зэрэг улсад 1912 онд албан ёсоор мэдэгдээд “Гэрээ байгуулан худалдаа нэвтрүүлж, найрамдлыг зузаатгана уу? хэмээн тодорхой санал дэвшүүлсэн байна. Ханддорж юуны өмнө хойд хөрш Орос улстай ойртон нөхөрлөхийг эрхэмлэх нь шинэ тусгаар Монгол улсын тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд ач холбогдолтой хэмээн үзэж байв. Орос-Монголын гэрээнд тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор Монголын Засгийн газар Ханддоржоор толгойлуулсан бүрэн эрхт төлөөлөгчөө Орос улсад илгээхээр шийдвэрлэснээр 1912 оны өвлийн дунд сарын 14-нд төлөөлөгчид мордож, өвлийн адаг сарын шинийн 4-нд Санкт-Петербургт очсон байна. Богд хаант Монгол улсын Засгийн газрын бүрэн эрхэт төлөөлөгчид эхлээд хаант Орос улсад Гадаад хэргийн сайд Сазанов, Ерөнхий сайд Коковцев, Худалдааны сайд Тимашев нарын албаны хүмүүстэй удаа дараалан уулзаж улмаар 17-нд Оросын эзэн хаан II Николайд бараалхсан байна. Ханддорж ван эзэн хаанд бараалхсаныхаа дараа Оросын цэргийн яамны сайд Сухомлинов, жанжин штабын дарга генерал Зелинский нартай уулзаж, цэрэг зэвсгийн тусламжийн тухай асуудлыг яаралтай шийдэж өгөхийг хичээнгүйлэн хүссэн байна. Эцэст нь Ханддорж нарын зорьсон хэргийн зарим нь бүтэж Хаант Оросын Засгийн газар 2 сая рублийн зээллэг өгсөн ба зэр зэвсгийн тусламж дараа өгөхийг зөвшөөрчээ. Харин их буу 32, пулёмёт 65, винтов 10000-ыг даруй авах хүсэлтийг Оросын тал хүлээн авсангүй. Ханддоржийн Англи, Франц зэрэг орнуудад зорчих гэсэн санаархал Оросын явуулгаар тасалдав. Тэр ч байтугай Петербургт байгаа олон улсын элчин сайдуудтай уулзуулахгүй байх талаар Оросын Гадаад хэргийн яам зохих арга хэмжээ авсан. Гэсэн хэдий ч энэ ажил хэргийн айлчлал хойд хөрш Хаант Орос улстай эдийн засгийн талаархи харилцаагаа цаашид өргөтгөхөд томоохон түлхэц үзүүлжээ . Монгол улсын тусгаар тогтнолыг зөвшөөрүүлэхийн төлөө Ханддоржийн дипломат шугамаар тэмцэж буй тэмцэл нь ид өрнөж байсан үед Монголын талаархи асуудлаар Орос-Хятадын хэлэлцээр 1912 оны Х сараас 1913 оны Х сар хүртэл үргэлжилж, Монголын тусгаар тогтнолыг эвдэн бусниулах чиглэл бүхий тунхаглал гаргасан нь монголчуудын дургүйг ихэд хүргэв. Хэдий тийм боловч Ханддорж Оросын тусламжтайгаар улс орноо өсгөн өндийлгөх талаар зарим тодорхой алхмуудыг хийж , хоёр хөрш орныхоо дипломатуудтай “чадварлаг тоглолт” хийсээр байсны хүчинд Монголын тусгаар тогтнолыг тодорхой хэмжээгээр хадгалсаар байв. 1912 оны 3-р сард Ерөнхий сайд Намнансүрэнгийн шийдвэрээр Гадаад явдлын яамны дэргэд 47 хүүхэдтэй бага сургууль байгуулсанд Ханддоржийн оролцоо их байв. Мөн 1914 онд орос хэл бичиг сурах сургууль байгуулахыг Ханддорж ван санаачилсан байна. Үүнээс гадна ардын уламжлалт анагаах ухаанаас гадна европ эмнэлэгийн ололтыг Монгол оронд нэвтрүүлэх нь зайлшгүй чухал хэмээн үзэж байв. 1914 оны тавдугаар сард Гадаад хэргийн бүгд эрхлэн шийтгэх яам 1912 оны Орос, Монголын хэлэлцээрийн нэгэн утга бүхий гэрээ байгуулах замаар дипломат ба эдийн засгийн харилцаа тогтоох санал бүхий албан бичгийг Бээжинд суугаа Англи, Франц, Герман, АНУ, Японы Элчин сайдын газруудад илгээжээ. Элчин сайдууд албан бичгийг хүлээн авсан боловч дэлхийн I дайн гарах нөхцөл бүрэлдэж, олон улсын байдал хурцадсан тул дээрх улсуудын Засгийн газар Монгол мэтийн жижиг улсын асуудалтай орооцолдохыг хүссэнгүй. Чин ван Ханддорж Гадаад яамны тэргүүн сайдын хувьд 1913 оны Бээжингийн тунхаглалын дагуу Орос, Хятад, Монгол улсын 3 этгээдийн хэлэлцээрт бэлтгэн Богд хаантай зөвшилцсөний үндсэн дээр хэлэлцээрт оролцох төлөөлөгчдийн тэргүүнээр Дотоод явдлын яамны сайд Билэгт гүн, Да лам Дашжавыг томилж бүрэлдэхүүнд нь Баргын Манлайбаатар Ж.Дамдинсүрэн нарыг оруулжээ зарим түүхчид гадаад бодлого хурцдаж, дотоод засгийн эрхийн төлөө тэмцэл илт ширүүссэн тул уг хэлэлцээрт гардан бэлдсэн Ханддоржыг албаар оруулаагүй хассан гэдэг. Ханддорж, Намнансүрэн нар Да лам Дашжав, Манлайбаатар нарыг шууд дээрээс нь удирдаж, бүх мэдээлэл, удирдамжаар хангаж байсан бөгөөд Оросын ерөнхий консул А.Миллер, Хятадын Чен Лу нарыг хааш нь ч гаргахгүй олон улсын болон дипломат эрх зүйн чанга бодлого баримтлан ажиллаж байсан нь Хятад,Оросын талд таалагдаагүй юм. Миллер, Чен Лу нар бол асар их туршлагатай дипломатчид хэдий ч Дашжав, Дамдинсүрэн нарыг эрх зүйн мэдлийн хувьд давж гарахгүйдээ цухалдаж, Богдын Засгийн газарт “Дашжав төрийн хэрэг мэддэггүй, Дамдинсүрэн дэндүү зөрүүд муйхар” хэмээн гомдол бичиж, тэднийг татан авч оронд нь нэр заан Ширнэндамдин, Б.Цэрэндорж, Чагдаржав нарыг өгөхийг хүсч байлаа. Хашир сууж, хал үзсэн сайд Ханддорж, Дашжав, Дамдинсүрэн нарыг солихгүй байх бодлого барьсан нь Хятадын талыг баримтлагч ихэс ноёд, хутагт лам нарт таалагдаагүй учир Ханд ванг улс төрийн тавцангаас зайлуулах арга сүвэгчилж эхэлсэн байна.
Энэ мэтчилэн Чин Ван М.Ханддорж төрийн бүхий л хэрэгт биечлэн оролцож байсан учир Эрдэнэ шанзов яамны тэргүүн сайд Бадамдорж Чин Ван М.Ханддоржийг Оросын талыг хэтэрхий барьж байна гэж Богд хаанд хэд хэдэн удаа айлтгажээ. Ингээд Богд хааны дайллагад Ханд ванг очуулжээ. Дайллага дээр нилээд халамцсан Ханд ванд нэгэн хаш аягатай архи Эх дагина барьсан нь сэжигтэй санагдсан тул зориуд алдаж асгасан байна. Зарим ноёд Богд эзний хишгийг мөрөөрөө хүртэж чадахгүй асгаж цутгалаа хэмээн агсам тавих янзтай болохоор нь Вантан тэндээс шууд гарч мориндоо мордон давхин оджээ. Хиа нар нь түүнийг гүйцсэнгүй тул шууд вантаны гэрт иртэл ван байсангүй. Ийнхүү вантаны эрэлд гарахад түүнийг Дунд голын мөсөн дээр тархин дундуур нь ташуураар бяц цохин алсан байсан.Ийнхүү 1915 онд Ханддорж ван монголын дайснуудад хорлогдон нас барсан . Түүнийг алагдсны дараа 3 этгээдийн хэлэлцээрт орж байсан төлөөлөгчдийг Орос, Хятадын талын хүссэн хүмүүсээр сольж, гэрээний агуулга өөрчлөгдөн байгуулсан Хиагтын гэрээ нь Монголын тусгаар тогтнолд ашиггүйгээр харамсалтайгаар эргэж байсан.
Ханд вангийн үхлийн тухай ингэж бичсэн байна Тухайлбал:
Үндэсний түүхийн архивын сан хөмрөгт: "Гадаад яамнаас тэргүүн сайдын дэргэдэх түшмэл Дашдэлгэрийн мэдүүлэн ирснийг үндэслэж "харьяат засаг, сайд хошой Чин ван Ханддорж энэ цагаан сарын шинийн зургааны өглөө мориноос шилмэж, ухаан мэдрэлгүй болсныг шавдан засуулсан боловч ер илаарь болж чадсангүй. Мөн өдөр морин цагт нэгэнт наснаас нөгчив" гэсэн байдаг.
Оросын холбооны Буриад улсын Нийгмийн шинжлэх ухааны номын санд хадгалагдаж буй "Гадаад Монголын автономи ба амгалан байдлын тухай бичиг"-т:
Манай гадаад Монголд улсыг хөгжүүлэхгүй арга мэх үүсгэн хар хятадыг өөртэйгөө дотночлон амраглуулсан ба нэр ба үнэн тангараг тэргүүтнээ умартан тэд нар улсын хулгайчид хортны нам болж, манай мэргэн алдарт засагт хаантан (Содномравдан)-г хорлон алаад залуу бөгөөд баатар сүрт Түшээт хан (Дашням)-ыг бас тэр мэтээр хорлосон нь үнэхээрийн заналтай. Улсын хэрэгт маш мэргэжиж дотоод, гадаадад алдаршсан нэрт лам Цэрэнчимэд (Дотоод явдлын яамны сайд) басхүү тэр хулгайчдын гарт цаг бусаар үхэв. Бас манай Богд эзэн хааны шадар сайд, далай мэт ухаан төгөлдөр Дайчин ван (Гадаад явдлын яамны сайд Ханддорж) бас ухваргүй банди нар, эрлийз нар архиар согтоож алсныг хэн ч үл мэдэх газаргүй. Энэ мэтээр хор ерөнд ерөндөж алагдсан мэргэн төгөлдөр Түшээт ван (Сангийн сайд Чагдаржав), Бинт ван (Гончигсүрэн) Далай ван (Цэргийн яамны сайд Гомбосүрэн), жич сахалт лам, эдгээр цөм хорлогдсон. Манай Богд Чингис хааны язгуур үндэсний үр, маш ариун тунгалаг оюунт Сайн ноён (Намнансүрэн)-г хорлосон нь даанч өнгөргүй. Муу хоронд хамаг бие нь шарлаж өөд болов. Манай халхын аль сайн тэргүүлэгчдийг алж бараад улсын хэргийг шинэтгэн шийтгэх хүнгүй болгон, хайран тул гар төрийг унагаж хамаг ардыг сарниулан, хар хятадын гажуу засгийг хүлээлгэх нь үнэн болов. Хятадаас нууцаар цалин авах банди нар, эрлийз нар манай халхын засгийн нэр сүрийг доромжилж бууруулан хошуу тамгыг хөнгөн болгон тэрхүү өөрсдийн адил язгуургүй эрлийз нарт олгож, нэр нүүрт ван, гүнгийн нэрийг шагнаж байна." гэжээ.
Чин ван Ханддорж “Шашин төрийн төлөө зүтгэхэд хялбарыг эрэхгүй, бэрхээс зайлахгүй, эдүгээгийн төрийн төлөө энэхүү батлан тогтоосон тангараг сахилгыг нүдний цөцгий, зүрхний тольт мэт хичээнгүйлэн хайрлана” гэж хэлсэн тангарагтаа үнэнчээр эх орон ард түмэндээ зүтгэж Монгол төрийн оршин тогтнох, хөгжин мандах үйл хэргийн төлөө амь бие, залуу нас, бүх амьдралаа зориулсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Эрдэнэ дайчин Чин ван Минжиддоржийн Ханддоржийн байгуулсан гавъяаны үр дүнд тусгаар тогтносон Монгол Улс оршин тогтнож байгаа түүхтэй билээ.

  • .

  • 2019-09-16

  • 299

http://www.mfa.gov.mn/?p=52500&fbclid=IwAR0atqk84wgR-Dwa0alN5HdRJJnk9Qyq3IMZe4gfGRtm0kCcBFEPTZGYAMU

Хуудас:  1   2   3   4   5  .... (нийт 418 мэдээ )

Булган 80-н жил