Хууль эрхзүй

"СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ"-ын төсөлд санал авч байна

"СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ,  ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ   ОЛГОХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ"-ын төсөлд санал авч байна. Та журмын төсөлд оруулах саналыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Ч.Оюун-Эрдэнэчимэгт 7034-2384 дугаарын утсаар холбогдож өгнө үү.

 

СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ,  ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ 

ОЛГОХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журам нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10, 16 дугаар зүйлийн 16.2.5, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 6 дугаар зүйл, Зөрчлийн тухай хуулийн 6.5, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8 дугаар заалтуудыг хэрэгжүүлж, аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл /цаашид тусгай зөвшөөрөл гэх/-ийг аж ахуйн нэгжид олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.        

            1.1.1. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагаа нь Монгол улсын холбогдох хууль тогтоомж, стандарт, эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэр болон энэхүү журмын хүрээнд зохицуулагдана.

1.2 Үйлчлэх хүрээ.

1.2.1. Энэхүү журам нь аймгийн нутагт дэвсгэрт үйлчилнэ. Сумдыг дээрх журмаар зохицуулагдах харилцааг давхар зохицуулсан хэм хэмжээний акт гаргахыг хориглоно.

1.2.2. Аймгийн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа, улсын бүртгэлд бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болон гадаадын байгууллагад нэгэн адил үйлчилнэ.

Хоёр. Согтууруулах ундаа худалдах, үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох

            2.1. Аймаг, сумын Засаг даргын дэргэд согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг хэлэлцэх, Засаг даргад санал гаргах орон тооны бус зөвлөл /цаашид зөвлөл гэх/ ажиллана.             

2.2. Аж ахуйн нэгж, байгууллагууд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл шинээр авах, зөвшөөрлийн хугацаа сунгах тухай хүсэлтийг сум болон аймгийн Засаг даргад уламжилна.

2.3. Орон тооны бус зөвлөлийн санал, аттестатчиллын дүн, мэргэжлийн байгууллагуудын санал дүгнэлтийг үндэслэн холбогдох хууль тогтоомжид заасны дагуу аймгийн Засаг дарга согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг  шинээр олгох, сунгах, түдгэлзүүлэх, цуцлах шийдвэр гаргана.  

            2.4. Аймгийн Засаг даргын Захирамжаар тусгай зөвшөөрөл эзэмших эрх нь баталгаажсан аж ахуйн нэгжтэй аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавина.

            2.5. Тусгай зөвшөөрөл эзэмших эрх нь баталгаажсан аж ахуйн нэгж аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 29 дүгээр тогтоолд заасны дагуу Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн улсын тэмдэгтийн хураамжийг орон нутгийн төсөвт төвлөрүүлж, гэрээ байгуулснаар үйл ажиллагаа явуулах  эрх үүснэ.

Гурав. Согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай

зөвшөөрлийн асуудал эрхлэх орон тооны бус зөвлөл

3.1. Орон тооны зөвлөл нь тусгай зөвшөөрөл шинээр олгох, сунгах, түдгэлзүүлэх, цуцлах, сэргээх хүсэлтийг судалж, аймгийн Засаг даргад санал уламжлах, тусгай зөвшөөрөл бүхий цэгүүдийн үйл ажиллагаанд хууль тогтоомж, стандартын  хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих, илэрсэн зөрчлийг эрх бүхий байгууллагаар шуурхай шалгуулах, арилгуулах ажлыг эрхлэн явуулна.

            3.2. Аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлийг аймгийн Засаг даргын орлогч ахалж, холбогдох мэргэжлийн байгууллагууд, төрийн бус байгууллагын төлөөллийн бүрэлдэхүүнтэй аймгийн Засаг дарга томилно. Нарийн бичгийн даргаар Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн ажиллана.

            3.3. Сумын салбар зөвлөлийг Засаг даргын орлогч ахалж, нарийн бичгийн даргаар сумын хүнс, худалдаа үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн ажиллаж, хэсгийн төлөөлөгч, татварын улсын байцаагч зэрэг албан хаагчид ажиллана.       

            3.4. Сумын Засаг даргаас аймгийн Засаг даргад тусгай зөвшөөрөлтэй холбоотой ирүүлж буй албан тоотыг дараах материалуудын хамт ирүүлнэ.

3.4.1. Орон тооны бус зөвлөлийн хурлын тэмдэглэл. 

3.4.2. Шинээр тусгай зөвшөөрөл хүссэн болон сунгуулах бол тус журмын 4-д заасан  материалыг ирүүлнэ.

3.4.3. Тусгай зөвшөөрлийг цуцлах, түдгэлзүүлэх шалтгааныг тодорхой дурдаж, нотлох баримтыг хавсаргана. Үүнд:

3.4.3.1. цуцлах нөхцөлүүдийг тодорхой дурдах    

3.6. Иргэн аж ахуйн нэгжээс тусгай зөвшөөрөлтэй холбоотой ирүүлсэн шийдвэрлэгдээгүй санал хүсэлтийг холбогдох этгээдэд 21 хоногийн дотор бичгээр хариу мэдэгдэнэ.

Дөрөв. Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжид тавих шаардлага

            4.1. Орон нутгийн харьяа хуулийн этгээдийн эрхтэй байна.

4.2. Мэргэжлийн хяналтын газарт мэдээллээ бүртгүүлж, эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн байна.

4.3. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг Монгол улсын “Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ” Ерөнхий шаардлага MNS 5021-1:2019 стандартын шаардлагыг 95-аас дээш хувь, “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавих шаардлага” MNS 4946:2019 стандартын шаардлагыг 85-аас дээш хувиар хангаж, тохирлын гэрчилгээ авч, үйлчилгээний зэрэглэл тогтоолгосон ресторан, баар, кафе, хүнсний төрөлжсөн дэлгүүрт олгоно.

4.4. Согтууруулах ундааны бөөний худалдаа эрхлэгч хуулийн этгээд нь согтууруулах ундааг ширхэгээр бөөний үнээр худалдаалахыг хориглоно.    

4.5. Галын аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д зааснаар Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулсан байх

4.6. Хог хаягдлыг зориулалтын газарт ачиж, тээвэрлэж, буулгах гэрээг холбогдох байгууллага болон сумын Засаг даргын тамгын газартай байгуулж, ажиллах  

4.7. Эрх бүхий байгууллагатай ариутгал халдваргүйжүүлэлтийн гэрээ хийж, улирал тутам хийлгэж хэвших

4.8. Татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд мэдээлэл дамжуулах зориулалт бүхий нэгдсэн системд холбогдсон, татварын нэгдсэн системд ашиглах төлбөрийн баримт MNS 6529:2015 стандартыг хангасан кассын машин, тоног төхөөрөмж, компьютер, бусад дагалдах хэрэгслийг зориулалтын дагуу ашиглан цахим төлбөрийн баримт үйлдэх, хэвлэх, илгээх ба борлуулалтын мэдээг татварын бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлсэн байх.                

4.9. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх зориулалтын тохижилт хийгдсэн байх 

4.10. Монгол улсын барилга, орон сууц гудамж талбайд тавих хяналтын камер ерөнхий шаардлага MNS 6423:2013 стандартад нийцсэн телекамерын системээр тоноглогдсон байх

4.11. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь сар бүрийн 15-ны өдөр, жил бүрийн хичээлийн шинэ жилийн эхний өдөр буюу 09 сарын 01, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр 06 сарын 01-ний өдөр, бүх нийтийн сонгуулийн өмнөх болон сонгуулийн өдөр, жил бүрийн ээлжит цэрэг татлага явуулах өдрүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэхгүй байх.

4.12. Тогтоосон цагийн хуваарийг зөрчиж үйл ажиллагаа явуулахгүй байх

4.13. Ариун цэвэр, эрүүл ахуйн стандартын шаардлага хангаж, хэрэглэгчдийн эрх ашгийг дээдэлсэн, соёлтой үйлчилгээ үзүүлэх  

4.14. Үйл ажиллагааны орлогын мэдээг эрх бүхий байгууллагад хугацаанд нь үнэн зөв мэдээлж байх. /Статистикийн хэлтэс, Татварын хэлтэс/

4.15. Тусгай зөвшөөрөл бүхий худалдаа, үйлчилгээний цэгийг бусад иргэн, хуулийн этгээд шилжүүлэн /бэлэглэх, худалдах, худалдан авах гэрээний дагуу/ авч үйл ажиллагааг үргэлжлүүлэх бол тавигдах шаардлагын дагуу холбогдох баримт, материалыг бүрдүүлж, тусгай зөвшөөрлийг шинээр авна.        

            4.16. Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө зөвшөөрлийг сунгуулах тухай хүсэлтээ сум болон аймгийн Засаг даргад уламжилна.

            4.17. Тусгай зөвшөөрлийг олгох эрхзүйн акт гарснаас хойш 30 хоногын дотор тэмдэгтийн хураамжаа төлж, гэрээ байгуулан тусгай зөвшөөрлөө авна.

Тав. Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг.

5.1. Тусгай зөвшөөрөл хүсэгч нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан баримт бичгийг бусад шаардлагатай материалын хамт бүрдүүлнэ.

5.1.1. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, оноосон нэр, байршил, хаяг, харилцах утас, цахим хаяг, хүчин чадал, бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт, хүний нөөц, үйл ажиллагаа эхлэх хугацаа зэргийг тодорхой дурдаж, төлбөрийн баримт, НӨАТ-ын баримт олгох машин /пос терминал буюу түүнтэй адилтгах программ хангамж бүхий тоног төхөөрөмж/, хяналтын камер, үйлчилгээний цэгийн гадна, дотор талын фото зураг зэргийг хавсаргана/;

            5.1.2. Орон нутгийн харьяа хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ;

            5.1.3. Хуулийн этгээдийн захирлын иргэний үнэмлэх;

5.1.4. Худалдаа, үйлчилгээний чанар аюулгүй байдал, стандартын шаардлагыг хангасныг баталгаажуулсан Тохирлын гэрчилгээний хуулбар 

5.1.5. Татварын албаны цахим тодорхойлолт       

5.1.6. Үйл ажиллагаа эрхлэх барилга байгууламжийн гадна, дотор орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулж, энэ талаар цагдаагийн байгууллагын саналыг авсан байх;

5.1.7. Үйл ажиллагаа явуулах газрын байршлыг ойрын 50 метрт байрлах объектын хамт харуулсан байршлын схем;

5.1.8. Үйлдвэрлэл, үйлчилгээний газрын технологи урсгалыг харуулсан план зураг, талбайн хэмжээг тодорхой тусгах;

            5.1.9. Ажиллах боловсон хүчний нас, мэргэжлийг харуулсан судалгаа болон ажиллагсдын мэргэжлийн үнэмлэх, эрүүл мэндийн шинжилгээний дэвтэр г.м;

                                  Зургаа. Тусгай зөвшөөрөл олгогчийн эрх, үүрэг

6.1. Аймгийн Засаг дарга тусгай зөвшөөрөл бүхий цэгүүдэд холбогдох хууль, журам, стандартын хэрэгжилтийг хангуулах, шалгах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томилж, ажлын удирдамжийг баталж, үр дүнгийн тайланг хэлэлцэж, шийдвэр гаргана.

6.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд жил бүр аттестатчилал явуулж, дүнг аймгийн Засаг дарга, түүний дэргэдэх орон тооны бус зөвлөлд мэдээлнэ.

6.3. Сум, аж ахуйн нэгжээс ирүүлсэн тусгай зөвшөөрөлтэй хамааралтай асуудлыг 21 хоногийн дотор шийдвэрлэж, хариуг хүргүүлнэ.

6.4. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж тусгай зөвшөөрөл нь хураагдвал төлсөн тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгоно.

6.5. Монгол улсын хууль тогтоомж, тус журмыг зөрчсөн, холбогдох стандартын шаардлага хангаагүй зэрэг нотлох баримт бүхий мэргэжлийн байгууллагуудын санал дүгнэлт, аттестатчиллын дүн, гэрээний биелэлтийг үндэслэн аймгийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, цуцлах шийдвэр гаргаж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид ажлын 5 хоногт багтаан мэдэгдэнэ.

6.6. Тусгай зөвшөөрөл олгосон тухай шийдвэрийг ажлын 5 хоногт багтааж Булган аймгийн Засаг даргын тамгын газрын www.bulgan.gov.mn цахим хуудсанд ил тод байршуулна.  

Долоо. Хяналт тавих, тайлагнах

7.1. Энэхүү журмын хэрэгжилтэд бүх шатны Засаг дарга түүний дэргэдэх орон тооны бус зөвлөл, аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, холбогдох мэргэжлийн байгууллагууд, хяналт тавьж харьяалах ажлын тайланг аймгийн Засаг дарга, түүний дэргэдэх ажлын хэсэг, аймгийн ИТХ- ын Тэргүүлэгчид,  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, иргэдэд нээлттэй тайлагнана.

7.2. Стандарт хэмжилзүйн хэлтэс нь стандартчилал тохирлын үнэлгээ хийсэн болон, аттестатчиллын тайлан мэдээллийг улирал бүр аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл”-д хүргүүлнэ.

Найм. Хариуцлага

8.1. Холбогдох хуулиуд болон энэхүү журмыг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж байгууллага, албан тушаалтанд хуулийн хүрээнд хариуцлага ногдуулна.

Булган 80-н жил