Засаг дарга

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны "Хөгжлийн хөтөч" хөтөлбөр

Булган аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн үндсэн зорилго нь ард иргэдээ орон нутагтаа элбэг хангалуун, аз жаргалтай, эрх чөлөө, эрдэм боловсролтой, урам зоригтой ажиллаж, амьдрах нөхцөл бүрдсэн аймаг болгон хөгжүүлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн ИТХ-ын бодлого шийдвэрийг хэрэгжүүлж “Хүний төлөө ЭДИЙН ЗАСАГ”-ийг цогцлоож, “Хөгжлийн төлөө ЗӨВ бодлого” барьж ажиллахад оршино.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн гол онцлог нь:
 Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх төрийн бодлогыг аймгийнхаа онцлогт тохируулан боловсруулж, үр дүнтэй хэрэгжүүлэх өндөр чадавхтай, зөв зохион байгуулалттай, хариуцлагатай удирдлагын тогтолцоог бүрдүүлэх
 Боловсрол, соёл, уламжлалт зан заншил, хөдөлмөрч уламжлалыг дээдлэн, хөгжлийн тулгуур хүн, өрх гэр бүлийг хөгжүүлэх
 Аймаг, сумын хөгжил, айл өрхийн амьдралын түвшнийг дээшлүүлж, ажиллаж амьдрах нөхцлийг сайжруулах


НЭГ. ХҮН-НИЙГМИЙН ХӨГЖИЛ


Гэр бүлийг дэмжих, иргэн бүр эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой байх нөхцөл бүрдүүлэхэд анхаарч, ажилгүйдэл, ядуурлыг бууруулан, иргэдийнхээ амьжиргааг сайжруулна.
1.1 Боловсрол:
Аймгийн хүн амын тоо тогтмол өсч, СӨБ-ын хүүхдийн тоо 2020 он гэхэд суурь оноос /2015 оноос/ 20 орчим хувиар нэмэгдэх төлөвтэй байна. Эдгээр нөхцөл байдлаас шалтгаалан цэцэрлэгүүдийн ашиглалтын индекс өсч, хүчин чадал хүрэхгүй байх, бүлэг дүүргэлтийн норм хэтрэх зэрэг асуудлууд тулгарч байна. Тухайлбал, аймгийн хэмжээнд нийт цэцэрлэгийн 82 хувь нь хүчин чадлаа 80 хүртэл хувиар, зарим цэцэрлэг бүлэг дүүргэлтийн нормыг 15 хүртэл хүүхдээр хэтрүүлж ирлээ.
Суурь боловсролын хамран сургалтын цэвэр жин 83.3 хувьтай байгаа нь улсын дунджаас 10 хувь доогуур үзүүлэлттэй байна. Үүнд өөр аймаг, хотын ЕБС-д шилжин, суралцаж байгаа нь ихээхэн нөлөөлсөөр байна. Тухайлбал, Улаанбаатар, Эрдэнэт хотын ЕБС-д Булган аймгийн харьяат 1200 орчим хүүхэд суралцаж байна. Нийт сургуулийн 60 хувь нь 2 ээлжээр хичээллэж байгаа хэдий ч аймгийн дүнгээр ээлжийн коэффициент 1.02 нэгж байгаа нь сургуулиудын хүчин чадал ашиглалт харилцан адилгүй байгааг харуулж байна. ЕБС-ийн хүүхдийн тоо 2007 оноос хойш сүүлийн 8 жил тасралтгүй буурч байгаад, 2015 оноос өсч эхэлсэн бөгөөд цаашид тогтвортой өсөх хандлагатай байна.
Хүүхдийн тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байгаагаас гадна ЕБС-иудын барилгын одоогийн ачаалал, насжилт, хүн амын төвлөрөл зэргээс үүдэн зарим сумдын сургуулийн хичээлийн болон дотуур байр, цэцэрлэгийн барилгад өргөтгөл шинээр барих, их засвар хийх хэрэгцээ шаардлага тулгарлаа.
Багш нарын мэргэжил, ур чадварыг сайжруулах, тэргүүний багшийн арга зүй, технологийн цахим сантай болох зэрэг ажлын бэлтгэл хангагдсан хэдий ч энэ ажлыг эрчимжүүлэх, үр дүнг нь нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Иргэдийн сурч боловсрох, хөгжих эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлж, суралцах, хөгжих таатай орчныг бүрдүүлэн, багшийн мэргэжлийн үнэлэмж, ур чадварыг дээшлүүлж, оюунлаг, бүтээлч иргэдийг төлөвшүүлнэ.
1.1.1 Боловсролын салбарын удирдах ажилтан, багш сурган хүмүүжүүлэгчдийг чадавхжуулах, ур чадвар, заах аргыг сайжруулан, боловсролын салбарын хүний нөөцийг бэхжүүлнэ.
1.1.2 Бүх шатны боловсролын сургалтын чанар, үр дүн, хүртээмжийг нэмэгдүүлнэ.
1.1.3 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийг бүх шатны боловсролд хамруулах, насан туршийн боловсролын бүтэц, үйл ажиллагааг шинэчилж, иргэдийн хэрэгцээнд нийцсэн сургалт, үйл ажиллагааг зохион байгуулна.
1.1.4 Сургууль, цэцэрлэгийн сургалтын орчныг сайжруулах, хүүхдэд ээлтэй сурах орчин бүрдүүлэх, сургууль, цэцэрлэгийг интернэтэд бүрэн холбох, “Цахим сургууль-Цахим сургалт” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
1.1.5 Боловсролын салбарын байгууллагуудын барилгын өргөтгөл барих, их засвар хийх, хатуу, зөөлөн эдлэлээр хангах ажлыг үе шаттайгаар зохион байгуулна.
1.2 Эрүүл мэнд:
Аймгийн хэмжээнд нялхсын эндэгдэл амьд төрсөн 1000 хүүхдэд 17.2 ногдож байгаа нь улсын дунджаас 1.9 промилээр, нялхсын эндэгдлийн 76.5 хувийг нярайн эндэгдэл эзэлж, 1000 амьд төрөлтөнд ногдох нярайн эндэгдэл 13.2 байгаа нь улсын дунджаас 3.0 промилээр өндөр үзүүлэлттэй байна.
0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 19 тохиолдол бүртгэгдэж, амьд төрсөн 1000 хүүхдэд 19.2 ногдож байгаа нь мөн улсын дунджаас 0.9 промилээр өндөр үзүүлэлттэй байна.
2015 онд нас баралтын нийт 347 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оноос 10 хувиар нэмэгдэж, нас баралтын түвшин 1000 хүн амд 5.8 байна. Эмнэлгийн нас баралт өмнөх оны мөн үеэс 4 тохиолдол буюу 6.2 хувиар нэмэгдсэн байна.
Осол гэмтэл, гадны шалтгаант нас баралтын 50 тохиолдол бүртгэгдэж, нийт нас баралтын 14.4 хувийг эзэлж байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 19.0 хувиар нэмэгдэж, 10000 хүн амд ногдох осол, гэмтлийн шалтгаант нас баралт 8.3 хувьд хүрч байна.
Аймгийн хэмжээнд сүүлийн 5 жилийн байдлаар хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд /10.000 хүн амд/:
 Амьсгалын замын эрхтэн тогтолцооны өвчин 1448.3 /8738 тохиолдол/
 Цусны эргэлтийн тогтолцооны өвчин 1254.0 /7566 тохиолдол/
 Хоол шингээх эрхтний өвчин 1206.6 /7280 тохиолдол/
 Шээс бэлгийн тогтолцооны өвчин 806.7 /4867 тохиолдол/
 Мэдрэлийн тогтолцооны өвчин 437.9 /2642 тохиолдол/
 Халдварт бус өвчлөлийн нийт 36816 тохиолдол бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 22.1 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. 2015 онд артерийн гипертензийн эрт илрүүлгийн үзлэгт 8536 хүн буюу хамрагдвал зохих хүн амын 66.2 хувь, чихрийн шижин хэв шинж-2 өвчний үзлэгт 8686 хүн буюу 64.6 хувь нь хамрагдсан.
Аймгийн хэмжээнд халдварт өвчний нийт 394 тохиолдол бүртгэгдэж 10000 хүн амд 65.3 байгаа бөгөөд нийт өвчлөлийн 218 буюу 55.3 хувийг зонхилон тохиолдох БЗДХ, үүнээс 31.2 хувийг тэмбүү, 41.3 хувийг трихомониаз, 27.5 хувийг заг хүйтэн эзэлж байна. Бэлгийн замаар дамжих халдвар Булган, Хишиг-Өндөр, Орхон, Хангал, Бугат, Могод, Баян-Агт, Сайхан сумдад улс, аймгийн дунджаас өндөр үзүүлэлттэй байна.
Сүрьеэгийн шинэ өвчлөлийн 60 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 15.2 хувийг эзэлж байна. Өвчлөл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5 тохиолдлоор нэмэгдэж, 10000 хүнд 9.9 тохиолдол бүртгэгдсэн байна.
Эрүүл мэндийн салбарын удирдлага, менежментийг сайжруулан, нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг нотолгоонд суурилсан, иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн шинэчилж, материаллаг бааз, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролын түвшинг дээшлүүлэн, эрүүл амьдралын дадал хэвшлийг бий болгож, иргэдэд ээлтэй, эрүүл аюулгүй орчин бүрдүүлнэ.
1.2.1 Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хүн амын эрүүл мэндийн байдал, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг тандан судалж, хяналтын тогтолцоог сайжруулан, эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг шинэлэг хэлбэрээр зохион байгуулан, иргэдийн эрүүл мэндийн боловсролын түвшинг дээшлүүлнэ.
1.2.2 Халдварт өвчний тандалт сэргийлэлт, хариу арга хэмжээний бэлэн байдлыг сайжруулна.
1.2.3 Өрх, сум, багийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт болон уламжлалт анагаах ухааны аргыг хослуулан ашиглаж, тоног төхөөрөмжийг сайжруулна.
1.2.4 Аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэн, эмчилгээ оношилгооны шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлж, иргэдэд сэтгэлд нийцсэн үйлчилгээ үзүүлнэ.
1.2.5 Сувилахуйн тусламж үйлчилгээ, сувилагчийн мэргэжлийн цогц үйл ажиллагаанд орчин үеийн шинэлэг аргуудыг нэвтрүүлнэ.
1.2.6 Эм зүйн шинжлэх ухааны шинэ аргуудыг орчин үеийн болон уламжлалт анагаах ухааны эмчилгээнд нэвтрүүлнэ.
1.2.7 Эмнэлгийн мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх, давтан сургах, хүний нөөцийн хөгжлийн аймгийн бодлогыг тодорхойлж, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэн, залгамж халааг бэлтгэнэ.
1.2.8 Эрүүл мэндийн байгууллагуудын орчин нөхцлийг сайжруулан, мэдээллийн технологийн хүчин чадлыг нэмэгдүүлж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангана.

1.3 Нийтийн биеийн тамир, спорт:
Аймгийн хэмжээнд 2015 оны байдлаар хүүхэд багачууд, залуучууд, насанд хүрэгчид, ахмадууд зэрэг 3000 орчим хүн спортын 18 төрлөөр секц, дугуйланд хамрагдаж байна.
Өнгөрсөн жилүүдэд “Шатар” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 80 хувь, насанд хүрэгчдийн 30 орчим хувь нь шатрын анхан шатны мэдлэг эзэмшсэн байна.
Үндэсний спортын өндөр амжилт үзүүлдэг бөх, морь, шагай зэрэг төрлүүдээс гадна үндэсний сурын харвааг орон нутгийн хэмжээнд сурталчлан хөгжүүлэх шаардлагатай байна.
Аймгийн брэнд спорт болсон цана, тэшүүр, волейбол, буудлага зэрэг спортын төрлүүдийн хөгжлийг одоогийн түвшнээс ахиулахад хэрэглэл материал, спортын барилга байгууламжийн хангалтыг сайжруулах зайлшгүй шаардлага байна.
Хүн амын дунд эрчимтэй нэмэгдэж буй хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх дасгал хөдөлгөөнөөр эрүүлжүүлэн, чийрэгжүүлэх талаар анхаарч тэдэнд зориулсан алхалт, гүйлт, дугуйн зам бүхий ногоон байгууламж дутагдалтай байна.
Хүүхэд багачууд, залуучуудад спорт, Олимпизмийн мэдлэг мэдээлэл өгөх, спортоор хичээллэгчдийн заал танхимын тохижилт, хэрэглэл материалаар хангах үүсгэл санаачлагыг дэмжих зэрэгт анхаарах шаардлагатай.
Үндэсний спортын өв, соёл, эрүүл амьдралын дадал хэвшлийг дэлгэрүүлж, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэн, спортыг бүх нийтийн үйл хэрэг болгоно.
1.3.1 Тамирчдын хөгжих, уралдаан тэмцээнд оролцоход нь дэмжлэг үзүүлж, амжилт гаргах, алдаршуулахад бодлогоор дэмжинэ.
1.3.2 Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх таатай орчин нөхцлийг бүрдүүлнэ.
1.3.3 Спортын тодорхой төрлүүдийг /үндэсний сур, цана, тэшүүр, бөхийн төрлүүд, волейбол, хөнгөн атлетик, бокс, буудлага, таеквандо, сагсан бөмбөг г.м/ түлхүү хөгжүүлнэ.
1.3.4 Спортын салбарын материаллаг баазыг нэмэгдүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулна.

1.4 Соёл, урлаг:
Аймгийн хэмжээнд Хөгжимт жүжгийн театр, Төв номын сан, Музей, Булган сумын Соёлын ордон, 15 сум, 1 тосгонд соёл, урлагийн үйлчилгээг хүргэн ажиллаж байна. 2013-2016 онд “Морин хуур” хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэдийн морин хуур хөгжмийн талаарх мэдлэг дээшилж, хичээллэгсдийн тоо 700-д хүрсэн. Иймд үндэсний уламжлал, өв соёлоо өвлүүлэх, хөгжүүлэх чиглэлээр арга хэмжээ, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хэрэгцээ байна.
2015 онд аймгийн нутаг дэвсгэр дээр нийт 559 төрлийн 2528 ширхэг дурсгал тоологджээ. Шинээр 254 төрлийн 726 ширхэг дурсгалыг бүртгэн баримтжуулсан бөгөөд дээрх дурсгал бүхий зүйлийг нийтэд сурталчлан таниулах шаардлагатай.
Соёл, урлагийн байгууллагын мэргэжилтэй боловсон хүчний хангалт 2015 онд ХЖТ 83.0 хувь, Төв номын сан 76.0 хувь, Музей 89.0 хувь, сумын Соёлын төвүүд 81 хувь, дундаж 82 хувьтай байгаа нь өнгөрсөн жилийн үзүүлэлттэй харьцуулахад 0.5 хувиар нэмэгдсэн хэдий ч мэргэжлийн урлагийн байгууллагын мэргэжилтэй боловсон хүчний хангалтыг 100 хувьд хүргэх зайлшгүй хэрэгцээ шаардлага байна.
Сумдын Соёлын төвүүдийн материаллаг баазыг нэмэгдүүлэх талаар анхаарч ажиллах шаардлагатай бөгөөд 2008 оноос хойш техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдээгүй байна.
Бүрэгхангай, Рашаант, Дашинчилэн, Баян-Агт сумын Соёлын төвүүдэд үе шаттайгаар их засвар хийсэн. Баяннуур, Хангал, Гурванбулаг, Сайхан, Хутаг-Өндөр сумын Соёлын төвүүдийн барилгын засварын зураг төсвийг хийлгэж, гүйцэтгэл хүлээгдэж байна.
Аймгийн ХЖТ нь суудлын хүрэлцээ муугаас гадна барилгын ашиглалтын хугацаа дуусах шатандаа орж шинээр чанар, хүртээмжтэй барилга барих хэрэгцээ бий болж байна. Төв номын сан болон Музейн барилгад өргөтгөл хийх, улмаар үйлчлүүлэгчдийн тоог нэмэгдүүлэх ая тухтай соёлын үйлчилгээний газруудыг бий болгох нь нэн чухал байна.
Үндэсний өв уламжлал, орчин үеийн дэвшилтэт соёлыг шингээсэн иргэдийг төлөвшүүлж, тэдний урлаг, гоо зүйн боловсролыг дээшлүүлэн, соёл, урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин өргөжүүлнэ.
1.4.1 Соёл, урлагийг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, соёлын үйлчилгээг шинэ шатанд гаргаж, соёл, урлагийн ажилтнуудыг сургах, давтан сургах ажлыг ээлж дараатай зохион байгуулах, мэргэжлийн урлагийн байгууллагуудын мэргэжилтэй боловсон хүчнийг нэмэгдүүлнэ.
1.4.2 Соёлын байгууллагуудын материаллаг баазыг сайжруулах, зарим сумдын Соёлын төвүүдийг шинээр барих, их засвар хийх, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг шат дараатай нэмэгдүүлнэ.
1.4.3 Үндэсний уламжлал, өв соёлыг дэлгэрүүлж, музейн үзмэрийн сан хөмрөгийг нэмэгдүүлэн, түүх соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах, үзмэрийг гадаад, дотоодод сурталчилах үйл ажиллагааг зохион байгуулна.
1.4.4 Номын фонд баяжилтыг нэмэгдүүлж, сумдын номын сангуудын орчин нөхцлийг сайжруулан, үйл ажиллагааг өргөжүүлнэ.

1.5 Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, хүүхэд гэр бүл:
Аймгийн нийт хүн амын 58.2 хувийг хөдөлмөрийн насны хүн ам эзэлж байгаа хэдий ч манай аймаг Хангайн бүсийн хэмжээнд хамгийн бага буюу 27.0 мянган ажиллагсадтай байна. Энэ нь нийт ажил хөдөлмөр эрхлэх боломжтой хөдөлмөрийн насны хүн амын 25.5 хувь нь ажилгүй, орлогогүй байна гэсэн үг.
Сүүлийн жилүүдэд ажлын байр нэмэгдэж, ажилгүйдлийн түвшин буурч байгаа хэдий ч тухайн ажлын байр нь байнгын тогтвортой биш, ажиллах хүчний өрсөлдөх чадвар муу, мэргэжилгүй ажилгүй иргэдийн эзлэх хувь өндөр байна. Үүнээс гадна ажлын байрны хүрэлцээ хангалтгүй, олноор нь ажлын байраар хангах томоохон үйлдвэр, аж ахуйн газрууд хомс, жижиг, дунд үйлдвэр, нөхөрлөл, бүлэг хоршоо нь зах зээлд өрсөлдөх чадвар дутмаг байгаа зэрэг нь ажилгүйдэл өсч, өрхийн орлого нэмэгдэхгүй байх шалтгаан болж байна.
2013 оны судалгаагаар аймгийн хүн амын ядуурлын түвшин 23.7 хувьтай байгаа нь манайд амьжиргааны түвшин доогуур өрхийн тоо олон, ядуурал өндөр байгааг харуулж байна. Энэ нь өрхийн орлогыг нэмэгдүүлж, нийгмийн халамжийг зөв зохистой, тэгш хүртээмжтэй хүргэх шаардлагатай байна.
Иргэдийн нийгмийн халамж, даатгалын талаарх хууль эрх зүйн мэдлэг хомс, энэ талын сургалт сурталчилгааны ажил дутмаг хийгдсэний улмаас эрүүл мэндийн даатгалд хамрагддаггүй, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хийлгэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ хүртэж чадахгүй байгаа нь өвчин эцсийн шатандаа оношлогдож нас баралт нэмэгдэх, дундаж наслалт буурах, хүн амын өсөлтөнд сөргөөр нөлөөлөх хүчин зүйл болж байна.
2015 оны жилийн эцсийн байдлаар шинээр 267 гэр бүл гэрлэлтээ бүртгүүлж, 52 гэр бүл гэрлэлтээ цуцлуулсан нь 2013 онтой харьцуулахад гэрлэлт 37 болон буурч, гэр бүл салалт мөн онтой харьцуулахад 14 тохиолдлоор өссөн байна. Насанд хүрээгүй иргэдээс үйлдсэн гэмт хэрэг, түүнд холбогдсон хүүхдийн тоо 2013 оныг 2015 онтой харьцуулахад буурч байгаа хэдий ч гэр бүлийн хүчирхийллээс үүдсэн дуудлага, хүүхдийн эрхийн зөрчил тохиолдлын тоо, шүүхээр гэр бүл цуцлалт, хүүхдийн асран хамгаалагчийг тогтоох, түүнтэй холбоотой гэр бүлийн шинжээчийн дүгнэлт гаргах тохиолдлын тоо өсөх хандлагатай байна.
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэй, ур чадвартай ажилтныг бэлтгэх, өрхийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, нийгмийн халамж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, иргэдийн нийгмийн хамгааллын тогтолцоог боловсронгуй болгоход бодлого үйл ажиллагаагаа чиглүүлнэ.
Хөдөлмөр эрхлэлт:
1.5.1 Аймгийн нийгэм, эдийн засгийн бодлоготой уялдуулан, шинэ залуу боловсон хүчнийг дэмжих, төгсөгчдийг ажлын байраар хангасан хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллана.
1.5.2 Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ, хоршоо, нөхөрлөл, өрхийн болон фермерийн аж ахуй хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх замаар ажлын байр бий болгон, ажилгүйдлийг бууруулна.
1.5.3 Хөдөлмөрийн харилцааны хэрэгжилтийг ханган ажиллаж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэн нийгмийн түншлэлийг хөгжүүлнэ.

Нийгмийн халамж хамгаалал, хүүхэд гэр бүл:
1.5.4 Нийгмийн зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн халамж, асрамжийн үйлчилгээг өргөжүүлэн, тэдэнд зориулсан үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлнэ.
1.5.5 Нийгмийн даатгал, халамжийн үйлчилгээг өргөжүүлж, мэдээллийн нэгдсэн системийг боловсронгуй болгон, иргэдэд хүндрэл чирэгдэлгүй хөнгөн шуурхай үйлчлэх нөхцлийг бүрдүүлнэ.
1.5.6 Гэр бүлийн хүчирхийлэл болон хүүхдийг эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гаргасан санал, санаачлагуудыг дэмжих
1.5.7 Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулж, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ.


ХОЁР. ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ

2.1 Эдийн засаг:
2015 оны байдлаар ДНБ 307.9 тэрбум төгрөгт хүрч, нэг хүнд ногдох ДНБ 5.1 сая төгрөг болж байна. Эдийн засгийн голлох салбар болох хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл ДНБ-ий 61.5 хувийг эзэлж байгаа бөгөөд 2015 онд 189.4 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ.
Эдийн засгийн өсөлтийг дэмжин, технологийн дэвшилд суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлж, баялгийг бүтээн орлогыг нэмэгдүүлж, сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдралыг хамтдаа бүтээнэ.
2.1.1 Бизнесийн таатай орчинг бүрдүүлэн, үйлдвэрлэлийг хөгжүүлж, дотоодын нийт бүтээгдэхүүнийг жил бүр нэмэгдүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг дэмжинэ.
2.2 Хүнс, хөдөө аж ахуй:
Мал аж ахуйн салбар 2015 онд 140.9 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэснийг төрлөөр нь авч үзвэл, 55334.3 мянган тн мах, 41230.3 мянган литр сүү, 1942.1 мянган тн ноос, 281.9 тн ноолуур, 792.8 мянган ширхэг арьс, шир бэлтгэсэн байна.
Аймгийн хэмжээнд мал эмнэлэг, үржлийн 53 нэгж ажиллаж байгаа бөгөөд нэг мал эмнэлэгт 60.8 мянган мал ноогдож байна.
Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд жил бүр 760-788.6 мянган мал, амьтан хамрагдаж байгаа боловч 2015 онд халдварт өвчнөөр 585 мал, амьтан өвчилж хорогджээ.
Сүүлийн 5 жилийн дунджаар жилд үр тариа 29705 га-д тариалж, 43075 тн ургац, төмс 816 га-д тариалж 8452.5 тн-ыг, хүнсний ногоо 327 га-д тариалж 3621 тн ургац хураан авч, үр тарианы нэгжийн дундаж ургац 15.2 цн байгаа нь улсын дунджаас дээгүүр үзүүлэлт юм.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн “Ногоон хувьсгал”, “Атрын 3 дахь аян”, “Чацаргана” үндэсний хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсний үр дүнд газар тариалангийн үйлдвэрлэл ихээхэн нэмэгдэж, дотоодын хэрэгцээг буудай, төмс 100 хувь, хүнсний ногоо 77.4 хувиар хангаж байгаа нь улсын дунджаас дээгүүр байна.
Аймгийн хэмжээнд малын тоо 3.2 саяд хүрч, малын тоо толгойн өсөлт, байгаль, цаг уурын өөрчлөлтийн улмаас бэлчээрийн даац ихээхэн хэмжээгээр хэтэрлээ.
Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийн хог хаягдлыг халдваргүйжүүлэх боломж муу, энгийн шатаах зуух ашигладаг, вакцин болон химийн бодис хадгалах зориулалтын өрөө байргүй, лаборатори хоорондын тусгаарлалтгүй байна.
Газар тариалангийн үйлдвэрлэлд дэвшилтэт шинэ техник, технологи нэвтрүүлэлт, мэргэжилтнүүдийн хүрэлцээ дутмаг, ихэнх талбай зориулалтын усалгааны системгүй зэрэг дутагдалтай зүйлс олон байна.
Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг аймгийн эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон, байгаль, цаг уурын өөрчлөлтөд дасан зохицсон, дэвшилтэт технологид суурилсан мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, бэлчээр, тариалангийн талбайг нөхөн сэргээх, малын үүлдэр угсаа, ашиг шимийг сайжруулах, эрүүл мэндийг хамгаалах, нэгж талбайгаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх ажлыг шинэ шатанд хүргэнэ.
2.2.1 Малын үржлийн ажил, үйлчилгээ, малын чанарыг сайжруулах замаар эдийн засгийн өсөлтийг хангана.
2.2.2 Бэлчээрийг зохистой ашиглах, эзэмшүүлэх, хамгаалах, талхлагдсан бэлчээрийг нөхөн сэргээх замаар бэлчээрийн даацыг нэмэгдүүлнэ.
2.2.3 Хөдөөгийн иргэдийн хөдөлмөр, хөрөнгөөрөө хоршин ажиллаж, орлогоо нэмэгдүүлэх боломж, нөхцлийг бүрдүүлнэ.
2.2.4 Мал эмнэлгийн үйлчилгээний олон улсын жишиг, стандартын шаардлагад нийцсэн, үйл ажиллагааны шуурхай, нэгдмэл байдлыг хангасан тогтолцоог бүх шатанд бүрдүүлж, мал эмнэлгийн нэгжүүдийг чадавхижуулж, мал бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хариуцлагыг өндөржүүлж, халдварт өвчингүй тайван байх нөхцлийг хангана.
2.2.5 Газар тариалангийн үйлдвэрлэлд дэвшилтэт шинэ техник, технологи нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлж, усалгаатай талбайг нэмэгдүүлэн, эргэлтийн талбайн ашиглалтыг сайжруулах замаар тогтвортой ажлын байр бий болгоно.

2.3 Үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ:
Сүүлийн жилүүдэд худалдаа, үйлчилгээний салбар өргөжиж байгаа боловч үйлчилгээний чанар, хүртээмж шаардлагын түвшинд хүрээгүй, үйлчилгээний үнэ буурахгүй байна. Мөн энэ салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ажиллах орчин, нөхцлийг сайжруулах шаардлагатай байна.
Хэдийгээр аймгийн дотоодын үйлдвэрлэлээр хүн амынхаа хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хэрэгцээг хангаж байгаа боловч эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан үйлдвэрлэлийн орчинд бэлтгэгдээгүй, ахуйн хүрээнд бэлтгэгдсэн баталгаагүй хүнсээр үйлчилж байна. Иймд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэрийг хөгжүүлж, баталгаатай хүнсний хангамжийг нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлэх нь чухал юм.
“Булган” үйлдвэрлэл, технологийн төвийг байгуулж, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарыг төрөлжүүлэн хөгжүүлж, орон нутгийн үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэх боломжийг бүрдүүлж, төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, аж ахуйн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ.
2.3.1 Орон нутгийн түүхий эд, нөөцөд түшиглэсэн дэвшилтэт технологи бүхий нэмүү өртөг шингээсэн жижиг, дунд үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлж, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ.
2.3.2 Худалдаа, үйлчилгээний салбарыг төрөлжүүлэн хөгжүүлж, эрүүл ахуйн орчин нөхцлийг сайжруулж, шударга өрсөлдөөнийг бий болгоно.

2.4 Байгаль орчин, ногоон хөгжил:
Уур амьсгалын хувьсал, өөрчлөлт, хүний хүчин зүйлсийн хам нөлөөний улмаас сүүлийн жилүүдэд Булган аймгийн бэлчээрийн 27.9 хувь нь хүчтэй, 33.1 хувь нь дунд зэрэглэлийн талхагдалд орж, цөлжилт эрчимтэй явагдаж байна.
Аймгийн төвд нэгдсэн халаалтын систем, цэвэрлэх байгууламжгүй, гэр хорооллын барилгажилт муутай зэргээс шалтгаалан агаар, хөрсний бохирдлын хэмжээ эрс нэмэгдлээ.
Сүүлийн 4 жилд ой хамгаалах 90 нөхөрлөл шинээр байгуулагдаж, нийт 187 нөхөрлөлтэй болон, ойн сангийн 30 хувийг хамгаалах нөхцлийг бүрдүүлсэн боловч одоогоор 50 гаруй нөхөрлөл нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
Аймгийн хэмжээнд өдөрт дунджаар 23000 кг хог хаягдал үүсч байгаагийн 9.5 хувийг буюу зөвхөн хуванцар материалыг хагас боловсруулан ашиглаж байгаа нь хангалтгүй байна.
Уул уурхайн олборлолтын улмаас эзэнгүй орхигдсон 33.6 га талбай бүртгэгдсэнээс сүүлийн 4 жилд 13.6 га талбайд буюу 40-45 хувьд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийлээ. Цаашид уул, уурхайн олборлолт хийж дууссан даруйд нь нөхөн сэргээлтийг хийлгэж хэвшүүлэх шаардлага бий боллоо.
Байгалийн баялгийг зүй бусаар ашиглах байдалтай тэмцэх, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг багасгах чиглэлээр арга хэмжээ авч байгаа ч экологид учруулж буй хохирлын хэмжээ мэдэгдэхүйц буурахгүй байна.
Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, хүрээлэн буй орчны доройтлыг бууруулан, агаарын бохирдлоос урьдчилан сэргийлж, эрүүл, аюулгүй, ногоон хөгжлийг бий болгон, байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлж, байгаль хамгаалах үүргийг бүх нийтийн үйл хэрэг болгоно.
2.4.1 Байгалийн нөөц, түүний нөхөн сэргэх чадвар, хувьсал, өөрчлөлтийн чиг хандлага, нийгмийн дэвшлийг түргэтгэх шаардлагатай уялдуулан дасан зохицох, нөөц баялгийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, орчны бохирдлыг арилгах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
2.4.2 Усны нөөцийг хэмнэх, хуримтлуулах, зохистой ашиглах, хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлж, хүн амыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн усаар хангана.
2.4.3 Ойн нөөцийн менежментийг сайжруулж, зохистой ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлтийн дэвшилтэт технологийг нэвтрүүлнэ.
2.4.4 Цөлжилтэй тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлж, бэлчээрийн доройтлыг бууруулах, хортон мэрэгчидтэй тэмцэх, усжуулах, байгалийг аясаараа нөхөн сэргэх нөхцлийг бүрдүүлнэ.
2.4.5 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөж, газар болон газрын хэвлийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлнэ.
2.4.6 Амьтан, ургамлын удмын санг хамгаалж, нөхөн сэргээх замаар өсгөн үржүүлэх, үр өгөөжийг дээшлүүлнэ.
2.4.7 Ус, цаг уурын урьдчилсан мэдээний чанар шуурхай байдал, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлж, үйл ажиллагааг сайжруулна.


2.5 Аялал жуулчлал:
Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг 256 аж ахуйн нэгж байгуулагдсан бөгөөд эдгээрээс 96 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
Манай аймагт гадаадын 8688, дотоодын 58736 гаруй жуулчин ирсэн нь өмнөх оноос гадаадын жуулчин 22.1 хувиар буурчээ. Аймгийн хэмжээнд 300 гаруй ортой 70 орчим Зочид буудал ажиллаж байгаа ч улсын зэрэглэлд орсон буудал байхгүй нь анхаарал татсан асуудал болж байна.
Аялал жуулчлалыг эдийн засгийн үр өгөөжтэй, байгальд ээлтэй салбарын нэг болгон хөгжүүлнэ.
2.5.1 Аялал жуулчлалын менежментийг сайжруулж, аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэх арга замыг судлан тогтоож, жуулчдын сонирхол, хэрэгцээг хангахуйц арга барилыг нэвтрүүлнэ.
2.5.2 Байгалийн үзэсгэлэнт болон түүх, соёлын дурсгалт газар, рашаан сувилал, дэд бүтэц зэрэг давуу талаа түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлж, салбарын үйлчилгээний чанар стандартыг сайжруулж, ажлын байрыг нэмэгдүүлнэ.
2.6. Төсөв, санхүүгийн бодлого:
2015 оны жилийн эцсийн байдлаар аймгийн төсвийн орлогод 18.1 тэрбум төгрөг орж орлогын төлөвлөгөөг 3.2 хувиар буюу 561.9 сая төгрөгөөр давуулан биелүүллээ. 2016 оны эхний хагас жилийн байдлаар аймгийн Татварын хэлтэст 1712 аж ахуйн нэгж, байгууллага, 34974 татвар төлөгч иргэн бүртгэлтэй байна. Татварын бүх төрлийн тайланг цахимаар авч байгаа бөгөөд цахим тайлангийн хамралт 80.0 орчим хувьтай байна.
Төсвийн нийт зардал 50.9 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 0.3 тэрбум төгрөгөөр өсч төлөвлөснөөс 3.3 тэрбум төгрөг буюу 6.1 хувиар хэмнэгдсэн гүйцэтгэлтэй байна. Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 65 хөтөлбөр, төсөл арга хэмжээнд зориулж 12.0 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Дээрх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний тендерийг холбогдох хуулийн дагуу зохион байгуулж, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө 88.6 хувьтай байна.
Төсвийн тухай хууль, Шилэн дансны тухай хуулийн дагуу төсөв санхүү, худалдан авах ажиллагаатай холбоотой үйл ажиллагааг ил тод мэдээлэн ажиллаж байна.
Аймгийн төсөв, санхүүг хариуцлагатай, ил тод, үр ашигтай удирдаж, орон нутгийн хөгжлийг дэмжинэ.
2.6.1 Татварын бааз суурийг өргөтгөх, татвар ногдуулах, хураах үйл ажиллагааг шинэ шатанд хүргэн төсвийн орлогыг нэмэгдүүлнэ.
2.6.2 Орон нутгийн төсвийн эх үүсвэрийг хамгийн оновчтой, үр ашигтай хуваарилж хэрэгжүүлэх, төсвийн ил тод байдлыг ханган ажиллана.
2.6.3 Нягтлан бодох бүртгэл, аудит, дотоод хяналтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагын бүртгэл хөтлөлт, тайлан гаргалтыг сайжруулах замаар төсвийн орлогын бүрдүүлэлт, зарлагын хэмнэлтэд эерэг нөлөө үзүүлэх, бүх шатны удирдлагад санхүү, эдийн засгийн оновчтой шийдвэр гаргахад арга зүйн туслалцаа үзүүлнэ.
2.6.4 Санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангана.


ГУРАВ. ДЭД БҮТЦИЙН ХӨГЖИЛ


Дуусаагүй барилга байгууламж болон шинээр барихаар төлөвлөж буй зураг төсөв хийгдсэн зам, барилгын ажлын хөрөнгө оруулалт дутагдалтайгаас зураг төслийн ач холбогдол буурах хандлагатай. Нийтийн орон сууц нь дулааны алдагдал ихтэй, хэрэглээний халуун усны шугамгүй, хуучин технологитой, сумд шилэн кабелиар холбогдсон боловч хэрэглэгчид түүний үр өгөөжийг бүрэн хүртэх боломжгүй, суурин газрын хаягжуулалт стандарт бус, шуудангийн үйлчилгээ хугацаа алддаг зэрэг нийтлэг бэрхшээл оршиж байна.
Зам, тээвэр, эрчим хүч, мэдээлэл холбоо, барилгын салбарыг хөгжүүлж, орон нутгийн иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлнэ.
3.1.1 Авто замын сүлжээг сайжруулж, зарим сумын төвийн авто замыг хатуу хучилттай болгоход улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөс гадна гадаадын хөрөнгө оруулагчид, дотоодын хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжинэ.
3.1.2 Аймгийн төвийн авто зам, замын байгууламжийг сайжруулах, нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх, автомашины зогсоолыг шинээр барих ажлыг үргэлжлүүлнэ.
3.1.3 Булган суманд нийтийн тээврийн үйлчилгээг тогтмолжуулж, алсын сумдад хүргэх шуудангийн үйлчилгээний тоог нэмэгдүүлнэ.
3.1.4 Аймгийн төв болон сумдад бий болох шинэ суурьшлын бүсүүдэд эрчим хүчний асуудлыг шат дараатайгаар шийдвэрлэж, эрчим хүчний хангамж муутай, доголдолтой газруудад шинэчлэл хийж, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг бий болгоно.
3.1.5 Хэрэглэгчдэд сүүлийн үеийн дэвшилтэт технологийн гурвалсан болон шилэн кабелийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлнэ.
3.1.6 Баригдаж дуусаагүй барилга, байгууламжуудыг дуусгахад анхаарч, орон сууцны хорооллыг байгуулж, иргэдийн амьдрах орчинг сайжруулна.
3.1.7 Иргэдийн оролцоотой газар зохион байгуулалтын төлөвлөлт хийж, газрын нөөцийг шинжлэх ухааны үндэслэлтэй зөв зохистой ашиглана.

ДӨРӨВ. ЗӨВ ЗАСАГЛАЛ


Хүний нөөцийн нэгдсэн бодлогогүйгээс хөдөө орон нутагт албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллахгүй байна. Өнгөрсөн 3 жилд аймгийн хэмжээнд төрийн жинхэнэ албаны 210 сул ажлын байр жил бүр давтан зарлагдаж байгаа нь хүний нөөцийн нэгдсэн бодлого хэрэгжүүлээгүйтэй холбоотой. Үүнээс үүдэн тодорхой салбаруудад бодлогын хэрэгжилт алдагдах, Төрийн захиргааны төв болон Нутгийн захиргааны байгууллагуудаас жил бүр явуулж буй мэргэшүүлэх сургалт үр дүнгүй болох эрсдэл тулгарч байна.
Төрийн албан хаагчдад өгч байгаа хэрэглэгчийн үнэлгээ нь эерэг байгаа хэдий ч төрийн албаны үйл ажиллагаа доголдолтой, нийгмийн болоод нийт иргэдийн нийтлэг эрх ашгийн төлөө бус, байгууллагын соёл төлөвшөөгүй, хариуцлагагүй, ажил мэргэжлийн ур чадвар сул, хүнд сурталтай гэсэн шүүмжлэл нийгэмд байсаар байна.
Манай аймаг нь хөрш зэргэлдээ улс болон гуравдагч орнуудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан боловч эдийн засгийн бодитой үр дүнд хүрэхгүй байсаар байна.
Төвийн болон орон нутгийн хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай ажиллах хамтын ажиллагаа хангалтгүй, аймгийн албан ёсны цахим хуудасны бүтэц ойлгомжгүй, шинэчлэл дутмаг, орон нутгийн телевизгүйн улмаас иргэдэд мэдээлэл жигд хүрэхгүй байна.
Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагуудаар хийж гүйцэтгүүлэх ажлын хөрөнгийн эх үүсвэр байхгүйн улмаас хамтын ажиллагаа сул зэрэг тулгамдсан асуудлууд оршсоор байна.
Төрийн албаны уламжлал шинэчлэлийг хослуулан, шийдвэр гаргахад иргэдийн оролцоог нэмэгдүүлж, хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит тогтмолжсон, эдийн засгийн үр өгөөжтэй гадаад харилцааг бэхжүүлэн, ИРГЭНДЭЭ ОЙР, МЭРГЭШСЭН, ТОГТВОРТОЙ ТӨРИЙН АЛБЫГ ТӨЛӨВШҮҮЛНЭ.
4.1.1 Зөв бодлогыг үр дүнд хүргэхийг зорьж ажиллана.
4.1.2 Төрийн албанд ахмад үеийнхээ мэдлэг чадвар, дадлага туршлага, арга барил, хандлагыг тусган авч, ахмад, дунд, залуу үеийн 3 цагийн хэлхээсэнд хамтран ажиллана.
4.1.3 Засаг, захиргааны анхан шатны нэгж багийн хөгжлийг бүх талаар дэмжиж, бэхжүүлнэ.
4.1.4 Төрд тангараг өргөж, хариуцлага хүлээсэн бүх шатны төрийн албан хаагчдаа үнэнч шударга, ёс зүйтэй, тогтвор суурьшилтай, сэтгэл хангалуун ажиллаж, амьдрах орчин нөхцлийг бүрдүүлж, хүний нөөцийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлж, байгууллагын соёл, хандлагыг төлөвшүүлнэ.
4.1.5 Нутгийн удирдлагын байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангаж, иргэдэд хүргэх мэдээллийг өргөжүүлж, цахим хэлбэрээр мэдээлэл, үйлчилгээ авах бололцоо, нөхцлийг сайжруулна.
4.1.6 Аливаа шийдвэр гаргахдаа иргэд, олон нийтийн саналыг авч, нийгмийн бүлгүүдийн оролцоонд тулгуурлаж, олонхийн эрх ашгийг дээдэлсэн бодлого гаргаж, хэрэгжүүлнэ.
4.1.7 Хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнг бодлого боловсруулах, төлөвлөлтийн явцад тусгах, ашиглах чадавхийг бүх шатны байгууллагад бий болгон олон нийтийн оролцоог хангах, санхүүжүүлэх арга замыг тодорхойлон үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээг тогтмолжуулж, үр нөлөөг дээшлүүлнэ.
4.1.8 Гадаад харилцааг өргөжүүлж шинэ шатанд гарган, бизнес эрхлэгчдийг төрийн зохицуулалтаар холбож өгнө.

ТАВ. ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, БАТЛАН ХАМГААЛАХ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ


Хууль хяналт, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд нийтийн хэв журам сахиулах, гамшиг ослын аюулгүй байдлыг хангах, орчны аюулгүй байдал, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр төрийн болон орон нутгийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлж, хууль тогтоомжийн дагуу хамтран ажиллаж байна. Төрийн байгууллагаас авлигын эсрэг явуулж буй үйл ажиллагааны үнэлгээ 2015 онд 63 оноотой бүртгэгдэж, албан тушаалын эсрэг гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үетэй ижил байна.
Орон нутгийн хамгаалалтад тулгуурласан батлан хамгаалах бодлого, зорилтыг хэрэгжүүлж, цэргийн жинхэнэ болон гэрээт цэргийн албыг хуулийн дагуу зохион байгуулан иргэн-цэргийн харилцааг бэхжүүлж байна.
Хууль тогтоомжийн сургалт, сурталчилгаа хөдөөгийн багт иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн байдлаар зохион байгуулагдахгүй байгаа тул олон нийтэд эрх зүйн боловсрол олгох ажилд шинэчлэл хийх шаардлагатай байна.
2016 оны 07 сарын байдлаар 167 гэмт хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн илрүүлэлт 64.7 хувьтай байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн дотроос санаатай болон болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон гэмт хэрэг өсч, Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг, танхай, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, хулгай, малын хулгай, иргэдийн эрх чөлөө, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг дийлэнх хувийг эзэлж байгаа ч, өмнөх оны мөн үеэс буурчээ.
2015 оны байдлаар объектын гал түймрийн 42 тохиолдол гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 30 хувиар өссөн бөгөөд нийт гал түймрийн 76 хувь нь хөдөөгийн сумдад гарсан байна. Ой хээрийн түймрийн тохиолдол 34 гарч өмнөх оноос 68 хувиар өслөө. Сум, багийн объектын болон ой хээрийн гал түймэр унтраах техник, багаж хэрэгслээр хангагдаагүй нь гал түймрийн аюулыг бууруулахад хүндрэлтэй байна.
Аймгийн Цагдаагийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Шүүхийн шинжилгээний алба, Мэргэжлийн хяналтын газрын конторын байрны хүрэлцээ муутай байдлыг шийдвэрлэж, нийтийн хэв журам хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд мэдээллийн технологийг өргөнөөр нэвтрүүлэн, үр дүнтэй ашиглах хэрэгтэй байна.
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж, нийтийн албаны ёс зүйг өндөржүүлэн, олон нийтийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх замаар төрийн албаны сахилга хариуцлагыг дээшлүүлнэ. Хууль хяналтын болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлж, иргэний аюулгүй АМЬДРАХ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭХ зорилгоор эрсдэлд суурилсан удирдлага, шуурхай бэлэн байдлыг хангана.
5.1.1 “Иргэний эрх зүйн боловсрол” хөтөлбөрийг хэрэгжүүлж, сум, байгууллагад эрх зүйч мэргэжилтэн, иргэний эрх зүйн хөтөч бэлтгэн, хууль зүйн туслалцааг иргэд, байгууллагад үзүүлнэ.
5.1.2 Байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилтийг сайжруулж хяналт тавин, байгууллагын шударга түвшний үнэлгээг нэмэгдүүлнэ.
5.1.3 Нийтийн хэв журам хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг иргэд, олон нийт, аж ахуйн нэгж байгууллагын оролцоонд түшиглэн зохион байгуулж, хяналт, хамгаалалтын үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэхийн зэрэгцээ тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ.
5.1.4 Хууль хяналт, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагааг хуулийн дагуу дэмжиж /шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, ажиллах нөхцөл/, хууль сурталчлах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллаж иргэдийн “АЮУЛГҮЙ АМЬДРАХ ОРЧИН”-ыг бүрдүүлнэ.
5.1.5 Төрийн цэргийн бодлогын хүрээнд батлан хамгаалах бодлого, зорилтыг орон нутагт хэрэгжүүлж, эцэг-эх, цэрэг-дайчид, төр захиргааны байгууллагын холбоог нэмэгдүүлж, ирээдүй болсон хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлнэ.
5.1.6 Байгалийн аюулт үзэгдэл, болзошгүй гамшгийг тандан судлах, урьдчилан мэдээлэх тогтолцоог орон нутагт бүрдүүлж, гамшгийн эрсдэл, эмзэг байдал, хохирлыг бууруулах зорилгоор олон нийтэд тулгуурласан удирдлагын тогтолцоог нэвтрүүлэн гамшигтай тэмцэх чадавхийг бэхжүүлнэ.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ:
1. Аймгийн Засаг даргын Тамгын газар аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, дэд хөт

Булган 80-н жил