Мэдээ

2020 оны 1 дүгээр сарын мэдээ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

2020 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН МЭДЭЭ

 

Нэг. Удирдлага зохион байгуулалтын талаар:

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны талаар:

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлыг нэг удаа хийж, 7 асуудал хэлэлцэн, 5 тогтоол гаргаж, 2 асуудлаар, тэмдэглэлээр холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг чиглэл өглөө.

Аймгийн ИТХ-аас энэ жил 1590 агнуурын амьтан агнаж, бариулан ан амьтны нөөц ашигласны төлбөрийн орлогод 8,0 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээр шийдвэрлэлээ.

          Аймгийн ИТХ-аас баталсан ахуйн зориулалтаар агнах, барих агнуурын амьтдын хуваарийн дагуу зэрлэг гахай 20, бор гөрөөс 50, загас 1500, агнуурын шувуу 20-ыг энэ онд агнуулж, бариулах юм. Энэ онд тусгай зориулалтаар буюу аялал жуулчлалын үйлчилгээний чиглэлээр агнах, барих амьтдын тоог өнгөрсөн оныхоос бууруулан агнуурын шувуу агнах хэмжээг хоёр дахин багасгаж Баяннуур, Хутаг-Өндөр суманд 50 толгойг агнаж, тул загас барьж, буцаан тавих тоог 12,5 хувиар бууруулан Тэшиг суманд 35 тул загас барьж тавихаар шийдвэрлэлээ.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид энэ онд ойгоос нийтдээ 97,7 мянган шоометр мод бэлтгэж, 287,7 сая төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөж шийдвэрлээд байна. Энэ нь өнгөрсөн онд мод бэлтгэхээс төлөвлөсөн хэмжээнээс 19,4 мянган шоометр буюу 16,5 хувиар их байгаа юм. Рашаант, Дашинчилэн, Баяннуур, Гурванбулаг сумаас бусад ойн сан бүхий нутгаас мод бэлтгэхээр хуваарилсан байна.

             Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид ойгоос бэлтгэх модны хуваарьт багтаан үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх модны зөвшөөрлийг зөвхөн туушаар тээвэрлэх нөхцөл бүрдүүлсэн мэргэжлийн эрхтэй, боловсон хүчний чадавх, тоног төхөөрөмжтэй байгууллага, аж ахуй нэгжээр гүйцэтгүүлэхийг сум дундын Ойн анги, сумын Засаг дарга нарт даалгалаа.

Аймгийн ИТХ 2020 онд хуралдаанаар 11, Тэргүүлэгчдийн хурлаар 68 асуудал хэлэлцэх, 11 чиглэлээр хяналт шалгалт хийхээр төлөвлөөд байна.

            Рашаант, Сэлэнгэ сумын ИТХ-ын хуралдааны материалтай танилцаж зөвлөмж өглөө.

Төрийн захиргааны чиглэлээр

“Төрийн албаны тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх нь” сургалтыг зохион байгуулж, сумдын ЗДТГ-ын дарга нарыг хамруулан төрийн жинхэнэ албан тушаалын тодорхойлолт батлах, сул орон тоог нөхөх, төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх сургалтад хамруулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Аймгийн Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хурлыг 1 удаа зохион байгуулж 15 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдрийг тохиолдуулан төрийн дээд одон, медалиар 14 иргэн шагнагдсныг гардууллаа.

Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын чиглэлээр:

2019 оны жилийн эцсийн байдлаар ЗГХЭГ-с манай аймагт даалгасан Засгийн газрын 107 шийдвэрийн 221 заалтын биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж 94.7 хувийн хэрэгжилттэйгээр ЗГХЭГ-ын "Мэдээллийн цахим сан"-д байршуулж, аймгийн ЗДТГ-ын даргын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний 03/45 албан тоотоор ЗГХЭГ-т тайланг цаасаар хүргүүллээ.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2019 оны жилийн эцсийн хэрэгжилтийг 92.4 хувийн хэрэгжилттэйгээр аймгийн ЗДТГ-ын даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01/95 дугаар албан тоотоор ЗГХЭГ-т хүргүүлж, хэрэгжилтийг ЗГХЭГ-ын мэдээллийн цахим санд хугацаанд нь байршуулсан.

Аймгийн ИТХ, ИТХТ-ийн гаргасан 103 шийдвэрийн 212 заалтын хэрэгжилтэд 2019 оны жилийн эцсийн байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийн аймгийн ЗДЗ-ийн хуралд танилцуулахаар ажиллаж байна.

Улсын тэргүүний /загвар/ сум шалгаруулах болзлын дагуу материалыг хүлээн авч хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, ирүүлсэн сумдын ажлыг шалгаж, зөвлөгөө, дүгнэлт өгөх ажлын хэсэг хуралдаж ирүүлсэн тайлантай танилцаж Хутаг-Өндөр сумыг дэмжин, материалыг Хангайн бүсийн шалгаруулалтад "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам"-ын дагуу 2020 оны 03 дугаар сарын 01-ний дотор хугацаанд нь хүргүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.ss

Аймгийн ЗДТГ-ын даргын тушаалаар байгуулагдсан "Агентлаг, сумдын Засаг даргын Тамгын газрын 2019 оны үйл ажиллагааны тайланд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх" ажлын хэсгийн гишүүдээс үнэлгээг авч, нэгтгэн аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахаар ажиллаж байна.

 Хоёр. Эдийн засаг, төсөв, санхүүгийн бодлогын хүрээнд:

Аймгийн төрийн сангаар үйлчлүүлэгч төсвийн байгууллагуудын төлбөр тооцоог хийж гүйцэтгэн 1198 ширхэг төлбөрийн хүсэлтээр 3.7 тэрбум төгрөгийн гүйлгээг дамжуулсан байна.

            Сумдын төрийн сангийн үйл ажиллагаанд хийгдэх дотоод хяналтын төлөвлөгөөг Аймгийн Засаг даргаар батлуулан Сангийн яаманд хүргүүлсэн.

            Суманд 602.6 сая, орон нутгийн төсвийн байгууллагуудад 1466.1 сая, тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудад 3318.6 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон.

            Улсын төсөвт 55.2 сая, аймгийн төсөвт 1356.4 сая төгрөг, сумын төсөвт 113,6 сая төгрөг төвлөрүүлж орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 100 хувьтай байна. ХХОАТ-ын хөнгөлөлт, чөлөөлөлтийн 84 тайланг хүлээн авсан. “Шар нарст” ХХК-д хяналт шалгалт хийж 2,039.4 мянган төгрөгийн зөрчил илрүүлж 2979.1 мянган төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдууллаа.

Өвсний үндэс хөтөлбөрөөс санхүүжигдэх “Эрдмийн өргөө цогцолбор” сургуулийн засварын ажлын тендерийн нээлт хийж “Булган барилга” ХХК, “Ворк мастер” ХХК, “Голдэн прогресс” ХХК-иуд материалаа ирүүлсэн байна.

Гурав: Хууль, эрх зүйн бодлогын хүрээнд:

Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 98 жилийн ойг тохиолдуулан 16 сум 1 тосгоны    787 төрийн алба хаагч нарт  аймгийн эрх зүйн хөтөч нар хичээл заасан.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагваар ахлуулсан ажлын хэсэг  2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Булган аймагт ажиллалаа. Ажлын хэсэг нь батлагдсан удирдамжийн дагуу 51 төрийн алба хаагч нарт Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Зар сурталчилгааны тухай  хуулиудаар сургалт зохион байгуулан ажилласан. Мөн аймгийн хэмжээнд хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан.

Хууль зүй дотоод хэргийн сайдын 2019 оны А/210 тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор 15 сум 1 тосгоны нотариатын үүрэг хавсран гүйцэтгэгчийн тамга, баталгааны дугаар бүхий тэмдгийг “Хаан тамга урлал” ХХК –иар хийлгэн сумдад хүргүүлж ажилласан.

            Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн аймгийн нэгдсэн зөвлөгөөнийг Тэшиг суман дахь хилийн 0286 дугаар ангиас зохион байгуулж 2019 оны төлөвлөгөөг хэлэлцэж 2020 оны төлөвлөгөөг баталлаа. Зөвлөгөөний төгсгөлд Хилийн 0286 дугаар ангийн захирагч 2020 онд хамтын ажиллагаатай байгууллагын дарга удирдлага нартай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Дөрөв: Боловсрол, соёл, эрүүл мэнд,

нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд:

Боловсролын чиглэлээр:

Төвийн бүсийн СӨБ, ЕБС-ийн багш нарт экологийн боловсролын “Хэлэлцүүлэг-2”- ыг зохион байгуулан 6 цэцэрлэг, 4 сургуулийн 30 гаруй багшийг хамруулан цаашид ажиллах чиглэл, зөвлөмжийг гаргасан.

Бага дунд ангийн 42 сургалтын менежерийг хамруулан БМДИ-тэй хамтран “Даалгаврын сан боловсруулах арга зүй”, 22 цэцэрлэгийн 116 туслах багшийг хамруулан “Бага насны хүүхдийн хөгжлийн төв”-тэй хамтран СӨБ-ын туслах багш нарыг чадваржуулах, “Оюунлаг Булган” хөтөлбөрийн “Ой тогтоолт” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн мониторинг шалгалтад хамруулан, 4 удаагийн сургалтыг тус тус зохион байгуулав.

Ой тогтоолтын аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 19 сургуулийн 145 багш, суралцагчид, бага боловсролын монгол хэл, уншихын, 9-р ангийн монгол хэлний  анги нийтийн “Эчнээ” олимпиадын нэгийн даваанд  20 сургуулийн 3-5, 9-р анги, ЭЕШ-ийн түвшин тогтоох шалгалтыг 10 судлагдахуунаар бэлтгэсэн сэдэв агуулгын дагуу аймгийн бүх сургуулиудын 12-р ангийн 1496 суралцагчдаас авч шалгалтын материалыг засан анализ, зөвлөмжийг хийн сургуулиудад хүргүүллээ.

Эрүүл мэндийн чиглэлээр:

            “Ахмадуудаа идэвхтэй хөдөлгөөнөөр дэмжицгээе хөтөлбөр”-ийг эрчимжүүлэн “Эрүүл насжилтын төлөө хамтдаа” өдөрлөгийг, Эрүүл мэндийн байгууллагуудын эх баригч, ахлах сувилагч нарт 2 өдрийн сургалт зохион байгууллаа. Сургалтын үеэр  сувилахуй, эх барихуйн чиглэлээр тулгамдсан асуудал, 2020 онд сувилахуйн төлөвлөгөөнд тусгах санал, 2020 онд гарсан Эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн тохиолдлыг хэлэлцсэн.

            Томуу томуу төст өвчний дэгдэлтийн үед авах хариу арга хэмжээг эрчимжүүлэх талаар мэргэжлийн удирдах дээд шатны байгууллагын зөвлөгөө зөвлөмжийг нийт Эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлж байна.

            Эрүүл мэндийн байгууллагуудын 27 ахлах сувилагч нарыг Дархан, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн байгууллагуудын туршлага солилцох сургалтад хамруулсан.

            Хишиг-Өндөр суманд аймгийн Засаг даргын баталсан удирдамжаар хяналт шинжилгээ хийх ажлын хэсэг ажиллаж, хяналт шинжилгээ хийсэн.

“Эрүүл мэндийн хөтөч” дэд хөтөлбөр, Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх бодлого”-ыг 2020 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулан аймгийн ЗДТГ-т хүргүүлсэн.

            “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг Эрүүл мэндийн байгууллагуудаас авч нэгтгэн, ЭМХТ-д хүргүүлсэн.

Нийгмийн халамжийн чиглэлээр:

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр:

Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд 2020 оны 01-р сарын байдлаар шинээр 46 иргэн идэвхтэй ажил хайгчаар бүртгүүлсэн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр ангилвал: бага буюу боловсролгүй иргэд 11 хувь, бүрэн дунд боловсролтой 45 хувь, дипломын болон бакалаврын дээд боловсролтой 13 хувь, тусгай болон техникийн мэргэжилтэй иргэд 7,6 хувийг эзэлж байна. Нийт иргэдийн 85 хувийг 25-54 насныхан эзэлж байна.

Ажил олгогч 7 байгууллагаас 12 чиглэлийн ажлын байрны захиалга авч, орон нутгийн телевиз болон зарын цэгүүдээр байршуулан зар сурталчилгааг явуулж ажиллалаа. Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөрийн бичил бизнесийг дэмжих арга хэмжээний хүрээнд 57 иргэнийг бүртгэсэн ба зээлийн өмнөх 2 өдрийн сургалтад 35 иргэн хамрагдсан. Эргэн төлөлтийн асуудлаар албадан төлүүлэх гэрээ байгуулсан.

Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох ганцаарчилсан зөвлөгөөг 7 иргэнд өгч ажиллалаа. Ажлаас буруу халагдсан 2 иргэнд хөдөлмөрийн харилцааны зөвлөгөө, ажилд ороход анхаарах асуудлаар 5 иргэнд тус тус зөвлөгөө өгснийг хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн санд бүртгэлжүүллээ.

Онцгой байдлын газрын 48 албан хаагчдад, Булган сумын 3-р цэцэрлэгийн 6 ажилтанд “Мэргэжлийн харилцаа” сэдвээр тус тус сургалт хийв.

Байгууллагын хэмжээнд хөдөлмөрийн бүтээмжийн хөдөлгөөн өрнүүлэх төлөвлөгөө гарган хэрэгжүүлэн, биелэлтийг тооцож, нийт ажиллагсдын бүтээмжийг хэмжих зорилгоор байгууллагын ажиллагсдын хяналтын самбарыг гарган, тэмдэглэл хөтөлж байна. Байгууллагын ажиллагсад үйлчлүүлэгчдээс авах сэтгэл ханамжийн судалгааны загвар болон нэг өдрийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хуудасны загвар зэргийг гарган ажиллагсдад танилцуулав.

Нийгмийн халамжийн чиглэлээр:

2020 оны 1 дүгээр сарын байдлаар 871 өрхийн 2355 том хүн, 2174 хүүхэд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж байна.

2020 онд хүнсний эрхийн бичгээр үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулах журмын дагуу сумдын амьжиргаа дэмжих зөвлөлийн шийдвэрийг гаргуулан авлаа. Нийт 16 сум, 1 тосгоноос амьжиргаа дэмжих зөвлөлийн шийдвэр ирсэн бөгөөд хүнсний эрхийн бичгээр үйлчилгээ үзүүлдэг дэлгүүрүүдийн гэрээг сунгахаар шийдвэрлэжээ.

Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгохтой холбоотойгоор Сэлэнгэ, Хялганат, Хангал, Бугат сумдыг хариуцан авч мэдээлэл өгч ажиллаж байна.

Халамжийн сангаас 2020 оны 1-р сард 5644 иргэнд 467,4 сая төгрөгийн тэтгэвэр тэтгэмж, хөнгөлөлт олгогдлоо.

Өрхийн мэдээллийн нэгдсэн санд 12514 өрхийн 17730 хүүхэд бүртгэлтэй байна. Өрхийн амьжиргааны түвшинг 5 үзүүлэлтээр эрэмбэлдэг ба илүү өндөр хэрэглээтэй 581 өрх, дундаас дээгүүр 2231 өрх, дундаж бүлэг 5990 өрх, харьцангуй бага хэрэглээтэй 2597 өрх, доод 1115 өрх байна.

            Монгол улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 470 дугаар тогтоолоор “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-д өөрчлөлт орж 2020 оны 01 дүгээр сараас эхлэн өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй буюу өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд хамрагдсан өрхийн нийт хүүхдэд түвшин харгалзахгүй олгохоор болсонтой холбогдуулан ХХҮЕГ-аас ирсэн чиглэлийн  дагуу сумдад албан бичиг хүргүүлж мэдээлэл өглөө. Мөн батлагдсан загварын дагуу сумдаас судалгаа авч нэгтгэн ХХҮЕГ-т хүргүүлсэн.

Шинэ төрсөн хүүхдийн мэдээллийг тухай бүр сумдаас авч, 1-р сарын байдлаар 126 шинээр төрсөн хүүхдийн мэдээллийг програмд оруулсан. 2019 онд шинээр төрсөн хүүхдүүдийн гэрчилгээний хуулбарыг үдэж цэгцэлсэн.

Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн 89 өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэж байна.

Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн дүнгээс харахад:

  • 0-18 хүртэлх насны хүүхэдтэй нийт өрхийн тоо 9531
  • Хүүхдийн мөнгө авч байгаа өрхийн тоо 8500
  • 670-аас дээш оноотой өрхийн тоо 943
  • Судалгаанд хамрагдах 130 өрх байна.

Дундаж бүлгээс доош түвшинд байгаа 26 өрхийн гишүүдэд эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх төлбөрийн хөнгөлөлт, эрчим хүчний төлбөрийн хөнгөлөлт, шүүхийн тэмдэгтийн хураамжийн төлбөрөөс чөлөөлөх  үйлчилгээг авах зэрэг тодорхойлолтуудыг гаргаж өгсөн.          

Сумдаас зорилтот өрх, өрх толгойлсон эцэг, эх, хагас, бүтэн өнчин хүүхдийн судалгааг авч нэгтгэлээ. Энэхүү судалгааны дүнгээс үзэхэд аймгийн хэмжээнд 29 бүтэн өнчин, 631 хагас өнчин хүүхэд байдаг бөгөөд Булган суманд 97 хүүхэд амьдарч байна. Нийт хүүхдүүдийн ихэнх хувь нь ерөнхий боловсролын сургуульд суралцдаг хүүхдүүд байна. Аймгийн хэмжээнд 302 өрх толгойлсон эцэг байгаагаас Сэлэнгэ суманд 102 буюу хамгийн олон өрх толгойлсон эцэг амьдарч байна. Мөн 1125 өрх толгойлсон эх байгаагаас Сэлэнгэ суманд 204 буюу хамгийн их өрх толгойлсон эх амьдарч байна.

Зорилтот өрхийн амьжиргааг дээжлүүлэх шаардлагатай өрхийн судалгааг гаргаж, өрхийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулан, байгуулагуудтай хамтарч ажиллахаар төлөвлөж байна.

Гэр бүлийн хөгжил хамгааллын чиглэлээр:

  • Шүүхээс ирсэн захирамжийн дагуу гэр бүлийн асуудалд шинжээчийн баг томилогдон Орхон суманд ажиллалаа.
  • Гэр бүлийн боловсролын нийт 10 дугаар хичээлийг байгууллагын цахим хуудсаар дамжуулан цахим орчинд олон нийтэд хүргэж 759 хүний хандалт авсан байна.
  • 2020 онд хүүхдийн хөгжил хамгааллын чиглэлээр Албан байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичгийг баталсан.Үүнд /Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Боловсролын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газруудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. .
  • Шүүхээс ирсэн захирамжийн дагуу Орхон суманд очиж ээж Л.Сувдын гэрт очиж орчин нөхцөлийн үнэлгээ болон судалгаа хийж шинжээчийн баг ажиллалаа.
  • 01.20-нд  шүүхээс ирсэн захирамжийн дагуу Хангал сумын гурван эвэрт баг дээр эцэг Б.Ундрахын гэрт очиж орчин нөхцөлийн үнэлгээ болон судалгаа хийж шинжээчийн баг ажиллаж шүүхэд мэдээллийг хүргэсэн.
  • “Цодгор хүү 2020 “ шатрын тэмцээн 2020.01 сарын 08-ны  өдөр зохион байгуулагдсан. Тус тэмцээнд 15 сумын 107 хүүхэд багачууд оролцон өрсөлдсөн.

Тав. Хөдөө аж ахуйн бодлогын хүрээнд:

Мал аж ахуйн талаар:

Засгийн газрын 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” 338 дугаар тогтоолоор “Улсын аварга малчин”, “Улсын хошой аварга” малчин өрх шалгаруулах журамын дагуу “Улсын хошой аварга малчин”-д Баян-Агт сумын Халтар багийн малчин Дугаржав овогтой Галбадрах, “Улсын аварга малчин”-д Гурванбулаг сумын Бэрх багийн малчин Пүрэвдорж овогтой Дашгарваа, Могод сумын Баянгол багийн малчин Жадамба овогтой Батдэлгэр, Тэшиг сумын Харгал багийн Бямбасүрэн овогтой Цэрэндаваа нарыг шалгаруулан ХХААХҮЯ-нд хүргүүлсэн.

Аймгийн Засаг даргын даргын захирамжийн дагуу ажлын хэсэг Гурванбулаг, Рашаант, Бүрэгхангай, Хишиг-Өндөр, Дашинчилэн Баяннуур, Могод сумдын мал аж ахуйн өвөлжилт, отор нүүдлийн байдалтай газар дээр нь танилцаж Аймгийн онцгой комиссын хуралд танилцууллаа.

ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнхөөр ахлуулсан ажлын хэсэг, ХХААГ-ын дарга Ч.Амгалан, МАА-ны мэргэжилтэн Ц.Бямбацогт нар Гурванбулаг, Могод, Рашаант, Дашинчилэн, Баяннуур сумдаар явж тус сумдад отроор орж ирсэн Өвөрхангай, Дундговь аймгийн малчидтай уулзаж нөхцөл байдалтай танилцаж цаашид авах арга хэмжээний талаар танилцаж ХХААХҮЯ-нд хөнгөлөлттэй үнээр өвс, тэжээл нийлүүлэх талаар санал хүргүүлэв.

Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 03-ний “Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 285 дугаар тогтоолоор заасан аймаг, сумдын өвс тэжээлийн бүрдүүлсэн талаарх судалгааг авч аймгийн аюулгүй нөөцийн өвсний 53.3 хувь 160 тн өвсийг урьд бүсийн 8 суманд хуваарилах асуудлыг Аймгийн Засаг даргын Зөвлөлийн хуралд  оруулж шийдвэрлэв.

            Малын удмын сангийн үндэсний төвтэй 2020 онд хамтран ажиллах санал солилцож, Сэлэнгэ үүлдрийн үхрийн бухнаас үр авч, генийн санд хадгалахаар Сэлэнгэ суманд ажиллав.

Хүнс, газар тариалангийн талаар:

“Газар тариалангийн хөгжлийн тогтвортой хөгжил” хөтөлбөрийн 2019 оны биелэлтийг ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэв.

Аймгийн хэмжээнд 2019 онд нийт 43,3 тн үхрийн мах, 56 тн хонины мах, 8 тн ямааны махыг Булган, Хутаг-Өндөр сумдын 1 иргэн, 3 аж ахуйн нэгж бэлтгэн нөөцлөөд байна.

2020 оны орон нутгийн төсөл хөтөлбөрийн санхүүжилтийн  саналыг ХОХБТХ-т хүргүүлсэн. 

ХААМСҮТийн дэргэд  газар тариалангийн мэргэжлийн зөвлөлийг 16 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж анхны хурлыг зохион байгуулж, дүрэм төлөвлөгөөг хэлэлцэн баталж, зөвлөлийн даргаар МСҮТ-мийн захирал Н.Пүрэвсайхан, орлогч даргаар ХААММын багш Л.Долгорсүрэн нарыг томилов.

Орон нутгийн хөгжилд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чуулганд Булган аймгаас нийт 130 гаруй бизнес эрхлэгч оролцлоо.

Зургаа: Байгаль орчин, үйлдвэрлэл үйлчилгээ,

дэд бүтцийн салбарын чиглэлээр:

Байгаль орчны чиглэлээр:

Хутаг-Өндөр сумын хогийн жалгын гаралт оролтыг цэвэрлэж, дарж булах ажлыг хэрэгжүүллээ.

Аймгийн хэмжээнд агаарын бохирдлын эх үүсвэрийн тооллогын ажлыг хэрэгжүүлж эхлээд байна.

            Уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгч 13 аж ахуйн нэгжийн 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний тайланг дүгнэж, дүгнэх хуудас, нөхөн сэргээлтийн актыг  аж ахуйн нэгжүүдэд хүргүүллээ.

            “Монголын ойн тогтвортой менежментийн зөвлөл” ТББ, “FAO”төсөлтэй хамтран Хангал, Сэлэнгэ, Бугат, Орхон, Хутаг-Өндөр сумдын нөхөрлөл, байгаль хамгаалагч, ойн ангийн төлөөллүүдэд, “Ойн анги, нөхөрлөлүүдийн үйл ажиллагаанд хийх мониторинг үнэлгээ”, “Нөхөрлөлийн ойн менежментийн төлөвлөгөөний бүтэц, агуулга” зэрэг баримт бичгийн шинэчилсэн төслийг хэлэлцүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа.

            Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг дэвсгэрт хэрэгжих “Булгийн шил” ХХК-ний “Зүсмэл материал үйлдвэрлэх” төсөлд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлээ.

            Хутаг-Өндөр, Орхон, Сэлэнгэ сумын байгаль хамгаалагчид “Нөхөрлөлийн ойн менежментийн төлөвлөгөөний бүтэц, үйл ажиллагаа болон хяналт мониторинг үнэлгээ хийх журам”, холбогдох баримт бичгийн шинэчилсэн төсөл”-ийн хэлэлцүүлэгт оролцлоо.

            Булган сумын сургууль цэцэрлэгийн 30 багшид “Хүүхэд залуучуудын экологийн боловсрол олгох” сургалт хийлээ.

            Улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах, улсын хил, хил орчмын нутаг дэвсгэр, байгаль орчныг хамгаалах зорилгоор харилцан ажиллагааг бэхжүүлж, хилийн зөрчлийг хууль зүйн дагуу шуурхай шийдвэрлэх зорилгоор  Хилийн цэргийн 0286 дугаар ангитай хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулан батлууллаа.

            Орхон , Бугат суманд цэвэрлэгээний ажил хийх 20 га талбайг сонголоо.

            Бугат, Орхон, Тэшиг Хутаг-Өндөр сумдад хяналт шалгалтын ажил хэрэгжүүлж, байгаль орчны эсрэг 2 зөрчил  илрүүлж, Цагдаагийн газарт шилжүүллээ.   

Газрын харилцаа, барилга хот байгуулалтын чиглэлээр:

Барилгын хяналт: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй “Их азар” ХХК-ийн гүйцэтгэж буй Нийгмийн даатгалын конторын барилга угсралтын ажилд захиалагчийн хяналт хэрэгжүүлж ажиллаа.

Гурванбулаг сумын ХААН банкны барилга угсралт, “Сод Хан Трэвел” ХХК -ийн ХААН буузны барилгын ажил, “Дашваанжил” ХХК -ийн автомашин хийгээр цэнэглэх станцын барилгын ажил, Хутаг-Өндөр сумын “Булган мах маркет” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрийн барилгын өргөтгөлд улсын комиссыг ажиллуулж Гурванбулаг сумын ХААН банкны барилга угсралтын ажлыг улсын комисс хүлээж авлаа. 

Зураг төсөл: Булган сумын 6 дугаар багийн нутаг, Залуус хороолол чиглэлийн хатуу хучилттай авто болон явган зам, түүний орц, гарц, авто зогсоолын талбай, тэмдэг, тэмдэглэгээ, гэрэлтүүлэг шинээр байгуулах ажлын зураг төсөл боловсруулах ажлыг “Ихэр мөнх” ХХК-тай 48 440 699 төгрөгийн гэрээ байгуулж ажиллаа.

Аймгийн Хөгжимт жүжгийн театрын барилгын зураг төслийг гүйцэтгэж буй “Кон инженерс” ХХК-ийн гэрээ сунгуулах хүсэлтийг судалж 2020 оны 04 сарын 15-ны өдөр хүртэл зураг төслийн гэрээг сунгалаа. 

Газар зохион байгуулалтын чиглэлээр

“Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим систем” улсын хэмжээнд хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан газрын цахим биржээр дамжуулан дуудлага худалдааны зарчмаар 2020 онд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэх, өмчлүүлэх, ашиглуулах газрын байршил хэмжээг веб болон десоктоп програмд орууллаа. Бусад 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг 2020 оны 01 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулах газрын даамлуудын сургалтын үеэр програмд бүрэн оруулахаар төлөвлөж байна.

Газар өмчлөлийн чиглэлээр

“Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн 11 дүгээр зүйлийн 11.1.2, 12.1.2 дахь заалтын дагуу 2019 онд иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээ, зориулалтыг сум бүрээр нэгтгэн аймгийн Засаг даргад саналыг хүргүүлэн аймгийн ИТХурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 104 дүгээр тогтоолоор батлуулан ГЗБГЗЗГазрын газар зохион байгуулалтын хэлтсийн мэргэжилтэн khurelbaatar.m@gazar.gov.mn хаягаар хүргүүлэв.

2019 онд иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталсан аймгийн ИТХ-ын 03 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллах талаар сумдын Засаг дарга нарт хүргүүллээ. Олон нийтэд мэдээлэх, сурталчлах үүднээс bulgan.gazar.gov.mn хаягт байршууллаа.

Газрын төлбөр, татварын талаар

2020 онд газрын төлбөрт 505,6 сая төгрөг, газрын дуудлага худалдаанд 20 сая төгрөг оруулахаар төсөвт тусгагдлаа.

Хутаг-Өндөр, Орхон, Тэшиг сумд байгалийн үзэсгэлэнт газруудыг журмын дагуу шинээр орон нутгийн тусгай хамгаалалтад авч Ашигт малтмал газрын тосны газарт бүртгүүлж ажилласан байна. Үүнийг ГЗБГЗЗГазарт 2020 оны 01-р сарын 01/14 тоот албан бичгээр хүргүүлсэн.

Баян-Агт сум: Баян-Агт сумын ИТХ, ЗДТГ-аас зарласан “Ногоон хөгжил – Эерэг хандлага” жилийн аян Монголын Хүмүүнлэгийн шилдэг илтгэгч Чила буюу Г.Бандицэрэнгийн лекцүүдээр нээлтээ хийлээ. Дунд ба ахлах ангийн сурагчид, иргэд, төрийн албан хаагчдад 5 удаагийн лекцийг “Ааваа ээжээ би тандаа хайртай”, “Амьдралын үнэ цэнэ”,  “Сэтгэлийн тэнхээ” зэрэг сэдвүүдээр хийж 680 хүн хамрагдав. Уг жилийн аяны ажлын төлөвлөгөөний дагуу олон чиглэлээр Монголын шилдэг илтгэгч, манлайлагч нар суманд ажиллаж зөв хандлагатай, амьдралын эрүүл дадал хэвшилтэй, ажилтай орлоготой, хуримтлалтай, амьдралд тэмүүлэлтэй иргэдийг илүү олон болгоход, бодитойгоор өөрчлөлтүүдийг гаргахад хамтран ажиллах юм.

Баяннуур сум: Сумын Эрүүл мэндийн төвд улсын төсвийн 10.0 сая төгрөгөөр нярайн фото шарлагын аппарат, белиметр, сувилагчийн иж бүрэн тэргэнцэр, ЭМЯ-аас 5.8 сая төгрөгийн мониторинг аппарат, 18 литрийн хүчилтөрөгчийн аппарат бүхий тоног төхөөрөмж, залуучуудын холбооны санаачлагаар Шар тал багийн малчин өрхийн хандив 500.0 мянган төгрөгөөр зөөлөн эдлэлийг тус тус шинэчиллээ.

Сэлэнгэ сум: "Монгол улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Монголын Хүүхдийн Төлөө Үндэсний төвөөс хэрэгжүүлж буй "ЗАСАГЛАЛД- ЗАЛУУЧУУД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО" төслийн хаалтын үйл ажиллагаа болж өндөрлөлөө. Уг ажиллагаанд Таримал, Ингэт багийн 52 эмэгтэй хамрагдсан юм.

Хангал сум: Сумын Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг 1, 2 дугаар багийн малчин өрхүүдээр орж өвөлжилтийн байдалтай танилцаж, Сум хөгжүүлэх сан, Байгаль хамгаалах сан, Орон нутгийн хөгжлийн сангийн 2019 онд хийсэн ажлын тайлангууд, 2020 оны 01 сараас хэрэгжиж байгаа хуулийн талаар мэдээлэл хийж холбогдох зарим асуудлыг газар дээр шийдвэрлэн ажиллаа.

БУЛГАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

Булган 80-н жил