• Мэдээ

  • -

  • Цаг үе

Тэшиг сумын баг түрүүллээ

..буцах

Монголын ард түмний уламжлалт мөсний шагайн харвааг аймгийн хэмжээнд дэлгэрүүлэх, харваачдын залгамж үеийг бэлтгэх, материаллаг орчинг бэхжүүлэн олон түмэнд сурталчлан спортын нэгэн төрөл болгон хөгжүүлэх зорилгоор Мөсний шагайн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг Булган хангайн хоймор Тэшиг суманд зохион байгууллаа. Тэмцээний нээлтэд аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг даргын орлогч, хэлтэс агентлагийн дарга нар оролцож шагайчиддаа баяр хүргэж үг хэллээ.
Мөсний шагайн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд Баян-Агт, Бугат, Булган, Бүрэгхангай, Орхон, Сэлэнгэ, Тэшиг, Хангал сумын болон БОАЖГ, БСУГ, ОБГ, Тэшиг суман дахь Хилийн 0286 ангийн 20 багийн харваачид цэц мэргэнээ сорин өрсөлдсөн. Аймгийн аварга шалгаруулах тэмцээн цуваа, багийн гэсэн хоёр төрлөөр зохион байгуулагдлаа. Багийн харваа нь зоны системээр явагдаж харваачид 4 зонд хуваагдан зон тус бүрт 5 баг өрсөлдөн зоны 1, 2 дугаар байрт шалгарсан баг аваргын төлөө өрсөлдлөө. Харваачид тус бүр 20 сум харваж багийн нийлбэр оноогоор Тэшиг сумын ЗДТГ-ын 1 дүгээр баг  18 оноогоор тэргүүн байрт шалгарсан бол 12 оноогоор аймгийн ОБГ, 11 оноогоор Хилийн 0286 дугаар ангийн нэгдүгээр баг 11 оноо авч эхний гурван байрыг эзэллээ.
Цуваа харвааны төрөлд Бугат сумын харваач Ч.Даш нэгдүгээр байр, удаах байруудад, Баян-Агт сумын харваач П.Баярмагнай, Тэшиг сумын харваач Ц.Мөнх-Эрдэнэ нар шалгарсан юм.
Өвлийн спортыг хөгжүүлэх тэр тусмаа өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр зохион байгуулсан тус тэмцээнийг сумын болон аймгийн төв, зэргэлдээ сумдын иргэд үзэж сонирхсон.
Жуулчид, тэмцээний оролцогчдод зориулж сумын онцлогийг харуулсан мөсөөр бүтээл урласан нь тэдний сонирхлыг ихэд татаж байсан юм. Тэшиг сумын иргэдийн 20 орчим хувь нь Буриад ястан байдаг. Буриадуудын шүтээн болсон Бух ноён, Тэшиг нутгийнхны шүтэж дээдэлдэг Буурал аавын овоо, Буриад зон олны онцлог болсон тос цохих машин, тогоо бүрхээр жалавч, цөцгийний бүлүүр зэргийг мөсөөр хийж урлажээ.
Буриад хүмүүс ажилсаг, уранаараа алдартай. Мөсөн шагайн тэмцээний үеэр өөрсдийн гараар дархалсан морин чаргаар жуулчид иргэддээ үйлчилж зон олны онцлогийг сурталчлахын зэрэгцээ өрхийн санхүүдээ хөрөнгө оруулалт хийсэн юм. Мөн хүүхдүүд гулгах зориулалттай цасны чарга худалдаалж байсан иргэд ч байна. Цаашид энэ арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулбал сум орон нутгийн иргэд, үндэсний цөөнх болсон Буриад ястнуудын онцлогийг харуулсан олон олон зүйлийг харуулахын зэрэгцээ мөсний шагайн спортыг аймаг орон нутаг цаашлаад бүс нутгийн, улсын хэмжээний арга хэмжээ болгон хөгжүүлэх боломж харагдаж байлаа.

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1523265

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар