Газарзүйн байршил

Хойт Монголын төв хэсэгт Хөвсгөл (Баруун, Баруун Хойд хэсгээрээ хилийн 1724 тоотоос Халзангийн худгийн гозгор хүртэл 290 км), Архангай (Баруун, Баруун Өмнөд хэсгээр Халзангийн худгийн гозгороос Цагаан Дэрс хүртэл 250 км), Өвөрхангай (Өмнөд хэсгээрээ Цагаан дэрснээс Салхитын холбоо хүртэл 30 км), Төв (Өмнөд, Зүүн Өмнөд хэсгээр Салхитын холбоогоос Гэртийн тохой хүртэл 230 км), Сэлэнгэ (Зүүн, Зүүн хойд хэсгээр Гэртийн тохойгоос Хужиртын даваа хүртэл 220 км) болон Орхон аймгуудтай хиллэдэг ба ЗХУ-тай 1724 тоотоос Хужиртын даваа хүртэл 170 км урт газраар хиллэдэг байна. Аймгийн нийт талбай нь 48.8 мянган км.

Засаг захиргааны тухай

Буган аймгийн нутаг нь XIII зууны үед Монголын эзэнт улсын харьяанд,
Манжийн ноёрхолын болон Богд хаант Монгол улсын үед Халхын дөрвөн аймгийн нэг Түшээт хан аймагт, Ардын засгийн эхний жилүүдэд Богд хан уулын аймагт харьяалагдаж байлаа.

Одоогийн засаг захиргаа, нутаг дэвсгэр нь 1937 онд Сэлэнгэ аймгаас тасдан Булган аймгийн ихэнх нутгийг бүрдүүлэн, 15 сум, 43500 хүн амтай, 1.1 сая малтайгаар байгуулсан нь өнөөг хүрчээ.
16 сумтай, аймгийн төв Булган хот (Улаанбаатараас 318 км).

Уур амьсгал

Эх газрын эрс тэс уур амьсгалтай, жилийн дундаж агаарын температур (+1.5) хэм, хур тунадас 242.9 мм. Улирлын ялгаа
Өвөл: ихэнхдээ тэнгэр цэлмэг, тогтвортой, хүйтэн, цас бага, салхины хүч бага байна. Агаарын хэм нэгдүгээр сард -46 хэм хүрдэг. Салхи нь зонхилон 1.9-2.5 м/с хурдтайгаар баруун хойд зүгээс салхилдаг.

Хавар: цаг агаар тогтворгүй, агаарын хэм түргэн өөрчлөгдөж хоногийн дулааны хэлбэлзэл ихэсч өдөртөө дулаан, шөнөдөө хүйтэн болж ирдэг.  Шороон шуурга олонтой болдог.

Зун: Энэ улирал нь хамгийн дулаан сар бөгөөд энэ нутагт хамгийн удаан үргэлжилдэг улирал юм. Үнэмлэхүй дулаан нь +40.5 хэмд хүрдэг.

Намар: Намрын улиралд агаарын температурын хэлбэлзэл их боловч хаврынхтай адил биш байдаг. Цаг агаар тогтворгүй болж салхины хүч зунаас нэмэгддэг.

Усан хангамж

Голуудын сүлжээний нягтшил Орхон, Сэлэнгийн бэсрэг уулс Хантай, Бүрэн, Бүтээл, Хан-Жаргалант, Булган хаан, Зэдийн нуруу зэргээр 300-500 м/км квадрат талбай нэлээд өмнүүр өргөрөгт орших Хөгнө хан, Авзага, Бүрэг, Заамар мэт тусдаа уулст 50-100 м/км квадрат буюу тэдгээрийн хоорондох өргөн уудам хөндий, хотос, ховдол, өнчин толгодод усны сүлжээний нягтшил 50 м/км квадрат заримд нь түүнээс ч бага байна.

Нууруудын хувьд Сэлэнгийн сав нутагт нуур харьцангуй цөөн байдаг төдийгүй тэр тусмаа Булган аймагт Хөвсгөл, Архангай аймгуудыг бодвол харьцангуй бага байна. Хэдийгээр хур тунадас элбэг, ууршилт бага, гол мөрдийн сүлжээ ч гэсэн эрозийн эрч хүч, гадаргын налуу их учраас нуур цөөрөм бүрдэх нэг талын нөхцөл бага байгаа юм. Шарга, Цэгээн, Харгал, Айрхан зэрэг давстай нуур цөөнгүй бий.

Газрын гадарга

Нутаг дэвсгэр нь Сэлэнгийн сав газарт бүхлээрээ хамрагдах бөгөөд тус сав газрыг Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулс мөн Зэд, Зэлтэрийн асар өндөр нуруунууд цайз мэт хаяалан оршихийн зэрэгцээ түүний дотоодод Хангай, Хэнтийн уулсын бүтэцтэй холбоотой тус тусдаа орших уул нуруу олон, тэдгээрийг Орхон, Сэлэнгийн бэсрэг уулс гэнэ. ..дэлгэрэнгүй

Ургамалшил

Нутгийн хойт талыг тайгын бүслүүр эзлэнэ.
Манай орны уур амьсгал эрс тэс, Төв азийн цөлийн хуурайсуулах нөлөө их учир ой тайга зөвхөн уулсын сүүдэрлэг хажууг барьж тааралддаг онцлогтой. Тайгын бүслүүрийн өмнөд хил нутгийн Сэлэнгэ мөрний хойт эргээр, Намнан уул, Хантай, Бүтээлийн нурууны ихэнхийг хамрана.

Нутгийн өмнөд хэсэг нь ойт хээрийн бүслүүрт хамруулан үздэг.  Уул нурууны ойд сургар, нэрс, усан зээргэнэ, даль зэрэг сибирийн тайгын ургамал сөөгөн ташинга зэрэг ургамал түгээмэл ургаснаас гадна өвслөг ургамалтай шинэсэн ой ч хөвдөөр арвин, алирс, долоодой, ягжий, май цэцэг, чонын элэг зэрэг умардын тайгын ургамал ихтэй.

Тайгын хилээс өмнүүр ойт хээрийн бүс үргэлжилж нутгийн өмнөд хэсэг болох Могод болон Бүрэнгийн  нурууны өмнөд бэл хүртэл үргэлжлэнэ.

Энэ нутагт уулын тайга, уулын ойт хээрийн, хээрийн ургамалжилтын гурван бүс, бүслүүр байгаагийн 2 нь уулархаг нөхцөлтэй уялдан үүссэн босоо бүслүүр юм.

Амьтны аймаг

Ойн амьтан: Ойн тархмал мэрэгчийн нэг хэрэм гол тэжээлээ дагаж хушин ойд хамгийн элбэг байна. Ойн зах унанги дархи, асга чулуутай хэсэгт жирх элбэг. Туурайтнаас бор гөрөөс, буга, зэрлэг гахай бүх ойт нугийн  энгэрээр тархмал гэж болно. Харин одоо эдгээр амьтны  тархац, тоо толгойн байдал хүний нөлөөнөөс ихээхэн шалтгаалж аль болох зэлүүд нутаг руу түрэгдэн газар бүр харилцан адилгүй болж байна. ..дэлгэрэнгүй

Ахуй соёл

Энэ нутагт Халх /96.3%/ түмний амьдралын хэв маяг, ёс заншил зонхилдог. Буриад /1.9%/, Өөлд /1.4%/, дөрвөд, дархад, баяд зэрэг цөөнх ястантайгаа хамтаар оршин байгалийн нөхцөл, нийгэм эдийн засгийн орчиндоо зохицсон аж ахуй, үйлдвэрлэл эрхлэн, өөр өөрсдийн өвөрмөц онцлог орон сууц, суурин газар, орчинг үүсгэн амьдардаг онцлогтой.

Эдгээрээс зонхилох хоёр ястан нь нутгаар ялгаран аж төрөх бөгөөд Халх ястан нь аймгийн Тэшиг сумаас бусад газар жигд тархсан байхад Тэшиг суманд нь цөөнх болсон буриадууд нь төвлөрөн суурьшдаг байна.

Энэ нутгаар аялахад олон ястаны өвөрмөц ахуйг ажиглах бөгөөд буриадуудын хагас суурин хэлбэрээр амьдарч, гар аргаар цөцгий цохих, морин хадуураар өвс хадах, таваарлаг чанарын цөөн тооны мал аж ахуй эрхлэн, дуу хуур, бүжиг наадам бүхий сайхан найр наадам хийж, өөрсдийн аялгуугаараа ялгарч байдаг нь ихээхэн сонирхолтой байдаг.

Энэ мэтчилэн онцлог ахуй шинжээ эртнээс уламжилж ирсэн бөгөөд одоо ч хэвээр хадгалсаар байна.

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1487691

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар