ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ

..буцах

1.1. Энэ хуулийн зорилт нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, уг ажиллагаанд хяналт тавих, гомдол гаргаж шийдвэрлүүлэх, энэхүү хуулийг зөрчигчдөд хариуцлага хүлээлгэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр

Төрийн ордон. Улаанбаатар хот

 

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН

ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ

ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ

 


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, уг ажиллагаанд хяналт тавих, гомдол гаргаж шийдвэрлүүлэх, энэхүү хуулийг зөрчигчдөд хариуцлага хүлээлгэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомж

2.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], Иргэний хууль[2], Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. /Энэ хэсэгт 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө.

3.2.Гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны журмыг Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийг дагаж мөрдөнө.

3.3.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангахтай холбогдсон харилцааг Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна. /Энэ хэсгийг 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/

3.4.Хуулиар төрийн нууцад хамааруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, байгууламж, ажил, үйлчилгээ болон галт зэвсэг худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй. /Энэ хэсгийн дугаарыг 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

3.5. Хууль тогтоомжоор олгосон эрхийн дагуу төрийн өмчит хуулийн этгээдийн гүйцэтгэх улсын чанартай авто замын засвар, арчилгаатай холбоотой ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг энэ хуулиар зохицуулахгүй. /Энэ хэсгийн дугаарыг 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

3.6.Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбогдсон бараа, ажил, үйлчилгээ худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй. /Энэ хэсгийг 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/ /Энэ хэсгийн дугаарыг 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

4 дүгээр зүйл. Захиалагч

4.1.Дараахь этгээд захиалагч байна:

4.1.1.төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд;

4.1.2. 50 буюу түүнээс дээш хувийн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд;

4.1.3.Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай3 хуулийн 3.1.5-д заасан төсөл хэрэгжүүлэгч.

5 дугаар зүйл.Хуулийн нэр томъёо

5.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

5.1.1. "тендер" гэж захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг;

5.1.2. "тендер шалгаруулалт" гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг;

5.1.3. "босго үнэ" гэж бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгөөс хамааруулан тендер шалгаруулалтыг энэ хуульд заасан журмын дагуу явуулахад баримтлах үнийн дээд, эсхүл доод хязгаарыг;

5.1.4. "тендерийн урилга" гэж захиалагчаас тендер шалгаруулалт явуулах тухай мэдэгдсэн, эсхүл хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан баримт бичгийг;

5.1.5. "тендерийн баримт бичиг" гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг;

5.1.6. "тендерт оролцогч" гэж захиалагчаас хараат бус дараахь этгээдийг ойлгоно:

5.1.6.а. дангаараа тендер ирүүлсэн этгээд;

5.1.6.б. хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэг тендер ирүүлсэн хэд хэдэн этгээд;

5.1.7.”тендерийн баталгаа” гэж гэрээ байгуулах хүртэл, эсхүл тендерийн хүчинтэй байх хугацаа дуустал тендер хүчин төгөлдөр байх, шалгарсан тохиолдолд гэрээ байгуулахыг баталгаажуулж тендерт оролцогчоос захиалагчид ирүүлсэн банкны баталгаа, Засгийн газрын бонд, Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаасыг;

5.1.8. “урьдчилгаа төлбөрийн баталгаа" гэж захиалагч урьдчилгаа төлбөр төлөх тохиолдолд уг төлбөрийг гэрээнд заасан зориулалтын дагуу зарцуулах үүргээ баталгаажуулж гүйцэтгэгчээс захиалагчид ирүүлсэн банкны баталгаа, Засгийн газрын бонд, Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаасыг;

5.1.9. "үнэлгээний хороо" гэж энэ хуульд заасан журмын дагуу тендер шалгаруулалтыг зохион байгуулах зорилгоор захиалагчийн байгуулсан ажлын хэсгийг;

5.1.10."бараа" гэж эдийн засгийн ач холбогдол, үнэ бүхий худалдаж, солилцож болох зүйл болон тухайн барааг нийлүүлэхэд шаардагдах ажлыг.Ажлын үнэ нь барааны үнээс их байвал тухайн гэрээг “ажлын гэрээ” гэж тооцно;

5.1.11. "ажил" гэж барилга байгууламжийн ажил, барилгын тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, туршилт тохируулгын ажил, түүнчлэн тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах бараа нийлүүлэлтийг. Бараа нийлүүлэлтийн үнэ нь ажлын үнээс их байвал тухайн гэрээг “барааны гэрээ” гэж тооцно;

5.1.12."барилга байгууламжийн ажил" гэж барилга байгууламжийг барих, өргөтгөл, шинэчлэлт, их засвар болон өрөмдлөг, хайгуул хийх зорилгоор хүн хүч, машин техник, тоног төхөөрөмж, материал, технологийг хослуулан ашиглаж гүйцэтгэх ажлыг;

5.1.13."тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, туршилт тохируулгын ажил” гэж энэ хуулийн 5.1.11-д зааснаас бусад тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, туршилт, тохируулга хийх ажлыг;

5.1.14."үйлчилгээ" гэж зөвлөх үйлчилгээ болон бусад үйлчилгээг;

5.1.15."зөвлөх үйлчилгээ" гэж гүйцэтгэгчээс төсөл зохиох, хэрэгжүүлэх, сургалт явуулах, техникийн туслалцаа үзүүлэх, түүнчлэн судалгаа шинжилгээ хийх, зураг төсөл боловсруулах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих тусгай мэдлэг, ур чадварын үндсэн дээр үзүүлж байгаа мэргэжлийн үйлчилгээг;

5.1.16."түлхүүр гардуулах гэрээ" гэж барилга байгууламжийн зураг төсөл, инженерийн тооцоо, тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулан, уг барилга байгууламжийг ашиглалтад бэлэн болгохтой холбогдсон хоорондоо уялдаа холбоо бүхий хэд хэдэн ажил, бараа, үйлчилгээг бүхэлд нь хамарсан нэг гэрээг;

5.1.17.”гүйцэтгэлийн баталгаа" гэж гэрээ байгуулах эрх авсан тендерт оролцогч гэрээний үүргийн биелэлтийг бүрэн хангахыг баталгаажуулж, гэрээнд гарын үсэг зурахаас өмнө захиалагчид ирүүлсэн банкны баталгаа, Засгийн газрын бонд, Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаасыг;

5.1.18."гэрээ байгуулах эрх олгох" гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой худалдан авах гэрээ байгуулах тухай захиалагчийн шийдвэрийг түүнд мэдэгдэхийг;

5.1.19.“техникийн тодорхойлолт” гэж захиалагч худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд тавих технологийн шаардлагыг тодорхойлсон бүрдүүлбэрийг;

5.1.20.“Монгол Улсын гарал үүсэлтэй бараа” гэж Монгол Улсад олборлосон, ургуулсан, бойжуулсан, үйлдвэрлэсэн, боловсруулсан, эсхүл хийж бүтээсэн бараа буюу эд ангиудын дийлэнхийг угсарч, түүний үндсэн шинж чанар, зориулалт, ашиглалтын хэлбэрээс илт өөр болгосон шинэ барааг;

5.1.21.“гадаадын этгээд” гэж энэхүү хуульд заасан журмын дагуу худалдан авах үйл ажиллагаанд оролцохыг сонирхож байгаа гадаад улсын болон олон улсын байгууллага, гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнийг хэлнэ;

/Энэ заалтыг 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5.1.22.“бага үнийн арга” гэж захиалагчийн тогтоосон техникийн саналд авбал зохих доод оноотой тэнцүү буюу түүнээс дээш оноо авсан зөвлөхүүдээс хамгийн бага үнэ санал болгосон зөвлөхийг шалгаруулахыг.

5.1.23.“ерөнхий гэрээ” гэж захиалагч нь байнгын хэрэгцээтэй бараа, ажил, үйлчилгээг нэг ба түүнээс дээш нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгч, гүйцэтгэгчтэй 3 хүртэл жилийн хугацаанд үнэ болон бусад нөхцөлийг тохирч байгуулсан гэрээг.

/Энэ заалтыг 2011 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

6 дугаар зүйл. Худалдан авах ажиллагааны зарчим

6.1. Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.

7 дугаар зүйл. Худалдан авах ажиллагааны журам

7.1. Захиалагч бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа дор дурдсан тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулна:

7.1.1. нээлттэй тендер шалгаруулалтын журам;

7.1.2. тендер шалгаруулалтын онцгой журам;

7.1.3. зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журам.

7.1.4.олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журам.

/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд үүнийг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

7.2.Хуульд энэ хуулийн 7.1.2-7.1.3-т заасан журмыг хэрэглэхээр зааснаас бусад тохиолдолд нээлттэй тендер шалгаруулалтын журмыг мөрдөнө.

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар “энэ хуулийн 7.1.2-7.1.3-т заасан” гэснийг “энэ хуулийн 7.1.2-7.1.4-т заасан” гэж өөрчлөлт оруулсан бөгөөд үүнийг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

7.3. Захиалагч энэ хуулийн 8.1.2-т заасан босго үнээс бага төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг энэ хуулийн 7.1 дэх хэсэгт заасан журмыг мөрдөхгүйгээр шууд худалдан авч болно.

71 дүгээр зүйл.Худалдан авах ажиллагаан дахь олон нийтийн оролцоо

71.1.Төсвийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан төвлөрүүлэн захирагч нь холбогдох төсвийн ерөнхийлөн захирагчийн зөвшөөрснөөр харьяалагдах байгууллагын төсвийн хүрээнд худалдан авах нэг төрлийн бараа, ажил, үйлчилгээг нэгтгэн, нийлүүлэгч болон гүйцэтгэгчийг нь сонгон шалгаруулж болно.

71.2.Сум, дүүргийн төсвийн хүрээнд худалдан авах хорин сая хүртэлх төгрөгийн өртөгтэй бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг олон нийтийн оролцоотойгоор зохион байгуулж болно.

71.3.Олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журам, заавар, жишиг баримт бичгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталж мөрдүүлнэ.

71.4.Олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагаанд тухайн орон нутгийн иргэдийн төлөөллийг оролцуулан сонгон шалгаруулалт явуулах бөгөөд тухайн төсөл, арга хэмжээний хэрэгжилт, гүйцэтгэлд орон нутгийн иргэдийг өргөнөөр оролцуулах зарчмыг баримтална.

/Дээрх 71 дүгээр зүйлийг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд үүнийг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

8 дугаар зүйл. Худалдан авах ажиллагааны журмыг сонгох

8.1. Засгийн газар нь барааны, ажлын, үйлчилгээний гэсэн ангилал тус бүрээр дараахь босго үнийг тогтооно:

8.1.1.харьцуулалтын аргаар худалдан авч болох бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн дээд хязгаар;

8.1.2.шууд худалдан авч болох бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн дээд хязгаар;

8.1.3.зөвлөх сонгох бага үнийн аргыг хэрэглэж болох зөвлөх үйлчилгээний төсөвт өртгийн дээд хязгаар;

8.1.4.төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зөвшөөрөл олгох бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн доод хязгаар;

/Энэ заалтыг 2011 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

8.1.5.энэ хуулийн 52.1.12-т дурдсан вэб хуудсанд тендерийн урилгыг зарлан мэдээлэх бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн доод хязгаар.

8.2.Энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ.

8.3.Хэрэглээний үнийн индекс 10-аас дээш хувиар өөрчлөгдөх тухай бүр энэ хуулийн 8.1-д заасан босго үнийг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар шинэчлэн тогтооно. /Энэ хэсэгт 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

8.4.Тендер шалгаруулалтын журмыг сонгохдоо тухайн бараа, ажил, үйлчилгээний нийт төсөвт өртгийг үндэслэл болгоно.

8.5.Энэ хуулийн 8.1 дэх хэсэгт заасан босго үнэд багтаах, эсхүл нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэхээс зайлсхийх зорилгоор нийт төсөвт өртгийг хувааж хэд хэдэн тендер шалгаруулалт явуулахыг хориглоно.

8.6.Захиалагч өрсөлдөөнийг дэмжих зорилгоор бараа, ажил, үйлчилгээг зориулалт, нэр төрөл, газар зүйн байрлалыг харгалзан нэг төрлийн болон ижил төстэй байдлаар нь хэд хэдэн багцад хувааж тендер шалгаруулалт явуулж болно.

8.7.Захиалагч энэ хуулийн 8.6-д зааснаар тендер шалгаруулалтыг багцад хувааж явуулахдаа дараахь шаардлагыг хангана:

8.7.1.тендер шалгаруулалтын журмыг сонгохдоо бүх багцын нийлбэр өртгийг үндэслэл болгох;

8.7.2.захиалагч тендерийн урилга болон тендерийн баримт бичигт багцуудын талаарх мэдээлэл, тендерт оролцогч нэг буюу хэд хэдэн, эсхүл бүх багцад саналаа ирүүлж болохыг заах;

8.7.3.багц тус бүрт үнэлгээ хийх;

8.7.4.тухайн тендер шалгаруулалтын дүнгээр байгуулах бүх гэрээний үнийн дүнгийн нийлбэр нь хамгийн бага байх хувилбарыг сонгох.

8.8.Гэрээ байгуулах эрхийг багц тус бүрээр, эсхүл хэд хэдэн багцаар буюу бүх багцаар олгож болно.

8.9.Тендерт оролцогч нэг этгээдэд нэгээс дээш багц бараа, ажил, үйлчилгээгээр гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн бол энэ тухай худалдан авах ажиллагааны тайланд дурдана.

8.10.Зураг төсөл, барилга угсралт, тохируулгын ажлыг энэ хуулийн 5.1.16-д заасан журмаар түлхүүр гардуулах гэрээгээр гүйцэтгүүлэхээр бүхэлд нь тендер зарлаж болно. /Энэ хэсгийг 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн/

8.11.Бараа, ажил, үйлчилгээг ерөнхий гэрээ байгуулан худалдан авахаар тендер зарлаж болно. /Энэ хэсгийг 2011 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

8.12.Ерөнхий гэрээ байгуулах журам, зааврыг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ хэсгийг 2011 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

9 дүгээр зүйл. Тендер шалгаруулалтад гадаадын этгээдийг оролцуулах

9.1.Гадаадын этгээд энэ хуульд заасан журмын дагуу тендер шалгаруулалтад оролцох эрхтэй.

9.2.Захиалагч нь 10,000,000,001 төгрөгөөс дээш төсөвт өртөг бүхий ажил, 100,000.001 төгрөгөөс дээш төсөвт өртөг бүхий бараа, үйлчилгээний тендер шалгаруулалтад гадаадын этгээд оролцохыг хориглож үл болно.

/Энэ хэсэгт 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

9.3.Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад тендер шалгаруулалтад гадаадын этгээдийг оролцуулж үл болно.

/Энэ хэсгийг 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

10 дугаар зүйл. Тендерт оролцогчдод давуу эрх олгох

10.1.Захиалагч тендерийн үнэлгээ хийхдээ дараахь этгээдэд давуу эрх олгож болно:

10.1.1.Монгол Улсын гарал үүсэлтэй бараа нийлүүлэх тендер ирүүлсэн этгээд;

10.1.2. 50-иас доошгүй хувийг нь бие даан гүйцэтгэхээр ажил гүйцэтгэх тендер ирүүлсэн дараахь этгээд:

10.1.2.а.Монгол Улсын иргэн, хуулийн этгээд;

10.1.2.б.Монгол Улсад бүртгэлтэй, өмчийнх нь 50-иас доошгүй хувь нь Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн хувь хөрөнгөөс бүрдсэн гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд;

10.1.3.орон нутагт үйлдвэрлэсэн бараа, материал, үзүүлж байгаа

үйлчилгээг хамгийн ихээр ашигласан;

10.1.4. орон нутгаас хамгийн их ажиллах хүч авсан.

10.1.5.хуулийн этгээдийн ажиллах хүчний 90-ээс доошгүй хувь нь Монгол Улсын иргэн байх.

/Энэ заалтыг 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/

10.2.Энэ хуулийн 10.1.1, 10.1.3-т заасан этгээдэд давуу эрх олгох бол түүний ирүүлсэн тендерийн Монгол Улсын гарал үүсэлтэй барааны хэсгийн үнийг 10 хувиар, энэ хуулийн 10.1.2, 10.1.4-т заасан этгээдийн ажил гүйцэтгэх тендерийн үнийг 7.5 хувиар хийсвэрээр бууруулж тооцон бусад оролцогчийн тендерийн үнэтэй харьцуулж үнэлнэ.

10.3.Энэ хуулийн 10.2-т заасны дагуу нийлүүлэх бараа, гүйцэтгэх ажлын тендерийн үнийг хийсвэрээр тооцон үнэлсэн нь энэ хуулийн 10.1.1-10.1.4-т заасан этгээдийн тендерийн үнийг бууруулах, өөрчлөх үндэслэл болохгүй.

10.4.Тендерийн үнэлгээ хийхдээ энэ хуулийн 10.1-д заасан этгээдэд давуу эрх олгох бол энэ тухай тендерийн баримт бичигт тодорхой заах бөгөөд давуу эрх эдлэхийг хүссэн тендерт оролцогч барааны гарал үүсэл, өртгийн талаархи мэдээлэл, эсхүл энэ хуулийн 10.1.2-10.1.4-т заасныг нотлох баримтыг ирүүлнэ.

10.5.Давуу эрх олгох аргачлал, зааврыг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

11 дүгээр зүйл. Техникийн тодорхойлолт

11.1.Захиалагч техникийн тодорхойлолтыг бэлтгэхдээ дараахь шаардлагыг хангасан байна:

11.1.1.тухайн бараа, ажил, үйлчилгээг гадаад шинж чанарын үзүүлэлтээр бус, зориулалт, хэрэглээ, ашиглалт, чанарын түвшин, техникийн үзүүлэлтээр тодорхойлох;

11.1.2.Монгол Улсын хүлээн зөвшөөрсөн олон улсын стандартад үндэслэх, ийм стандарт байхгүй тохиолдолд үндэсний стандарт, техникийн шаардлага, норм, норматив, дүрэм, зааварт үндэслэх;

11.1.3.барааны тэмдэг, нэр, хэлбэр маяг, төрөл, гарал үүсэл, үйлдвэрлэлийн арга, үйлдвэрлэгч буюу нийлүүлэгчийг тухайлан заасан шаардлага, нөхцөл тавихгүй;

11.1.4.энэ хуулийн 11.1.3-т заасан шаардлага, нөхцөлийг заах шаардлагатай бол түүний ард "эсхүл түүнтэй дүйцэх" гэсэн тодотгол хэрэглэх.

11.2.Захиалагч техникийн тодорхойлолт бэлтгэхдээ тухайн тендер шалгаруулалтад оролцох сонирхолтой этгээдээс өрсөлдөөнийг хязгаарлахад хүргэж болох зөвлөгөө авахыг хориглоно.

12 дугаар зүйл. Тендерт оролцогчийн чадварыг үнэлэх

12.1.Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх

нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлана.

12.2.Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана.

12.3.Энэ хуулийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаж, энэ тухай тендер ирүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэнэ.

12.4.Захиалагч «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоос өмнө энэ хуулийн 12.2-т заасан чадавхийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг дахин магадлаж болно.

12.5.Захиалагч тендерт оролцогчийн чадавхийг магадлах явцад олж мэдсэн түүний техникийн болон бизнесийн нууцыг хадгална.

13 дугаар зүйл. Урьдчилсан сонголт явуулах

13.1.Захиалагч тендер ирүүлэхээс өмнө тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдийн чадавхийг магадлах зорилгоор урьдчилсан сонголт явуулж болох бөгөөд ингэхдээ дараахь журмыг баримтална:

13.1.1.тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдийн чадавхийн шалгуур үзүүлэлт, түүнд тавигдах шаардлага, тэдгээрийг хангасныг нотлох баримтыг тусгасан урьдчилсан сонголтын баримт бичгийг бэлтгэх;

13.1.2.урьдчилсан сонголт явуулах тухайгаа энэ хуулийн 21.1-21.4-т заасны дагуу зарлан мэдээлэх;

13.1.3.урьдчилсан сонголтын баримт бичигт заасан чадавхийн шалгуур үзүүлэлтийг хангасан оролцогчид тендер ирүүлэхийг мэдэгдэх.

13.2.Урьдчилсан сонголт явуулах үед энэ хуулийн 17.1, 21.1, 21.3, 21.4-т заасан "тендерийн урилга"-ыг "урьдчилсан сонголтын урилга", энэ хуулийн 19, 22, 23-т заасан “тендерийн баримт бичиг”-ийг “урьдчилсан сонголтын баримт бичиг” гэж тус тус ойлгож хэрэглэнэ.

13.3.Урьдчилсан сонголт явуулах журам, зааврыг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

14 дүгээр зүйл.Ерөнхий нөхцөлийг магадлах

14.1.Дараахь нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ:

14.1.1.төлбөрийн чадваргүй болсон, татан буугдаж байгаа, дампуурлаас зайлсхийх зорилгоор зээлдүүлэгчтэй тохиролцсон, бизнесийн үйл ажиллагааг нь зогсоосон, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу дээр дурдсантай адилтгах нөхцөлд байгаа;

14.1.2.Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлөөгүй;

14.1.3. төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь захиалагчаас хараат байдлаар үйл ажиллагаа явуулдаг;

14.1.4. сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, эрх бүхий байгууллага тогтоосон;

/Энэ заалтад 2011 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн хуулиар “эрх бүхий байгууллага” гэснийг “энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч” гэж өөрчлөлт оруулсан бөгөөд үүнийг 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

14.1.5. тендерт оролцогч нь бараа, ажил, үйлчилгээний зураг төсөл, техникийн тодорхойлолт болон бусад баримт бичгийг бэлтгэсэн, эсхүл гэрээний хэрэгжилтийг хянах, зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр нэр нь дэвшигдсэн этгээдтэй нэгдмэл сонирхолтой;

14.1.6.илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг эрх бүхий байгууллага тогтоосон;

/Энэ заалтад 2011 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн хуулиар “эрх бүхий байгууллага” гэснийг “энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч” гэж өөрчлөлт оруулсан бөгөөд үүнийг 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

14.1.7. сүүлийн 3 жилийн хугацаанд авилгалын гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон.

14.2.Өөрийн үндсэн үйл ажиллагааны чиглэлээр тухайн жилд зарлагдсан тендер шалгаруулалтад хуулийн этгээд зургаагаас дээшгүй удаа оролцож болох бөгөөд үүнээс 3 удаад тендер нь шалгарсан бол тухайн жилд дахин тендер шалгаруулалтад оролцохыг хориглоно.

/Энэ хэсгийг 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

14.3.Энэ хуулийн 14.1-д заасан нөхцөл байдал үүссэнийг тендерт оролцогч Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын дараахь баримт бичгээр нотолж болно:

14.3.1.шүүхийн шийдвэр болон төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас гаргасан баримт бичиг;

14.3.2.үүсгэн байгуулагдсан улсын эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээ болон түүнтэй адилтгах бусад баримт бичиг.

14.4.Энэ хуулийн 14.3-т заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх шаардлагатай баримт бичгийг тендерийн баримт бичигт тусгайлан заана.

14.5.Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6, 14.1.7 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ.

/Энэ хэсэгт 2011 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн хуулиар “эрх бүхий байгууллагын” гэснийг “энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн” гэж өөрчлөлт оруулсан бөгөөд үүнийг 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

14.6.Тендерт оролцогч энэ хуулийн 14.1-д заасан нөхцөл байхгүйг бичгээр мэдээлнэ.

14.7.Захиалагч шаардсан тохиолдолд тендерт оролцогч хэрэгжүүлж байгаа буюу хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаархи мэдээллийг бичгээр ирүүлнэ.

14.8.Захиалагч энэ зүйлийн 14.7-д заасан мэдээллийг тендерт оролцогчийн тухайн гэрээг гүйцэтгэх санхүүгийн болон техникийн чадавхийг үнэлэхэд харгалзан үзнэ.

15 дугаар зүйл. Санхүүгийн чадавхийг үнэлэх

15.1.Захиалагч тендерт оролцогчоос гэрээний үүргийн биелэлтийг хангах санхүүгийн чадавхитайгаа баталсан нотолгоо ирүүлэхийг шаардаж болно.

15.2.Захиалагч санхүүгийн чадавхий

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1457692

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар