Тамгын газрын танилцуулга

Нэг. ТҮҮХЭН ТОВЧООН
  • Аймгийн Яам /1938-1946/
  • Аймгийн захиргаа/ 1946-1948/
  • Аймгийн Хөдөлмөрчдийн Бага Хурал /1948-1952/
  • Аймгийн Хөдөлмөрчдийн Дедутатын Хурлын Гүйцэтгэх захиргаа /1952-1960/
  • Аймгийн Ардын Депутатын Хурлын Гүйцэтгэх захиргаа /960-1989/
  • Аймгийн Ардын Хурлын Гүйцэтгэх захиргаа /1989-1992/
  • Аймгийн Засаг даргын Тамгын газар/ 1992 оны 10 дугаар сараас/

Хоёр. АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

1992 онд ардчилсан шинэ үндсэн хууль батлагдаж, төрийн байгууллагын бүтэц зохион байгуулалтыг нийгмийн хөгжлийн шинэ үе шатанд зохицуулан өөрчлөгдөж ирсэн байна.

Шинэ үндсэн хуулийн дагуу “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хууль батлагдаж, Монгол Улсын Засгийн газрын 1992 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор аймгийн удирдлагыг аймгийн Засаг даргаас гадна Засаг даргын орлогч 2, Тамгын газрын дарга бөгөөд Засаг захиргааны хэлтсийн даргатай байхаар, аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг
  1. Засаг захиргааны хэлтэс
  2. Эдийн засаг үйлдвэрлэлийн хэлтэс
  3. Хүнс, хөдөө аж ахуйн хэлтэс
  4. Санхүүгийн хэлтэс /татварын тасагтай/
  5. Хүн амын бодлого, хөдөлмөрийн хэлтэс
  6. Шинжлэх ухаан, боловсролын хэлтэс
  7. Эрүүл мэндийн хэлтэс
  8. Цэрэг, иргэний хамгаалалтын хэлтэс
  9. Байгаль орчны хэлтэс
  10. Статистик, мэдээллийн хэлтэс
  11. Хууль зүйн хэлтэс
  12. Хянан байцаах хэлтэс
  13. Соёлын хэлтэстэйгээр, аймгийн Засаг даргын дэргэд цагдаагийн хэлтэс байхаар тогтоожээ.

Энэ үеэс эхлэн аймгийн Засаг дарга дөрвөн жилийн хугацаагаар томилогдон үйл ажиллагааны хөтөлбөрийг аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулж ажиллаж эхэлсэн байна. Аймгийн Засаг даргын ажлын алба нь аймгийн Засаг даргын Тамгын газар байхаар хуульчлагджээ.

Аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд Засаг захиргааны хэлтсийн даргаар Ц.Бадралыг томилжээ.

Аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 07 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын нэгдүгээр орлогч даргаар Ц.Баатар, аймгийн Засаг даргын орлогчоор П.Дамба нарыг томилж байжээ.

Аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 11 дүгээр захирамжаар аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсүүдийг байгуулжээ. Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоохдоо Монгол Улсын Засгийн газрын 1992 оны 24 тогтоолыг баримталсны дээр зарим онцлогийг харгалзсан байна.  Шинжлэх ухаан, боловсролын хэлтэс,  Эрүүл мэндийн хэлтэс, Соёлын хэлтэс, Байгаль орчны хэлтэс, Хууль зүйн хэлтэс зэрэг хэлтсийг бие даан аж ахуй эрхлэх /тусдаа төсөвтэй байх/-ээр шийдвэрлэж,  Аж ахуйн хэлтэсийг Тамгын газрын бүтцэд оруулжээ.

Аймгийн Засаг даргын 1993 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 73 дугаар захирамжаар эрүүл мэнд, шинжлэх ухаан, боловсрол, соёл, байгаль орчин, хууль зүйн хэлтсийн санхүү аж ахуйг Тамгын газарт нэгтгэн ажилтнуудыг шинээр томилжээ.

            Монгол Улсын Засгийн газрын 1993 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 64 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцэд томоохон өөрчлөлт хийж 13 хэлтсийг 4 болгож, орон тоог үлэмж хэмжээгээр цөөрүүлсэн байна.

Тамгын газрын бүтцийг тогтоосон Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэн аймгийн Засаг даргын 1993 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 166 дугаар захирамжаар бүтэц орон тоог шинэчлэн баталжээ.

Засаг захиргааны хэлтэс /цэрэг иргэний хамгаалалтын штаб, аж ахуйн тасагтай/, санхүү, эдийн засаг, үйлдвэрлэлийн хэлтэс /татварын алба, статистикийн тасагтай/, нийгмийн бодлогын хэлтэс, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны хэлтэстэй 64 хүртэл орон тоотой болжээ. Харин “Булган хангай” сониныг Тамгын газрын бүтцэд оруулж харьяалуулсан байна.

Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 119 дүгээр тогтоолын 7-р заалтыг хэрэгжүүлж,  аймгийн Засаг даргын 1994 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 278 дугаар захирамжаар орон тоог тогтоожээ. Ажил үүргийн давхардал, шат дамжлагыг цөөрүүлэх, ажиллагчдын ажлын ачааллыг нягтруулах, үргүй зардлыг багасгах чиглэлээр энэ оны сүүлийн хагаст багтаан орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт хийж, төсвийн зардлыг 10-аас доошгүй хувиар хэмнэх арга хэмжээ авахыг сайд, тусгай газрын дарга, бүх шатны Засаг дарга, төсвийн захирагч нарт даалгасны дагуу засаг захиргааны хэлтсийг ”Булган хангай” сонины редакц, цэрэг, иргэний хамгаалалтын штабтай байгуулж, зарим мэргэжилтний ажил үүргийг нягтруулжээ. Цэргийн тоо бүртгэл хариуцсан офицер, иргэдийн шилжилт хөдөлгөөн, хөдөлмөрчдийн өргөдөл, гомдол, санал хүсэлт хариуцсан түшмэл, ерөнхий архитекторч, архивын фондчин зэрэг орон тоог цомхотгов.

Засгийн газрын 1996 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 294 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэн Тамгын газрын бүтцийг шинэчлэн, төрийн захиргааны удирдлагын хэлтэс, төлөвлөлт, санхүү эдийн засгийн бодлогын хэлтэс, нийгмийн бодлогын хэлтэс байгуулжээ. Аймгийн удирдлагыг Засаг даргаас гадна Засаг даргын орлогч нэг байхаар тогтоосон байна. Засаг даргын орлогчоор Б.Эрдэнэтөгсийг томилжээ.

Монгол Улсын хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн дагуу 1999 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс Сонин телевизийн редакци татан буугдаж Тамгын газрын бүтцээс гарчээ. Мөн аймгийн Засаг даргын дэргэдэх нийтлэг үйлчилгээний газрыг  татан буулгаж, Тамгын газарт харьяалуулсан байна.

Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 206 дугаар тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын 2000 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 149 дүгээр захирамж гарч, Цэрэг иргэний хамгаалалтын штабыг төрийн захиргааны удирдлагын хэлтсийн бүтцээс гарган батлан хамгаалах чиглэлээр төр, засгаас гаргасан хууль тогтоомжийн биелэлтийг орон нутагт хангах ажлыг тайван болон онцгой нөхцлийн үед зохион байгуулж хэрэгжүүлэх, энэ чиглэлээр мэргэжил арга зүйн удирдлага туслалцаа үзүүлэх, хяналт тавих үүрэг бүхий нутгийн захиргааны хэрэгжүүлэгч агентлаг Цэрэг иргэний хамгаалалтын штаб болгон өөрчилжээ.
 

Монгол Улсын Засгийн газрын 2000 оны 181 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын 2000 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 364 дүгээр захирамжаар Тамгын газрын бүтцийг
  • төрийн захиргааны удирдлагын хэлтэс,
  • хууль зүйн хэлтэс
  • санхүү, эдийн засгийн бодлогын хэлтэс
  • үйлдвэр, худалдаа, хөдөө аж ахуй, байгаль орчны бодлогын хэлтэс
  • нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс
  • нийтлэг үйлчилгээний хэлтэстэйгээр тогтоож, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад хууль зүйн хэлтсийн даргын үүргийг давхар хариуцуулсан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2000 оны 198 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль зүйн хэлтэст  иргэний бүртгэл мэдээллийн алба байгуулжээ.

2002 онд аймгийн Засаг даргын Тамгын газарт төрийн сангийн хэлтэс, эдийн засаг үйлдвэрлэл, байгаль орчны бодлогын хэлтэс байгуулжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 48 дугаар тогтоолын дагуу Тамгыг газрын бүтцийг шинэчлэн тогтоож,

  1. Төрийн захиргаа, хууль зүйн хэлтэс /Архивын тасаг, иргэний бүртгэл мэдээллийн албатай/
  2. Стратегийн төлөвлөлт, бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэс
  3. Санхүү, эдийн засаг, төрийн сангийн хэлтэс
  4. Цэрэг иргэний хамгаалалтын штаб
  5. Нийтлэг үйлчилгээний тасаг байгуулжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 12 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц шинэчлэгджээ.

  1. Төрийн захиргааны удирдлагын хэлтэс /Архивын тасагтай/
  2. Хууль зүйн хэлтэс /Иргэний бүртгэл мэдээллийн албатай/
  3. Санхүү, эдийн засгийн бодлого, зохицуулалтын хэлтэс /төрийн сангийн тасагтай/
  4. Нийгмийн бодлого зохицуулалтын хэлтэс
  5. Үйлдвэрлэл, дэд бүтэц, байгаль орчны бодлого, зохицуулалтын хэлтэс /төслийн нэгжтэй/
  6. Цэргийн штаб  гэсэн хэлтэстэй орон тоог 41 болгожээ.

Засгийн газрын 2007 оны 25 дугаар тогтоолыг үндэслэн аймгийн архивын тасгийг хууль зүйн хэлтсийн бүтцэд оруулан алба болгон өөрчилжээ.

 Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 104 дүгээр тогтоол, Хууль зүйн сайдын 2007 оны 115 дугаар тушаалаар Иргэний бүртгэл мэдээллийн албыг аж ахуйн тооцоон дээр ажиллуулахаар шийдвэрлэжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 67 дугаар тогтоолоор Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоосон бөгөөд аймгийн удирдлагыг Засаг дарга, Засаг даргын орлогч, Засаг даргын Тамгын газрын дарга байхаар, аймгийн Засаг даргын Тамгын газар нь Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс/хяналт шинжилгээ, үнэлгээний тасагтай/, хууль зүйн хэлтэс /архивын албатай/, Хөгжлийн бодлогын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс, Цэргийн штаб гэсэн бүтэцтэйгээр зохион багйуулагдаж, төр, засгийн бодлого, төрийн үйлчилгээг орон нутагт хэрэгжүүлж, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нутгийн удирдлагын байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх, Засаг даргыг бодлогын зөвлөгөө дэмжлэгээр ханган үйл ажиллагаа явуулж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 296 дугаар тогтоолын дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын хяналт шинжилгээ, үнэлгээний тасгийг байгуулжээ.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар Ц.Бадрал 1992-2000 он, Д.Батчулуун 2000 -2013 он, Л. Батболд 2013-2016 он, 2016 оноос Б.Ууганбаяр одоог хүртэл ажиллаж байна.

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1430191

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар