Хуудас:  1   2   3  ( 28 мэдээ )

Чандмань эрдэнэ болсон усаа хайрлацгаая

УС АШИГЛАСНЫ ТӨЛБӨРӨӨР 11,6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГО ОРУУЛДАГ

Дэлхийн усны нөөцийн ганцхан хувь нь л бидний чандмань эрдэнэ хэмээн эрхэмлэдэг цэвэр ус байдаг ажээ. Манай аймагт ямар бол? Энэ талаар аймгийн байгаль орчин, ногоон хөгжлийн газрын мэргэжилтэн Д.Нэмэхбаяртай дараахь ярилцлага хийв.

-Булган нутаг гол мөрөн олонтой. Өөрөөр хэлбэл, усны нөөц сайтай гэж үзэж болох уу?

-Энэ талаар зарим баримт хэлье. Манай аймгийн усны нөөц 1504,8 сая.м3/жил, зэргэлдээ орших нутгаас дамжин ирэх урсцыг оруулбал 9604 сая.м3/жил гэж тооцдог. Мөн газрын доорх усны ашиглалтын нөөц 313,5 сая м3/жил орчим хэмжээтэй бий. Үүнээс үзвэл, нийт нөөцийн 96,9 хувийг гадаргын, 3,1 хувийг газрын доорх ус эзэлж байна.

-Таны хэлсэн тэр газрын гадаргын ус буюу гол горхи, булаг шандны усыг нэлээн багаслаа, ширгэлээ гэх яриа байх юм?

-2013 онд усны тоо бүртгэл хийсэн. Нийт 487 гол горхиноос 28 нь, мөн 641 булаг шандны 173 нь усгүй болжээ. Түүнчилэн 113 нуур тойромтойгоос 26 нь усгүй, 58 рашаан, рашаан төст булгаас нэг нь ширгэсэн байлаа.

-Жил бүр гол горхи, булаг шандны эхийг хамгаалах ажил хийдэг л дээ. Үр дүн нь ямар байдаг бол?

-2011 оны усны тоо бүртгэлийн дүнтэй харьцуулахад 24 гол горхи, 71 булаг шанд, дөрвөн нуур, хоёр рашаан сэргэжээ. Гол горхи, булаг шандны эхийг хамгаалах ажил зохион байгуулснаар ийнхүү сэргэхийн зэрэгцээ заримынх нь ундарга сайжирч урсац нь нэмэгдэн түвшин нь дээшилж байна.Энэ бол бидний ажлаас зохих үр дүн гарч байна гэсэн хэрэг.

-Аймгийн дүнгээр жилдээ усны хэрэглээ ямар хэмжээнд байдгийг тооцож үзсэн үү?

-Бидэнд гаргасан судалгаа мэдээлэл бий. Тухайлбал, манай аймаг жилдээ 35.3 сая м3 ус ашиглаж байна. Дотор нь ангилан үзвэл, мал аж ахуйд 18,9 сая, уул уурхайд 14,8 сая, эрчим хүчний үйлдвэрлэлд 1,04 сая, хүн амын унд, ахуйн хэрэглээнд 36 мянга, газар тариаланд 70 мянга, амралт, сувилал, аялал жуулчлалд 40 мянган м3  ус ашиглаж байна.
2013 онд
уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” компани хаягдлын аж ахуйгаас 73,02 сая м3 ус эргүүлэн ашиглажээ. Мөн Бүрэгхангайн нутагт алт олборлогч аж ахуйн нэгжүүд усан сан байгуулан технологийн усны 70 орчим хувийг эргэлтийн усаар хангаж байна.

-Ус ашиглаад л байдаг. Орлого нь хэр зэрэг вэ?

- 2013 онд гэхэд усны нөөц ашигласны төлбөрийн 11,6 тэрбум гаруй төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүллээ.  Энэ төлөбөрөөс гадна ер нь мадаа услана, хүн ам хүн болн ахуйдаа хэрэглэнэ, үйлдвэрлэлд ихээхэн ашиглана тэр бүр мөнгөөр тооцдоггүй орлого өгдөг гээд усны өгөөж их шүү дээ. 2013 оны орлогын 3,6 хувийг усны нөөцийг хамгаалах, чанарыг сайжруулах арга хэмжээнд зарцуулсан.

-Ус ашиглалтын талаар ямар зорилт тавьж байна?

-Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцээд, 2013 онд ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан “Ногоон хөгжил” хөтөлбөрт хур бороо, цасны усыг хуримтлуулах хөв цөөрөм барих ажлыг шат дараатай зохион байгуулах, жижиг голд урсацын тохируулгын барилга, байгууламж барьж, хүн ам, бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зэрэг нэлээн чухал ажил тусгасан. Энэ нь дэлхий нийтийн санааг зовоож байгаа газрын доорх усны нөөцийг хэмнэж, гадаргын илүүдэл усыг хуримтлуулан ашиглах нь экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад нөлөөтэй чухал ажил гэж үзэж байна. Дэлхий дээр усны хомсдолоос болж өдөр бүр 30 мянган хүүхэд халдварт өвчнөөр үхдэг гэсэн тоо бий. Энэ хомсдол манайд гэхэд мал маллагаа, ялангуяа бэлчээр ашиглалтад илэрч байна. Тухайлбал, усан хангамжийн хомсдолоос шалтгаалан аймгийн нийт бэлчээрийн 39 хувь нь дунд, 61 хувь нь хүчтэй талхалагдалд орсон гэж мэргэжилтнүүд тооцсон. Усыг хайрлан хамгаалах,  ариг гамтай зарцуулах, нөөцийг сэргээх, эргүүлэн ашиглах талаар чухал асуудал тусгасан “Ногоон хөгжил” хөтөлбөр боловсруулсан нь цагаа олсон арга хэмжээ боллоо хэмээн баяртай байна.

Энэ онд 50 булаг шандны эхийг хашиж хамгаалах, долоон худагт ус цэвэршүүлэх тоног төхөөрөмж суурилуулах ажил хийнэ. Аймгийн төвийн дулааны станц ашиглалтад орвол хэрэглээний халуун устай болно, цаашид хүн ам өснө, үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжинө гэж үзэхэд түүнээс хамаарч усны хэрэглээ нэмэгдэнэ. Иймд төвлөрсөн усны эх үүсвэрийн ашиглалтын нөөцийг тогтоох шаардлагатай учраас Булган хотын төвлөрсөн усан хангамжийн эх үүсвэрийн газрын доорх усны ашиглалтын нөөцийг тогтоохоор бэлтгэж байна.

-“Дэлхийн усны өдөр”-өөр зохион байгуулсан ажлаасаа товч дурдана уу?

-Аймгийн хүүхэд, гэр бүлийн хэлтсийн дэргэдэх хүүхдийн параламентынханд усны ач холбогдол, нөөцийн байдал, ус ашиглах, хамгаалах, ариг гамтай зарцуулах талаар хичээл заан, сургалт зөвлөмж өгч, мөн аймгийн төв хөдөөгийн татварын байцаагч нарт  ус ашигласны  төлбөрийг тооцох аргачлалыг дэлгэрэнгүй танилцуулж харилцан ярилцлаа. Аймгийн  цахим мэдээлэлд сурталчилгааний материал байршуулж орон нутгийн “Булганы мэдээ” сонинд мэдээлэл нийтлүүлэх зэргээр сурталчилгааны ажил зохион байгууллаа

 

Сарын ажлын гарааг сайхан зохион байгууллаа

Хөштөл хэвтсэнээс хөдөлж хөгжилдвөл хөгшрөлт саарна

          Булган сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор баталсан журам, хуваарийн дагуу сар бүр зохион байгуулах “Ахмадуудаа идэвхтэй хөдөлгөөнөөр дэмжицгээё” ажлын гарааг аймгийн эрүүл мэндийн газар бусдад үлгэр дууриал болохуйцаар эхлүүлсэн нь ахмадуудад таалагдлаа.

Тэд настнууддаа зориулан хэд хэдэн ажил сэдэж санаачилжээ. Тэр бүхэнд нэлээд ажилтнууд, мөн дарга нь хүртэл чухам л “ханцуй шамлан” оролцож зохион байгуулцгаасан нь ахмадуудаа хүндэтгэн дээдэлсний илэрхийлэл гэж болно.

 

Инээд. хөдөлгөөн-эм

          -Нас ахихаар инээж баясах нь цөөрөн өөдрөг санаа сэтгэл багахан болж хөгшрөн сульдлаа хэмээн гундуухан болох нь бий. Энэ бол өтөлж өвгөрөхөд “ташуур” болдог буруу юм байна гэдгийг Нараа даргын үе үе наргиа үгээр хачир нэмсэн ярианаас ухаарлаа хэмээн Жамьян гуай ярьж байхад, хуян шар усаа хуртал хэвтэж хууч оёгоо хөдөлтөл зах замбараагүй идэж уух явдал насжиж хөгшрөхөд нэрмээс болдгийг эмч нарын хэлснээс мэдэж авлаа гэж хэд хэдэн настан ам дамжуулан хүүрнэхийг сонсов.

          “Ахмад настны эрүүл мэндийн  төлөө хамтдаа” сэдэвт сургалтын зар дуулаад Булган сумын соёлын ордонд ирсэн ахмадуудад газрын дарга С.Нарантуяагимйн “Инээдний тухай” ярив. Түүнийг анх төдийлөн ойшоогүй настнууд яриа өрнөх тутам өөрсдөдөө инээд эм тарианаас дутахааргүй хэрэгтэй ойлгоцгоов. Инээхэд олон булчин ажилладаг гэнэ. Инээснээр сэтгэл санаа сэргэнэ. Уурлан уруу царайлснаас хөгжилдөн хөхрөх нь сайхан. Магнайгаа тэнийтэл инээлээ гэдэг дээ. Настангуудад хөгжил баясал, инээд ашигтайг Нараа дарга олон жишээгээр ийнхүү өгүүлснийг залган мэргэжилтэн Үүрийнтуяа, Бат-Өлзий, ахмад эмч Цэндсүрэн нар залган авч “Настны сэтгэл зүйн онцлог”, ”Хөдөлгөөн эрүүл мэнд", ”Настанд зориулсан дасгал хөдөлгөөн”, “Хийн дасгал” зэрэг хичээлээрээ үргэлжлүүлэв. Тэдний ярьсан бүхнийг ахмадууд ийнхүү сонссондоо олзуурхаж байв. Дараа нь дасгал хөдөлгөөн хийцгээлээ.

 

Бүжиг бол идэвхтэй хөдөлгөөн

          Хөгжим эгшиглэв. Түүнийг эхэлмэгц л настнууд

                    Задгай цагаан үүл нь

                    Заавал бороо үүлээ хэмээн аялмаар санагджээ. Залуу зандан үеийг нь сэргээсэн энэ аянд хөгшчүүп хөл нийлүүлэн бүжиглэцгээв. Зүгээр ч үгүй, уралдаж шүү. Эрүүл мэндийн газрынхан “Би бүжиглэх дуртай” тэмцээн зохион байгуулсан нь “Ахмадуудаа идэвхтэй хөдөлгөөнөөр дэмжицгээё” сарын ажилд оролцогчдын талархал хүлээлээ. Намуун зөөлөн хөдөлгөөнтэйгээс эхлээд намбыг нь тааруулан товшилдог, сэвэлзтэл шогшуулдаг, тэр ч байтугай бүр сэнсэртэл эргэдэг нь хэвээрээ яваа бүжгийн сайхан эвсэл хөдөлгөөнтэй буурлууд олон байна. Тэдгээрээс арван хос тэмцээнд оролцов. Залуу насандаа зав зай гаргаад  хөлсөө чийхэрч, хөлөө цуцтал бүжиглэдэг байсан “Задгай цагаан”, “Хүмүүн төрөлхтөн”, “Вальс” зэрэг бүжгээр уралдсанаас Г.Товуу, Д.Мөнхөрмаа  нарын хос тэргүүлж, Д.Шүрэнчимэг, Д.Сүх-Янжин нарын хос удаалсан байна. Мөн хөгжөөн дэмжигч ахмадууд ч алжаалаа тайлан бүжиглэцгээв. Бидний хүлээж хүсдэг энэ ажил “Загтанасан газар маажив” гэгч боллоо хэмээн нэлээд ахмад ярьж байлаа.

 

Мөсөн дээр шагайдав

Эрүүл мэндийн газрынхан “Цэвэр агаар-эрүүл мэнд” уриан доор настангуудыг хөдөлгөөн, хөгжөөнөөр наргиулах арга хэмжээ зохион байгууллаа. Тэр өдөр Ачуут гол дээр жавартай жиндүү байв. Харин ахмадууд идэвхтэй хөдөлгөөн, инээд наргианаараа жаврыг уяраан хөгжилдлөө. Тэд дөрвөн баг болж мөсөөр шагайдан наадацгаав. Зарим “шагайчдын сум” баруун зүүн талаар “тэнэж” байсан бол зарим нь бараг “сум” бүрээрээ байгаа онон уухайгаар мялгаалгалаа. Тэмцээн хэрдээ өрсөлдөөнтэй болсон. Д.Шүүрэнчимэг, Г.Товуу нарын баг тэнцчихэв. Хэд хэд дахин хайнцан “хүчтэй өрсөлдөгч” гэдгээ харуулж хөгжилдүүллээ.

Гучин метрт гурван төрлөөр

“Цэвэр агаар-эрүүл мэнд” арга хэмжээнд оролцогчдын дараагийн тэмцээн нь буухиа уралдаан байв. Настай хүмүүс яаж буухиагаар уралдаж амжихав дээ гэх бодол төрж байна уу? Тэд уралдаж чадсан. Бүр хөгжилтэй. Уралдах зай нь богино, 30 метр гаруйхан. Эхний даалгавраар багийн хоёр гишүүн сугадалцаад холбоотой хөлөөрөө алхаагаа нийлүүлэн яаравчилсаар хоёр дахь өртөөнд очлоо. Түүнийг тосон авсан хоёр дахь хүн том бөмбөгийг өвдгөөрөө хавчин уналгүйгээр буухиалан дараагийн өртөөнд хүргэхэд гурав дахь хүн нь аягатай ундааг асгаж цалгиулалгүй дүүрнээр нь барианд  аваачин уралдав. Тэр бүхэн нь хөгжилтэй, бас өрсөлдөөнтэй. Сугадалцан явсан хоёр нь яарч тэвдэн өнхрөөд өгөхөд бусад хөхрөлдөнө. Багийнхан нь хурдан бос. түргэл хэмээн адгана. Хоёр дахь өртөөнийхөн бөмбөгөө унагачихаад өнхөрч явахад барьж авах гэж сандарна. Ингэж инээд наргиан өрнөсөөр тэмцээн өндөрлөв.

 

Хөгжилдөөнөө үгээр “урлав

Зохион байгуулагчдаас ахмадуудад хандан та бүхэн хэсэг зуур уралдан өрсөлдөж наргилаа. Аятайхан байгаа биз гэсэн асуулт тавив. Тэмцээн дууслаа хэмээн бодсон оролцогчид тийм ээ, сайхан байна гэцгээв. Харин шүүгч, за тэгвэл өнөөдрийнхөө үйл ажиллагааг шүлэг зохиож илэрхийл гэлээ. Энэ мөн уралдаан байв. Багууд цаас, үзэг балаа бэлдэж шивнэлдэн ярилцаж эхлэв. Түрүүчинй мөрийг нь бичиж дараагийнхыг хамжилцан хэлцгээв. Зарим нь хэн нэгэндээ “даалгавар”-аар тулгав. Ингээд энэ өдрийнхөө уралдаан тэмцээн, хөгжилдөөнийг үгээр “урлаж” байтал цаг дууслаа, шүлгээ хураалга гэх нь тэр.  Нэг багийнхан “Мөс цасан дээр мөлхөн байж уралдав” гээд уртхан шүлэглэснийг уянгалаг сайхан болжээ хэмээн талархсан бол өөр нэг багийнхан “Цас мөсний баяр цаанааа сайхан байлаа. Цаг хормоор өрсөлдөөд цалгим инээд дүүрэн байлаа” гэснийг товч тодорхой илэрхийлжээ хэмээн сайшаав. Харин өөр нэг багийнхны шүлгийг уриалга, угтаа бол илтгэл болжээ гэж наргиуллаа. Ийнхүү хөдөлгөөн наргианаар хөгжилдүүлсэн эдгээр уралдаан тэмцээний нийлбэр дүнгээр Г.Товуу ахлагчтай баг түрүүлж,  Д.Шийрав ахлагчттай баг удаалав. 

 

Идээний дээж, уралдааны шагнал нь ч эм

          Энэ жилийн турш албан байгууллагууд ээлж дарааллаар зохион байгуулах “Ахмадуудаа идэвхтэй хөдөлнөөнөөр дэмжицгээе” сарын ажлын гарааг аймгийн эрүүл мэндийн газар сайхан зохион байгууллаа тэдгээрт оролцсон ахмадууд талархаж байна. Хичээл сургалт, мэдээлэл сурталчилгаа, дасгал хөдөлгөөн, уралдаан тэмцээнээс нь  ахмадууд хөштөл хэвтсэнээс хөдөлж хөгжилдвөл хөгшрөлтөө сааруулан насжилтаа хэвийн байлгах боломжитойг ухаарлаа гэцгээж байна. Тэд зохион байгуулсан арга хэмжээндээ оролцогчдод идээ ундааны дээж болгон эрүүл мэндэд ач тустай халуун кофе цай аягалан барьж ууталсан амин дэм өгсөн. Мөн мөсөн дээр жаварт жиндэх вий хэмээн чацарганын халуун ундааг халуун саваар аваачин уулгаж байв. Уралдаан тэмцээнд шалгарсан багийнхныг шагналд ч настангуудын эрүүл мэндийн нэн чухал хэрэгцээт зүйл гардууллаа. Ийнхүү тэд ахмадуудын эрүүл мэндэд чин сэтгэл гарган хандсанд настангууд баярлалаа.

      Энэ сарынхыг ССАЖГ, "Булган АЗЗА" компани хамтран өргөн хүрээнд олон хэлбэрийн ажил зохион байгуулаад өндөрлөх гэж байна.

 

Тогтомолжуулсан ажлаа улам өргөжүүлнэ

Төрин албан хаагчид, иргэдийн эрүүл амьдралын хэв маяг зан үйлийг төлөвшүүлэх үйл ажиллагааныхаа үр дүнгээр Ерөнхийлөгчийн батламжийг манай аймгаас ганцхан Булган сум авсан билээ.

Тийнхүү бусдаас онцлон үнэлэгдэхуйц ажил зохион байгуулан үр дүнд хүргэснээр энэ баталмж авсныг тодруулахаар сумын ЗДТГ-ын мэргэжилтэн Л.Туяатай товч ярилцлага хийв.

-Суугаа голдуу ажилладаг ажилтнуудаа хөдөлгөөний хомсдолоос сэргийлэхээр уламжлал болгон хэвшүүлсэн ажлаасаа хэлж өгнө үү?

-Тийм ээ, хамт олныхоо дунд эрүүл амьдралын хэв маяг зан үйлийг төлөвшүүлэхийн тулд манай байгууллага хэд хэдэн ажлыг тогтмолжуулсан. Ажлын байрны дасгал хөдөлгөөнийг 11 цагт нийтээрээ хийж хэвшсэн. Долоо хоног бүрийн Мягмар гарагийн 18 цагаас хойшх хугацаа бол бидний хүсэн хүлээдэг мөч гэж болно. Ажлаа тараад гэртээ харилгүйгээр бөмбөг хөөцөлдөн хөлсөө гартал тоглож хөгжилдөг. Тамгын газрын дарга маань дунд сургуулиудын болон спортын ордны заалны зөвшөөрөл авч байраар хангадаг. Байгууллагаас бидний эрүүл мэндэд анхаарал тавьж үйлчилгээний төлбөрийг нь өгдөг. Жил бүр ажилтан, албан хаагчдыгаа бие бялдрын түвшин тогтоох сорилд хамруулан үр  дүнг нь үндэслэн авах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлдэг. Тусгай өрөө гарган чийрэгжүүлэлтийн танхимтай болгосон. Төрөл бүрийн тоног төхөөрөмжтэй. Ингэснээр бие бялдраа хөгжүүлэх, эрүүл мэндээ хэвийн байлгах боломжийг бүрдүүлсэн.

-Байгууллагынхаа хамт олны дунд биеийн тамир, спортын уралдаан тэмцээн зохион байгуулдаг болсон шүү дээ?

-Тэгсэн, тэр бүхнийг алдаг оног биш тогтмолжуулсан. Жишээлэхэд жил бүр гар  болон сагсан бөмбөг, ширээний теннис, буухиа зэрэг төрлөөр байгууллагын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж хэвшээд байна. Мөн өвөл цагийн уралдаан тэмцээний зарим төрөлд ажилтнуудынхаа хурд хүч, авхаалж самбааг сорихоор цасны баярын арга хэмжээг зохион байгуулдаг уламжлал тогтсон.

-Энэ бүхэн тань хэр зэрэг үр дүнд хүрч байна?

-Хөдөлгөөний хомсдолын улмаас эрүүл мэнд нь доройтож эмчилгээ хийлгэсэн, ажлаас чөлөөлөгдсөн ажилтан албан хаагч байхгүй. Уралдаан тэмцээнд оролцогчдийн өрсөлдөх чадвар, амжилт өсч байна.

-Тухайлбал?

-Жишээлбэл, аймгийн эрүүл мэндийн болон соёл, спорт, аялал жуулчлалын газраас хамтран зохион байгуулдаг “Ажлын байрны дасгал хөдөлгөөн хийж хэвшсэн байгууллага хамт олон шалгаруулах” болзлоор хоёр жил дараалан тэргүүн байр эзэлсэн. “Нийгмийн эрүүл мэнд нийтийн биеийн тамирыг дэмжигч байгууллага”-аар шалгарч байлаа. Архи, согтууруулах ундаа хэрэглэхийн оронд бие бялдраа хөгжүүлэх хурд хүчээ сорих ажилд өргөн оролцох ажлыг өргөтгөхөөр 2013 онд зарласан “Архигүй Булганы төлөө бидний манлайлал” сэдэвт болзолд тэргүүн байр эзэлсэн зэрэг олон амжилтаараа бид бахархдаг Тийм учраас манайхыг нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг дэмжигч хэрэгжүүүлэгч байгууллага гэдэг болсонд баяртай байна.Жил бүр “Цасны баяр арга хэмжээгээр олон уралдаан тэмцээн зохион байгуулан хөгжилддөг

-Бичиг цаасанд дарагдан, бодлого шийдвэр боловсруулах, ард олондоо үйлчилэх гээд их ажил үйлсийнхээ зэрэгцээ дасгал хөдөлгөөн, биеийн тамир, уралдаан тэмцээнээр эрүүл амьдрах боломжоо өргөжүүлдэг та бүхэнд талархал дэвшүүлье.

-Баярлалаа. Идэвхтэй хөдөлгөөн бол бидний эрүүл мэндэд эм болно гэсэн үг. Хөдөлгөөний хомсдолд орохгүйн тулд хэвшүүлж тогтмолжуулсан ажлынхаа хүрээг өргөтгөн үр дүнг улам нэмэглүүлэхийг эрхэмлэн ажиллана. Түүнчилэн сумынхаа иргэдэд эрүүл аж төрөх зан үйл төлөвшүүлэхэд ч анхаарал тавьж олон нийтийн төлөөллийг бие бялдрын түвшин тогтоох сорилд хамруулдаг.  Багуудын дунд төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулдаг. Манай сумын ахмадын хороо жил бүр ахмадын волейболчдын шилжин явах цомын тэмцээн, спортын өдөрлөг зохион байгуулдаг уламжлалтай болсон

“Ухаалаг үйл ажиллагаа”-ны төлөвлөгөө гаргана

         Булган сумын ИХТ-ын ажлын алба, ЗДТГ-аас “Том төрөөс ухаалаг төр лүү” хэлэлцүүлгийг өчигдөр ажилтнууд болон багийн иргэдийн нийтийн хурлын дарга нарыг хамруулан зохион байгуулав. ..дэлгэрэнгүй

Төслийн нарийн бичгийн дарга ярьж байна - СУМ ТӨСӨЛ БОЛ ХӨДӨӨГ ХӨГЖҮҮЛЭХЭД ЧИГЛЭНЭ

 Эдийн засгийн хөгжлийн Яамны салбар хоорондын бодлого зохицуулалтын хэлтсийн дарга, “Сум” төсөл хэрэгжүүлэх ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаярыг Булган аймагт ажиллах үеэр дараахь товч ярилцлага хийв. ..дэлгэрэнгүй

Булган-2013 үзэсгэлэн худалдаа-Хангайн бүсийнхэн шилдэг бүтээгдэхүүнээрээ өрсөлдлөө

Аймгийн спортын шинэ ордон болон хуучин байр тэдгээрийн гадаах талбай саяхны хоёр өдөр хол ойрын хүн зоны хөл, машин техникийн хөдөлгөөнд умбалаа. Архангайн ааруул авъя. Баянхонгорынхон хаана байна? Хөвсгөлийн цагаан загас дуусчихаагүй байгаа? хэмээн хүмүүс сураглацгаана. “Хангайн бүсийн түншлэл-Булган-2013”  үзэсгэлэн худалдаа ийнхүү Булганынхныг урин даллажээ. ..дэлгэрэнгүй
Хуудас:  1   2   3  ( 28 мэдээ )

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1737873

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар