Хуудас:  1   2   3  ( 28 мэдээ )

Д.Эрдэнэбат: Булганчууд бид нэгдэж зүтгэвэл Булган улам өнгө гэрэлтэй болно


 


-“Шинэ Булган” хөтөл­бө­рийн хүрээнд даацтай олон асуудал шийдэх байх. Хөтөлбөрийн явц ямар байгаа бол?
-Би аймгийн Засаг даргын албаа хүлээж аваад нэг жил дөрвөн сарын хугацаа өнгөрчээ. Бид 86 зорилт 450 ажилтай “Шинэ Булган” хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хөтөлбөрийнхөө гол суурийг тавьж чадлаа. Нийгэм, бүтээн байгуулалт, боловсрол, эрүүл мэнд гээды олон салбарт өөрчлөлт хийж байгаа. “Шинэ Булган” хөтөлбөр маань бүхэлдээ эрдэм боловсролтой, эрүүл чийрэг, ажилтай орлоготой, аюулгүй орчинтой, эрх чөлөөтэй, ардчилсан засаглалтай булганчуудыг бий болгохын төлөө чиглэгдсэн. Шинэ оны босгон дээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэг­жилтийг хэлэлцээд “хан­галттай сайн” гэж дүгнэсэн.

-Хөтөлбөрт Булган сумыг хотын статустай болгох заалт бий. Энэ ажил ямар шаардлага хангаж байж биелэх юм бэ?
-Бид нэн түрүүнд инженерийн шинэчлэлийг шийдэх юм. Энэ ажил 80 хувьтай яваа. Нэлээд олон орон сууц, үйлдвэр, үйлчилгээний газар барихаар төлөвлөсөн. Одоогоор суурь нь бэлэн болж байна . Газар доорх инженерийн шугам сүлжээг нь бэлэн болголоо. Ингэснээр барилга, бүтээн байгуулалтын ажил эхлэх нөхцөл бүрдэж байгаа юм. Хэн хүн аятай тохитой амьдрах нөхцөл хүсдэг шүү дээ. Гэртээ халуун усанд орчихдог, гараад сайхан гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж амардаг байхыг хүсдэг. Бид энэ бүхнийг бүрдүүлнэ. Гэвч хамгийн гол нь хүнээ өсгөх ёстой. Олон хүнтэй байж л олон үйлдвэр, аж ахуй, үйлчилгээний газар байж таарна. 2030 онд Булган хот 30 мянган хүнтэй болно гэж бид тооцож байгаа. Булган аймгийн төвд одоо барилгажилт, бүтээн байгуулалтын ажил  өрнөнө. Аймгийн төвд битүү дээвэртэй зах барихад 500 сая төгрөг төсөвлөлөө. Мөн ахмадын сувилал, хүүхдийн зуслан гэх мэт нийгмийн чанартай олон барилга байгууламж барина. Энэ жил 180 айлын таун хаус барих учиртай. Ирэх дөрвөн сарын нэгэнд аймгийн төвд “Барилгын үзэсгэлэн яармаг” зохион байгуулна. 180, 250, 300 айлын орон сууц барих саналаа компаниуд ирүүлсэн. Мөн бид ложистик төв барья гэсэн санал ирснийг дэмжиж байгаа.

-Булган аймгийн Засаг даргын хувьд хөгжлийн хэ­тийн төлвийг та хэрхэн хардаг вэ?
-Булган аймгийн бүсчил­сэн хөгжлийг харж байгаа. Урд тал нь мал аж ахуй, хойд бүс нь газар тариалан түлхүү хөгжсөн. Улсын хэмжээнд таван суманд хэрэгжиж байгаа төслийн нэг нь манай Хутаг-Өндөр суманд хэрэгжиж байна. Өнгөр­сөн жилийн ажил үйлсээрээ Хутаг-Өндөр сум аймагтаа тэргүүлсэн юм. Алсдаа үйлдвэр технологийн паркууд бий болох юм. Суманд бэлтгэсэн ноос ноолуураа Эрдэнэтийн хивс­ний үйлдвэрт, арьс ширийг Дарханы үйлдвэрт тушаагаад хагас боловсруулсан бүтээгдэ­хүүн, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цаг Булганчуудад ойрхон байна. Энэ ажлын эхний алхам Хутаг-Өндөрөөс эхлээд явж байна.

-Булган аймаг бүсчилж хөгжинө гэлээ. Бүсийнхээ төвүүдийг хэрхэн товлож сонгосон бэ?
-Хутаг-Өндөр, Хялганат, Булган, Хишиг-Өндөр, Дашинчилэн гэсэн таван сумыг “Бүсийн хөгжлийн төв” болгохоор зорьж байгаа юм. Цаашид бүсийн төвүүдээсээ манай аймаг бүх зүйлээ хангадаг, нийлүүлдэг болно.

-Булганы хэд хэдэн сум засмал замаар нийслэл, чухал газруудтай холбогдлоо. Үүгээр аялал жуулчлалын урсгал эрчимжих нь тодорхой. Энэ салбарт ямар бодлого баримталж байгаа бол?
-Тийм ээ. Энэ хамгийн таатай, сайхан боломж. Бид арвин баялаг түүхтэй, алдар суутай анхдагчдын өлгий. Тийм болохоор аялал жуулчлалыг “Домгийн мөрөөр” хөгжүүлэх хэд хэдэн зорилт тавиад аялах, үзэх маршрут гаргасан. Энэ газар тийм түүхэн үйл явдал өрнөж байсан. Энд Дандар аграмба Далай ламд ном зааж, эрдмээ түгээж байсан гээд домгийн мөрөөр явуулж, хөгжүүлбэл их зүгээр.
-Булган аймаг “Ногоон хөгжлийн загвар аймаг” болно гэж таны хөтөлбөрт тусгасан. Энэ зорилгыг олон нийтэд ойлгомжтой, энгийн үгээр тайлбарлавал?
-Үүний гол үзэл санаа нь ерөөсөө л байгаль дэлхийд ээлтэй үйлдвэр үйлчилгээ бий болгох, хөгжүүлэх. Ер нь, бизнес эрхлэгч, иргэд ажил хийе гэвэл анхны шалгуур нь экологид ээлтэй технологи, дэв­шил ашигласан эсэх явдал.

-“Шинэ Булган” хөтөл­бөр­тэй морин хуур, ша­тар, архигүй Булган гэх гурван дэд хөтөлбөртэй. Эдгээрийн хэрэгжилт ямар байна вэ?
-Энэ тал дээр дэвшил гарч байгаа. Бага анги бүр цаашлаад цэцэрлэгийн ахлах бүлгийнхэнд шатар зааж байна. Морин хуур хөтөлбөр бүр ч илүү амжилттай хэрэгжиж байгаа юм. Аль ч суманд ямар нэг баяр ёслол, үйл явдал болоход морин хуурын хамтлаг гараад сайхан аялгуу эгшиглүүлдэг болж. Аймгийн Засаг даргын хувьд бага дунд боловсролыг ивээлдээ авсан. Төрийн албан байгууллага дээр болж буй аливаа үйл явдал, зочин гийчнээ угтах, үдэх ёслолд архи огт хэрэглэхээ больсон. Хувийн хэвшлийнхний дунд бас янз бүрийн үйл ажиллагаа зохион байгуулдаг. Архины хамааралтай болчихсон хүн нэлээд бий. Тэднийг нийгэмшүүлэх ажил хийж байна. Энэ мэт хөтөлбөрүүдэд зориулж 150 сая төгрөг төсөвлөн ажиллалаа.

-Мал аж ахуйн үүц нөөц, бэлчээр ус сайтай, маш их боломжтой аймгийн нэг Булган. Мал сүрэг өсч, малчдын амьдрал ахуй ч их сайжирч байх шиг?
-Булган аймаг 2013 оны мал тооллогоор түүхэнд байгаагүй олон буюу 2,7 сая мал тоолуулсан. Энэ бол манай аймгийн түүхэнд гарч байгаагүй том амжилт. Цаг улирал сайхан байж, тэнгэр хангай ч ивээлээ. Хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийг дэмжих төрийн бодлого ч нөлөөлсөн.

-Морин жилийн босгон дээр Булган нутгаас улсын сайн малчид шинээр төр­лөө. Малчдынхаа хө­дөл­­мөр зүтгэлийг төр засгаас ч сайхан үнэлж байна.
-Энэ жил манай аймгаас “Улсын сайн малчин”-аар дөрвөн хүн тодорсон. Баян-Агт сумын Н.Уламбаяр, Сайхан сумын Ч.Бямбасүрэн, Бүрэгхангай сумын Ш.Батдэлгэр, Хишиг-Өндөр сумын Б.Батбаяр нар  Монгол Улсын сайн малчин гэдэг эрхэм алдар хүртсэн. Сайхан сум 34721 адуу тоолуулж, Монгол Улсын хамгийн олон адуутай сумаар хоёр дахь удаагаа шалгарлаа. Улсын тэргүүний хамт олноор Баян-Агт сумын “Актив агро”, Хутаг-Өндөр сумын “Эг тариа” ХХК-иуд шалгарлаа. Энэ жилээс харин газар тариалангийн салбарт тосны ургамлын тариалалт багасгаж, улаан буудайг нэмэх бодлого барина.

-Гадаад харилцаа хэрхэн хөгжиж дэвжиж байгаа  бол?
-Хил залгаа, уламжлалт харилцаатай хөрштэйгөө найрсаг харилцаагаа үргэлж­үү­лэхийн зэрэгцээ улс орнуудтай шинээр харилцан ашигтай түншлэл бататган бэхжүүлж байна. Аймаг, сумын Засаг дарга нар ОХУ-ын Буриад улсад, аймгийн төлөөлөгчид БНХАУ-ын Ху Нань мужийн И Яан хоттой үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүн боловсруулах, нийгмийн салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа. БНСУ-ын Дэгү хотын Дун-Гу дүүрэгтэй газар тариалан, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллаж байсан уламжлалаа өргөжүүлж байна. Бугат суманд Япон улстай хамтран аялал жуулчлалын брэнд үйлчилгээ бий болгох, байгаль орчинд ээлтэй “Эко тур” аялал хөгжүүлэх төсөл хэрэгжиж байна. Уламжлалт харилцаат Украйн улсын Киев мужийн Белое Церковь районтай хамтын ажиллагаа өргөжүүлнэ. Дээрх газартай хүлэмжийн аж ахуй, модон материалын болон шахмал түлшний үйлдвэр, зуурмагны үйлдвэр, блок, тоосгоны үйлдвэр зэрэг салбарт хамтарч  ажиллахаар болсон. Бүрэгхангай суманд л гэхэд төмрийн нойтон баяжмалын үйлдвэр барьж байна.

-Аймгийн төвд барьж байгаа Дулааны  станцын асуудал ямар шатандаа явна?
-Дулааны  станцаа энэ жил ашиглалтад оруулахаар бид хөөцөлдөж байна. Барилгын ажил 70 хувьтай. Үүнд хувийн хэвшил хөрөнгө оруулаад барьж байгаа ч төр оролцооч, дэмжээч гэсэн санал тавьсан. Бид дэмжье гэсэн. Энэ станц ашиглалтад орсноор аймгийн төвийн орон сууцнууд хэрэглээний халуун устай болж, хүмүүсийн ахуй, соёлд өөрчлөлт гарна.

-“Оюунлаг Булганчууд шинэ Булганы хөгжилд” уриан дор багагүй ажил үйлс өрнөж байгааг харж байна.
-Саяхан нэлээд хэдэн сур­гууль, цэцэрлэгийн удирд­­лагыг сольж өөр­­­чил­­­­лөө. “Эрдэм боловс­рол­­той Булганчуудыг бий болгоход хоёргүй сэтгэ­лээрээ ажиллаарай” гэж боловсролын салбарын­хандаа хэлж, захиж байгаа. Дотуур байр болон сурах орчныг сайжруулах талаар төрийн зүгээс нэлээд анхаарал хандуулж байна. Харин манай аймгийн театрын барилгын асуудал нэлээд хүнд байгаа. Эмнэлгийн салбарынхаа орчин нөхцөл, тоног төхөөрөмжийг ч сайжруулах, ажилтнуудыг нь давтан сургах талаар багагүй зүйл хийж байна. Эрүүл, боловсролтой хүмүүс л энэ нутаг орныг авч явж хөгжүүлнэ шүү дээ.

-Нэлээд эртнээс “Булган аймагт оношилгооны төв байгуулъя” гэх са­нал дэвшүүлсэн ч шийдэгддэггүй нэг асуудал болчих шиг байна?
-Энэ асуудал 2014 оны улсын төсөв, төлөвлөгөөнд бас л орсонгүй. Эрдэнэт гэдэг том хот хажууханд байгаа гэдэг шалтаг, шалтгаанаар бид их олон зүйлээс хоцорч үлдэж байна. Тусдаа засаг захиргаа, нутаг орон байхад тоног төхөөрөмжөө нийлүүлээч гэж бид Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайд, Төрийн нарийн бичгийн дарга гээд бүх л мэдлийн хүмүүст санал тавьдаг. Тэд дэмжиж байгаа. Тэгэхээр манай эрүүл мэндийн салбарт техник технологийн шинэчлэл хийнэ гэж найддаг. Мөд 50 ортой төрөх эмнэлэг ашиглалтад орно. Өрхийн эмнэлгүүдээ хөг­жүүлж, тэдний арга турш­лагыг солилцоход анхаардаг.
-Ард иргэдийнхээ амгалан тайван, аюулгүй байдлыг хангах үүднээс аймгийн төв болон зарим замыг камержуулах ажил хийсэн гэж дуулсан?
-Тийм ээ. Төрийн бай­гуул­лагад ажиллаж, хууль хэрэгжилтийг хянах, хан­гах ажилд өдөр шөнө­гүй ажиллаж байгаа хүмүү­сийнхээ нийгмийн асуудалд ч бас багагүй анхаарч байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан маань шинэ оффистой боллоо. Цагдаагийн газрын албан хаагчдын 30 айлын зургаан давхар орон сууц энэ онд ашиглалтад орно. Булган аймгийн төвийг иж бүрэн камержуулна. Иргэдийнхээ  аюулгүй, амгалан тайван аж төрөх нөхцөл бололцоог илүү сайн хангахын тулд хийж байгаа. Гудамж талбай нь гэрэл гэгээтэй, хулгайн хэрэг гарахгүй, амгалан тайван, цэвэр цэмцгэр тийм л орчныг бид бүрдүүлэх болно. Аймгийн төвөөс гадна таван сум камертай. Мөн Сэлэнгийн гүүр, Гуртын гүүр, Орхоны гүүрэнд камер тавилаа. Олон хот газартай холбогдсон, их хөлийн газар учраас тийм хяналт байх нь зүйтэй.


-Энэ тал дээр бусад аймаг сумынхантай бас хам­тарч ажиллаж байна уу?
-Бид өнгөрсөн намар Сайхан сумын Хулж багт долоон аймгийн хууль хяналтынхныг цуглуулж, сургалт зөвлөлдөөн зохион байгуулсан. Эндээс бид эрх зүйн чиглэлээр ямар шинэчлэл хийх, энэ долоон аймаг цаашид яаж хамтарч ажиллах юм бэ, зэргэлдээх аймаг сумд хэрхэн хамтарч ажиллах вэ гэдгээ ярилцсан.


-Хэдхэн хоногийн өмнө Булган аймгийнхан нийслэл хотноо цуглаж, томоохон уулзал зохион байгууллаа. Энэ үйл явдлын ач холбогдлыг хэрхэн дүгнэх вэ?
-Булган нутгаас төрж гарсан уугуул иргэдийнхээ анхаарлыг нутаг орон руу нь хандуулъя. Тэдэнтэйгээ уулзаж учирч, сэтгэлээсээ ярилцъя гэсэн бодолтой энэ уулзалтыг зохион байгуулсан. 5000 гаруй хүн оролцсон, боловсрол, эрүүл мэнд, урлаг спорт, бизнесийн төлөөлөл зэрэг салбар салбарын хуралдаан боллоо. Жишээ нь, бизнес эрхлэгчдэд манай аймагт орчин нөхцөл өөрчлөгдсөн, бизнесмэнүүдэд ээлтэй болсон гэдгээ хэлж, эргэж ирэхийг уриаллаа. Урьд нь, ийм том хэмжээний уулзалт болж байгаагүй, тэр бүү хэл булганчууд ийм уулзалт болохыг хүсч, хүлээж байсныг анзаарч, ойлголоо. Булган аймагт голомтоо сахиж үлдсэн хүмүүс бид бүхэн ийм санаа бодол, хүсэл тэмүүлэлтэй байна. Бид бие биенээ дэмжье, хамтаръя гэсэн санаагаар энэ ажлыг хийлээ. Аймгийн Засаг даргын тамгын газрынхан, иргэдийн хурал, сумдын бүх удирдлага орсон.
Булганчууд бид бүхэн Булган нутгийн хөгжлийн төлөө нэгэн санаа, нэгэн сэтгэлээр зүтгэж байж  ирээдүйн Булган улам сайхан өнгөтэй гэрэлтэй болно. Тиймээс нутаг орноо гэсэн сэтгэлийн дор нэгдэж, Булган нутгийн хөгжлийн төлөө хамтдаа гэсэн уриа дэвшүүлье дээ. 

 

ШИЛДЭГ ХАМТЛАГИЙГ МАСТЕР МОРИН ХУУРААР ШАГНАНА

Манай аймгийн хүүхдүүд Улсын анхны алдарт гавьяат  хөгжимчин Д.Түдэвийн нэрэмжит өсвөрийн Морин хуурчдын уралдаанд оролцохоор бэлтгэж байна. Уралдааныг хэрхэн зохион байгуулах талаар аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Хонгорзултай дараахь ярилцлага хийв.

-Ийм уралдаан урьд өмнө болж байгаагүй санагдана?

-Тийм ээ, анх удаа зохион байгуулах гэж байгаа. Магадгүй улсын хэмжээнд ч анхных нь болов уу гэж бодож байна.

-Энэ ажлыг яагаад зохион байгуулахаар шийдвэрлэв?

-Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаснаар “Морин хуур” аймгийн дэд хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх арга хэмжээ өрнүүлж эхлээд 18 сар болсон байна. Энэ хугацаанд аймгийн хэмжээнд 602 морин хуур, 357 морин хуурчийн  хувцасаар сумдыг хангаж хүүхэд насанд хүрэгчид нийлсэн 668 суралцагчийг үнэ төлбөргүй сургалтанд хамруулан бэлтгэжээ. Морин хуур хөгжмийг сурна гэдэг тийм амар зүйл биш юм. Тухайн суралцагчаас өндөр мэдрэмж, ур чадвар, хичээл зүтгэл шаардана. Хөгжмийн зэмсэг маань өөрөө өртөг өндөртэй, хэн бүхэн урлаад байдаггүй онцлогтой. Бэрхшээл бол их байдаг. Тийм болхоор бид тооны араас биш нэг талдаа сургалтын чанарт цаашид илүү анхаарч ажиллана.  Энэ бүх ажил аймгийн болон сумдын сургагч багш нарын хичээл зүтгэл хэрэгжиж зохих үр дүнд хүрч байна. Тиймээс ч энэ уралдаан нь нэг талаасаа уг хөтөлбөрийн чанар ямар түвшинд байгааг  харуулна гэж бодож байна.

Тэгэхдээ энэ арга хэмжээг Булган нутгийнхаа уугуул алдартны нэг нэрт морин хуурч Монгол улсын анхны гавьяат хөгжимчин Д.Түдэвийг олон нийт, нэн ялангуяа өсвөр үеийнхэнд алдаршуулах, авьяас билгийг нь өвлөн уламжлах хөдөлгөөн өрнүүлэхэд чиглүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн. Тийм учраас уралдаанаа алдарт хөгжимчнийхээ нэрэмжит болгохоор шийдвэрлэсэн л дээ.

-Уралдаанд зөвхөн хүүхдүүдийг оролцуулах юм байна?

-Тэгнэ, морин хуур бол дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн манай үндэсний соёлын биет бус өвийн нэг. Энэ чухал өвийг өсвөр үеийнхэн хүндэтгэн бахархдаг, хоёрхон чавхдаст хөгжмөөр үндэсний дуу аялгуу төдийгүй дэлхийн сонгодог бүтээлийг ч тоглож болдог гайхамшгийг мэдрүүлэх, хүүхэд ахуй үеэсээ морин хуур тоглон эзэмшиж сурах хүсэл тэмүүллийг өргөжүүлэх нь чухал байна. Тийм учраас хүүхдүүдийн дунд зохион байгуулах зорилт тавьсан. Удирдамж боловсруулж Засаг даргын захирамжаар батлуулан сургуулиудад хүргүүлээд зургаан сар өнгөрлөө. Одоо сар гаруйн хугацаа үлдээд байна. Хүүхдүүдийг эртнээс сайн бэлтгэх, ялангуяа зуны амралтынхаа үеэр морин хуур эзэмших дадлага чадвараа сайжруулах боломж олгохоор энэ хугацааг товлосон юм.

-Уралдааныг хэдийд, ямар ангиллаар явуулах вэ?

-Ирэх сарын зургаанаас найманд болно. Шилдэг хамтлаг, морин хуурч хүүхдүүдийг шалгаруулна. Нэг хамтлаг арваас доошгүй хуурчийн бүрэлдэхүүнтэй байна. Хүүхдүүдийг насны гурван ангиллаар, тухайлбал, наймаас 11, мөн 12-14 ба 15-17 насных гэж оролцуулна.

-Ямар шалгуур үзүүлэлт баримтлахаар тогтсон бол?

-Болзолд шалгуур үзүүлэлтээ тодорхой зааж өгсөн. Тодруулбал, зориулалтын дээл хувцастай, мэргэжлийн хууртай байна. Зааж өгсөн зохиол болон бусад аязыг нотны дагуу бүрэн гүйцэд, цэвэр тоглохыг гол үзүүлэлт болгоно. Дээр нь хуураа хэр зэрэг итгэл төгс чадварлаг эзэмшиж, улмаар тоглох бүтээл буюу аялгууг хэрхэн уран сэтгэмжтэйгээр  хэр зэрэг чадварлаг хуурдаж байгааг шалгуур болгоно. Мэдээж уралдааныг “Алтан ураг” хамтлагийн морин хуурч, хөөмэйч, манай аймгийн “Морин хуур” дэд хөтөлбөрийн сургагч багш Б.Оюунбилэг гэгч чадварлаг залуу  болон мэргэжлийн морин хуурч, хөгжмийн мастерууд шүүн явуулна.  Уралдаан хоёр үе шаттай  байна. Эхний шатанд оролцогчид болзлын хавсралтад заасан заавал тоглох хоёр бүтээлийг тоглож шаардлага хангасан буюу тэнцсэн хүүхдүүд дараагийн шатанд орж өөрийн сонголтоор нэг аялгууг хуурдана.

-Сургуулиудаас хичнээн хуурч хүүхэд оролцох вэ?

-Насны ангилал бүрт сургуулиуд хоёр хүүхэд, нэг хамтлаг оролцуулна. Хамтлаг нь дээр дурдсанаар арав, түүнээс илүү хүүхэд оролцуулахад тоог хязгаарлахгүй. Өөрөөр хэлбэл, аль болох олон хуурч хүүхэд оролцуулахыг дэмжинэ.

-Шагналын тухайд?

-Шилдэг хамтлагийг цом, өргөгөмжлөл, мастер морин хуур 300 мянган төгрөг, удаахь байрт орсон хоёр хамтлагийг өргөмжлөл, 150-200 мянган төгрөгөөр шагнана. Хуурч хүүхдүүдийн хувьд насны ангилал бүрт гурван байр эзлүүлнэ. Өргөмжлөлтэй. Мөнгөн шагнал нь ижил, нэгдүгээр байрных 120, хоёр нь 90, гурав нь 70 мянган төгрөгийн шагнал авна. Улаанбаатар хот дахь С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим бүжгийн коллежийн захиргаанаас тус уралдаанд амжилт гарган оролцсон хүүхдүүдэд Морин хуурын ангид элсэн суралцах  урилгыг гардуулж өгөх гэрээ хэлэлцээрийг хийсэн байгаа. Дүнг гаргасны дараагаар гала тоглолтын өмнө эдгээр шагналаа хүндэтгэлтэйгээр гардуулж морин хуурч хүүхдүүдээ бахархуулах арга хэмжээг зохион байгуулна.

-Энэ чухал ажил зохион байгуулах болсонд талархал илэрхийлье.

- Баярлалаа. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Морин хуур” дэд хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг өргөтгөх зорилгоор энэ арга хэмжээг аймгийн ЗДТГ-аас орон нутгийнхаа Соёл, спорт, аялал жуулчлалын газар, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Хөгжимт жүжгийн театр, Булган сумын соёлын ордон, мөн Соёлын дээд сургууль, “Эгшиглэн магнай” компанитай хамтран бэлтгэж байна. Үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулах үйлсэд иргэн аж ахуйн нэгжүүдтэй бид олон талаар   хамтран ажиллахад бэлэн.  “Булган хангайн эгшиглэн” нэртэй энэ уралдаан маань дэлхийн соёлын өвд бүртгэлтэй үндэсний морин хуураараа бахархаж түүнийг сурч эзэмших хөдөлгөөнийг өргөтгөхөд чухал ач холбогдолтой болно хэмээн үзэж байгаа болохоор алдарт хуурчийнхаа нэрэмжит уралдааны цар хүрээг өргөжүүлж, илүү мэргэжлийн талруу чиглэгдсэн,  чанартай  уралдаан болгох тал дээр цаашид анхааран ажиллана.  

ВОЛЕЙБОЛ МИНИЙ АМЬДРАЛ

 Амьдралынх нь мөч бүхэнд агуу спорт волейболын спортын мастер Л.Энхцэцэгтэй цуг амьсгалж тэр спортын төлөө бие сэтгэл, оюун ухаанаа дайчлан байдаг энэ хүнтэй эртнээс ярилцахыг хүсч байсан юм. Хүсэл биелж ахмад волейболчдын улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр цөөн хором уулзаж ярилцсанаа та бүхэн хүргэж байна. -Сайн байн уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе

-Баярлалаа. Уншигч олон та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе.

-Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээний онцлогоос та дурьдвал?


-Булган аймагт маань энэхүү уламжлалт тэмцээн 2 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаад хагас шигшээ тоглолтууд эхэллээ. Шинэ спортын ордонд маань зуны дэлгэр цагт олон мастерууд цуглаж улсынхаа аваргыг шалгаруулж байна.  Булган аймгаас маань 4 баг ангилал тус бүрт орсноос бүгд хагас шигшээ тоглолтонд шалгараад байна. Одоо медалийн өнгөө хувиргах хариуцлагатай тоглолтууд хүлээж байна даа.

-Анх Сэлэнгэ сум /Ингэт толгой/ Улсын аварга шалгаруулах ахмад волейболчдын тэмцээнийг сумандаа амжилттай зохион байгуулж байсан тухайгаа сонирхуулаач?

-Тийм шүү. Тэр үед суманд бүү хэл аймгийн төвд ч зохион байгуулахад хүндрэлтэй үе байлаа. Гэвч сумын Засаг дарга Ш.Насандуламтайгаа ярилцаад зохион байгуулахаар болсон доо. Манай суманд волейболын спорт ид хүчээ авч байлаа. Тийм учраас сурагчиддаа, тамирчин шавь нартаа Монголын үе үеийн волейболчдын, шигшээ багт тоглож байсан тамирчдын тоглолтын техникийг үзүүлж, нэг цагт улсынхаа шигшээд тоглож байсан тамирчны хувьд хэр зэрэг тамирчин байснаа шавь нартаа харуулъя гэж зорьсон доо. Тэмцээн ч амжилттай болж сум орон нутаг маань мартахааргүй сайхан дурсамжтай үлдсэн гэж бодож байна. Мөн сумын Засаг дарга Ш.Насандуламдаа маш их баярлаж талархаж байгаагаа одоо ч хэлэхэд таатай байна.

-Таны дасгалжуулагчийн гараа хаанаас эхлэв?

-Намайг эх орноо төлөөлж улсын шигшээ багт багтан хилийн дээс алхах гэж байхад Төв аймгийн спорт хорооноос дасгалжуулагч хийгээч гэсэн санал тавьсан юм л даа. Харин би “Хэрвээ тэмцээнд явахаар бол мэдээж чадахгүй нь ээ. Тэмцээнд явахгүйгээр үлдвэл дасгалжуулагч хийж болно” гэж хэлсэн.

За ингээд шигшээ 12-т орж чадалгүй 13-т орсон учраас амласан ёсоороо Төв аймагт очиж 19-хөн насандаа 90-ээд мянган хүн амтай аймагт “Ургац” нийгэмлэгийн дасгалжуулагчаар ажилд орж байсан түүхтэй.

-Тэгвэл Төв аймагт таны хичнээн шавь байна ?

-Төв аймагт миний олон шавь нар байдаг. Зарим нь энэ тэмцээнд хамтдаа мөр зэрэгцэн тоглоод буцаж байна. “Урнаа кашмер” багийн тамирчид бол бүгд миний шавь нар байх жишээний. Миний хамгийн том шавь гэхэд л надаас 4 насаар дүү шүү дээ. Төв аймагт ажиллаж байх хугацаанд өсвөрийн шавь нар улс, хотын чанартай тэмцээнээс медаль авахаас гадна насанд хүрэгчдийн тэмцээнд өөрөө баг бүрдүүлэн бэлтгэл хийж оролцон ОУХМ Б.Уранчимэг бид хоёр залуу тамирчид хашир мастеруудын эсрэг тоглож 1986 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медалийн болзол хангаж, 1987 онд спортын дэд мастер цол өгөхөд анхны 11 дэд мастерийн нэг болсноороо бахархаж явдаг юм.

-Хэзээнээс Булган аймгийн хүн болсон бэ?


-За Булган аймгийн тухайд бол Төв аймагт ажиллаж байх үедээ амьдралын шаардлагаар Ингэттолгой сангийн аж ахуйд ирж суурьшсан. “Энэ сайхан заалтай, боломжийн нөхцөлтэй газар волейболын спортоо хөгжүүлмээр байна аа” гэсэн бодлоо нөхөртөө хэлээд захирал багштай нь очиж уулзтал “орон тоо байхгүй ээ үнэхээр та багшлах сонирхолтой бол сургуулийн гал тогоонд тогооч хийгээд завсар зайгаар нь спортоо заа” гэсэн. Би ч дуртай зөвшөөрөөд нөхөртөө очиж дуулгатал нөхөр дургүйцээд больсон. Түүний дараахан хойд бүсийн аварга шалгаруулах волейболын тэмцээн Хялганат тосгонд зохион байгуулагдахад  Ингэт түрүүлээд цомыг нь аваад ирсэн юм. Энэ  багт Ш.Насандулам маань мөн манай багтай тоглож таараад эргэж ирээд захиралдаа үнэхээр энэ хүнийг авч ажиллуулмаар байна. Ийм сайн дасгалжуулагч, тамирчныг ашиглахгүй сул байлгана гэтэл асар том боломжийг алдана аа гэсэн үг гээд энэ цаг мөчөөс хойш олон сайхан шавь нараа төрүүлэн гаргалаа даа. Сэлэнгэ сумандаа яг 8 жил ажиллаад одоо Хутаг-Өндөр сумын Хонгор толгой багт ажил амьдралын шаардлагаар амьдарч байна даа. Тиймээс Ш.Насандулам багшдаа баярлаж явдаг шүү гэж хэлмээр байна. Монгол хүн чинь тэр бүр хайртай баярлалаа гээд хэлээд байдаггүй шүү дээ. Дахин дахин маш их баярлаж явдаг шүү л гэж хэлье дээ.

-Таны тамирчны замнал болоод, Булган аймгийн волейболын хөгжил таны ханьтай салшгүй холбоотой гэж бодож явдаг. Ханийнхаа тухайд?


-Тэгэлгүй яахав. Миний хань Хонгор Агро ХХК-ний захирал Батсуурь гэж уул шиг түшигтэй сайхан хүн бий. Сумын тэмцээнээс эхлээд л улс хотын олон тэмцээнд тамирчдаа авч явна. Тэмцээн зохион байгуулалтын аливаа асуудал бүхэнд би нөхөртэйгээ хамт оролцдог юм.

-Бусдад хэлэх юмсан гэж бодож явдаг бодол байвал бидэнтэй хуваалцаач?


-Ажил амьдралын цаг хугацаа өнгөрөх бүрт зовлон жаргал ээлжилж байдаг. Тэгэхээр бас хэлэх үг байлгүй яахав. Тэр бүхэн байж байж амьдрал илүү амттай эрч хүчтэй өгөөжтэй байдаг. Тийм болохоор өдийг хүртэл энэ спортын төлөө сэтгэл зүрхээ зориулаад яваад байгаа нь яах аргагүй ханьтайгаа холбоотой гэж бодож явдаг юм. Хэрвээ би энэ спортыг ойлгохгүй өөрөө тоглодоггүй, миний хобби авьяас чадварыг үнэлдэггүй хүнтэй суусан бол өөр тавилан хүлээж байх байсан ч юм уу яаж мэдэх вэ. Хөлс хүч, оюун бодлоо зарцуулан олсон мөнгөөрөө санхүүгийн тусламж үзүүлж байдаг ханьдаа маш их баярлаж явдаг шүү гэж энэ дашрамд хэлье.  Мөн дээрээс нь Ингэтэд байхад миний шавь нар байсан хүүхдүүд маань таныг байхад сурагч байсан бид бас их азтай шүү гэж хэлдэг нь их урам өгдөг юм. Өөр одоо намайг гомдоогоод л эсвэл туйлгүй баярлуулаад байсан зүйл одоохондоо бол санаанд орохгүй л байна.

-Таны хэмжээгүй баярласан нэг үеийг би хэлмээр байна л даа. Та ачтай болохдоо их баярласан?

-Өө тийм. Би нөгөө л волейболоо ярьж ухаанаа умартаад байгаа болохоос бэртэй болохдоо бас ачтай болохдоо маш их баярласан. Амьдралын сайхан үеийн маань нэг шүү энэ бүхэн чинь. Одоо би эмээ болсон ч гэсэн ачийгаа дагуулаад сайн тамирчин болгочихоод энэ ордондоо сууж байх юмсан гэж үргэлж бодож явдаг шүү.

-Волейболын спортын давуу талыг цөөн үгээр хэлбэл ?

-Волейболын спорт хүнд маш олон талын зөв хүмүүжлийг олгож өгдөг. Дандаа бусдын төлөө явдаг сэтгэл зүйг төрүүлж байдаг болохоор энэ спортоор хичээллэсэн хүн бүхэн туйлын жавхаатай, азтай байдаг юм.

-Хамгийн ойрын хугацаанд таны гар бие оролцон зохион байгуулах тэмцээний талаар?


-Ерөөсөө волейболын тэмцээн ч гэлтгүй ямарваа нэгэн спортын тэмцээн зохион байгуулах нь мөнгө санхүүгийн хүндрэлтэй тулгардаг ч гэлээ асар олон талын ач холбогдолтой байдаг. Хүн сэтгэлийн амьтан. Үүнийг ойлгохгүй зарим нэг сөрөг хандлага гарч л байдаг юм. Ямар нэгэн хүчтэнийг дагах биш харин нэг зүйлийн төлөө сэтгэл гаргаад л явмаар байгаа юм. Би энд Ц.Цэнгэл эрхэмийг дурдмаар байна. Бидэнд туслаж, дэмжиж байна. Амлалтандаа хүрч байна.  Би хүнийг аль нэг нам бус хийсэн ажлаар нь хүндэтгэх дуртай.  Дорноговьд болох тэмцээнийг Булган аймаг хүлээн авсанаараа томоохон хожилд хүрч байна гэж бодож байгаа.  Уучлаарай сэдвээсээ жаахан хазайчлаа. Би ер нь цаашдаа Булган аймагт ямар нэг том тэмцээн авна хэмээн амлахгүй. Уг нь бодож байлаа. Өсвөр үеийн УАШТ-ийг охиноо төгсөхөөс өмнө хүлээн аваад охиноороо бахархаж сууя гэж бодож байсан юм. Одоо бол больсон.  Ямартаа ч өөрсдийн бололцоогоороо туслаж дэмжиж байсан дарга нартаа баярлалаа.

-Сүүлийн үгийг танд үлдээе.

-За надад амласан нэг зүйл байгаа. Миний зохион байгуулах тэмцээний сүүлийн тэмцээн ч байж болно.  Булганы волейболын холбооны тэргүүлэгчдээ дэмжээд тэдэндээ сэтгэлийн тус хүргэж намар тариа, ургац хураалтын дараа хойд бусийн аварга шалгаруулах тэмцээнийг Хутаг-Өндөр суманд аваад үүнээс хойш тэмцээн амладаг, авдаг ажлаа болино. Харин дараагийн ахмадын УАШТ-нд элдэв зүйлд сатаарахгүй боломжит багт үүргээ гүйцэтгээд тоглоё гэж бодож байгаа.

-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Таны цаашдын ажил үйлсэд гэгээн бүхнийг хүсье.

-За баярлалаа.

Богино хугацаанд их ажлыг чанарын өндөр түвшин хийж болдог гэдгийг харууллаа

Булган сумын IV цэцэрлэгийн эрхлэгч: Г.ТУЯА - АНУ-гийн Номхон далайн агаарын хүчний командлалын “Номхон далайн элч” хүмүүнлэгийн ажиллагааны багийнхан танай цэцэрлэгт томоохон хэмжээний завсар хийж байгаа юм байна. Энэ азтай тохиолын талаар яриагаа хэлье.  
-Монгол улсын зэвсэгт хүчин хамтраад АНУ-ын Номхон далайн агаарын хүчний командлалын “Номхон далайн Элч” хүмүүнлэгийн ажиллагаа манай улсад явагдаж байгаа юм байна лээ. Анх гурван сард манай аймгийн Цэргийн штабын дарга хурандаа Ж.Алтангэрэл санаачилж “Номхон далайн элч” хүмүүнлэгийн ажиллагаа явуулж байгаа багийн төлөөллийг аймагтаа авч ирсэн. Тэдгээр хүмүүс маань манай болон Орхон аймгийн цэцэрлэг сургууль гэх мэт нэлээн олон барилгыг үзэж судалсны эцэст манай цэцэрлэгийг сонгосонд нь бид маш их баяртай байгаа. Үндсэндээ гурван сараас хойш хамтдаа ажилласаар өнөөдрийг хүрч байна. Энэ хугацаанд бидэнд маш их зүйлийг хийж өглөө. Би хөөцөлдөөд ч шийдвэрлүүлэхэд хүндрэлтэй асуудал цэцэрлэгийн барилга. 1964 онд анх ашиглалтанд орсон барилгад энэ удаагийнх шиг засвар орж байгаагүй.
Цонхнуудын раам нь муудсан арчиж цэвэрлэхэд хүндрэлтэй мөн дээвэр гэхэд борооны ус гоождог байсан хүнд бэрхшээлээс асуудлаас минь салгаж өгч байгаа АНУ-гийн Номхон далайн агаарын хүчний командлалын “Номхон далайн элч” хүмүүнлэгийн ажиллагааны барилгачин дайчдад маш их баярлаж байгаагаа үүгээр дамжуулан хэлмээр байна.
-Маш богино хугацаанд энэ их ажлыг хийж дуусгахад бэрхшээл гарч байв уу?  
- Хүндрэл бэрхшээл огт тулгарсангүй ээ. Шийдвэр гаргасан цаг хугацаа нь маш богино байсан. Тэгээд Эрдэнэтийн 110 дугаар цэргийн ангиас компаниа сонгоод танай дээр ажиллуулсан маш богинохон хугацаа буюу аравхан хоногт дээвэр болон цонхыг иж бүрэн солих ажлыг хийж дуусгасан. Сүүлийн 2-3 хоногт нь манайхан хамтарч ажилласан. Тиймээс “Номхон далайн элч” хүмүүнлэгийн ажиллагааны барилгачин дайчдыг ирэхэд ийм их ажлыг ийм богинохон хугацаанд хийж дуусгасанд АНУ-ын талынхан маш их гайхаж таашааж талахралтай хүлээн авсан. Манай цэцэрлэгийн зүгээс түншлэл тогтоохоос хэлээд л барилгын ажил дуусах хүртэлх явцыг фото хэлбэрээр бэлтгэн танилцуулсан нь сэтгэлд нь хүрсэн учраас Америк Монгол цэргүүд маань хамтраад цахилгаан мантож, 00 суултуур, угаалтуур зэргийг шийдэж өгч байна. Энэ засварын ажил маань Америкын стандартын дагуу маш өндөр түвшинд чанартай хийгдэж байгаад манай хамт олон их талархаж байна. Манай хүүхдүүд эцэг эхчүүд маань есдүгээр сарын нэгэнд ирэхдээ сэтгэл өндөр ирнэ гэдэгт итгэл дүүрэн байна.      
-Танай цэцэрлэг хэдэн цонхтой вэ? Анх зөвхөн дээврийн засвар хийгдэнэ гэж яригдаж байсан шүү дээ.
-Манай цэцэрлэг чинь жижиг том нийлсэн 53 цонхтой бүгд вакум болсон. Эхлээд дээврийн засварыг хийнэ гэж шийдвэр гаргасан юм байна лээ. Тэгтэл Эрдэнэтийн 110 дугаар ангийн ангийн захирагч хурандаа н.Гансүх, манай Цэргийн штабын дарга хурандаа Ж.Алтангэрэл нар хөдөө орон нутаг руу засварын ажлыг чиглүүлээчээ гэсэн саналыг тавьсны үндсэн дээр манай цэцэрлэг рүү бүтэн засвар орж ирсэн. Дээр нь нэмээд тав хоног давхар ажиллаж гэрэл гэрэлтүүлгийг шийдэж өглөө.
-Сүүлийн асуултыг танд үлдээе.
- Монгол улсын зэвсэгт хүчин болон АНУ-ын Номхон далайн агаарын хүчний командлалын “Номхон далайн Элч” хүмүүнлэгийн ажиллагааны барилгачин дайчдад чин сэтгэлийн халуун талархалыг хүргэе. Цэрэг эрсийн цог золбоо нь улам бадран дэлгэрэх болтугай гэж ерөөе.
-Баярлалаа.

Аймгийн ахмад багш нарын анхдугаар уулзалт, ярилцлага сайхан боллоо

Аймгийн Засаг дарга, боловсрол соёлын газраас ахмад багш нарын холбооны  санаачлагыг дэмжин ахмад багш нарын анхдугаар уулзалт, зөвлөгөөн ярилцлагыг зохион байгуулав.

Ард олных үр хүүхдийг сурган хүмүүжлэх буянтай үйлсэд хичээл зүтгэл, мэдлэг чадвараа зориулсан ахмадуудын талархал хүлээсэн энэ арга хэмжээнд уугуул сум орон нутагтаа аж төрдөг азай буурлуудаас гадна Эрдэнэт, Дархан, Улаанбаатараас ч үеийнхэнтэйгээ нэг доор уулзан хуучлахаар зорин ирцгээжээ. Хамгийн өндөр настан буурай нь 91 настай Ширнэн гуай байв. 

Баяр талархал ахмад үеийнхнээр бахархуулав

Уулзалт, зөвлөгөөн, ярилцлагын эхний шатны арга хэмжээг ХАА-н МСҮТ-ийн захирал С.Оюунбат уянгалаг уран яруу мэндчилгээ, ерөөл, дурсамж, талархал бялхуулан хөтөлсөн нь ахмад багш нарт үнэхээр бахархал төрүүлөв. Ахмад багш нарын холбооны тэргүүн гавьяат багш Ш.Шийтэр баярлахын эрхэнд хоолойгоо зангируулан байж мэндчилгээ өргөн мэдээлэл хийж. боловсролын газрын дарга Д.Цогоо ахмадуудынхаа ажил үйлсийг залгамжлан боловсролын салбарынхнаас хийж байгаа шинэлэг арга хэмжээг танилцууллаа. Аймгийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийхэн сургуулиудын сургалт хүмүүжлийн гол ажлын ачааг үүрч явсан үе үеийн пионерийн  удирдагч нартаа баяр хүргэн улаан бүч хүндэтгэлтэйгээр зүүн өгч тухайн үед зохион байгуулж байсан ажлынх нь зургийн эвлүүлгийг дурсгалаа. Ингэж баяр талархал, бахархлаар уулзалт эхлэв.

Орон нутаг маань үнэхээр “Шинэ Булган” болно

Энэ арга хэмжээнд аймгийн Засаг дарга,  нийгмийн салбарын хэлтэс, агентлагийн дарга нарынхаа хамт оролцож үйл ажиллагааныхаа “Шинэ Булган” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр авч байгаа арга хэмжээний явцаас товч мэдээлснийг  уулзалтынхан олзуурхан хүлээн авлаа. Ахмад багш нар, орон нутаг маань үнэхээр “Шинэ Булган” болох нь хэмээн бахархаж бүтээн байгуулалтын ажлууд, ялангуяа, “Морин хуур”, “Шатар”, “Архигүй Булган” дэд хөтөлбөр чухам л “загтанасан газар маажав” гэдэгчлэн амин чухал хэрэгцээ,  ард олны хүсэн хүлээсэн арга хэмжээ болж байгааг онцлон тэмдэглэцгээв. Бодлого шийдвэр, үйл ажиллагааны зах зухыг ийнхүү дуулж мэдээд магтаалын үгээр мялаан баяр хүргэцгээлээ. Бас мэдэх чадах хэр хэмжээгээр туслаж боломж бололцоогоороо оролцон  гэр бүл, үр хүүхэд, айл хөрш, нутаг усныхнаа уриалж ажиллахаа илэрхийлж байв. Ахмад багш нарын холбоог үйл ажиллагаагаа явуулах байртай болгоно гэсэнд уулзалтынхан баярлацгаалаа. Энэ амлалт есдүгээр сарын нэгэн гэхэд хэрэгжинэ. Асуудлыг шуурхай шийднэ гэдэг энэ.

Ахмадууд үлгэрлэе, дагуулъя, тусалъя гэцгээв

Ахмад багш нарт хүсч үгүйлж, хүлээж байдаг асуудал багагүй байдаг ч билэг дэмбэрлэтэй энэ арга хэмжээний үеэр тэр бүхнийг хойш тавьж харин эхэлсэн ажлаа өргөтгөн эрчимжүүлж зохион байгуулсан арга хэмжээгээ чанаржуулахад багшийн арга ухаанаар зарим зүйлийг зөвлөв. Заримаас дурдвал, биеийн тамирын ахмад багш Д.Түмэндамба талархал дэвшүүлж спортын авьяаслаг ахмадуудын дунд зохион байгуулах ажлыг өргөтгөх, тэдний гэсэн үлгэр дууриалыг ашиглах нь чухал нөөц шүү гэсэн бол аймгийн боловсролын салбарын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж явсан М.Жадамбаа хүний нөөц, ялангуяа химийн багш нарын залгамж халааг өргөтгөхийг санал болгов. Бугат суманд аж төрж суугаа Ц.Цэцрэн нэгэн урт өгүүлбэр онцлон хэллээ. Уулзалтынхнаар “цээж бичлэг” бичүүлэх гэсэн орчин цагийн тэр өгүүлбэрт нь ганцхан монгол үг оржээ. Монголоороо баяцгаая хэмээн яриагаа өндөрлөв. Энэ нь монгол хэлний сургалтыг санаандаа авна уу хэмээн Засаг даргад “шивнэсэн” хэрэг. Ахмадын эгнээнд орлоо гээд гэдийж суулгүй ОХУ-д эрдмийн зэрэг хамгаалсан, олон сайхан санааг сэдэж бүтээж яваа Д.Дарьсүрэн монгол уламжлал, угсаатны урлалаа өвлүүлэхэд хүчин туслахаа амлав. Аймгийн пионерийн анхны удирдагч Ш.Дашбалжир шинээр байгуулах хүүхдийн зусланд түүхчилсэн самбар үзүүлэн хийхэд мэдэх чадахаар оролцоно гэлээ. Шинэ залуу багш нарыг орон нутагтаа татаж суурьшуулан ажиллуулах, гадаад харилцааг өргөтгөх, багш нарыг урмаар тэтгэх гээд санал бодол илэрийлэлт, талархал дараагийн арга хэмжээ хүртэл тасралтгүй хөврөв.

Үзэсгэлэн, үйлчилгээ, урамшуулал, хөгжөөн

Энэ бүхнээр уулзалт ярилцлагын өдрүүд хальгаж байлаа гэж болно. Бага ангийн хүүхдүүдтэй олон он жилээ шуугилдан үдсэн налгар, намбагар ахмад багш Г.Банзрагч хүүхдийг сургах гэж хэрхэн ажиллаж байснаа үзэсгэлэн гаргаж дурсамж болгон үзүүлсэн бол захирал, эрхлэгч, эвлэл пионерийн байгууллагын удирдлага, багш гээд сургалт хүмүүжийн шат шатны албыг хашиж явсан Д.Дарьсүрэн нүүдэлчин удмынхаа уламжлалт үйл ажиллагаа, монгол ахуйн үйлдвэрлэл, угсаатны урлалыг сэргээн уламжлуулах гэж хичээн зүтгэж ирсэн ажил үйлсээ мөн үеийнхэнд сонирхууллаа. Уулзалтын энэ их ажлын зав зайгаар аймгийн нэгдсэн эмнэлгийн зарим эмч нар үзлэг оншлогоогоор үйлчилж оюун ухаан сэтгэл зүтгэлээ хүний үрсийн төлөө зориулж явсан ахмадуудыг одоо өөрсдөө эрүүл саруул аж төрөхөд нь зөвлөгөө чиглэл өгөв. Энэ үеэр ахмад багш нар шагнал урамшууллаар ихээхэн урам авцгаасан. “Боловсролын тэргүүний ажилтан”. Энэ тэмдэг бол багш нарт төрийн одон медалиудаас  илүү хүсч мөрөөдөн, “горьдож” байдаг шагнал. Олон он жилийг үр бүтээл дүүрэн үдсэн атлаа одоо болтол бусдын энгэр дэхийг харснаас биш өөрөө зүүж үзээгүй өдий насалсан ахмадууд олон байв. Тэд энэ удаа хүсэлдээ хүрлээ. Энэ бол тэдний баяр бахархал болов. Агентлагууд мөн ахмад багш нарыг баярлуулсан арга хэмжээ авч байлаа. Ахмад багш нар маань хаа л бол хаана хууч хөөрч байлаа. Ая дуугаа өргөн бас бүжиглэж уралдав. Ийнхүү үнэхээр эргэн дурсахуйн өргөн сайхан арга хэмжээг зохион байгуулсанд тэд баярлацгаан заламж өнөө үеийнхэндээ зөвлөмж гаргалаа.

Сумдын ойн баяр наадмууд өргөн дэлгэр, бас өвөрмөц онцлогтой болж өндөрлөв

Манай аймгийн Хангал, Хутаг-Өндөр, Бугат, Дашинчилэн сум 90, Рашаант сум 30 жилийн ойн баяр наадмаа өндөрлөж одоо намар цагийнхаа их ажилд шургуу орж эхлэх гэж байна

          Байгаль эхийнхээ тааламжтай сайхан өдрүүдэд ахан дүүс, зочин гийчнээ хүндэтгэн дээдэлж эрийн гурван наадам, урлаг соёлын тоглолтуудаар цэнгүүлсэн тэдгээр баяр наадмын бөхчүүд хүчтэй, хүлэг морьд хурдтай, сурын харваачид онч мэргэн, идээ цагаа элбэг өргөн дэлгэр боллоо хэмээн нутаг усныхан болон зорин очсон зон олон өгүүлцгээж байна. Улс аймгийн наадамд шандас нь чангарсан газар газрын хүлгүүд уралдан түрүү магнай, айргийн барианд алтан жолоо өргүүлсэн бол зүлэг ногоон дэвжээнээ, улс,  аймаг сумын цолтон болон залуу бөхчүүд зодоглосноос Хангалд улсын гарьд Д.Баасандорж, Бугатад аймгийн арслан М.Сүмбээ, Хутаг-Өндөрт улсын заан М.Өсөхбаяр, Дашинчилэнд улсын гарьд Н.Ганбаатар, Рашаантад аймгийн арслан Б.Отгонбаатар нар түрүүлцгээв. Эдгээр сумын ойн баяр наадмын зарим онцлогийг иргэд ам дамжуулан хөөрөлдөж байна.

 

Түвдэндорж аваргын охин аавынхаа хөшөөнд  мөргөн зальбарлаа

Хангал сумын уугуул гавьяат багш Ш.Шийтэр: Ойн баяр наадам онцлон хэлэх зүйл ихтэй болсон. Унаган нутгийнхны маань нэрийн хуудас болсон, аймаг орон нутагтаа төдийгүй монгол түмэндээ дээдлэгдсэн Б.Түвдэндорж аваргын хөшөөг цогцолбор талбайн хамт байгуулж нээсэн. Энэ нээлтэд аваргын маань охин Т.Отгончулуун оролцон аавынхаа хөшөөнд мөргөн зальбарч байхыг харахад сайхан санагдсан.  Тэрээр “Үндэсний спортын ууган гавьяат мастер, даяар дуурсагдах далай даян дархан аварга, үнэн хүчит, өрнөн дэлгэрэх, бат нягт шалгарсан хүчтэн, улам нэмэх, олныг баясуулагч, бууршгүй хүчит Бадамдоржийн Түвдэндорж” хэмээн аавынхаа алдар хүнд, цол чимгийг илэрхийлсэн үгтэй дурсамжийг хөшөө бүтээгчдэд гардууллаа. Хөшөөг “Нүүдэлчин” групп 120 гаруй сая төгрөгийн өртгөөр ивээн тэтгэж чөлөөт уран бүтээлч Батнасангаар бүтээлгэжээ. Суурь нь гантиг. Дөрвөн талд нь дөрвөн хүчтэнг урласан байна.

 

Нээлтээсээ эхлээд л бахархал төрүүлсэн

Хутаг-Өндөр сумын өндөр настан Т.Пүрэвсүрэн -Нижгэр өргөн боллоо. Нээлт нь бүр сайхан. Сумынхаа бахархал болсон онцлогийг тодорхой илтгэн харуулжээ. Есөн шарга морьт баатрууд есөн хөлт цагаан тугийг наадмын талбайд залах ёслолоор нээлт эхэлсэн. Туг сүлдээ дарцаглуулсан ардын хатанбаатар Магсаржав, атар газар эзэмшигчдийн анхдагчдын мэндчилгээг белорус таркторын чиргүүл дээрээс өргөсөн илгээлтийн эзэн залуусын үзүүлбэр бахархал төрүүлсэн. Морин хуурчдын аялгуу, уртын дуугаар нээлтийн үйл ажиллагааг үргэлжлүүлж хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын бүжигчид Салхит шувуу бүжгээ наадаж алдартнуудаа залгамжлах авъяаслаг багачуудын төлөөллийн 100 хүүхэд үндэсний бий биелгээ сонирхуулсан нь өвөрмөц байсан. Энгэртээ одон медалиуудаа эгнүүлж ижилдэн гангарсан ард иргэд, билэгдэл тэмдгээ  өргөн барьсан албан байгууллагуудын хамт олны жагсаал залган орж ирсэн нь үнэхээр сайхан байв. Ингэж нээлтээ хийсэн баяр наадам бидний санаа сэтгэлд түүх болон дурсагдаж үлдэх болно.

 

Алдарт хуурчийгаа анх удаа хөшөөгөөр мөнхрүүллээ

Дашинчилэн сумын уугуул. өндөр настан Д.Дуламсүрэн: Өдий олон жилийг үдэхдээ төрөлх нутагтаа ийм сайхан наадам үзээгүй санагдана. Дуур хуур цалгиулсан зарим үйл ажиллагаанд нь би ч оролцлоо. Монгол хүн морин дэл дээрээ дуулж ирсэн түүхтэйг нээлтээр илэрхийлсэн нь онцлог байв. Манай сум алдартан, анхдагчид олонтой. 90 жилийн ойгоороо тэдгээрийн хоёрынх нь хөшөөг урлан заллаа. Нэг нь их эзэн Чингис хааны алтан ураг төрлийн садан, орчуулагч, яруу найрагч, цэргийн нэрт зүтгэлтэн Цогт хун тайж, нөгөө нь монгол улсын анхны гавьяат хөгжимчин, алдарт морин хуурч, хошуу ноён Д.Түдэвийн хөшөөг утга төгөлдөр сайхан бүтээснийг үзээд бахархсан. Нэг онцлогийг цохон хэлье. Цэрэг, армийн баатрууд, төр нийгмийн зүтгэлтэн, зохиолч яруу найрагч, спортын алдартнуудын хөшөө дурсгалыг нийслэл болон аймаг суманд урлан босгосоор ирсэн. Энэ удаа манай сумынхан алдарт хуурчийгаа анх удаа хөшөөгөөр мөнхрүүллээ.

 

Уугуул алдартнууд унаган нутгаа зорин ирцгээв

Бугат сумын нутгийн уугуул Д.Баярсайхан: -Аймгийн төв болон Эрдэнэт хотод ойрхон байдаг манай сумын ойн баяр олон зочин төлөөлөгч, наадамчинтай байснаар онцлог болсон. Түүний дотроос нэг зүйл  дурдахад, нэр хүндтэй олон уугуул  алдартан унаган нутгаа зорин ирж наадацгаалаа. Зууны манлай, ардын жүжигчин Х. Уртнасан, урлагийн гавьяат зүтгэлтэн, алдарт найруулагч Л. Эрдэнэбулган, зохиолч, яруу найрагч Д.Урианхай, “Их замын эхэнд” киноны дүрээр “Хөх чоно” хэмээн алдаршсан, буриад улсын гавьяат  жүжигчин Дамдин зэрэг урлаг соёлын алдартнууд, шинжлэх ухааны анхны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, академич, нэрт түүхч Ж.Болдбаатар, аймгийн Засаг дарга, улсын ерөнхий аудиториор олон жил ажилласан Ч.Раднаа гээд төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд төрсөн нутаг, гол усныхаа, ахан дүүстэй баяр наадмын талбай, морь барианы газар, үзвэр үйлчилгээний танхим, хаа л бол хаана уулзан учирч хөгжилдөн ярилцаж байсан.

.

Гадаадын олон иргэд олзуурхан үзлээ

          Рашаант сумын Засаг даргаар ажиллаж байсан П.Дамба:-Бусад сумын адил зочин төөлөлөгч олонтой байсны дотор нэг онцлог нь гадаадын иргэд, зочин ихтэй байсан. Тус сумын тэр сайхан барилга байгууламжийг  зөвлөлтийн барилгачид барьсныг бид мэднэ.. Тэр бүтээн байгуулалтын үеийн ахмадуудын төлөөлөл одон медалиудаа энгэртээ зүүсээр ирсэн нь бахархалтай байлаа. Мөн тус сумын нутагт аялал жуулчлалын хэд хэдэн бааз ажилладаг. Энэ үеэр тэдгээр баазад ирсэн гадаадын жуулчид ойн баяр наадмыг үзсэн. их олзуурхан сонирхож байв.

 

Сар бүр “Дуулах, бүжиглэх өдөр” цэнгүүн зохион байгуулна

 Ийм зар мэдээллийг үзэж харсан, дуулж мэдсэн ахмадууд амралтын тэр өдөр Булган сумын соёлын ордонд ирцгээв.

Гэрээс гарах, гадуур явах нь тоотойхон тэд ингэж уулзсанаа олзуурхаж байв. Амар мэнд мэдэлцэн алжаал ядралаа лавлацгаана. Хөгжим эгшиглэж эхний бүжигт босцогоов. Бүжиг цэнгээнтэй газарт үе тэнгийнхэнтэй хөгжилдөж явсан залуу зандан насны он жилүүдээ эргэн дурсаад сэтгэл хөөрсөн үү, сандал сахиж суудалд үлдэх нь тун цөөхөн харагдлаа. Ахмадууд маань бүжиглэхийг “таанцлах”, оройн цэнгүүнийг “олон нийт” гэдэг байв. Бас “үдэшлэг” ч гэнэ. Үдэш, оройн цагт болдог байсан учраас тэгэж нэрлэсэн хэрэг. Аав ээж, ар гэрийнхэн нь манай банди “олон нийтэд” явсан гэдэг байж. Дуулж бүжиглэх тэрхүү “олон нийт”-ийн газар үерхэж танилцаад он цагийн уртад хамтдаа аж төрөх заяаны ханьтайгаа учирсан нь ч бий. Тийм учраас “Дуулах, бүжиглэх өдөр” цэнгүүний сургаар настангууд “хөл нь хөнгөрөн” ирцгээжээ.

Зорилго нь хөгжилдүүлж, хөдөлгөөнийг идэвхжүүлнэ

Ахмадуудыг хэд бүжиглэсний дараа албаны хүмүүс цэнгүүнийг нээж, зорилго чиглэлээр танилцууллаа. Улаанбаатарт болсон ийм ажлын нэвтрүүлгийг телевизээр үзээд орон нутагтаа энэ арга хэмжээ зохион байгуулахыг ахмадууд санал болгожээ. Уг саналын дагуу ахмадын хорооноос удирдамж боловсруулсан байна. Түүнийг нь сумын болон соёлын ордны удирдлага дэмжиж ЗДТГ, соёлын ордон хамтран зохион байгуулж байхаар шийдвэрлэснийг цэнгүүнд оролцогч ахмадуудад мэдээлэв. Зорилго нь хөгшчүүдийг дуу, бүжгээр хөгжилдүүлнэ. Хөдөлгөөнийг нь идэвхжүүлнэ. Үр өгөөж нь гэвэл ахмадуудын хөгшрөлтийн явц, насжилтыг эм тан, элдэв төрлийн тариагааар биш энгийн хөдөлгөөнөөр сааруулах ач холбогдолтой аж. Тэднийг дуулуулах, бүжиглүүлэх явцад уралдуулан өрсөлдүүлж, урамшуулан шагнаж байхаар шийдвэрлэжээ.

Эхний цэнгүүнд Эрдэнэсүх тэргүүлэв

Ахмадуудыг ардын болон зохиолын дууг хэн сайн дуулдгаар нь уралдуулахаар удирдамжид заажээ. Зохиолынх гэдэг нь жар, дал, наяад оны дуу байна. Нийтэд тэр үед өргөн түгсэн, өөрөөр хэлбэл, ахмадууд идэр залуу үедээ аялан дуулж, чихэнд хоногшсон дууг дуулж уралдана гэсэн үг.

Бугат суманд ажиллаж амьдарч байгаад одоо зургадугаар багт оршин суугаа Б.Цэрэннадмаид энэ удаагийн уралдаанд оролцогчдын салхийг хагалав. Тэгээд дараагийнх нь залгуулан дуулцгаалаа.

          “Өндөр дээрээс гараас харахад

          Өөрийн минь нутаг харагдаад байна”

хэмээн дуулсан Ц.Эрдэнэсүх тэргүүлж, Б.Цэнджав Д.Шийрэв нар удаалав.

          Мөн нас сүүдэр ная гарч яваа ч бүжиглэх, дуулах авьяас нь хэвээр яваа ахмадын урлагийн “Хан аялгуу” хамтлагийн Б.Дуламсүрэн гуай  уртын дуугаа цэнгүүнд оролцогчдод өргөн барьсан бол тус хамтлагийн зарим хүмүүс дуулж шүлэг уншив. Олон жил арьс нэхийний наймаа эрхлэн амьжиргаагаа авч яваа Ш.Нарантуяа эвлэг сайхан дуулсанд ахмадууд талархан алга ташилтаар мялаалаа. Хүүхэд багачуудын эрүүл эхийн үйлсэд ажил амьдралын он жилүүдээ үдсэн өндөр настан эмч Д.Баяраа цэнгүүнд оролцогчдын хүсэлтээр дуулж үеийн ахмадууд баясуулав.

Эхнэр нөхөр хоер байр эзэллээ

Цэнгүүнд оролцогчид цөөхөн “банди” нар  иржээ хэмээн эрчүүдийг үгүйлэн ам дамжуулж ярих нь дуулдав. Энэ нь бүжигт урих үе тэнгийн эрэгтэй ахмадууд бага байна гэдгийг хошигнон хэлсэн хэрэг. Ахмадууд бүжиглэхийг их л хүсэн хүлээж байдаг бололтой. Хөгжим дуугарлаа л бол эрчүүдийн урихыг хүлээлгүйгээр бүжиглэцгээж байлаа. Тэдний нас бие, намба төрхөнд тааруулсан намуун дөлгөөн ая эгшиглүүлж байв. Бас орчин цагийн бүжгээр ч залуучуудаас дутахааргүйгээ харууллаа.

Бүжгийн тэмцээнийг хольмог хосоор зохион байгуулав. Эхний удаагийнх учраас биеэ барьсан уу, байдлыг ажиглах гэсэн үү? Зургаан хос 12 ахмад оролцов. Хөл нийлж хөнгөн сайхан бүжиглэсэн багш Рэгзэдмаа, эмч Д.Баяраа нарын хос шалгарлаа. Ная гарсан П.Норинпил гуай, Д.Оюунчимэгтэй бүжиглэн хоёрдугаар байрын шагнал авсанд ахмадууд онцлон талархаж баяр хүргэв. Нэг зүйл цохон хэлэхэд, нэг гэрийн хоёр буюу Дашдаваа, Бор нар гуравдугаар байр эзэллээ. Тэд “Ахмадуудаа идэвхтэй хөдөлгөөнөөр дэмжицгээе” сарын ажлын үеэр соёл, спорт, аялал жуулчлалын газраас зохион байгуулсан цэнгээнт бүжгийн тэмцээнд шилдэг хосоор шалгарсан байна. Шүүгчид энэ тэмцээнд оролцогчдын эв дүй эвсэл хөдөлгөөн, ялангуяа тухайн бүжгийн үйл хөдлөлийг хэр зэрэг бүрэн гүйцэт хийж байгааг харгалзон өгсөн оноогоор байр эзлүүлэн шалгарууллаа.

Дараагийн цэнгүүнд улам өргөнөөр оролцоно

Булган сумын ЗДТГ, соёлын ордноос уламжлал болгох энэхүү анхны “Дуулах, бүжиглэх өдөр” цэнгүүнийг аймгийн хөдөлмөрийн болон нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс ивээн тэтгэж хамтран зохион байгуулав. Дараагийн арга хэмжээнд ахмадууд улам өргөнөөр оролцоно хэмээн дуу, бүжгээ өндөрлөв. Цэнгүүнийг сар бүрийн гуравны өдрийн гурван цагт соёлын ордонд зохион байгуулна. Энэ энэ ахмадуудыг мартаж хоцроохгүй өргөн оролцуулахын тулд ирэх газар, өдөр, цагийг ингэж товлосон байна

Б.Болормаа:Ахмадууд алхаж уралдах нь хөгжилтэй байв

Булган сумын ИТХ санаачлан ахмадын хорооноос боловсруулсан удирдамж, хуваарийг дэмжиж “Ахмадуудаа идэвхтэй хөдөлгөөнөөр дэмжицгээе” уриан доор албан байгууллагуудад аялуулдаг туг, дэвтрийг хүлээн авсан сарын хугацаанд аймгийн ССАЖ-ын газраас олон хэлбэрийн ажил зохион байгуулжээ. Тэдгээрийн заримаас тус газрын дарга Болормаа ийнхүү ярив.

-Ямар гол ажил зохион байгуулав?

         -Бид “Булган АЗЗА” компанитай хамтран төлөвлөгөө гаргасан. Тэр дагуу Булган сумын ахмадын биеийн жингйн индексийг тодорохойлох, дасгал хөдөлгөөн зааж сургах, идэвхтэй алхалтын болон цэнгээнт бүжгийн тэмцээнд уралдуулах, Дашчойнхорлин хийд, бунхант толгой, хийморийн овоо чиглэлд танин мэдэхүйн аялал, “Номтой нөхөрлөх” 14 хоногийн аянд оролцуулах, ахмад уран бүтээлчдийн тоглолт үзүүлэх зэрэг арга хэмжээ зохион байгуулсан.

-Алхаагаар уралдуулсан гэдэг содон сонсогдлоо?

-Сарын ажлын удирдамжид ахмадуудын эрүүл мэндийг идэвхтэй хөдөлгөөнөөр дэмжих чиглэл өгсөн. Идэвхтэй хөдөлгөөний нэг бол яах аргагүй гүйлт л дээ. Гэхдээ өндөр настай хүмүүсийг урт богино зайд  амьсгаадуулан гүйлгэлтэй биш. Тийм учраас алхалтын тэмцээн явуулсан юм. Тэгэхдээ идэвхтэйгээр алхуулсан. Ахмадууд бие биеэсээ хоцрохгүй гэсэн сэтгэлдээ хөтлөгдөн зарим нь гүйчих гээд их хөгжилтэй байсан. Өөрөөр хэлбэл, хэрдээ өрсөлдсөн хэрэг л дээ. Тэгээд 4 дүгээр багийн Г.Товуу түрүүлж, мөн багийн Д.Мөнхөрмаа, С.Пүрэвсүрэн нар удаалсан. Ер нь энэ багийнхан идэвхтэй байлаа.

 -Ахмадууд цэнгээнт бүжигт хэр зэрэг оролцов?

-Манай ахмадуудын хүсэн хүлээж байдаг зүйлийн нэг бол бүжиг юм уу даа гэж санагдсан. Идэвхтэй оролцсон. Энэ ажлыг зохион байгуулахдаа баг багаар нь хамтлаг болгосон. Мөн хосоор шалгааруулах удирдамжтай байлаа. Нийт зургаан хамтлаг,  21 хос оролцсоноос “Агуйт”, “Ачуут” хамтлаг 1, 2 дугаар байр эзэлж, 3 дугаар багийн Т.Бор, Б.Давааням нарын хос шалгарсан.

          -Танин мэдэхүйн аяллынхаа талаар товч танилцуулна уу?

          -Сарын ажлын хугацаанд бид ахмадуудад харьяа зарим байгууллагынхаа ажил үйлчилгээ, шинэлэг зүйлийг үзүүлж харуулах, цаашилбал салхинд гаргах, сэтгэл санаанд нь ариусгал бий болгохыг зорьсон юм. Энэ дагуу зохион байгуулсан ажлаа бид танин мэдэхүйн аялал гэж нэрлэсэн. Автобус гарган ахмадуудад үйлчилсэн. Оролцсон ахмадууд аймгийн номын сангийн үйл ажиллагаа, шинэ номын мэдээлэлтэй танилцсан. Аймгийн музей үзүүллээ. Сүүлийн жилд орж үзээгүй хэмээн зарим нь олзуурхаж, шинэ үзмэр, булан танхим бий болжээ гэцгээж байсан. Тус музей саяхан “Булган хангайн бөхчүүд” гэсэн шинэ үзмэр бий болгосныг ахмадууд үзсэн. Түүнчилэн Дашчойнхорлин хийдэд ном айлдуулан, сан тавиулж, хуралд даган баясуулж, хийморийн овоонд зальбарал үйлдүүлсэн. Ардын хатанбаатрын дуулгат бунхант толгой дээр гарган Булган хотынхаа өөрчлөлт шинэчлэл, өнгө төрх, бүтээн байгуулалтыг өндөрлөгөөс харуулсан.

          -Ахмадуудыг баярлуулж хөгжөөсөн арга хэмжээнүүд зохион байгуулсан та бүхэнд настангуудынхаа өмнөөс талархал илэрхийлье.

          -Бид ганц энэ удаагийн ажлаар хязгаарлалгүй өндөр настнуудад үйл ажиллагааныхаа чиг үүрэг болон хууль тогтоомжийн хүрээнд анхаарал тавихыг хичээн ажиллана. Хамтран ажилласан “Булган АЗЗА” компани маань санаачлага гарган теннис, биллярьд, дардас,АХА, шагайн харвааны тэмцээн зэрэг ажил зохион байгуулсан. Түүнчилэн аймгийн номын сан тусгай хөтөлбөр төлөвлөгөө гаргасан. Зохион байгуулах ажилд оролцсон ахмадуудаа шагнаж урамшуулах болон бусад арга хэмжээнд нийт 800-гаад мянган төгрөг зарцууллаа. Манай ажлын гол ач холбогдол хөрөнгө мөнгөөр биш ахмадуудын хөдөлгөөнийг идэвхжүүлэх, сэтгэл санааг өөдрөг байлгахад дэмжлэг үзүүлж, насжилтаа сааруулах, хөгшрөлтөө хэвийн байлгахад нь бага ч гэсэн хувь нэмэр болсноор үр дүн нь хэмжигдэнэ гэж үзэж байна.

 

Засаг даргын уулзалт найрсаг, бас ажил хэрэгч боллоо

      Булган сумын ЗДТГ-ын хамт олонтой хийсэн аймгийн Засаг даргын уулзалт найрсаг, ажил хэрэгч олон онцлогтой болсонд уулзалтад оролцогчид талархаж байна.

Зорилго нь харилцан ярилцах гэж иржээ

          -Тус сумын нутаг дэвсгэрт аймгийн төрийн удирдах болон зохицуулагч, хэрэгжүүлэгч төв байгуулллага, ажил үйлдвэрлэл, арилжаа бизнесийн гол нэгжүүд төвлөрдөг. Аймгийн хүн амын нэлээд нь оршин аж төрдөг. Орон нутгийн гол гол бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг тус суманд гүйцэтгэдэг. Иймд аймгаас зохион байгуулах ажлыг зохицуулах, эрчимжүүлэх, зарим тулгамдсан асуудлыг хамтын дүгнэлтээр шийдвэрлэхийн тулд та бүхний санаа бодлыг сонсч харилцан ярилцахаар хүрэлцэн ирлээ хэмээн Засаг дарга хэлэв. Ийм зорилгоор уг ажлыг сар бүр зохион байгуулж хэвшүүлэхээр шийдвэрлэжээ. Уулзалтад оролцогч ганц нэг хүн энэ саналыг төдийлөн тааламжтэй хүлээн авахгүйгээ илэрхийлсэн ч харилцан ярианы явцад үнэхээр хэвшүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ. Уулзалтад Засаг дарга урт сунжруу мэдээлэл хийсэнгүй. Энэхүү зорилгынхоо хүрээнд хамтран зөвлөж харилцан ярилцахаар “салхи хагалж” зарим санаа хэлсэн нь урьд өмнөх уулзалтаас онцлог болов.

                    Булган суманд өрнөх бүтээн байгуулалтын ажил их бий

Тус суманд энэ жил бүтээн байгуулалтын олон арга хэмжээг зохион байгуулна. Домын дэвсийг үйлдвэрийн бүс болгохын тулд эхний ээлжинд барилгын бетонон эдлэлийн үйлдвэр барихаар шийдсэн. Одоогоор хашааг нь барьж байгаа хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэнд алсыг харагч зэрэг иргэдэд нэн хэрэгцээтэй орчин цагийн хийц загвартай тоглоом, тоног төхөөрөмж байрлуулж үйл ажиллагааг зохицуулах гол хоёр барилга шинээр барьж нэг хуучин барилгын зориулалтыг өөрчлөн ашиглана. Орон сууцны хороолол бий болгоно. Энэ мэт олон мэдээллийг уулзалтад оролцогчид сонслоо. Дулааны станцыг энэ жил ашиглалтад оруулах, “Гудамж” төсөл хэрэгжүүлэхээр авч байгаа арга хэмжээ уулзалтад оролцогчдод таатай санагдлаа.

Дарга аа, “бараат уралдааны зам шиг” гээд байна?

-Төв гудамжны замыг өргөсгөнө. Иргэдээс асуу. Гэхдээ өргөсгөх үү, үгүй юү гэж биш яаж өргөсгөх вэ? гэдэгт л олон нийтийн санал хэрэгтэй гэв. Энэ нь бодлогоо тодорхойлоод, ойлголцсоны үндсэн дээр иргэдийн саналыг авч байх нь зүйтэй гэсэн үг аж.

          Тохижилт үйлчилгээний ангийн болон багийн Засаг дарга нэлээд зүйл асууж, зарим саналаа харилцан ярилцав. Инженерийн шугам сүлжээг шинэчлэх өргөтгөх ажил эхэлсэн. Гэр хорооллын зарим хэсэг энэ арга хэмжээнд хэрхэн холбогдохыг багийн Засаг дарга нар иргэддээ дуулгахаар Засаг даргаас баттайгаар лавлаж авав. Зүүн түрүүнд тавьсан замыг “бараат уралдааны зам” шиг гээд такси үйлчлэхгүй, олон нийтийг чирэгдүүлж байна. Гуравдугаар багт бүтээн байгуулалтын дорвитой ажил хийхгүйгээс залуучууд өөр баг, хороололд нүүгээд хөгшчүүд нь л буйраа сахин үлдэж байгааг иргэд багийн Засаг даргыгаа олигтой хөөцөлдөөгүйгээс боллоо гэхэд хүрч байна. Тэр бүхэн бол аймгийнхаа удирдлагуудад дуулгахаар хүсч явсан зүйлүүдийн нэг байжээ.

                    Зарим асуудлыг уулзалтын үеэр шийдлээ

          Аймгийн Засаг дарга уулзалтад оролцогчдын үгийг сонсоод асууж тодруулсан зүйлд нь зөвхөн хариулт өгснөөр энэ удаагийн ажлаа өндөрлөөгүй зарим ажлыг  хамтарч ярилцан шийдвэрлэснээрээ бүтээлч боллоо. Тус сумаас нийтийн тээврийн дунд оврын автобустай болохоор тендер зарласныг хэрхэн шийдвэрлэж байгааг асууж лавлаад аймгаас нэг автобус  олгох боломжтой баярт мэдээг дуулгав. Уулзалтад байгаль орчин ногоон хөгжил, газрын харилцаа барилга хот байгуулалтын болон аймгийн ЗДТГ-ын зарим хэлтсийн дарга мэргэжилтнийг ирүүлсэн байв. Газар нутгийн талаар зэргэлдээх сумдын хооронд гардаг маргааныг нэн даруй ажлын хэсэг томилж шийдвэрлэхийг хөгжлийн бодлогын хэлтсийн даргад үүрэг болголоо. Цагдаагийн газар албан хаагчдынхаа хоёрдахь орон сууцны шав тавьсан мэдээллийг нягтлан тодруулж шийдвэрлэнэ гэв. Энэ сарын эхээр хийх багуудйн хуралд оролцохоор товлосон байжээ. Хурлаар өөр чухал асуудал хэлэлцэж цаг нэлээн зарцуулах болсныг уулзалтын үеэр сонсч мэдээд түүнд нь боломж олгохын тулд дараагийн хуралд оролцохоор хугацаагаа өөрчиллөө.

                    Дараа улам илүү дотноор ажил хэрэгч ярилцана

          Аймгийн удирдлагууд уулзалтыг ингэж л хийж байгаасай гэх бодол өвөрлөсөөр өндөрлөв. Дарга харин шууд давхиад явсангүй. Сумын Засаг даргын өрөөнд оров. Зарим хүн ч даган орлоо. Мөн л нэлээд хугацаагаар найрсаг, бас ажил хэрэгч яриа өрнөж үргэлжлэв. Дараагийн уулзалтад улам илүү дотноор олон чухал ажил, асуудал ярилцах болно.

 

Хуудас:  1   2   3  ( 28 мэдээ )

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1737750

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар