Хуудас:  1   2   3  ( 28 мэдээ )

Орон нутгийн цагдаа онлогтой

"ЦАГДАА" СЭТГҮҮЛИЙН 3-Р УЛИРЛЫН ДУГААРТ БУЛГАН АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА О.ГАНБАТЫН ЯРИЛЦЛАГА ХЭВЛЭГДЭН ГАРЛАА.
Сумын цагдаагаас аймгийн цагдаагийн газрын дарга болтлоо ажиллаж байгаа эрхэм хурандаатай Булган нутгийн амар тайваны төлөө зүтгэж байгаа ажил амьдралынх нь талаар ярилцлаа.
Цагдаагийн байгууллагын үе үеийн удирдлагууд төрсөн түүхэн гавьяатай Эрүүгийн цагдаагийн газрын 2-р хэлтэс гэж улсын хэмжээнд үйлдэгдсэн Онц хүнд ангиллын гэмт хэргүүдийг илрүүлэх зорилгоор дүүрэг, орон нутгийг мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангаж, нэгтгэн зохион байгуулдаг мэргэжлийн хэлтэст олон жил ажиллаж байсан туршлагатай дарга нарын нэг.
“Аймгийн цагдаагийн газрын дарга бүрт тохиолддог зовлон жаргал, зорилго чиглэл нэг дээ бид чинь томилогдсон хугацаандаа нэг ч гэсэн зүйл нэмж, төрийн ажлыг ахиулчих санаа өвөрлөн хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа хүмүүс" гэж даруухан өгүүлж суух эрхэм хурандаатай нутаг орных нь эрүү, хэв журмын нөхцөл байдал, бүтээн байгуулалтаас гадна туулсан зам, дүүлсэн зорилгынх нь үр дүнг илүү онцоллоо. Цагдаагийн хурандаа О.Ганбат дарга 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ЦЕГ-ын даргын 697 тоот тушаалаар Булган аймгийг цагдаагийн хэлтэс байхад нь томилогдож, сум дундын дөрвөн хэсгээ тасаг болгон, цагдаагийн газар болох түүхэн цаг үед ажиллаж их зүйлийг амжуулжээ.
“Даргын ажлаа авчихаад алба хаагч нартаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор орон сууц барина, аймгийн төвийг камержуулна, олон нийтэд нээлттэй ил тод байдлыг хангаж ажиллана, сум дундын цагдаагийн хэсгийг тасаг болгон өргөтгөж орон тоог нэмэгдүүлнэ, багаар ажиллах чадварыг чухалчилна гэх мэтээр хийх ажлаа танилцуулахад гайхсан, үл итгэсэн байдалтай хүлээн авч байсан. Энэ нь саяхан мэт боловч үнэний хувьтай юм. Гэвч өнөөдөр бүгд л биелэлээ олж түүнээс хол алхсан байна. Мэдээж энэ ажлыг хийхэд сайн хамт олны хүчин чармайлт туйлаас чухал байсан нь мэдээж. Нэг баг хамт олон болж зүтгэсэн хамт олондоо баярлаж явдагаа хэлмээр байна” гэж “Булганы мэдээ” сониноос олж уншаад бахархаж байлаа. Ялангуяа хүн амын тоо жилээс жилд нэмэгдэж, шинэ төрлийн гэмт хэрэг өсөх хандлагатай, тэдний арга нь нарийсаж, зам нь алсалж байгаа энэ цаг үед сумын цагдаагийн ажилдаа хэрэг болсон томоохон ажлуудыг шийдвэрлэнэ гэдэг аймгийн цагдаагийн газрын даргын хувьд их том ажил. Эх орон сумаас эхэлдэг гэж үнэн үг байдаг шүү дээ.
Эзэмшсэн мэргэжил, томилогдсон албандаа хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаа орон нутгийн дарга нарын төлөөлөл болсон эрхэм хурандаагийн ярилцлагыг та бүхэндээ толилуулья.


-Ярилцлагаа сумдын камержуулалтын талаарх яриагаар эхлэе. Танай аймагт энэ ажил их эрчимтэй явагдаж байна уу? Үр дүн ямар байна.
-Орчин үед гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг технологийн дэвшилттэй хослуулан иргэд, олон нийтийн туслалцаанд тулгуурлан явуулах нь илүү үр дүнтэй болох нь харагдсан. Иймээс гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд сумын цагдааг унаажуулах, сумын төвийг камержуулах санаачлага гарган зураг төсөв мэргэжлийн байгууллагаар хийлгэж иргэдээр хэлэлцүүлэхэд ихэнх сумын иргэд дэмжин төсвийн эрэмбэд 1,2-оор оруулж өгсөн дөө. Одоо сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр 12 сум цагдаагийн албандаа автомашинтай, 10 сумын төв камержаад байна. Сумын цагдаа унах унаатай, хянах камертай байна гэдэг олон хүний орон тоо, цаг хугацааг хэмнэж байгаа нь тодорхой.
Мөн нийгмийн хариуцлага, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нийтлэг үүргийн хүрээнд байгууллага, аж ахуйн нэгжүүдийг өөрсдийнхөө хөрөнгөөр камержуулах чиглэл өгч энэ дундаа тусгай зөвшөөрлөөр согтууруулах ундаа худалдан борлуулдаг аж ахуйн нэгжүүдийг аймгийн Иргэдийн Хурлын тогтоолоор камержуулах ажлыг эхлүүлсний үр дүнд аймгийн хэмжээнд 226 аж ахуйн нэгж камертай болоод байна.

-Камержуулалтын систем малын хулгай буурахад нөлөөлж чадаж байна уу?

-Тэгэлгүй яахав. Малын хулгайн гэмт хэрэг ихэсдэг идэшний цагаар Хэнтий аймгийн жишгээр аймгийн хэмжээнд 10 гаран пост ажлуулж үзсэн нь малчдын талархлыг хүлээсэн сайн ажил болсон. 2014 онд пост гарсан нэг сарын хугацаанд малын хулгайн гэмт хэрэг гараагүй гэхээр нүдээ олсон ажлын нэг хэсэг болсон гэж үздэг. Орон нутгийн хөрөнгө оруулалтаар аймгийн төвийг бүрэн камержуулж хөдөө сумдад байгаа томоохон гол мөрний гүүрэн гарцуудыг байгаль орчны сангийн хөрөнгөөр камержуулснаар модны болон малын хулгайн гэмт хэрэг буурахад нөлөөлж байна. ГХУСА-ыг зохицуулах зөвлөлтэйгөө хамтраад Байгаль орчны эсрэг гэмт хэрэг болон Малын хулгайн гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор Хангайн бүсийн таван аймгийг оролцуулсан бүс нутгийн зөвлөгөөнийг хоёр удаа зохион байгуулсан нь энэ төрлийн гэмт хэргийн гаралт багасаж, алба хаагч нар мэдээлэл солилцож, хамтран ажиллах бололцоо улам бүрдсэн дээ.

-Булган аймгийн цагдаагийн газарт эрх зүйн шинэчлэлийн ажилууд хэр зэрэг эрчимтэй өрнөж байна?

-Цагдаагийн албаны тухай батлагдаад тодорхой хугацаа өнгөрч байна. Энэ хуульд иргэд, олон нийтэд түшиглэн, иргэний хяналттай цагдаагийн үйл ажиллагааг явуулахаар хуульчилж өгсөн нь онцлогтой. Хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Олон нийтийн цагдааг бүх суманд ажиллуулж эхлээд байна. Мэдээж шинэ ажил алдаа оноотой. Цаг хугацааны явцад засаж залруулаад сайжруулчих бололцоо бий. Хэрэгцээ шаардлагын хувьд маш их хэрэгтэй цагдаад нэмэртэй алба. Орон нутаг хүсвэл цалин хувцас гээд шийдвэрлээд шаардлагатай газраа ажиллуулах эрх зүйн чадамжийг нь нээж өгсөн учраас сум багт цагдаа нэмж өгөөч гэж нэхдэг төсөв, орон тоотой холбоотой наад захын хүндрэлээс гаргасан. Мөн иргэний хяналтыг бүрдүүлэхээр Иргэний зөвлөл байгуулагдан ажиллаж байна. Одоохондоо энэ зөвлөлийг ойлгодог төрийн алба, иргэн цөөхөн байгаа ч цаашдаа үр дүн нь харагдана гэж боддог.
Суманд ажиллаж байгаа алба хаагч нарын нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийг бүрдүүлэхийн тулд таван жил тутам 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгож эхлэсэн нь нүдээ олсон маш сайхан шийдвэр болсон. Хөдөөний олон цагдаа нарын амьдралд эерэг өөрчлөлт авчирч байгаа.

-Булган аймгийн цагдаагийн газарт бүтээн байгуулалтын ажлууд хэр зэрэг өрнөж байна?
Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах үндсэн чиг үүргээс гадна алба хаагч нарынхаа ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор бүтээн байгуулалтын тодорхой ажил хийх хэрэгцээ шаардлага гарах юм. Өөрчлөлтийг эрх зүйн орчин, хувь хүний хандлага сэтгэлгээнээс эхлээд өөрчилж болох ч орчин нөхцөл, ахуй байдал өөрчлөгдөхгүйгээр хүний нүд өөрчлөгддөггүй юм байна. Нүд бол аливаа зүйлийн хамгийн анхдагч тусгал шүү дээ. Энэ ажлын хүрээнд конторын барилгын дээвэрээс эхлээд өрөө байрыг орчин үеийн жишгээр засаж тохижуулах ажил хийгдсэн. Алба хаагч нарт маань ажиллах нөхцөл юу юунаас илүү чухал. Өөдлөх айл үүднээсээ гэж иргэдэд анхан шатны үйлчилгээ үзүүлдэг жижүүрийн өрөө байрыг шинэчлэн засварласан гээд эргээд харахад өөрсдийгөө голохооргүй зүйл хийжээ.

-Танай аймагт зам тээврийн хяналт сайжирсан нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд их үр дүнтэй ажил болсон гэж яригддаг. Энэ тухай тодруулахгүй юу?
-Булган аймаг онцлогтой улсын чанартай гурван засмал зам дайрч өнгөрдөг цөөхөн аймгийн нэг. Сайны хажуугаар саар гэж сайн зам дээр хурд хэтрүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос авто осол, аваарын гэмт хэрэг өсөж байгааг дүгнэж үзээд Зам тээврийн хяналтын төв барихаар шийдвэрлэсэн. Аймаг орон нутаг ч маш их дэмжин ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд аймгаас Улаанбаатар чиглэлийн авто зам дээр 180 орчим сая төгрөгний өртөгтэй Зам тээврийн хяналтын төвийг дугаар илрүүлэгч IP камер, ачаа хэмжигч пүү гэх мэт цогц байдлаар барьж одоо ашиглаж байна.
Энэ онд мянганы зам гэж нэрлэгддэг Баяннуур сумын авто замд орон нутгийн хөрөнгөөр зам тээвэрийн хяналтын төв барьж байна. Дээрх авто замуудыг хяналтанд авснаар гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлж гарч байгаа аваар ослыг бууруулах, хяналт шалгалтыг тогтмолжуулах ач холбогдолтойгоос гадна нэг ч гэсэн иргэний амь насыг эрсдлээс хамгаалах зорилготой юм.
Үр дүн нь сайн байгаа. Мөн бүх сумдыг согтуурал шалгах багажтай болгосноор зөрчил илрүүлэлт нэмэгдэж, суманд эмх цэгц тогтож эхлэсэн гэж ойлгож болно. Учир нь шүүх дээр согтуу гэдгийг нотлох техник хэрэгсэл байхгүй учраас суманд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон ч цагдаа баривчлах шийдвэр гаргаж чаддаггүй байсан цаг саяхан.

-Ялангуяа сумдад согтуугаар мотоцикл жолоодох явдал их байдаг. Ослыг таслан зогсооход үр дүн гарсан уу?
-Тийм. Сумдын цагдаа нарын шүдний өвчин шүү дээ. Орон нутагт мотоцикл жолоодож яваад аваарт орон амь насаа алдах явдлыг бууруулах зорилгоор сумдын драгерь багажны ашиглалтыг сайжруулж, 2012 оны сүүлээр томилогдоод очиход 19 хүний алтан амь эрсдсэн мотоциклийн ослыг энэ онд 4 болтол бууруулж чадсан нь манай хамт олны хамгийн том амжилт юм.
Манай Замын цагдаагийн тасгаас санаачлан огцом эргэлтийн тэмдгийг ОХУ-ын жишгээр салгаж байршуулснаар жолооч эргэлтэн дээр хурдаа тохируулах, алсаас хурд хасах бололцоог олгож Монгол улсын стандартад өөрчлөлт оруулах хүртэл нөлөө үзүүлсэн байгаа. Үүний цаана бас л хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө аврагдана шүү дээ.

-Алба хаагч нарынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөгжүүлэх чиглэлээр ямар ажлууд хийгдэж байна вэ?
-Энэ ажил их чухал. Бидний ажлын хөдөлгөгч хүч болсон алба хаагч нарыг амраах алжаал ядаргааг нь тайлах тал дээр бага анхаарч ирсэн нь нууц биш. Иймд Тэшиг сумын Харгал нуур, Хануй голын рашаан, Уньтын сахарын рашаан сувилал дээр ганц нэг амралтын байр барьсан. Өөрийн юм өргүй гэж халаасныхаа мөнгөөр амраад байх алба хаагч цөөхөн, Бүгд л зээлтэй байна шүү дээ. Хамт олныхоо ажилд хандах хандлага, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор орон нутгаас шийдвэрлэж өгсөн 80 орчим сая төгрөгөөр спорт залыг өөрчлөн Сургалтын тэнхим болгож засварлалаа.Тохижилтын хувьд хуучин ЦЕГ-ын хурлын заалны түвшинд хийгдсэн байгаа.
Мөн Цагдаагийн газрын зусланд вакумжуулсан сургалт хийх зорилгоор Санхүү хангамжийн газар, аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр 50 хүний хурлын заал, хоолны өрөө, халуун хүйтэн устай амралтын байрыг орчин үеийн жишигт нийцүүлэн барьж ашиглалтанд оруулаад байна. Ер нь боловсрол бол дэлхийг өөрчилж чадах хамгийн хүчирхэг зэвсэг гэсэн суутны үг биелэлээ олох байх гэж сургалт хийх орчин нөхцөлд нь нилээд анхаарсан хэрэг.

-Томилолтоор ажиллаж байгаа алба хаагч нарт зориулсан зочид буудал, албаны хэд хэдэн орон сууц шийдвэрлүүлсэн аймаг бүрт байдаггүй чухал ажил санагдсан?
-Аймаг орон нутагтаа ажлаа зөв танилцуулаад хуулийн хүрээнд хамтран ажиллаад ирэхлээр орон нутгын удирдлагууд дэмжиж байна. Ганц манай аймаг биш ихэнх аймгуудын цагдаа орон нутгаас дэмжлэг авч чадлаа шүү дээ. Үүнийг ЦЕГ нилээд анзаарч байгаа байх. Өнгөрсөн онд аймгийн засаг даргаас хоёр өрөө хоёр ч орон сууц албаны мэдэлд шийдвэрлэж өгсөн. Хөдөө сумдын хэсгийн төлөөлөгч нар аймагт орж ирээд айлын тогоо хардаг байдлыг халах зорилгоор 3 өрөө бүхий ажилчдын буудалтай болсон. Томилолтоор яваа цагдаагийн алба хаагч нар ирж амраад бидэнд их л нэмэр болдог юм. Цаашид бүтээн байгуулалтын ажил маань үргэлжилнэ.

-Алба хаагч нараа орон сууцжуулах ажлын эхлэлийн явц ямар байгаа вэ?
-Манай зарим алба хаагч нар тушаалаар энд тэнд томилогдож яваад өөрийн гэсэн орон байргүй үлдчихсэн хэцүүхэн хүмүүс шүү дээ. Болдогсон бол бүх алба хаагч нараа тохь тухтай байртай болгочих юмсан гэж аймгийн цагдаагийн дарга нар хоорондоо ярьж мөрөөддөг юм. Олон сайхан хүний сэтгэл шингэсэн ажил ямар ч бэрхшээлийг даван туулдаг хойно болох бүтэхгүй зүйл их байсан, одоо тэрийг яриад илүүц. Энэ ажлыг бид бага багаар шийдэж л байна. Алба хаагч нарынхаа нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор өөрсдийнхөө хийж чадах зүйлийг хийе гэж бодоод 30 айлын орон сууц зах зээлийн үнээс хямд барьж ашиглалтанд оруулсан. Хөрөнгө оруулагч нь манай хамт олон өөрсдөө. Байртай болсон нэг нь хөдөө гадаа яваад шөнө орой ирэхэд гэр орон дулаан, түлш түлээ гэж санаа зовох зүйлгүй, эхнэр хүүхэд тайван амгалан байх юм гэж ярьж байхыг сонсоод сэтгэл баясдаг юм. Цаашид төр засаг цагдаагийн байгууллагын ажиллагсдын нийгмийн болон эдийн засгийн баталгааг эргэж харах ёстой. Учир нь иргэдийн өмнөөс хүнд ширүүнийг үүрч, нийгмийн хар бараантай нүүр тулгардаг учраас нийгэм, эдийн засгийн баталгаа нь төрийн бусад албан хаагчидтай адилтгахааргүй төвшинд байх ёстой. Олон улсын жишиг ч тийм л байна. Ажил авсан цагаасаа алба хаагч нарынхаа түлээ нүүрсийг бэлдэхээс эхлээд аялал, зугаалга, тэмцээн уралдаан гээд тэдэндээ зориулсан соён гэгээрүүлэх олон ажлыг ажил хэрэг болгох гэж чармайж байна.

-Орон нутгийн цагдаагийн байгууллагыг удирдана гэдэг амаргүй ажил? Ажил хийж байгаа хүнд мэдээж бэрхшээл байлгүй яахав? Энэ тухай
-Орон нутгийн цагдаа онцлогтой. Олон жилийн түүхэн замналын туршид өөрийн гэсэн соёл, үнэт зүйлтэй болсон, алба хаагч нар нь хөрвөх чадвар сайтай, боловсон хүчний асар их нөөцтэй байгууллага боловч зарим алба хаагч нар нь өөртөө хүргэж ажиллуулах гээд байдаг адармаатай бас нэр хүндтэй алба.
Эрчүүд олонтой, бүл сайтай айлыг удирддаг учраас олон эрэгтэй хүүхэдтэй айлын зовлон, жаргал салахгүй. Хэдэн бор цагдаагаа мөр бүтэн гэдэс цатгалан байлгах үүрэг надад бий гэж өөрийгөө хурцалж зүтгэдэг юм. Хөдөө орон нутагт алба хаагч нарын хууль хэрэглэх чадвараас гадна нүүдэлчин соёл иргэншилийн улбаанд чөлөөт сэтгэлгээ суусан иргэдтэй хууль эрх зүй ярилцаж хэрэгжүүлнэ гэдэг өөрөө бэрхшээл дагуулдаг. Тухайлбал ямар нэг сумын Засаг даргаас манай цагдаа хэрхэн ажиллаж байна гэж асуухад зөөлдөөд байна. Ширүүхэн, гар чангатай хүн томилоод өг гэх жишээтэй. Энэ нь эргээд цагдаагийн алба хаагчийн харилцааны соёл, үйлчилгээний стандартыг үгүйсгэх нөхцөл болдог.

-Жишээ нь?
-Зарим сумдын удирдлагад хууль хэрэгжүүлэх чиглэл өгөхөөр өмнөөс туршлага ярих жишээтэй. Цагаан дээр хараар бичиж Монгол Улсын Их хурлаар баталсан хуулийг амьдралд нийцээгүй гэх мэтээр өөр өөрийнхөөрөө тайлбарлаж байгаа боловч УИХ-д саналаа хүргүүлчихсэн удирдлага байхгүй л байх жишээтэй. Гэвч орон нутагт гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн чиг үүрэг хангалттай хэрэгжиж байгаа.
Нөгөө нэг бэрхшээл нь шинэ дүрэмт хувцасны чанар, бүрэн бүтэн хувцаслах асуудал чухал байна. Улс орон санхүүгийн хүндрэлтэй байгаа боловч монгол улсын дотоодын аюулгүй байдлын төлөө тэргүүн эгнээнд зүтгэдэг байгууллагын алба хаагч нарыг нэн түрүүнд хувцаслах ёстой. Энэ зовлон бүх аймагт ижил байгаа даа.
Мөн сумдын хэсгийн төлөөлөгч нар гэмт хэрэгтэй тэмцэх нийтлэг чиг үүргээс гадна гүйцэтгэх ажил явуулах тусгай чиг үүрэг хэрэгжүүлэх явцдаа олон нийтэд түшиглэсэн цагдаагийн байгууллагын нийтлэг үүргүүдийг хэрэгжүүлж байна. Нэг үгээр хэлбэл хоёр нүүртэй цагдаа ажиллаж байна гэсэн үг. Өнөөдөр иргэн Доржид эрүүгийн хэрэг үүсгэж яллах үүргээ хэрэгжүүлчхээд гудамжинд гарч олон нийтийн аюулгүй байдлын төлөө иргэн таньтай хамтрана гээд байхлаар Долдой шиг харагдаад цөөхөн хүн амтай суманд зохицохгүй байгаа юм. Иймд суманд ажиллаж байгаа дээд боловсролтой цагдаа нарыг офицер болгон өөрчилж хэв журам сахиулах, олон нийтэд үйлчлэх ажлыг нь хариуцуулаад эрүүгийн төлөөлөгч нарт гэмт хэрэг илрүүлэх, гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхийг нь дангаар нь өгчихвөл орон нутагт гэмт хэрэг илрүүлэх ажил нэг шат ахина гэж боддог. Нэг үеэ бодвол цагдаагийн хийж байгаа ажлыг гүйцэтгээд байх олон нийтийн цагдаа сум болгонд ажиллах боллоо. Энэ саналаа ЦЕГ-ын удирдлагад уламжилсан байгаа эргэж харах байх.

-Орон нутагт цагдаагийн алба хаагч нар цалин хангамжийн талаар ямар гомдол, саналтай байдаг вэ?
-Бас л аймаг бүрийн газар хэлтсийн дарга нарын санаа зовдог асуудал. Цаашид цагдаагийн алба хаагчийн цалингийн зэрэглэлийг нэмэгдүүлэх шаардлага байна гэж хардаг. Ер нь бусад хууль хяналтын байгууллагуудтай харьцуулахад цагдаагийн байгууллагын цалин хамгийн бага, ажлын ачаалал маш их байна шүү дээ. Үүнд судалгааны байгууллагуудын хийсэн дүгнэлт ч байдаг юм байна лээ. Төсөв дээр шагнал урамшуулал, урсгал засвар, түлш халаалт, зочин төлөөлөгч, холбооны зардлыг нэмэх шаардлага байна. Ажил хийсэн хүнийг урамшуулж, зориод ирсэн цагдаагийн алба хаагчийг хооллоод явуулчих хэрэгцээ их гарах юм.
Сүүлийн үед телекамер олноор тавигдаж, интернэт хэрэглээ өсөж байгаатай холбоотойгоор холбооны зардал зайлшгүй хөндөгдөж байна. Сумдын цагдаа нартай нууцаас бусад зэрэглэлийн мэдээлэл солилцоход интернэт ашиглахаас өөр сонголт алга. Хамгийн холын сум 250-300 километрийн цаана байна шүү дээ. Орон нутаг машин унаа шийдвэрлээд өгч байхад бид сэлбэг хэрэгслээ өөрсдөө солиод явах ёстой. Сумдад баригдсан кобан байруудыг засварлахгүй бол эхнээсээ элэгдэлд орж байна. Бид хөрөнгө шийдвэрлүүлэх зорилгоор тухайн сумынх нь үндсэн хөрөнгөд шилжүүлэх бодлого барин ажиллаж байгаа.

-Цагдаагийн даргад цаг зав бага байдаг нь мэдээж хэрэг. Гэхдээ хувь хүний хувьд өөрийгөө хөгжүүлэхэд цаг гаргаж байна уу?
-Энэ тал дээр би маруухан хүн дээ. Ажил авсан эхний хоёр жил толгой өндийх завгүй ажлын араас зүтгэж явахад дөрөө нийлэх нь үлдэж, үгүй нь ялгарч үлдсэн, мэдээж хөлс урсахгүйгээр бэрхшээлийг даван туулж, нулимс урсгахгүйгээр оргилд нь хүрдэг амжилт гэж хаана ч байхгүй. Тийм учраас бэрхшээл болгоны өөдөөс хамт сөрж чадсан хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна. Гэхдээ бидний хийж байгаа ажлын амжилтууд цаашид хийх ёстой олон ажлын эхлэл гэдгийг ойлгох ёстой. Бэрхшээлээс айж бэрхшээлийн өмнө сөхрөх хэрэггүй. Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгдэж байдаг гэсэн үг байдаг биз дээ. Тийм учраас биднийг сорилт цаг үргэлжид отох болно. Тэр болгонд хана мөргөөд байлгүй өөр гарц олоод л цаашаа явах ёстой. Энэ бол миний өөртөө баримталдаг зарчим юм даа.
Ер нь өөрийгөө хөгжүүлэх боломж цаг үргэлж хажууд байна шүү дээ. Үүнд хот хөдөө гэж ялгарах юм алга. Одоо үед чинь интернетээс бүх л мэдээллийг авч байна. Тогтмол биш ч хаяадаа өглөө гүйж хөлсөө гаргах юм. Өнгөрсөн хавраас дэд даргатайгаа унадаг дугуй авч гэр ажлын хооронд жийж байгаа боловч ойртоод байх юм. Алба хаагчийнхаа эхнэрийг дэмжиж байгаад Булганд дугуйн клуб байгуулсан овоо амжилт олж байгаа. Амралтын өдрүүдээр алсхан гүйлгэж их ажлын ачааллаас хөнгөлдөг юм.
Булган аймагт томилогдсоны дараа сошиал сайтуудаар ажлаа олон нийтэд хүргэх, эмхтгэл гаргах хэрэгцээ шаардлагыг дагаад гэрэл зургийн аппарат авсан нь намайг гэрэл зураг авах хоббитой болгосон. Булган хангай үнэхээр сайхан байгальтай газар. Алсдаа сайн зургуудаа эмхтгээд Булган аймагтаа нэг тохимол үлдээх санаа байгаа. Зарим үед ажлаа мартаад ном унших сайхан шүү дээ хамгийн сүүлд Булганы номын сангаас “Могой цэцэг” гэдэг ном авч уншаад одоо өгч амжаагүй л явна.

-Алба хаагч нартаа хэлэх дуртай хамгийн чухал үгээ манай сэтгүүлийн уншигч алба хаагч нартай хуваалцахгүй юу?

-Нүцгэн ирээд нүцгэн буцах энэ хорвоод өөрт хэрэгцээгүй юманд шуналгүй, амжиж бие биенээ бас хүмүүсийг хайрла, аливаад ноён нуруутай байж, хүн чанартай амьдар. Хов жив хол ойрын ярианаас хол явж хүний тухай хүнд битгий ярьж бай л гэж захих юм даа.

-Та хэр сайн аав бэ?
Миний хир сайн аавыг манай гэр бүл илүү сайн тодорхойлох байх. Аль болох гэр бүлдээ зав гаргаж, гарын хоолоо хийж өгөх дуртай. Хоол хийхийг ажил гэж үзэхээсээ илүү хобби гэж үздэг гээд хэлчихвэл өөрийгөө магтсан болчих болов уу. /инээв/ Миний гэр бүлийн үнэ цэнэ намайг тодорхойлно шүү дээ.
Бидэнд ярилцлах сэдэв өргөн байсан ч ингээд түр хойш нь тавилаа. Аймгийн цагдаагийн газар гэж “том” айлын зовлон жаргалыг туулж, хийж бүтээсэндээ гавьяархахаас илүү хийж бүтээх зүйлдээ сэтгэл зовнин, гэмт хэрэг хэмээх нийгмийн хамгийн хүнд асуудалд үүрэг чиглэлээ хандуулж, ажилладаг амаргүй албандаа зориг мохолгүй зүтгэж яваа эрхэм хүмүүсийн нэг бол хурандаа О.Ганбат. Хууль дүрмийг сахин хамгаалах үүрэг, тангараг, амар тайван ард иргэд, элэг бүтэн гэр бүл, дулаан тохьтой орон сууц, олон нийт хамтын ажиллагаа. Түүнд хамааралгүй сэдэв гэж огт үгүй. Аз жаргал ганцаараа ирдэггүй энэ орчлонд албандаа үнэнч олон туршлагатай дарга нарын нэгэн танд, бэрхшээл бүхнийг даван туулж, билэг оюун тань улам гийж, хамт олон тань ололт амжилтаар дүүрэн байхыг хүсье.

Өмнөх үеийн шилдэг тамирчдын залгамж халааг бэлдэхийн төлөө зүтгэж явна

Ш.Эрдэнэ-Очир

Үндэсний бөхийн 2015 оны өсвөр үеийн Монгол улсын аварга шалгаруулах барилдаан энэ амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн төв Сайншанд хотод зохион байгуулагдах гэж байна. Тус барилдаанд оролцох зарим аймгийн багууд ирээд байна. Эдгээрийн нэг нь анхдагчуудын өлгий Булган аймгийн баг байгаа. Тус багийг бидний сайн мэдэхээр монгол түмний 44 жил хүлээсэн олимпийн наадмын алтан медалыг анх хүртсэн Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин Н.Түвшинбаярын бөхийн анхны багш МУ-ын Гавъяат дасгалжуулагч Ш.Эрдэнэ-Очиртой ахалж ирсэн түүнтэй цөөн хором ярилцлаа. Түүний хувьд Булган нутгаас бөхийн төрлүүдэд олон сайн шавь бэлтгэн гаргасан одоо ч үүний төлөө зүтгэж яваа эрхэм нэгэн. 
- Сайхан намаржиж байна уу? Сайн явж ирэв үү? 
- Сайхан намаржиж байна. Сайн явж ирлээ. Энэ жилийн өсвөрийн улсын аварга шалгаруулах барилдаан Дорноговь аймагт зохион байгуулагдахаар өнгөрсөн жил зарлагдсан. Энэ жилийн улсын аваргад гурван насны ангилалд нэг, нэг хүүхэдтэй оролцохоор зорьж ирлээ.
- Өнгөрсөн жил танай багийн хоёр хүүхэд шагналт байрт шалгарсан. Энэ жилийн хувьд?
- Ноднин дунд нас дээд нас хоёрт барилдсан хүүхдээс 18 насанд оролцсон хүүхэд нас дээшээ өгссөн. Бага насанд шинэ хүүхэд бэлдэж ирлээ. 
- Таны хувьд Булган аймагт бөхийн нилээд хэдэн төрлөөр шавь бэлдэж байна. Орон нутгаас бөх төрүүлэхэд юу шаардагдаж байна? 
- Манай Булган хангай бөхийн удам голомттой, бөх бэлдэхэд суурь бааз, авъяастай хүүхэд сум бүрт байдаг. Аав, ээжийн ген нутаг орны зохилдлогооноос болоод барилдах сонирхолтой хүүхдүүд нилээн бий. Тэр бүгдийг өөрөө хөдөө орон нутгаар явж эх, эцэгтэй нь уулзаж өөрөө таньж мэддэг харсан хүүхдүүдтэйгээ уулзаж бэлтгэл сургуулилтаа хийдэг. Миний хувьд аймагтаа бөхийн самбо, жүдо, үндэсний бөхөө хариуцаж спортын газраа дасгалжуулагчаар ажилладаг. 
- Өөртэй уулзсаных нэг зүйлийг онцолж асуумаар байна. Монгол түмний 40 гаруй жил хүлээсэн олимпийн наадмын алтан медалыг авсан Н.Түвшинбаярын бөхийн замналын эхлэлийг өөрөө тавьсан, гарын чинь шавь нарын нэг?
- Анх 1998 онд Н.Түвшинбаяр долдугаар ангиа төгсөөд Булган аймгийн төвийн “Эрдмийн- Өргөө” цогцолбор сургуульд ирсэн. Тухайн үед бөхийн секц дугуйлан хичээллэдэг юм байна. Тэр дугуйланд орж хичээллэе гэсэн зорилготой аймгийн төв бараадаж ирсэн. Нэг өдөр намайг бэлтгэл орж байхад нэг сайхан хүүхэд шагайхад бид хоёр уулзалдсан. Тэр цагаас хойш бэлтгэл сургуулилт хийж тэмцээнд оролцож явсаар 2008 оны Бээжингийн олимпод орж олимпийн аварга болж байсан. 
- Багшийн амжилт шавиас гэж үг бий. Тухайн үед дээлийнх нь захыг мушгисан олон хүний нэг мэдээж та?
- Н.Түвшинбаяр хүүхэд ахуй цагаасаа бие бялдарын хөгжил сайтай, бөхөд өөрөө их дуртай, анги хамт олон дундаа биерхүү тийм хүүхэд байсан. Сумынх нь сургуулийн хүүхдүүдтэй харьцуулахад. Анх орж ирсэн цагаасаа эхлэн юм заах, бэлтгэл сургуулилт хийхэд амархан тусгаж сурч авдаг байсан. Үүний тод илрэл нь тухайн үед миний хуучин бэлтгэл хийлгэдэг хүүхдүүтэй сарын дараа гэхэд адилхан хэмжээнд ирсэн. Тэгээд цаашаа сайн барилдах нөөц боломжтой нь тэндээс харагдсан. 2002 онд үндэсний бөхийн өсвөр үеийн тэмцээн Сэлэнгэ аймагт зохиогдоход бага насанд түрүүлж аварга болсон. Тухайн онд аравдугаар ангиа аймгийн начин цолтой төгссөн. Арав төгсөөд бөхийн “Аварга” сургуульд одоогийн МУ-ын Өсөх идэр начин Э.Энхбат хоёр нэг ангид хамт орж байсан. Хүүхэд байхаасаа самбо, жүдо, чөлөөт, үндэсний бөхөөр үеийнхээ хүүхдүүд дундаас улсад гарч ирсэн.
- Тэр цагаас хойш улс бүс, олон улсын амжилтынх нь эхлэл болждээ?
- “Аварга” сургуульд байхад нь би улсын шигшээд оруулах зорилготой Ч.Насантогтох багштай уулзаж Булганаас 2-3 сайн хүүхэд гарч ирж байгаа та жүдо бөхийн өсвөрийн шигшээд авахгүй юу гэж асууж байсан. Ч.Насаа багш тэр үед би ерөнхийдөө танай хүүхдүүдийг харж байгаа удахгүй болзол хангахаар авна гэсэн юм Тэгээд сарын дараа Н.Түвшинбаяр, Б.Ариун-Эрдэнэ хоёрыг авсан. Харин тэрнээс сарын дараа Э.Энхбатыг шигшээд авсан одоог хүртэл шигшээд хичээллэж байна. Тэр хэдээс Б.Ариун-Эрднэ Самбо бөхөөр дэлхийн аварга, жүдо, жюү жицү бөхөөр олон улс, тивийн тэмцээнд өндөр амжилт үзүүлж байна. Мөн М.Өсөхбаяр, Э.Энхбат нар үндэсний бөхөөр улсын сайхан том цолонд хүрч амжилттай барилдаад явж байна. Тэдний дараа үеүүдийн залгамж халааг тасалчихгүй гэсэн зорилготой бэлтгэл хийлгэж Булган аймагт бөхийн төлөө зүтгэж явнадаа.
-Төгсгөлд нь асуухад хүүхэд бүрт тохируулж юм заана гэдэг амаргүй биз?
-Тэр бол мэдээж. Хүн болгоны бие бялдар, зан характерт нь тохируулна. Учир нь нэг л зангаар өөрийн унаган араншингаар хүүхдүүдтэй харьцаж болохгүй. Багш хүн бол энэ хүүхэдтэй эвээр ярихад болно тэр хүүхэдтэй жижиг зэмлэл өгөхөд ойлгодог гэдгийг л анзаарч мэдэх хэрэгтэй.
- Цаг гарган ярицсанд баярлалаа. Зорьж ирсэнд тэмцээнд нь өндөр амжилт хүсэе.
- За баярлалаа. Энэ завшааныг ашиглаад танай аймгийн зохион байгуулж байгаа хамт олонд амжилт хүсэе. Зохион байгуулахаар авсан аймаг бүр энэ тэмцээнийг сайхан хийдэг энэ жишгийн дагуу болох байх гэж бодож байна.
Ярилцсан: Б.Бат-Эрдэнэ

Дууны хорвоод

Дууны хорвоод
“Тэрээр энэ хорвоод дуулах гэж, дуу зохиох гэж л ирсэн мэт санагддаг. Тэгээд сэтгэл шигээ уяхан, гэгээн тунгалаг, айзам яруу дуу, дуурьсахуйн гайхамшигт хөгжмүүдээ зохиочихоод дэндүү эрт яаран буцсан мэт ээ. Дөч гаруйхан насандаа тэр явчихсан юм. “Уянга яруухан дууны хорвоод удаан амьдармаар санагдаад байх юм аа” хэмээн түүний нэгэн дуунд учирлан учирлан өгүүлдэг. Тэрхүү дуунд бас “Айзам яруу дууны хорвоод ахин дахин төрмөөр байх юм аа” хэмээсэн мөрүүд бий. “Дууны хорвоо” хэмээх энэ дуу, энэ аялгуу Ц.Чинзориг хэмээх тэр л эгэлгүй авьяастны сэтгэлийн дуулал, уярал ухаарал нь байсан гэлтэй. Дуугаараа, айзам яруу хөгжмүүдээрээ удаан амьдарч, ахин дахин төрсөөр байх болно гэдгээ тэрээр зөн совингоороо мэдэрч байсан биз ээ.” хэмээн Г.Сонинбаяр бичсэн байна. Тийм ээ, энэ л агуу хүний 60 насны ой энэ онд тохиож буй. Ойн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь Ц.Чинзориг агсны дотны анд МУУГЗ Б.Шарав санаачлан Булган аймгийн Засаг дарга, АЗДТГазар ивээн тэтгэн зохион байгуулж буй “Дууны хорвоо-2” улсын хоёрдугаар уралдаан юм.
Аргадаж ядсан аялгууг сонсоод
Асгартал уйлмаар болдоггүй билүү
Андуу эндүүгийн хатуухан харгуйд
Ахиад дуулахад ханамгүй билүү
Эгшиг яруу дууны хорвоод
Эмзэг сэтгэл бөмбөрөөд байх юм аа хэмээн аялгуулах энэхүү дууны нэрээр нэрлэгдсэн “Дууны хорвоо-2” улсын уралдаан Булган аймагт  хоёр өдрийн турш хөл хөөртэй болж өндөрлөсөн юм.
Уран бүтээлчид чадварлаг байлаа
Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн нэрэмжит “Дууны хорвоо-2” улсын уралдаанд хот, хөдөөгийн, мэргэжлийн болоод мэргэжлийн бус 76 уран бүтээлч оролцож түүний уран бүтээлээс сонгож ая дуугаа өргөн өрсөлдсөн юм. Энэ удаагийн “Дууны хорвоо-2 ” улсын уралдаанд ОХУ-ын Буриад, Өвөр Монголын өөртөө засах орны дуучид хүрэлцэн ирж өрсөлдсөн нь олон улсын уралдаан болгосон гэхэд хилсдэхгүй. Тус уралдааны шүүгчээр МУАЖ Б.Жавзандулам, МУАЖ Д.Самбуу, МУГЖ,ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин Долгормаа, МУСГЗ урлаг судлаач Ч.Буянхишиг, МУСТА хөгжмийн зохиолч Ц.Эрдэнэбат, МУСТА хөгжмийн зохиолч С.Тараа нар ажилласан.  
Есдүгээр сарын 18-ны өглөө 10 цагаас “Дууны Хорвоо-2” улсын уралдаан нээлтээ хийж уралдааны нээлтэд түүний Багшийн сургуулийн анги удирдсан багш Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров, түүний Багшийн сургуулийн шавь УГЗ хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, МУУГЗ хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, ХЦДБЧуулгын дарга МУСТА Б.Ганхуяг, МУСГЗ зохиолч, яруу найрагч С.Оюун, Ц.Чинзориг агсны төрсөн эгч Ц.Цэнд-Аюуш, МУСГЗ, ОХУлсын Буриад улсын УГЗ, СУИС-ийн Хүндэт профессор Д.Ухнаа, Төрийн соёрхолт МУУГЗ хөгжмийн зохиолч Б.Шарав, түүний уянга яруу дуунуудыг амьдруулж ард түмэнд хүргэсэн Ардын жүжигчин Д.Самбуу, Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ, МУГЖ Х.Үнэнхүү, Д.Түвшинтөгс, Г.Эрдэнэбат, Ш.Өлзий–Орших, Н.Төмөрхуяг болон аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Д.Чимгээ, АЗДТГазрын дарга Л.Батболд, Ц.Чинзориг агсны гэр бүл үр хүүхэд ах дүү нь урилгаар оролцсон юм.
Тэмцээний нэгдүгээр шатанд 76 уран бүтээлч хөгжмийн зохиолч Ц.Чинзориг агсны дуунуудаас дуулан өрсөлдөж хоёрдугаар шатанд шилдэг 21 уран бүтээлчид шалгарсан юм. Э.Мөнгөнчимэг, Б.Жавхлантөгс, Н.Ганзолбоо, Х.Долгион, Э.Отгон-бат, Д.Анхбаяр, П.Баярмагнай. Б.Батбаатар, Э.Сүнгэрэл, Э.Дүүриймаа, Б,Дэлгэрбаяр, А.Батболд, О.Энхзаяа, Т.Бат-Очир, Т.Отгонбаяр, Г.Нарангэрэл, Н.Мөнхжаргал, Б.Чинсанаа, М.Намнанбаатар, Д.Долгормаа, Д.Содномдаржаа нар шалгаран хоёрдугаар шатандаа өрсөлдсөн юм. Тэмцээний хоёр дахь өдөр буюу 9 сарын 19-ний өдөр 10 цагт хоёрдугаар шат эхэлж шалгарсан уран бүтээлчид хөгжмийн зохиолч Ц. Чинзоригийн “Дууны хорвоо” дууг болон өөрийн сонгосон Ц.Чинзориг агсны дууны дээжээс өргөн өрсөлдсөн. “Дууны Хорвоо-2” улсын уралдааны тусгай байрыг ДБЭТ-ын дуучин Д. Содномдаржаа, Улсын филармоны дуучин Т. Отгонбаяр  гуравдугаар байранд МУСТА П. Баярмагнай. дэд байранд Булган аймгийн Хөгжимт Жүжгийн театрын дуучин  Б. Чинсанаа,  Тэргүүн байрыг ЦДБЭЧуулгын гоцлол дуучин Б.Батбаатар  тэргүүлсэн юм. Мөн шүүгчдийн нэрэмжит шагналыг  Улсын филармоны дуучин Б.Дэлгэрбаяр, Чинзоригийн нэрэмжит шагналыг ДБЭТ-ын дуучин Э.Отгонбат, анд нөхдийн шагналыг ДБЭТын дуучин  М. Намнанбаатар хүртсэн байна. Тэмцээнд оролцсон бүх уран бүтээлчид маш чадварлаг байсныг  шүүгчид онцолж баяр хүргэж байсан ч дуучдыг эрэл хайгуул муу хийж бэлэн байсан өөрсдийн дуулдаг дуугаа дуулсанд шүүмжлэлтэй хандаж байсан юм.
Хөгжмийн авьяас нь бага наснаас нь л илэрсэн
“Дууны хорвоо-2” уралдааны хоёр дахь өдрийн орой 20:00 цагт  Булган нутгийн зон олондоо Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг агсны уран бүтээлийн тоглолтыг толилуулсан. Анх л түүний уран бүтээлүүдийг амьдруулсан урлагийн томчуудыг Булганы тайзнаа чуулах боломжийг Чинжиг бидэнд олгосон нь энэ байсан юм. Түүний уянга яруу дуунуудыг амьдруулж ард түмэнд анх хүргэсэн Ардын жүжигчин Д.Самбуу, Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ, Ардын жүжигчин Б.Жавзандулам, МУГЖ Х.Үнэнхүү, Д.Түвшинтөгс, Ш.Өлзий–Орших, Н.Төмөрхуяг нар байлаа. Эдгээр дуучидгүйгээр “Зүүдний говь”, “Хорвоод ганцхан ээждээ”, “Намрын дурсамж”, “Дууны хорвоо”, “Ус мөрөн олон чиг”, “Хүний хорвоо”, “Үүлэн цэнхэр хангай”, “Учран золгохын ерөөл”, “Жамын цаана нуугдах газаргүй”-г төсөөлөхийн аргагүй ээ. Энэ тоглолтын бас нэг чимэг нь Ц.Чинзориг агсны хоёр ихэр охин Ч.Номинцэцэг, Ч.Сувданцэцэг нар нь байлаа. Ихэр охид нь хөгжмийн зохиолчийн урлагийн залгамж халааг харуулж “Намрын дурсамж” дууг нь хөгжимдсөн бол түүний Ятгын концертийг Ятгын хатан хаан хэмээн нэрлэгддэг ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ ус нутгийн түмэнд нь толилуулсан. Мөн тус гала тоглолтонд түүний нэрэмжит дууны уралдааны шагналтнууд оролцсон юм. Ийнхүү хоёр өдрийн турш Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Ц. Чинзориг агсны уран бүтээлээр Булган хангай амьсгалж 60 насны ойн өдөрлөг өндөрлөсөн юм.
Урлагийн авьяас нь хүүхэд байхаас нь л илэрчээ
Мөн Булган сумын Нэгдүгээр бүрэн дунд сургууль Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн хамт олон, ахлах ангийн суралцагчидтай Төрийн хошой шагналт, ардын жүжигчин хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав нар уулзалт ярилцлага хийсэн.юм. Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг агсны амьдрал уран бүтээл, түүнтэй танилцаж хэрхэн нөхөрлөж багш, шавь, найз нөхөд болсон түүхээ хуваалцсан уулзалтанд оролцсон багш сурагчид сэтгэгдэл өндөр байсан юм.
Түүний 60 насны ойд зориулан түүний гэргий Д.Ганмягмар "Дууны хорвоо-2" уран бүтээлийн ном гаргажээ. Аймгийн төв номын санд энэхүү номын танилцуулгыг хийж, СГЗ яруу найрагч С.Оюун, сэтгүүлч,яруу найрагч Ж.Батцэцэг, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Н.Дагвадорж, Монгол Улсын Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ, Ц.Чинзориг агсны гэргий Д.Ганмягмар нар уншигч, яруу найраг сонирхогчидтой уулзалт ярилцлага хийсэн.
“Манай Чинжиг хүүхэд ахуй наснаасаа л урлагийн мэдрэмжтэй хүүхэд байсан. Өглөө гал түлэхээр босоод түлээ нарийн цуулчихаад түүгээрээ юм нүдэн ая оруулж тоглодог байсан. Намайг дээд сургуулиа төгсөөд Булган аймгийн төвийн арван жилд багшаар ирэхэд дүү нэгдүгээр ангийн сурагч болж манайд суудаг байсан. Нэгдүгээр ангийн хүүхдүүдийг багш нь дуулуулж үзээд дүү чинь маш сайхан дуулдаг юм байна, эгч нь юм чинь чи ч гэсэн сайхан дуулдаг байж таарна гэж намайг ичээж байсан.” хэмээн түүний ганц эгч Ц.Цэнд-Аюуш гуай дурсамж уулзалтан дээр нь хуучилсан. Их сургуулийн багш, ангийн найз, журмын нөхөд нь ч түүнийг сайхан дуулдгийг шагшин магтаж байсан. 1971 онд багшийн сургуульд элсэхэд нь анх Н.Жанцанноров багш нь түүнийг дуулуулж “Дөлгөөн Хэрлэн” дууны дахилтны барилтнаас нэгэн торгон мэдрэмж байгааг мэдэрч шавиа болгож авчээ. Их сургуулийн найз нөхөд нь ч Чинжигээрээ л дуулуулдаг байсан байна. Түүний хөгжмийн авьяас нь бага наснаас нь л илэрсэн аж.
“Дууны хорвоо”, “Зүүдний говь”, “Хорвоод ганцхан ээждээ”, “Намрын дурсамж”, “Ус мөрөн олон чиг”, “Үүлэн цэнхэр хангай”, “Учран золгохын ерөөл” гээд л, олон сайхан дууных нь нэрийг дурдахад л аялгуу нь чихэнд сонсогдох шиг болдог. Айзам яруу дууны хорвоод тэрээр аялгуу сайхан дуугаараа амилан удаан амьдрах хувийг олжээ. Үнэхээр тэрээр дууны хорвоод амьдарсаар байна.

Булганы хүн ам 3000-аар өссөн нь бидний тавьсан зорилго, хөтөлбөр хэрэгжиж байгаагийн илрэл


Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбаттай орон нутгийн хөгжил, бүтээн байгуулалт, өнөөгийн нөхцөл байдлынх нь талаар ярилцлаа.
Л.НОМИН -Булган аймагт очоод ирсэн хүмүүс ам сайтай байна. Бүтээн байгуулалт их хийсэн, Булган аймаг урьд өмнөхөөсөө өөрчлөгдөж гэх боллоо. Засаг дарга болсноосоо хойш өрнүүлсэн бүтээн байгуулалтын ажлуудаа та эхлээд танилцуулах байх?
-Хүн амьдрах орчин бүрдүүлж байж аймаг орон нутаг, сум суурин оршин тогтноно гэж боддог. Бүтээн байгуулалт гэдэг ерөөсөө л суурьшилтай холбоотой. Халуун, хүйтэн устай байр орон сууц хэрэгтэй, нийгмийн чанартай үйлчилгээ авах, ажлын байртай байх нь чухал. Энэ гурвыг бий болгох юм бол бүтээн байгуулалт болно. Булган аймагт өнөөдөр 320 айлын орон сууц баригдаж байна. Үүнээс зарим нь ашиглалтад орсон. Нийгмийн үйлчилгээ ч зайлшгүй байх ёстой. Ийм учраас бид 50 ортой төрөх эмнэлэг, усан бассейн, кино театр, хүүхэд залуучуудын парк, битүү зах, ахмадын сувилал зэрэг нийгмийн үйлчилгээний байгууллагууд бий болгож байгаа. Хувийн хэвшилд ажиллах орчин бүрдүүлэхээр суурьшлын бүсүүдтэй болголоо. Барилгын материалын болон модны чиглэлийн, хөнгөн хүнсний үйлдвэрүүдийн район байгуулаад, тэндээ цахилгааныг нь шийдэж өгч байгаа. Гол нь барилга байгууламжаа барьж үйлдвэрлэл үйлчилгээ үзүүлэхэд нь төрөөс дарамт үзүүлдэггүй, хааж боодоггүй байхыг баримталж байна. Ингэснээр аймгийн төв, бусад сум суурин газарт хүн амьдрах нөхцөл бүрдэж хөгжил бий болно гэж харсан хэрэг.

-Эрдэнэтийн дагуул байдлаар хандаж, хөгжил муутай аймаг гэсэн шүүмжлэл ч нэлээд гардаг. Сүүлийн жилүүдэд Булган аймаг ингэж хөгжиж байгааг харахаар яалт ч үгүй удирдлагуудтай холбоотой юм гэж бодогдож байна. Ер нь, орон нутгийг хөгжүүлэхээр зорилго өвөртлөөд ажиллахад удирдлагын арга барилын онцлог юу байв?
-Би Булган аймгийн хүүхэд л дээ. Энд өссөн, төрсөн. Үе удмаараа, хэдэн үеэрээ амьдарч ирсэн. Тэгэхээр надад Булган нутгаа гэсэн сэтгэл байдаг юм. Өөр нэг зүйл гэвэл, Ардчилсан намын үзэл баримтлал бол хүний төлөө. Хүн амьдрах нөхцөлийг бий болгох, хүнийг хөгжүүлэх, ажил хийж чаддаг хүнийг дэмжих. Энэ үзэл баримтлал надад бий байх. Баг хамт олныг сайн бүрдүүлнэ гэдэг бас их чухал зүйл. Ер нь, аливаа ажил зохион байгуулахдаа нэг л зүйлийг хэлдэг.
Хүн заавал өөрөө хийх албагүй, хүнээр ажил хийлгэнэ гэдэг авьяас. Тиймээс ажил хийдэг, хийлгэж чаддаг хүнийг гаргаж ирж тавих ёстой. Ажиллаж, ажиллуулж чаддаг баг бүрдсэн. Бид ажиллаж чадаж байгаа гэж хэлнэ дээ. Булган аймгийг энэ хэдэн залуучууд маань тогтвортой авч яваад хөгжүүлээд аймгийн дайтай болгочих байх, иргэдээ хүний дайтай амьдруулчих байх гэсэн зорилгоор ажиллаж байгаа. Тиймээс бидний ажил иргэдэд хүрч байгаа болов уу.

-Иргэдэд хүргэх гэснээс хийснээ хэлж ярьж мэдээлдэг байх нь чухал гэдэг. Яагаад гэвэл таалагдаж байгаа үгүй нь мэдэгдэхгүй баахан ажил хийгээд л байдаг. Эргээд үр дүнгүй зүйл болчихдог тал ч бий. Танай аймгийн хувьд хийсэн ажлаа дөрөв биш жил бүрээр нь тайлагнаж, иргэдтэйгээ санал солилцдог гэж сонслоо?
-Эргэх холбоотой байх, хамтрах, бие биетэйгээ зөвлөх, санал солилцох, сайн муугаа ярилцах багц холбоо үүсч байгаа юм. Бид улирал тутам иргэддээ хийсэн ажлаа танилцуулж, хүргэдэг. Бүрэгхангай суманд ийм ийм зүйл хийчихэж манай Баяннуур суманд хэзээ вэ, гэж иргэд асуудаг. Танай сум яагаад дараагийн ээлжинд оров гэдгээ тэгэхээр иргэд ойлгож байгаа юм. Өөрсдийгөө Бүрэгхангай сум шиг болгохын төлөө дайчилж, удирдаж буй дарга нараа ажиллуулах нөхцөл бүрдүүлэх нь чухал. Мэдээлэл хүргэж солилцох, ил тод байдал гэдэг ерөөсөө л ардчилсан нийгмийн төрийн удирдлагын амин сүнс. Улирал бүр мэдээлээ өрх бүрдээ өгч, жил бүрийн хийсэн ажлынхаа тайланг багцлан хүргээд бид хэвшчихлээ. Энэ бол ажил хийх, цаашлаад хөгжлийн гол түлхүүр.

-Аялал жуулчлал хөгжүүлэх боломж бололцоо Булган аймагт ямархуу байдаг юм бол. Хөвсгөл хатуу хучилттай авто замаар холбогдсон учир дотоодын аялал жуулчлалаар чамгүй мөнгө олсон. Булган аймаг аялагчдын мөнгөнөөс авч үлдэх боломж хэр зэрэг байна вэ?
-Аялал жуулчлал хөгжих бүрэн боломж бий. Байгалийн сайхнаараа Хөвсгөлөөс дутах зүйл байхгүй. Хөвсгөл аймагт нуур үзэх гэж очдог. Тэгвэл манайд уул ус, ан амьтан, байгалийн үзэсгэлэнт тогтоц түүхийн том том олдвор, дурсгал, соёлын өвүүд, рашаан сувилал гээд бүгд байна. Үүнийгээ бид таван чиглэлээр хөгжүүлэх бодлого гаргаад хэрэгжээд эхэлсэн. Архангай, Өвөрхангай, Хөвсгөл рүү явдаг маршрут Булган аймгаар дайран өнгөрдөг. Энэ урсгалыг түр зуур ч гэсэн тогтоон барьж, буугаад мордоод явдаг хэлбэр рүү оруулж байна. Аялал жуулчлал хөгжүүлэх хөтөлбөрөө баталж хэрэгжүүлж эхэлсэн анхны жил байлаа. Жуулчдын улирал хараахан дуусаагүй байгаа болохоор тоо баримт эцсийн байдлаар гараагүй. Ямар ч байсан өмнөхөөсөө тав дахин олон хүн манай Булган аймгаар зочлоод амраад, аялж зугаалаад явсан урьдчилсан судалгаа гарсан. Өнөөдөр уулын аманд нэг гэр бариад, усны тохойд хэдэн гэр бариад хүн ирэхээр нь хуушуур, бууз хийж өгөөд явуулдаг бол аялал жуулчлал биш. Нэг ирсэн хүн дараа нь гурав болоод, тэр нь арвуулаа эргэж ирдэг нөхцөл, орчинг бүрдүүлэхийг зорьсон. Аялал жуулчлалын компаниуд нь энийг л хэлдэг. Аялал жуулчлалын холбоо байгуулж төртэйгөө хамтарч ажиллах бодлогыг нь гаргасан. Таван жилийн дараа Булган аймаг аялал жуулчлалаар улсдаа дээгүүрт гараад ирэх болов уу. Гол нь зохион байгуулалтад оруулж, төрөөс дэмжиж байгаа нь чухал.

-Ерөнхийдөө аймгууд хийсэн ажлаа дүгнээд эхэлчихлээ. Ингэхдээ боловсрол, нийгмийн байдал, бүтээн байгуулалт, аялал жуулчлал ийм байснаа гурван жилийн дараа тийм түвшинд хүрч дээшилжээ гэсэн үзүүлэлт гаргаж байна. Танай аймаг өнгөрсөн жилүүдэд улсын хэмжээний үзүүлэлтээ ямар түвшинд аваачиж дээш нь татаж чадав?
-Дотоодын нийт бүтээгдэхүүн үндсэндээ 20-иод хувиар өссөн. Бид засаг авснаас хойших хугацаанд шүү дээ. Үйлдвэрлэлийн тоо, ажлын байрны тоо нэмэгдэж байгаа. Нааштай үзүүлэлтүүд гарч байна. Яахав, эдийн засгийн хямралаас болоод гацаж, дутаж байгаа зүйл бол бий. Тоон үзүүлэлтээр дандаа хөгжиж яваа. Хүн ам, малын тоо толгой өссөн. Тариалалт, ургац нэмэгдсэн. Эдгээрийг дагаад үйлдвэрүүд бий болж байгаа. Үйлдвэрүүд бий болохоор ажлын байр нэмэгдэнэ гэсэн үг. Дархан, Эрдэнэттэй засмал замаар холбогдсон учраас эдийн засгийн урсгал ерөнхийдөө сайн байдаг. Нөгөө талаас хөдөө аж ахуйн үйлдвэрүүд хөгжих боломжтой. Ялангуяа үхэр, хонь, сүүний чиглэлийн фермерүүд хөгжих боломж бий.

-Сумдын бүсчилж жишиг хэлбэрээр хөгжүүлнэ гэсэн зорилт тавьсан байсан. Жишиг сум болох шалгуурууд нь юу юм бол. Хэдэн сумаа жишиг болгоод байгаа вэ?
-Манай гурван суманд өнөөдөр Улаанбаатарт амьдарч байгаа юм шиг нөхцөл бүрдсэн. Тэшиг, Хутаг-Өндөр, Бүрэгхангай сум. Инженерийн шугам сүлжээ иж бүрнээрээ энэ сумдад ашиглалтад орсон. Цэвэрлэх байгууламж, халуун хүйтэн устай суурьшил бий болсон учраас цэцэрлэг, сургууль, эмнэлэг, тохилог орон сууц гээд хүний хэрэгцээ шаардлага хангахуйц зүйлүүд бий болж байгаа юм. Энэ ажлаа үргэлжлүүлээд Хялганат, Хангал сум дараа нь Хишиг-Өндөр, Дашинчилэн ч гэдэг юм уу бүсчилж хөгжүүлэх шаардлагатай. Булган аймаг 16 сумтай болохоор орж ирсэн төслийг хуваахаар аманд ч үгүй, хамарт ч үгүй болдог. Хүн амын нягтаршил, газарзүйн байршлыг бид хараад дөрөв дөрвөөр нь бүсчлэхэд яг төвд нь жишиг сумаа байхаар зохион байгуулж байгаа. Иргэдэд маш сайн хүрч, энэ ажлыг дэмжиж байна. Булганыг чиглэх нүүдэл, аймгаа гэх сэтгэл наашилж байна гэж харж байгаа. Тийм ч учраас Булган аймгийн хүн ам 3000 гаруйгаар өслөө. Хүн ам өснө гэдэг том үзүүлэлт шүү дээ. Намайг бага байхад Булган аймаг 65 мянган хүн амтай байсан. Засаг даргын ажлыг авахад 57 мянган болтлоо хүн амын тоо буурсан. Тэгвэл эргээд 60 гаруй мянган хүн амтай боллоо. Энэ бол бидний тавьсан зорилго, хөтөлбөр хэрэгжиж байгаа гэсэн үг юм.

-Хүн ам өсөхөөр нийгмийн хэрэгцээ шаардлагууд дагаад нэмэгддэг. Сургууль цэцэрлэгийн хүрэлцээ багтаамж, эмнэлгийн тусламж нийгмийн үйлчилгээ авахаас эхлээд хүндрэл төв суурин газруудад үүсдэг. Энэ бүхнийг хэрхэн шийдэж байгаа вэ?
-Түрүүн би өнгөрсөн жил 50 ортой төрөх эмнэлэг шинээр ашиглалтад оруулснаа хэлсэн. Ингэхээр нэгдсэн эмнэлэг доторх төрөх тасаг тэр чигтээ гараад явчихаж байгаа гэсэн үг. Тоног төхөөрөмжийн шинэчлэл, эмнэлгийн өрөө тасалгаануудын өргөтгөлийг хийж байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Булган аймгийн нэгдсэн эмнэлэг, бусад сумын эрүүл мэндийн төвүүдийг оруулаад нийтдээ 1,7 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Тоног төхөөрөмж, унаа тэрэгнээс авахуулаад эмч, ажилтнуудыг давтан сургах чиглэлээр нэлээн ажил зохиосон. Цэцэрлэг, сургуулийн хувьд хүндрэл бол бий. Хамран сургалтыг сайн зохион байгуулах, сурагчдын сурах орчин, багш нарын ажиллах орчинг бүрдүүлэхэд нэлээд анхаарч байгаа. Сурах орчин бүрдэхгүй бол зэргэлдээх аймаг руу шилжээд явчихдаг. Багш нар чадал тэнхээ муутай, сургуулийн байр тааруу бол бас шилжээд явчихаж байгаа юм. Тиймээс сумдын сургуулиудыг 12 жилийн тогтолцоонд шилжүүлэх бодлого барьж байгаа. Есдүгээр анги төгсөөд дүүгээ дагуулаад явчих байдал гарна. Өнгөрсөн жил нэг сургуулийг 12 жилийн тогтолцоотой болгосон. Энэ жил дахин нэг сургуулиа ийм болгоно. Сумын хүн ам, сургуулийн орон тоог харж байгаад шийднэ. 150 хүүхдийн цэцэрлэг энэ жил ашиглалтад орууллаа. Хувийн хэвшлийн ганц хоёр цэцэрлэгээ дэмжээд явахаар ачаалал харьцангуй гайгүй. Гэхдээ ачаалал бол байлгүй яахав. Боловсролын чиглэлийн хөрөнгө оруулалт улсын хэмжээнд жаахан тааруу, хүн амынхаа өсөлтийг гүйцэхгүй байгаа учраас энэ зовлон манай аймагт байж л байна. Аль болох зохицуулах, улсын чанартай хөрөнгө оруулалтаар шийдэх, орон нутгаас бас асуудлыг шийдээд явж байгаа.

-Орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгө оруулалтаа хэрхэн ашиглаж чадаж байна вэ. Зарим аймаг сангийн мөнгө цагтаа орж ирээгүйгээс өмнөх жилийнхээ өрийг дарах байдал хүртэл гарсан?
-120-300 сая төгрөгийн хооронд сум хөгжүүлэх сангийн мөнгө эргэлдэж байгаа. Үүнийг л сумд маш сайн зарцуулах хэрэгтэй. Жилийн 1,8-3 хувийн хүүтэй мөнгө болохоор зөв зүйлд залахыг бид бодож байгаа. Намайг Засаг дарга болоход Сум хөгжүүлэх сангийн мөнгийг зүй бусаар зарцуулсан зүйл нэлээд байсан. Танил тал, намынхан, хамаатан садандаа өгдөг, янз бүрийн ашиг сонирхлын зөрчил үүсгэх гэх мэт. Энийг бид таслан зогсоож чадсан. Ер нь эргэн төлөлт бол жаахан удаан байдаг юм билээ. Аль болох эргэн төлөлтийг наашлуулах, ажлын байр бий болгохыг чухалчилдаг. Ер нь, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Сум хөгжүүлэх сангаас зээл авч байгаа хүмүүст шалгуур тавихдаа эхний удаад ажлын байр нэмэгдүүлэхийг харж байгаа. Хэдэн хүн ажлын байраар хангаж, хэдий хугацаанд хэрэгжих насжилттай төсөл вэ, нутгийн брэнд бий болгох зэрэг нь чухал. Ийм төслүүдийг бодлогоор дэмжиж байгаа. Урьд нь 3-5 сая төгрөгийг зүгээр тараачихдаг байсан. Тэр мөнгөөр олигтой үйлдвэрлэл эрхлэх хэцүү шүү дээ. Тэгэхээр 20-50 сая төгрөгийн төслүүдийг бид бодлогоор дэмждэг. Манайд модны, хөдөө аж ахуйн, газар тариалангийн чиглэлийн үйлдвэрүүд цөөнгүй бий. Сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил, талх, нарийн боовны үйлдвэрлэл бас нэлээд байгаа. Мөн фермерүүд бий болж байгаа нь их өгөөжтэй зүйл. Жишээ нь, Хутаг-Өндөр сумыг жишиг болгохоор үйлдвэрлэл хөгжиж, ажлын байр нэмэгдэнэ. Үүнийг дагаад суурьшил тэлэх зэрэг гол гол зүйлүүдээ бид бас хараад байгаа юм. Эндээ л зээл тусламжийг чиглүүлэн ажиллаж байгаа даа.

-Булган аймагт өвөлд хэр сайн бэлдэж байна вэ?
-Сүүлийн гурван жил өвөлжилтийн бэлтгэлийн маш сайн хангасан аймгаар Булган шалгарсан. Бид Аймгийн нөөцийн газар гэж байгуулсан юм. Энэ Нөөцийн газар маань өвөлжилтийн бэлтгэлийн бүх ажлыг хариуцаад бие даагаад хийдэг. Хурлаар тодорхой төсвийг нь батлаад өгчихдөг учир заавал төр оролцоод байх шаардлагагүй ажлаа хийчихдэг. Төр хяналтаа тавиад ажиллаад ирсэн. Өнөөдөр Булган аймагт 1200 тонн өвс, 300 тонн тэжээл бэлтгэх ёстой. Сумд өөрсдийн малын тоогоор өвс, тэжээлээ бэлтгэх ёстой. Малчид ч мөн хувийн бэлтгэлээ базаах учиртай. Төв суурингийн бэлтгэл 92 гаруй хувьтай байгаа гэсэн. Нийт дүнгээрээ 80 хувьтай өвөлдөө бэлтгэж байна. Тарианы ургалтын хувьд ч улсын хэмжээнд манайх хамгийн сайн байгаа. Харин энэ жилийн өвс бага зэрэг үнэтэй гарах болов уу. Шингэн ургасан учир том талбайг хамрахаар зардал өсөх магадлалтай байгаа. Өнгөрсөн жил 2500-аар нэг боодол өвсийг бэлтгээд 1250 төгрөгөөр малчдадаа хөнгөлөлттэй үнээр өгсөн. Энэ жил 3000 гарахаар байна гэсэн тооцоог  Нөөцийн газрынхаа гаргасан байна. Бид шат шатандаа бэлтгэл ажлаа хийж байгаа.
Эх сурвалж: www.assa.mn

Үлийн цагаан оготнотой тэмцэнэ

Үзүүлэх сургуулилт боллоо
Гурванбулаг суманд бэлчээрийн хөнөөлт мэрэгчидтэй энгийн механик аргаар тэмцэх үзүүлэлт сургуулилт боллоо. Тус сургуулилтад урилгаар аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат, ХХААГазрын дарга, БОГазрын дарга нар оролцсон. Сургуулилтад аймгийн тал хээрийн бүс зонхилсон 10 сумын удирдлага, мэргэжилтэн, малчид нийлсэн 120 орчим төлөөлөгчид оролцож үлийн цагаан оготнотой тэмцэх арга туршлагыг газар дээр нь суралцлаа. Сургалтанд оролцсон төлөөлөгчид цаашид үлийн цагаан оготнотой тэмцэх механик биологийн аргыг сумандаа нэвтрүүлэх үүрэгтэй. Сургалтын үеэр байгаль орчинд халгүй энгийн механик, биологийн аргаар тэмцэх ажлыг орон нутагт хариуцан зохион байгуулж гүйцэтгүүлэхээр ХХААГзар, БОГазар 10 сумын Засаг дарга нартай гурвалсан гэрээг байгуулсан. Үзүүлэх сургуулилтыг УХЭШХ-ийн ажилтан доктор Д.Цэвээндорж удирдаж явуулсан.

Зайлшгүй тэмцэх шаардлагатай 217 мянган га талбайтай
Өнгөрөгч 2014 онд Шинжлэх ухааны академийн Газар зүйн хүрээлэн, хөдөөгийн хөгжлийн судалдааны хүрээлэнгээс аймгийн бэлчээрийн ашиглалт тлхлагдлын суурь судалгааг хийсэн. Уг судалгаагаар аймгийн газар нутгийн 640 мянган га талбайд үлийн цагаан оготно тархаад байгаагаас 217 мянган га талбайд байгаа оготнотой зайлшгүй тэмцэх шаардлагтай хэмээн гарсан.  Энэ үүднээс аймгийн удирдлга үлийн цагаан оготнотой тэмцэх ажилд орон нутгийн төсвөөс 455 сая төгрөгийг тусгасан. Энэ хөрөнгийг 10 сумын 32 багт хуваан бэлчээрийн хөнөөлт мэрэгч амьтантай тэмцэнэ.
Оготно хэт олширсноор малын бэлчээр хувхайруулж, өвсний үндсийг идэж устган, үржил шимгүй, өнгө зүсгүй хоосон сул шороо  болгон үлдээж буй жишээ хөдөө орон нутгаар явахад маш ихээр таардаг билээ. Жишээлвэл манай аймгийн хамгийн олон тоо толгой

40 үлийнээс дээш байвал ургамлын 70 хувь нь үгүй болдог
Мэрэгчдийн хамгийн хөнөөлтэй нь үлийн цагаан оготно бөгөөд бэлчээр сүйтгэгч гол дайсан юм. тал хээрийн гол аймгуудад сүүлийн хоёр жил үлийн цагаан оготно эрс ихэссэн ба энэ нь өсөлтийн давтамжийн үетэй холбоотой тухай эрдэмтэд ярьсан байдаг.
Хавар хоёр ширхэг байсан үлийн цагаан оготно намар болоход 40-60 түүнээс ч олон болж өсдөг нь судалгаагаар батлагдсан. Нэг гад байгаа үлий 40 буюу түүнээс олон болвол тухайн га өвсийн 70 хувийг үндсээр нь идэх буюу дахин өвс ургах нөхцөлийг бүрэн зогсоодог байна.

Механик биоллгийн арга хамгийн үр дүнтэй
Манай орон 60 аад оноос эхлэн авиа химийн аргаар үлийн цагаан оготныг устгах ажлыг зохион байгуулж ирсэн. Химийн аргаар устгаж байсан уг ажлыг 40 гаруй жил ашиглаад олон улсын туршлагаар энэ аргаас татгалзаж байна. Эрдэмтдийн судалгаагаар үлийн цагаан оготно нь өндөр, өтгөн сахлаг өвс ургамал дунд үржиж чаддаггүй, харин сийрэг өвс ногоотой газар амархан тархаж, үрждэг. Уг “дайсантай” тэмцэхэд механик биологийн арга илүү үр дүнтэй байдаг аж. Тухайлвал утах, ус цутгах, хөеө ноохой авах, махчин шувуудад үүр, суултуур засаж өгөх зэрэг шалгарсан аргууд байдаг байна. Эдгээр аргуудыг малчин хүн малаа хариулж явахдаа л хийчихэж дөнгөх хамгийн амархан хэрнээ чухал үр дүнтэй арга болохыг эрдэмтэд батлаад байгаа.

Малчид өөрсдөө тэмцэх шаардлагатай байна
Бэлчээр бол малчид, мал аж ахуйн бизнес эрхэлж буй хүмүүсийн амьжиргааны гол эх үүсвэр. Сүүлийн жилүүдэд бэлчээр газрын дотойтол цөлжилт нэмэгдэж цаашид улам бүр ихсэх хандлагатай болж байгаа. Энэ нь манай аймгийн эдийн засгийн голлох салбарын нэг болох мал аж ахуйд ихээхэн сөрөг нөлөөтэй байгаа юм. Сүүлийн жилүүдэд хамгийн хурцаар яригдах болсон үлийн цагаан оготно устгах ажлыг аймаг орон нутаг, улсын төсөв, төсөл хөтөлбөрөөр шат дараатай зохион байгуулж байгаа ч тодорхой үр дүнд хүрэхгүй байгааг мэргэжлийн байгууллага онцолсон. Энэ ажилд зөвхөн улсаас хөрөнгө мөнгө харахгүй малчид өөрсдөө зуслан, намаржаа, хаваржаа, өвөлжөөний газраа хамгаалж хортон мэрэгчидтэй энгийн аргуудаар цаг алдалгүй тэмцээд байвал хортон мэрэгчид багасаж бүр арилдаг туршлага ч бидний амьдрал дээр байдаг. Иймд малчид өөрсдийн үнэт баялаг болох мал аж ахуйгаа өсгөн үржүүлэхийн тулд энэ ажлыг зохион байгуулах шаардлагатай байгааг сургалт семинарт оролцогчид дэмжиж байсан юм.

Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг тоолно


Монгол Улсын нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3, 16.1.5, 26.1  дахь заалт, Монгол улсын Засгийн газрын 2007 оны 303 тогтоолыг үндэслэн Аймгийн нутаг дэвсгэр дээрх  улс, аймгийн хамгаалалтад байдаг түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хамгаалалтын байдлыг тодорхойлох, бүртгэл-мэдээллийн  санд бичилт хийх, гэрэл зурагжуулах, тоолох, шинээр нээж илрүүлэх  ажлыг зохион байгуулж байна.

Түүх соёлын дурсгалаар баян
Манай аймаг бусад аймгийн бүс нутгийн нэгэн адил эртний хүмүүсийн үлдээсэн ул мөр, түүх соёлын дурсгалуудаараа асар баян, газар нутагтай. Тухайлбал Монгол орны том голын сав Сэлэнгэ, Орхон, Эгийн голын хөндийд эрт дээр үед соёл иргэншил үүсэн бий болж, хүн оршин сууж аж төрөн аж ахуй хөгжиж байсны үл мөр булш бунхан, чулуун ба  хүрэл төмөр зэвсгийн үеийн эд зүйлс, хад чулуун дээрхи сүг зураг, хөшөө дурсгал, хиргисүүр нь бүх  суманд их байдаг.
Мөн Дашинчилэн суманд байх Цогтын цагаан балгас, Хар бухын балгас, Чин толгой, Рашаант сумын өвгөн хийд, Хутаг-Өндөр сумын Бий булгийн балгас гээд олон түүх соёлын дурсгалыг нэрлэж болно. Тэр дундаа Баяннуур сумын нутагт илэрсэн Шороон бумбагарын ордыг ч үүнд цохон тэмдэглэх нь зүйн хэрэг. Улаан хэрмийн Шороон Бумбагар бол тонуулаагүй бүтнээрээ олдсон Монголдоо төдийгүй Азидаа ганц хосгүй олдвор. Одоогийн байдлаар манай аймгийн нутаг дэвсгэрт 1820 гаруй  түүх соёлын үл хөдлөх дурсгал байна.

Төслийн зорилго, чиглэл
Монгол улсын хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомж, үндэсний        хөтөлбөрүүдийг орон нутагт хэрэгжүүлэх мөн газар нутгаа түүх соёлоо хойч үедээ өвлүүлж   уламжлуулах, хадгалж хамгаалах үүднээс соёлын өвийн тооллогын ажлыг зохион байгуулж байна.  Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, тоолох, аймаг, сумын бүртгэл мэдээллийн санг баримтжуулах,  шинээр нээж илрүүлэх, хамгаалалтад авах, хяналт тавих, аялал жуулчлалтай хослуулан хөгжүүлэх зорилготой.
Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн Байгалийн үзэсгэлэнт газар, Түүх соёлын дурсгалт газруудаа хадгалах, хайрлан хамгаалах, өв соёлоо хойч үе  болох хүүхэд залуусдаа  өвлүүлэх, эзэнжүүлэх мөн сум орон нутгийн ойролцоо байгаа түүх соёлын өвөө өнгө үзэмжтэй хадгалж хамгаалан  нийтийн хүртээл болгон таниулан сурталчилах юм. Уг соёлын өвийн бүртгэлийг сайн хийж маршрутыг зөв гаргаж гэмээнэ манай аймагт хэрэгжиж буй Аялал жуулчлал хөтөлбөр сайн хөгжих үндэс суурь бүрдэнэ.
Хоёр сарын хугацаанд тооллого хийнэ
Нийт гурваас дээш гишүүнтэй үзлэг тооллогын баг ажиллана. Түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хадгалалт хамгаалалтын өнөөгийн нөхцөл байдал, ялангуяа хүний хүчин зүйлийн нөлөөллөс болж ямар эвдрэл гэмтэл учирсан  цаашид учирч болзошгүй эрсдлийн талаар тодорхой мэдээлэл цуглуулах үүрэгтэй ажиллана. Тус тооллогын баг нийт 10719 км замыг туулж хоёр сарын хугацаанд ажиллана.

ХАА-н МСҮТөвд аймгийн Засаг дарга ажиллалаа

Ногоон хөгжил хөтөлбөрт хамтарч ажиллахыг санууллаа
Булган аймагт үйл ажиллагаа явуулдаг Хөдөө аж ахуйн МСҮТ-ийн багш ажилчидтай аймгийн Засаг дарга уулзалт хийлээ. Аймгийн эдийн засгийн гол салбар болсон хөдөө аж ахуйн салбарт мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэдэг тус сургуулийн үйл ажиллагаатай танилцаж Ногоон хөгжил-Булган хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хүүхэд залуусын оролцоог нэмэгдүүлэхэд түлхүү анхаарч ажиллах тал дээр санал солилцлоо.

Орчин үеийн дадлагын техник шаардлагатай

ХАА-н МСҮТөв өнөөдрийн байдлаар 60 оюутантай үйл ажиллагаа явуулж байгаа ба энэ онд 200 хүүхэд элсүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа аж. Бүстэй ганц тооцогдох тус сургуульд Хөвсгөл Орхон Өвөрхангай аймгууд, Улаанбаатар хотоос оюутан суралцагчид ирж суралцаж байна. Сургуулийн хөдөө аж ахуйн техникийн багш нарт орчин үеийн дадлагын техник тоног төхөөрөмж шаардлагатай байгаа ба одоо ашиглаж байгаа дадлагын хэрэгсэл нь аль эрт үеэ өнгөрөөчихсөн төгсөн гарч байгаа суралцагчид хэдийгээр сайхан мэргэжилтэй болж байгаа ч ажлын талбарт гарахад орчин үеийн тенник машин механизмтай харьцаж чадахгүй болсон байдаг аж. Харин сүү сүүн бүтээгдэхүүний ангийн хувьд сүүгээ гаднаас худалдан авдаг учир зардал өндөр гарч сургуулийн үйл ажиллагааг л хангадаг аж. Харин  сургууль өөрийн гэсэн аж ахуйтай болчихвол зардал багасаж ашиг нэмэгдэж сургуулиа хангаад зогсохгүй аймаг орон нутагтаа худалдаа хийж болох гарц байгааг хэлж байсан юм.

Гадаа харилцааны чиглэлээр

Тус сургууль 2010 онд дөрвөн мэргэжлээр элсэлт авч ажлын гараагаа эхэлж байжээ. Одоогоор тус сургуулийн 2,5 жил, 1 жил, Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд 379 суралцагч төгссөн байна. Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ойн чиглэлийн төсөл хөтөлбөрт хамрагдан тус улсад мэргэжлийн багшийг дадлагажуулсан байна. Мөн Япон улсын OISCA төслийн хүрээнд хоёр төгсөгчийг 100 хувийн тэтгэлэгт хамруулсан, ӨМӨЗОрны Шилийн гол аймгийн Ажил мэргэжлийн дээд сургуульд багш оюутны туршлага солилцох зэрэг үйл ажиллагаа явуулж гадаад харилцаагаа өргөжүүлэхээр зорин ажиллаж байгаагаа сургуулийн удирдлагууд уулзалтын үеэр танилцуулсан.

Ерөнхий эрдмийн хичээлийн цаг бага
Элсэлтийн ерөнхий шалгалтыг төгсөгчдийн 10 гаруй хувь нь л өгдөг байна. Учир нь тус сургуулийн сургалтын хөтөлбөрт өдөрт орох хичээлийн талаас бага хувь нь ерөнхий эрдмийн хичээл байдаг. Хэрвээ суралцагч их дээд сургуульд элсэн орох хүсэлтэй бол багш нараас нэмэлт давтлага, хичээл сонгон судлах зэргээр бэлтгэж ЭЕШ өгдөг аж. Мөн тус сургууль номын судалгааг гаргаж яаманд хүргүүлдэг ч эргэж хариу мэдэгдэх ном олгох асуудал огт байхгүй байгааг хэлсэн. Тус сургуулийн номын санд ерөнхий эрдмийн хичээлүүдийн ном бараг байхгүй гэж хэлэхэд хилсдэхгүй. Тус сургууль ХААИСургуулийн хамтран ажиллах гэрээ байгуулахаар зэхэж байна. ХААИСургуулийн захирал Т.Хэрүүга манай аймагт ажиллах үеэр уг саналыг ХАА-н МСҮТөвд санал болгожээ.

Орон нутагтайгаа уялдаатай ажиллахыг санууллаа
Аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат “Шинэ Булган” хөтөлбөрийн хэрэгжилтийг товч ярьж цаашид яаж хамтран ажиллах гарц гаргалгааг хайхыг багш ажилчдад санууллаа. Аймгийн ЗДТГазар, хариуцсан хэлтэс НХХэлтэстэй уялдаа холбоо муу байгааг аймгийн Засаг дарга мөн хэлсэн үгэндээ онцолсон. Тэрээр Ногоон хөгжил, Шатар Морин хуур, Архигүй Булган хөтөлбөрүүдийн хэрэгжилт тус сургуулийн хүрээнд ямар байгааг асууж сонирхсон. Тус сургуульд шатар, морин хуурын багш байхгүй. Архигүй Булган хөтөлбөрийн сургагч багш нар Цагдаагийн байгууллагатай хамтран тус сургуулийн суралцагчдад соён гэгээрүүлэх сургалт лекц уншдаг байна.
Тус сургуульд Япон, Герман улсад мэргэжил дээшлүүлээд ирсэн хоёр багш ажиллаж байгаа ба Ногоон хөгжил хөтөлбөр хэрэгжиж байгаатай холбогдуулан аймагтайгаа уялдаа холбоотой ажиллахыг аймгийн дарга дахин дахин сануулж байсан юм.

ДОНДОВЫН ПҮРЭВДАМБА

Агь гангын үнэр, аргалын утаатай хөдөө л сайхан

-Нам удирдах, аймаг удирдах хоёрын дунд ялгаа хэр зэрэг байна вэ?
-Ялгаатай. Асар их ялгаатай.
Нам гэдэг бол үзэл бодлоороо нэгдсэн хүмүүсийн улс төрийн байгууллага учраас зорилго нь тодорхой. Засаг даргын албыг хашиж аймаг удирдана гэдэг бол хүний амьдрал, нутаг орон Булганчууд, нутагтаа амьдарч байгаа 60 гаруй мянган хүний итгэлийг дааж байгаа учраас өөр.
Засаг даргын хувьд бол улс төржилт гэдэг зүйлээс холдож, төрийн ажилд орох учиртай. Улс төрийн намын даргын   ажил бол үндсэндээ хаягдаж байгаа. Улс төрийг  2012 онд хийгээд дууссан, одоо бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэх “Шинэ Булган”  мөрийн хөтөлбөрийнхөө дагуу ажиллах л хэрэгтэй. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд манай багийнхан юу мэдэж чадах вэ тэр бүхнийг дайчлах, цаашлаад ард түмний санаа бодол, иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, шинэчлэлийн Засгийн газрын бодлоготой уялдуулах гээд ур ухаан шаардсан ажил.

-Өмнө нь Ардчилсан нам цөөнхийн, шүүмжлэгчийн байр сууринаас хандаж байлаа. Одоо засгийн эрх барихад бэрхшээл хэр байх юм?
-Мэдээж бэрхшээл байлгүй яахав. Бэрхшээлгүй ажил гэж байхгүй.  Шүүмжлэх бол амархан. Ажил хийнэ гэдэг хэцүү. Ажлыг аль болох цалгардуулахгүй, хурдан хугацаанд бүтээмж сайтай гүйцэтгэх нь чухал. Ер нь төрийн байгууллага гэдэг үйлчилгээний байгууллага. Үүнийгээ л ойлгочих хэрэгтэй. Энэ чиглэл рүү орохгүй бол дарга гэдэг бусдаасаа тасарчихсан, чөлөө зөвшөөрөл олгодог, шалгадаг, хянадаг, загнадаг, зардаг гээд өөрсдийгөө арай  өөрөөр ойлгочихсон ийм ойлголт байдаг юм байна.  Эзэн хаан шиг эрх мэдэлтэй гэж боддог шиг байгаа юм. Үүнийг л байхгүй болгоё гэж байгаа. Яагаад гэвэл та бол төрийн ажлыг гүйцэтгэж байгаа төрийн үйлчилгээний ажилтан. Аймагт харъяа агентлагууд, суманд бол сумын Засаг даргын Тамгын газар түүний харьяа мэргэжилтнүүд, сургууль, цэцэрлэг, эмнэлэг бусад салбарынхан төрийнхөө үйлчилгээг хурдан шуурхай, хөнгөлөлттэй, нээлттэй хэлбэрээр үзүүлээчээ гэсэн зарчим руу бид түлхэж байгаа. Сая сумдаар явахдаа ийм л юм ярьж явсан. Одоо агентлагийн дарга нар  сумдын дарга нар руу өгч байгаа мэдээлэл бол ердөө л энэ. “Хүнд сурталгүй үйлчилж, иргэддээ ажлаа танилцуул, тэднийг сонс” гэж хэлж байгаа. Ингэж байж төрийн ажлыг явуулахгүй бол болохгүй юм байна.
Аймгийн даргаар сонгогдоод нэг жил зургаан сар болж байна. Энэ бол 18 сар гэсэн үг л дээ. Аймаг, сум, баг, харьяа агентлагуудад хамтран ажиллах баг бүрдсэн гэж үзэж байгаа. Хариуцлага хүлээх, төрийн үйлчилгээг  явуулах ийм баг бүрдсэн. Одоо хоёр жил зургаан сарын хугацаанд ерөөсөө хурдтай ажиллах л үлдсэн. Иргэдэд төрийн үйлчилгээг жинхэнэ утгаар нь  үзүүлэх ийм үе рүүгээ орж байна.

-Та манай аймгийн хэд дэх засаг дарга бэ. Энэ бол хүн бүрт тохиогоод байдаг түүхэн үе биш шүү дээ?
-Засаг дарга гэдэг ойлголтоос хойш бол С.Гүндэнбал, Л.Жавзмаа, Ч.Раднаа, М.Оюунбат дарга нарын дараа тав дахь Засаг дарга. Аймаг байгуулагдсанаас  хойш олон дарга, захиргааны дарга нар байсан. Тэднээс бол 20 дахь нь.

-Төрсөн нутаг усны унаган хүү гэдгээрээ бол?
- Зургаа дахь нь юм шүү дээ. Өмнө нь  дандаа гадны хүмүүс томилогдож байсан. Г.Бадарч даргаас эхлэн аймгийг нутгийн унаган хүмүүс удирдаж эхэлсэн.

- Та багаа бүрдүүлэхдээ нутаг амь хэр гаргав даа?
-Миний ойлголтоор бол энэ аймагт өсөж төрсөн, үе удмаараа энэ аймагт амьдарсан хүмүүс арай илүү хариуцлага хүлээнэ гэж ойлгодог. Ядаж ичих булчирхайтай байна. Хүрээлэл ихтэй байгаа учраас янз янзын юмнаас айдаг. Үр удам, хойч  үеэ боддог. Энэ чанараараа нутаг амь байдаг учраас нутгийнхаа хүмүүсийг  удирдах албан тушаалд тавьчихыг бодно. Монгол Улсын иргэн хаана ч ямар ч албан тушаалд ажиллаад, амьдраад явах эрх нь нээлттэй. Гэхдээ л миний хувьд бодлого гэж байгаа. Одоо Эрдэнэт хот буюу Орхон аймагтай иргэдийн шилжилт хөдөлгөөн, харьяалалын асуудал байна. Энэ талаар Булган аймагт бас хар хайрцагны бодлого байх ёстой байдгийг би хэлээд байгаа юм. Манай аймаг чинь газар нутаг жижиг, хүн ам цөөн. Яг Монгол улсын төвд, “хавиргандаа” 100 гаруй мянган хүн амтай том хоттой. Ганц Эрдэнэт ч гэлтгүй олон хүн амтай  том аймгуудтай хөрш. Энэ жижиг аймгийн хувьд бидэнд өөрийн гэсэн “нутгийн үзэл” байхгүй бол цаашаа оршин тогтноход хэцүү. Саяхан л Эрдэнэт хоттой нийлүүлэх гээд бужигнаж байсан түүх  бий шүү дээ. Үүнийг мартаж болохгүй. Өөрсдөөс маань их зүйл шалтгаалж байгаа. Бид өөрсдөө их нүүгээд, яваад л байвал энэ асуудал гарч ирнэ. Бид улам нягтарч аймгийн төвийн 12 мянган хүнийг 30 мянган болгоноо, хот болноо гэж зүтгээд, нэгдэх юм бол энэ асуудал холдоод явчихна.

-Энэ Засаг дарга  болсон түүхэн үедээ юу хийж үлдээх юмсан гэж боддог бэ?
-Би Булган аймгийг нэг аймгийн дайтай болгоё л гэж зорьж байгаа. Аймгийн хэмжээнд жишиг сум гэж ямар байдаг юм, ямар засаг захиргааны нэгжийг сум гэж хэлэх юм бэ. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн ажил, амьдрал, үйлдвэр, үйлчилгээ, нийгмийн арга хэмжээ ямар байх вэ гээд олон талаас нь хөгжүүлнэ.

- “Жишиг сум” сум ямар байх вэ?
- Ийм нэг жишиг юм харуулья гэсэн бодолтой байгаа. Булган сумыг хот болгоё гээд төлөвлөлтөө хийчихсэн. 30 мянган хүн амтай хот болгохоор 2030 он хүртлэх хугацааны мастер төлөвлөгөө гарчихсан байгаа. Сумдыг загвар болгож эхлэж байна. Хутаг-Өндөр сумыг жишиг сум болгохоор ажиллаж байгаа. Сумаа үйлдвэрлэл үйлчилгээгээр хангах иргэд ямар ажил орлоготой байх юм гэдгийг бид нар жишиг болгоод өгье. Ингээд тогтчихвол өөрсдөө цаашаа хөгжөөд явчихад болно гэж харж байна.  Хутаг-Өндөр суманд хөрөнгө оруулалт нилээд хийж  байгаа. Жишиг сумын хөрөнгө оруулалт таван тэрбум төгрөг орчихсон. Дээр нь аж үйлдвэрийн парк Монгол Улсын хэмжээнд 99 суманд байгуулахаар болсон. Энэ жил туршилтын хэмжээнд таван суманд хийж үзэх гэж байгаа. Улсын хэмжээний 300 гаруй сумаас таван сумыг сонгосон. Түүний нэгд нь Хутаг-Өндөр сум сонгогдоод явж байна. Энэ бол бидний бас том давуу тал. Тэгээд аж үйлдвэрийн паркаа дагаад бүтээн байгуулалтууд босно. Тэнд цардуулын үйлдвэр барихаар ярьж байна. Дээр нь үр тарианы 15 тонны элеваторын төсөлд хамрагдсан. Удахгүй баригдана. Мөн сүүн бүтэгдэхүүний жижиг цехүүд, ноос ноолуурын үйлдвэр гээд дагалдах бүтээн байгуулалтууд босоод ирнэ. Яг ийм жишгээр сумдаа бүсчилсэн. Хялганат, Хишиг-Өндөр, Дашинчилэн гэсэн дөрвөн  бүсэд хуваагаад үзэж байгаа. Аймгийн төв бол тусдаа явж байгаа учраас энэ дөрвөн бүсээрээ цаашаа хөгжөөд явчихъя. Аймгийн Засаг дарга болоод нэг юман дээр их эмзэглэсэн дээ. Хүн ам их цөөхөн байна. Аймгийнхаа төвд 12 мянгахан хүн амтай аймаг Говь-Алтай, Дундговь манай гурав байна даа. Хүнээ өсгөе. Хүн өсөхгүй бол бид цаашаа оршин тогтноход хэцүү. Хүн оршин тогтноход гурван хүчин зүйл байгаа.
Нэгд: Инженерийн шугам  сүлжээтэй  тохилог орон сууц. Одоогийн байдлаар 320 айлын орон сууц намар ашиглалтад ороод эхэлнэ. Одоо бол 20-иод компани үйл ажиллагаа явуулж эхлэлээ. Орон сууцан дээр долоон компани ажиллаж байна. Тэгэхээр хүн амьдрах орчин бүрдэнэ ээ гэж харж байгаа. Хоёрт: Нийгмийн үйлчилгээ чанартай байх буюу үр хүүхэд нь сурч хүмүүжих сургууль цэцэрлэг, эмнэлэг, бусад соёлын байгууллагууд стандартын шаардлага хангасан түвшинд ажилладаг  байх ёстой.  Гуравдахь нь ажлын байр. Энэ гурав цогцолж байж хүн амьдрах нөхцөл бүрдэнэ.
Төрд ажиллаж байгаа нь болдог юм байж. Бусад нь яаж амьдрах юм. Ерөөсөө л хувийн хэвшил үүрч яваа шүү дээ.
Тэгэхээр хувийн хэвшлийг дэмжье. Ажиллах орчинг бий болгоё гэсэн хөтөлбөр бий. Үйлдвэрийн бүс гаргаж өгч байгаа. 20 га-д үйлдвэрийн район гаргаж өглөө. Барилгын материал энд байна. Модны чиглэлийн үйлдвэр, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрийн бүс бас байх юм. Бусад хөнгөн үйлдвэрүүд ч байна.
Үйлдвэрийн бүст төрөөс хийх, зохицуулах ёстой зүйлийг нь хангаад өгье гэсэн бодлого баримталж байна. Эрчим хүч, дэд бүтцийн хамааралтай зүйлийг нь төрөөс хөрөнгө гаргаад ойртуулаад аваачаад өгье. Та  тэнд нь юмаа хий. Хөрөнгө мөнгө дутдаг юм бол хөнгөлөлттэй зээл тусламжинд хамруулья. Төр, хувийн хэвшил хоёрыг хамтарч юм хийдэг болгоё. Анхнаасаа хамтарч ажиллая. Нэг үйлдвэр байгуулах гээд бариад эхэлж байхад нь мэргэжлийн хяналт нь, стандарт, эрүүл мэндийн байгууллага зэрэг шалгадаг, зөвшөөрдөг газар нь очоод зөвлөгөөгөө өгөөд хуулийн дагуу хамтран ажиллаж, тусалдаг ийм хэлбэр рүү оруулья гэж шийдэж байна. Ингэж хамтран ажиллавал  жижиг дунд үйлдвэрүүд, ажлын байр нэмэгдэнэ.  
Хүнийг  барилга  барьчихсан хойно нь “буулга, нураа, зогсоо” гэдэг юм байж болохгүй ээ. Анхнаасаа цуг хамтарч хийвэл ийм юм гарахгүй л байхгүй юу. Тэгээд ийм хэлбэр рүү оруулж байгаа.

-Барилгын ажлыг зогсоолоо, мэргэжлийн хяналтын дүгнэлт гарлаа л гэдэг шүү дээ?
-Одоо бид барилга дээр мэргэжлийн хяналтыг байнга очиж анхнаасаа цуг хараад хянаад яв гэдэг шаардлагыг хэлж байна. Болж өгвөл долоо хоногт нэг удаа очиж бай. Гэхдээ очихдоо түрүүн ирэхэд ийм алдаа  байсан. Одоо үүнийг зас гэдэг шаардлагыг тавиад хурдан хурдан засаад явахад болно шүү дээ. Ийм хэлбэр рүү оруулж байгаа. Хот төлөвлөлтийг мэргэжлийн архитехтор, мэргэжлийн инженерүүдээр нь хийлгэсэн. Тэд ажиллаж байна. Мэргэжлийн хүмүүс нь зургаа гаргаад яг тэр хэлбэрээр нь бид явах ёстой. Тэгж гэмээн бид жинхэнэ утгаараа хөгжинө. Өнөөдөр бид хотын төлөвлөлтийг Европоос хуул гэж байгаа. Тэнд 10, 20, 30 мянган хүнтэй хот ер нь ямар байдаг юм. Хэдий хэмжээний нутаг дэвсгэрийг хамардаг юм, ямар үйлчилгээ дэд бүтэц байдаг юм бэ гэдгийг харах хэрэгтэй. Өнөөдөр бид хотоо тэл тэл гээд байвал ус, дулааны шугам залгана, мөнгө, өртөг нэмэгдэнэ. Энэ нь эргээд байшин үнэтэй болно. Хэрэглээ үнэтэй болно. Тэгэхээр стандартаараа л барилга хооронд ямар зайтай байх гэдгийг харах юм. Дэлхий нийтээрээ хөгжөөд ирсэн загвар гэж нэг юм байна. Бидэнд шинээр сэдээд ч байх юм байхгүй. Зүгээр л маш сайн хуул. Манай нөхдүүд бас ажиллаж байна. Яг жинхэнэ архитекторын зааснаар л юмаа хийж байна. Хэн нэгэн даргын үзэмж биш юм. Мэргэжлийн бус юм чинь нөгөө замбараагүй зохион байгуулалтгүй хот болж хувирна шүү дээ.

-Хүний хэвшиж заншсан зүйл гэдэг бол хэцүү. Манай аймагт засаж болмооргүй зүйл гэж байна уу?
-Ер нь тийм нэг назгайдуу л даа. Үүнийг  жаахан эрчим оруулъя гэж үзэж байгаа. Ер нь хувь нь ч ялгаагүй хувьсгал ч ялгаагүй. Төр жаахан назгай байсан байна. Хариуцлага гэдэг юм тун сул байсан. Өө ингээд болдог. Ийм л байдаг юм. Ийм маягийн юм байсан.
Дэлхий ертөнц тэр чигээрээ хурдтай  хөгжиж байна. Бид ч гэсэн хөгжих ёстой биз дээ. Бид сайхан амьдрахын тулд хөдөлмөрлөх ёстой. Дээр нь Булганчууд бид нэгдэж ажиллах ёстой. Булган гэсэн нэг сэтгэлийн гал  байгаа тэрийг бадраах учиртай. Ингэж байж цаашаа явах ёстой гэж би харсан л даа. Тэрний нэг хэлбэр маань Улаанбаатар хотод болсон  нутгийн уугуул иргэдийн уулзалт. Энэ их үр дүнтэй сайхан ажил болсон. Ганц нэг сум жаахан назгай байна. Байгаа юмандаа эзэн болохгүй байна. Төрийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс сэтгэлээрээ ажлаа хийхгүй бол байгууллагын өнгө үзэмж, ажил байдал шууд л харагддаг байхгүй юу.

-Ардчилсан нам гарч ирлээ. 23 жилийн дараа та бүхнийг ард түмэндээ шалгалт өгч байгаа ойлгож болох уу?
-Бид 23 жил Булган аймагт сөрөг хүчин байсан. Та нар ийм байна бид ингэнэ гэж ярьдаг байсан. Одоо тэрийгээ л хийх ёстой. Тэр нь шалгалт гэж ойлгож  болно. Би бол тэгж л боддог. Хамтран ажиллаж байгаа нөхдүүдэд ч би тэгж хэлж байгаа.  Ард иргэд та  нарыг харж байна гэж. Аливаа юм цэгцтэй л байх ёстой. Тэр чиглэл рүү шахаж тэр чиглэл рүү ч манайхан ажиллаж байна.

-Ард түмэн хүсэж, хүлээж байсан зүйлээ хийгээсэй гэсэн дээ та  бүхнийг сонгосон байгаа?
-Тийм ээ. Ард иргэдэд хүлээлт байсан. Булганыханы амьдрах нөхцлийг сайжруулах гэж ярьж байна. Тэрийгээ хийж чадах юм уу. Ер нь бидний амьдрал яаж дээшлэх юм. Яаж сайжрах юм гэдгийг харж сонголт хийсэн.
Дэлхий нийтээрээ эдийн засгийн хямрал болж байна. Монгол улс жижигхэн учраас түүнд өртөж байна. Манай эдийн засаг гаднаас хамааралтай. Үеийн үед гаднаас хамааралтай явж ирсэн. Гадаадад жаахан хямрал гарахад л тэр нь хүндээр тусаад байдаг. Тийм учраас бид нөөц бололцоогоо дайчлаад өөрсдийгөө дэмжье. Ядаж өөрсдийнхөө түүхий эдийг гадагшаа гаргахгүй байж орон нутагт үйлдвэрлэл эрхлэхийг дэмжье гэж байгаа юм . Жишээ нь: Эрдэнэтэд зуурмагийн үйлдвэр эрхэлдэг таван компани манайхаас хайрга дайрганы орд өгөөч гэж гуйж байгаа юм. Би уучлаарай өгөхгүй ээ л гэсэн. Бид та нарт түүхий эдээ өгчихөөд буцаагаад блок тоосго болгоод нэмүү өртөг шингээж худалдаж авдаг үе өнгөрсөөн. Та хэд үйлдвэрээ манай аймгийн нутаг дээр гаргаад ир. Заавал Булган сум биш Хангал, Бугат, Сэлэнгэ, Орхон байж болно. Манайд аж ахуйгаа бүртгүүл. Татвараа төл. Манайхаас ажиллах хүч ав. Тэгээд Эрдэнэт рүү бүтээгдэхүүнээ зар. Тэгвэл цахилгаан эрчим хүчтэй газар зөвшөөрлийг чинь өгье л гэдэг шаардлага тавьж байгаа. 

-Хүнтэй ажиллах хэцүү юу ?
-Хамгийн хэцүү юм хүнтэй ажиллах. Итгэх л хэрэгтэй. Тэгж байж хүнийг ажиллуулна. Урам зориг өгдөг байх ёстой юм байна. Баг болох хэрэгтэй юм байна. Итгэж байж л ажил урагшлах юм.  
Баг болж ажиллана гэдгээ зарласан шүү дээ. Багийн тоглолт хиймээр байна. Би бол төрийн үйлчилгээний багийн ахлагч. Та нар өөрсдийн байршилдаа тогло. Үүргээ ухамсарлаж сайн тогло. Тэгж байж баг хожилд хүрнэ. Хэдий чинээ бие биеэ ойлгож хамтарч чадна, төдий чинээ ялалт ойрхон байна.  Үгүй  бол ялж чадахгүй. Ялна гэдэг маань Булганчууд бидний амьдрал  сайжирч бидний хийж бүтээхийг зориод тэмүүлээд байгаа орчин нөхцөл бүрдэнэ гэсэн үг. Хожигдоно гэдэг маань хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт хийх нь бүү хэл ярих ч үгүй байхыг хэлнэ.  Багийн тоглолтод хэн муу тоглож алдаа гаргана бид хожигдох магадлал ихэснэ. Багийн нөхдийг чанаржуулж, сайжруулж мэргэжлийн түвшинд тоглолт хийхийг зорьж байгаа.

-Засаг дарга бус хувь хүний хувьд хааяа мөрөөддөг зүйл юу байна?
-Хэний ч хамааралгүйгээр ойн захад юм уу, усны эрэг дээр байгалийн сайханд монгол ахуйгаараа тав тухтай амьдрах.Тийм амьдралыг би их хүсч мөрөөддөг. Бүх л хүн үүнийг хүсдэг байх. Маш тайван сэтгэлийн дарамтгүй амьдралыг бий болгохын төлөө зүтгэж явна даа.

-Таны хобби?
-Шатар, спорт тоглоом, урлагт их дуртай. Сайхан байгальд гараад сэтгэлээ амраах сайхан.
Монгол амьдрал маань ер нь сайхан шүү дээ. Жаахан зав гарвал Баян-Агт руу, нутагтаа байгаа дүүгийнх рүүгээ давхичихдаг. Аргалын утаа, бууц үнэртсэн орчинд очих дуртай. Хөдөө өссөн болохоор багаас дасал болчихсон байдаг байх. Хөдөө очихоороо унтах дуртай.

-Та өдөрт хэдэн цаг ажиллаж байна даа?
-10-12 цаг ажиллаж байна даа

-Номтой хэр нөхөрлөж байна?
-Ном унших зав гарахгүй юм аа. Энэ өөрчлөлт шинэчлэл бүтээн байгууллалт гээд... Төлөвлөгөөт уулзалтууд, ажлын явц байдлын мэдээлэл сонсоод л. Амралтын өдрүүдэд болж өгвөл хөдөө сумдаараа яваад таарах юм даа. Нилээн ачаалалтай ажиллаж байна даа. Манай төрийн албаныхан ч ачаалалтай ажиллаж байгаа. Дарга суугаад ажиллаад байхаар бусад нь дагаад суудаг юм байна.

-Та дарга сайн байвал ажил бүтнэ гэж боддог уу, эсвэл мэргэжилтэн сайтай бол ажил явна гэж боддог уу?
-Хамгийн сайн нь цэрэг. Мэргэжилтэн маш сайн байх ёстой. Мэргэжилтнүүд яг хуулийн дагуу сэтгэл амар ажлаа хийх учиртай. Дарга болоод ч миний хэлсэн үг бий. Тэр удирдлагын хувьд асуудал байгаа. Асуудлыг даргатай ярина л гэсэн үг.
Агентлагийн дарга нар сайн менежер байх ёстой. Удирдлагын хувьд орсон өөрчлөлтийг дандаа байгууллага дотроос нь тавьсан байгаа.

-Таны амьдралын үнэ цэнэ юу вэ?
-Би өөрөө л хүн байх ёстой. Хүн шиг хүн байж үр бүтээлтэй амьдрах ёстой. Намайг өсгөсөн ээж маань хүн байх гэдгийг  их ойлгуулсан юм шиг байгаа юм. Чи өөрөө ноён нуруутай байх ёстой гэж байнга хэлдэг байсан.

-Энэ нутгийн хүн гэдгээрээ юугаар их омогшиж явдаг вэ?
-Манайх жижигхэн аймаг ч гэсэн анхдагчид, эх орончид дандаа төрдөг. Орчин ч, сэтгэл ч сайтай улс шүү дээ. Энд  нэг энерги байгаад байдаг юм. Үүгээрээ бид омогших ёстой. Газар зүйн онцлог ч байдаг байх. Монголын таван их гол мөрөн урсдаг аймаг. Ийм аймаг байхгүй. Хүн төрөлхтөн үүсч бий болсон цагаас хойш усаа дагаж амьдарч байсан юм билээ. Хүннүгийн үеэс төрт ёс үүссэн гол нутаг бол манай аймаг шүү дээ.
Тиймээс их  хаадууд Булганы нутаг дээр амьдарч байсан ул мөр болох олон балгас, хиргэсүүрүүд байдаг энерги шингэсэн газар. Ийм сайхан газар нутгаа бид хайрлаж өвлүүлэх ёстой. Тиймээс “Ногоон хөгжлийн загвар аймаг” болох хөтөлбөрөө баталсан анхны аймаг болсон шүү дээ.

-Та хэр сэтгэл хөдлөлтэй хүн бэ. Сэтгэл хөдлөлөөрөө асуудлыг шийдэх үе байх уу?
-Гайгүй шүү. Өрөвдмөөр зүйл дээр нулимс унагах гэнэ. Инээмээр зүйл дээр инээнэ. Үүнийгээ нийтэд ил гаргахгүй талдаа. Сэтгэл хөдлөлөөр ажил шийдэхгүй ээ. Хүний амьдрал шүү дээ.

-Энэ хүнд “баярлалаа” гэж хэлэх юмсан гэсэн бодол төрдөг үү?
-Зөндөө байгаа. Маш их байлгүй яахав.  Одоо бол Булганыхаа ард түмэнд бүгдэд нь баярлалаа гэж хэлэх байна даа.

-Та хэр их хөрөнгөтэй хүн бэ? Аймгуудын Засаг дарга нарын дунд хөрөнгөөрөө дээрээсээ дөрөвт бичигдсэн байна лээ?
-Сая хөдөөгүүр явахад иргэд асууж байна лээ. Уг нь жилийн цэвэр ашиг нь тэрбум төгрөгөөс дээш тооцогддог хүнийг тэрбумтан гэдэг юм билээ. Миний хувьд бизнесийн салбарт ажиллаж байсан 15 жилд сайн муу зовлон жаргал бүгдийг нь үзэж туулсан, нойр хоолгүй зүтгэж явсан хүний хувьд жаахан хөрөнгө бий. 2007 онд нэг үйлчилгээний төв барьсан. Одоо зах зээлийн ханшаар тэрбум төгрөгөөр үнэлчихсэн юм. Байшингаа л тэгж үнэлсэн юм.  Үндсэн хөрөнгө байгаа нь үнэн л дээ. Одоо гэр бүлийн хүн маань бизнесээ аваад явж байгаа. Ашиг хонжоо харахгүй, авлигад өртөхгүй амьдраад явах бололцоотой гэж боддог.

-Ярилцлагын төгсгөлд та Булганчууддаа хандаж юу гэж хэлэх вэ?
-Булганчууд минь бие биедээ итгэж, аливаа ажлыг сэтгэл гаргаж хийгээчээ. Бид чинь халх Монголын түүхийг дангаараа шахуу бичсэн бахархам түүхтэй, гэрэлт ирээдүйтэй, бүтээлч өнөөдөртэй ард иргэд шүү дээ. Булганчууд бид нэгдэж ажиллаж чадвал Булган нутаг минь улам өнгө гэрэлтэй болж хөгжиж цэцэглэнэ.

Д.Эрдэнэбат: Булган аймгийн төв 30 мянган хүн амтай хот болно


-Урт намар болж байна. Гэвч юу юугүй л цас  орж өвлийн жавар тачигнаад эхэллээ. Өвлийн бэлтгэл хэрхэн хангаж, өвс тэжээл хэчнээн тонныг нөөцлөв?
-Аймгийн хэмжээнд өвлийн бэлтгэлээ бүрэн хангасан. Энэ жил аймгийн нөөцийн газар байгуулсан. Үүнд түшиглээд өвс тэжээл бэлтгэхээр 210 сая төгрөг шийдэж өглөө. Одоогийн байдлаар 1000 тонн өвс, 300 тонн тэжээл бэлтгээд байна. Өвсөө хойд бүсэд Хутаг-Өндөр, урд бүсэд Дашинчилэн, аймгийн төвд хуваагаад нөөцлөөд байгаа. Сум бүр өөрийн бололцоогоо ашиглаж 30-50 тонн өвс базааж авсан юм.  Малчид бас тодорхой хэмжээний өвс тэжээл бэлтгэсэн. Иймд өвс, тэжээлээ хангалттай бэлдсэн гэж хэлж болно. Өвөлжөө, хаваржаа засч сэлбэх, шинээр барих ажил дууслаа. Үүнд зориулж модны хөнгөлөлттэй зөвшөөрөл өгөх, өвөлжөө, хаваржаа барих газрын сонголтод тээг хязгаар тавихгүйгээр шийдэж өглөө.

-Булган аймаг газар тариалангийн бүс нутгийн нэг. Энэ жил ургац ямар байсан бэ?
-Манай аймаг эргэлтийн 80 мянган га талбайд газар тариалан эрхэлдэг.  Энэ жил 37 мянган га талбайд төмс, хүнсний ногоо, үр тариа тарьсан. Тариагаа хурааж дууссан. Ургац сайн гарлаа. Нэг га талбайгаас дунджаар 15 центнер ургац авч байна. Өнгөрсөн зун сэрүүн, бороо ихтэй байсан тул тарианы болц жаахан оройтсон. Дээр нь ургац хурааж байхад хоёр гурван удаа бороо, цас орлоо. Энэ нь ургац хураалт хэд хоног сунжрахад  хүргэсэн юм.
 
-Аймгийнхаа ирээдүйн хөгжлийг яаж төсөөлж байна вэ?
-Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө манай аймагт байгаагүй гэж хэлж болно. Өмнө нь, ор нэр төдий л нэг төлөвлөгөө байлаа. Үүнийг өөрчилж Булган аймаг 2030 он хүртэл хөгжих төлөвлөгөө гаргаж байна. Одоо аймгийн төвд 13000 хүн ам бий. Үүнийг яаж өсгөж, хэрхэн хот байгуулахыг дэлгэрэнгүй тогтоосон төлөвлөгөөтэй боллоо. 2030 онд Булган аймгийн төвийн хүн ам 30 мянга болно гэсэн тооцоо хийж байгаа. Мөн шинэ суурьшлын гурван бүс, үйлдвэрийн дүүрэг байгуулах юм. Энд хүнд, хөнгөн, барилгын материалын үйлдвэртэй болно.

-Тэгээд эхний ээлжинд ямар ажил хийж байна вэ?
-Энэ жил Барилга хот байгуулалтын яамны дэмж­лэ­гээр 15 тэрбум төгрөгөөр инженерийн шугам сүлжээ­ний ажил хийж эхэлсэн. Одоо найман тэрбум төгрөгийн тендер зарлаад ажил хийж байна. Үүнээс гадна замын асуудлаа бас шийдэхээр ажиллаж байгаа юм.

-Энэ онд бүтээн байгуулалтын ямар ямар ажил хийв?
-Энэ онд 630 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн цэцэр­лэг, төрөхийн өмнөх байр барьж байна. Одоогоор 64 айлын орон сууц ашиглалтад орно. Үүнээс гадна 320 айлын орон сууцны газар шийдэж төслийг нь сонгон шалгарууллаа. Барилгын зураг төсөл нь гарсан. Ирэх хавар ажил нь эхлэх юм. Мөн логистик төв байгуулах таван га газар шийдэж өгсөн. Эдгээрээс гадна битүү зах, театрын зураг төсөл гаргах, сургуулийн  засвар зэрэг ажилд   нэг тэрбум төгрөг зарцууллаа.

-Жижиг дунд үйлд­вэр­лэл хөгжүүлэх зээл хэр олгож байна вэ?
-Булган аймаг жижиг дунд үйлдвэрийг хоёр чиг­лэлээр хөгжүүлэхээр зорьж бай­на. Эхнийх нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлд­вэрлэх боломж бий. Мах, сүү, арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлнэ. Газар тариалантай учир тэжээлийн аж ахуй, фермер хөгжүүлэх боломж ч байгаа. Хамгийн том давуу тал бол  Эрдэнэт, Дархан, Улаанбаатар гээд томоохон хотуудтай ойр, хатуу хучилттай замаар холбогдсон явдал юм. Их холдоо л гэхэд 200 км зайтай байрладаг. Тэгэхээр зах зээл манай аймгийн хажууд байна гэсэн үг. Сум болгонд үйлдвэрлэл хөгжүүлэх төлөв­лөгөө бий. Энэ жил 500 сая төгрөгийн зээлийг  түүхий эд боловсруулж нутгийн брэнд болох, ажлын байр олноор нэмэгдүүлэх тө­сөлд олгосон. Бас гурил, гури­лан бүтээгдэхүүн, жимс жимс­гэний үйлдвэртэй болно. Энэ бүгдийг дан ганц бие даагаад юм уу эсвэл Засгийн газартай хамтарч хийж амжихгүй. Иймээс Герман, Солонгос, Хятадын хотуудтай хамтарч ажиллах юм. Жишээлбэл ОХУ-ын Буриадын Улаан-Үд хоттой  мах, хүнс ногооны чиглэлийн үйлдвэр байгуулах, хүлэмжийн аж ахуй эрхлэх талаар хамтарч ажиллаж байгаа. 

-“Шинэ сумын төв” төсөл хэрэгжиж байгаа. Энэ төслийг танай аймгийнхан хэр сонирхож байна вэ?
-Төсөл хэрэгжиж байгаа суманд очиж үзлээ. Их зөв шийдэл байна билээ. Ер нь бололцоотой зүйл юм. Сумын төвийг  шинэчилж багцлаад нэг  цогцолбор байгуулах нь ашигтай юм байна. Манай аймгийн хувьд хатуу хучилттай замаар гурван чиглэлээр холбогдсон, галт тэрэг илүү ойрхон ирдэг, сумд хоорондоо ойрхон учраас бага зардалаар “Шинэ сумын төв” байгуулах бололцоотой. Үүнээс гадна модны асуудлаа өөрсдөө шийдэх боломж бий. Мод бэлтгэдэг технолгийг нь оруулж ирээд байшингийнхаа модыг бэлтгэж болно.  Хамтраад ч хийсэн болно. Ингэвэл бүр хямд зардлаар шинэ сумын төв босох  бололцоо байгаа юм.
Хуудас:  1   2   3  ( 28 мэдээ )

Та хэл бид хүргэе 7034-7034

Ил тод байдал

Санал асуулга

1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үнэлгээ

Үр дүнг харуулах

Вэб холбоос

Хандалт: 1430297

© 2013 он Булган аймгийн Засаг Даргын Тамгын газар